Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбарын сүүдрэвчтэй 52 мянга, сүүдрэвчгүй нь 42 мянган төгрөгөөр борлуулна DNN.mn

зураг

Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жил www.enaadam.mn цахим сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэхээр болжээ.

Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52,500, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.

Иргэд www.enaadam.mn цахим сайтад нэвтэрч утасны дугаараа оруулан баталгаажуулах код авч, хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, Qpay болон Social pay ашиглан төлбөрөө төлснөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, мөн автомашины Г, М зөвшөөрөл захиалах боломжтой. Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болно.

Categories
мэдээ цаг-үе

ЗГ: Төрийн өмчит 25 компанийн 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй худалдана DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдаалах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа. Төрийн бүтээмжийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад орох ажлыг эрчимжүүлэхийг албан тушаалтнуудад үүрэг болголоо.

25 байгууллагын төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах жагсаалтыг баталлаа. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувь, Монголын цахилгаан холбоо хувьцаат компани зэрэг 25 байгууллагын 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй арилжаалах шийдвэрийг гаргасан” гэв.

Categories
мэдээ нийгэм

170 орчим төлөөлөгч Монгол Улсад айлчилна DNN.mn

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Токүшима дахь Монгол Улсын өргөмжит Консул Каваүчи Широ, Монгол Улсын Соёлын элч Мики Ясүхиро нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр наймдугаар сарын 22-нд Д.Сүхбаатарын талбайд болох хоёр улсын хамтарсан урлагийн тоглолтын талаар санал солилцов.

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан наймдугаар сарын 20-24-нд Япон улсын парламентын гишүүн Ямагүчи Шүничи тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилна. Тус айлчлалын бүрэлдэхүүнд Япон улсын парламентын гишүүн Ямазаки Масаяасү, Токүшима мужийн дэд захирагч, мөн Анан хотын захирагчаар ахлуулсан албаны болон бизнес, соёл, урлаг, спортын 170 орчим төлөөлөгч Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх юм.

Айлчлалын үеэр Д.Сүхбаатарын талбайд хоёр улсын хамтарсан урлагийн тоглолт болно. Энэ хүрээнд Токүшима дахь Монгол Улсын өргөмжит Консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчид арга хэмжээ, айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Уулзалтын үеэр Хотын дарга урлагийн тоглолтыг зохион байгуулалтад хамтарч ажиллахаа илэрхийллээ.

зураг

Categories
мэдээ нийгэм

1.265 суралцагчийн тэтгэлгийг өгч эхэллээ DNN.mn

2021-2022 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төгсөх нийт 14,790 суралцагч байна.

Монгол Улсын Засгийн газрын суралцагчид тэтгэлэг олгох журмын дагуу:

  • 2022 оны зургаадугаар сарын 27-нд 686 төгсөгчийн
  • 2022 оны зургаадугаар сарын 28-нд 579 төгсөгчийн мэдээллийг цахим мэдээллийн сан болон сургуулиас ирүүлсэн албан ёсны боловсролын баримт бичигтэй тулгалт хийн баталгаажуулав.

Бичиг баримт нь баталгаажсан дээрх 1,265 суралцагчийн тэтгэлгийг өнөөдрөөс хувийн данс руу нь шилжүүлж эхэллээ.

ТЭТГЭЛЭГ ОЛГОХОД ҮҮСЭЖ БУЙ ХҮНДРЭЛ:

  • Регистрийн дугаар буруу, алдаатай-1,383 суралцагч
  • Техник, мэргэжлийн боловсролын удирдлагын мэдээллийн tvets.edu.mn системд давхардсан-323 суралцагч
  • Боловсролын удирдлагын мэдээллийн esis.edu.mn системтэй давхардсан-570 суралцагч
  • Дээд боловсролын удирдлагын мэдээллийн hemis.edu.mn системтэй давхардсан-4,121 суралцагчийн мэдээллийг нэг бүрчлэн тулгалт хийж алдааг залруулж байна хэмээн БШУЯ-наас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Наадмаар нийт 374 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгоно DNN.mn

Удахгүй болох Ардын хувьсгал ялсны 100, 101 жилийн ойн баяр, наадамтай холбогдуулан хаана, ямар чиглэлийн үйл ажиллагааг явуулж болох талаар УБЗАА-ны хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал мэдээлэл өглөө.

“Өмнөх жилүүдийн адил наадмын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болон Хүй долоон худаг гэсэн хоёр тойрогт болно. Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгоод явна. Энэ жилийн хувьд зөвшөөрлийг зөвхөн цахимаар олгоно.

Худалдаа эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг зургадугаар сарын 29-өөс долдугаар сарын 1-ний өдөр хүртэл www.ulaanbaatar.mn сайтаар бүртгэж авна. Ингэхдээ шаардлага хангасан газруудыг баталгаажуулаад явна. Урьд жилүүдийнхтэй адил ерөнхий шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавьж байгаа. Мэргэжлийн тогоочтой байх ёстой гэх мэт. Эрүүл ахуйн үүднээс бүтээгдэхүүний гарал үүслийн бичгийг заавал шаардаж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт нийт 374 аж ахуйн нэгжүүд худалдаа үйлчилгээ хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Цэнгэлдэх хүрээлэнд асар гарна, харин хүй долоон худагт гэрээр үйл ажиллагаагаа явуулна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ээж аавыг, аав намайг зэмлэсэн тэр жилийн наадам DNN.mn

Наадам гэх үг сонсоод л хамгийн түрүүнд орж ирдэг дурсамжуудын нэг. Сургуульд ороогүй жаал, гэхээр тав зургаатай байсан болов уу. Ховдын наадамд морио уяж, хурдлуулна гэсэн аавын хүслийг ээж их л эсэргүүцдэг байлаа. Учир нь манай аав уяач биш, морь мал гээд сүйдтэй яваад байдаг ч хүн биш. Албаны ажил хийж, албан конторт суудаг л хүн шүү дээ. Мэргэжил нь ч угаасаа тийм, хуучин Ардын хянан шалгах хорооны дарга байв. Эрийн гурван наадам гэж хөөрцөглөж байгаад л гэнэт тэр жил эр хүн болж төрснийх, буурлын буян байна, хэдэн сайхан адуугаа барьж уяад, наадамд оролцоно гэж таг зөрлөө. Ээж “Омголон морины ааш олохгүй чи бид хоёр хурдан морь уяж, хий хөөрцөг болоод яах билээ. Уядаг байж, хэнээр унуулах хүн бэ, чи” гэлээ. Аав “Удам залгах ганц хүү минь байхад, унаач хүүхэд хайх нь илүүц” гэж хэлж дуусаагүй байтал ээж “Юу гэнэ вэ, энэ муу жаахан амьтнаар хурдан морь унуулах нь уу. Сумын төвийн хүүхэд. Хөдөө малаас хол өссөн шүү дээ. Яаж унаж чадах юм, аягүй бол нэг бусгахад нь унаж гэмтэнэ. Тэгж ганц үрээрээ наадам хийхгүй шүү” гэлээ. Гэхдээ л гэрийн эзний үг, хүсэл хоёрыг нь бид дийлсэнгүй. Бид ч гэж дээ, би аавынхаа талд орж, хурдан морио ч мэдэхгүй байж, унах бөөн хүслэн болсон амьтан л байсан нь тодорхой. Наадам дөхсөөр л. Манайд ирсэн хүн болгонтой аав маань энэ жилийн наадамд унаган адуугаа уях болсон талаараа бахтай гэгч нь ярина даа. Ингэхдээ ганц хүүгээрээ унуулах болсон гэж ярихдаа царайнд нь баяр бахдалын баясал тодорч, үүнийгээ шимийн идээгээр баяжуулснаар шаймгар шар нүүрийг нь мэнчийтэл улаан болгоно.

Аймгийн наадам болохоос ердөө тав хоногийн өмнө сумын хэмжээнд бүх багуудын их үсэргээ боллоо. Тэр өдөр аав өөрөө ажилтай байсан учир дүүдээ намайг авч оролцчихоод, морио сайхан хөлсөлчихөөд ир гэж захив. Угтаа уяач гэдэг мориноосоо алхам ч холдохгүй байж, морь, унаач хүүхэдтэйгээ ирэх наадмыг хоног тоолон хүлээдэгсэн. Манай аавд тийм сэтгэл хөөрөл алга. Албаны ажлаа наадмаас өмнө цэгцлэх гэж гэртээ ч ирэх завгүй хүн л байсан гэдэг. Үсэргээ боллоо. Чандмань сумын урд, хойд багуудын нийлсэн 40-өөд морь сумын хойд талын морины барианаас гараа руугаа хөдөллөө. Үсэргээ учир их холдуулсангүй тэгсхийгээд л эргүүллээ. Аав бид хоёрын долоо хоног барьж уясан хээр үрээг хүмүүс хараад л хөхөрнө. Унасан намайг хараад л шоолж инээнэ. Зарим хөгшчүүл намайг хараад өрөвдөнө. Зарим нь жаахан хүүхэд унаж л байг гэх. Морьд эрэглээ. Хажуу талаас, ард урдаас нүүр нүдгүй шороо тоос болж, заримдаа гэнэт ташуурны үсүүр хөл, цээжийг минь ороолгож өвтгөв. Мориноосоо уначихгүйн тулд тэр бүгдийг ч тоосонгүй. Шороо боссоор л. Урд зам битгий хэл морины толгой ч олигтой үзэгддэггүй. Замаа харахгүй учраас мориныхоо амыг хамаг чадлаараа татах ч миний хүслээр хурд нь саарсангүй улам л амаа авч давхина. Хурдан морьдын төвөргөөнд боссон тоос надаас түрүүнд зурхайн зүгт урагшилсаар. Тоос шорооноос гарсан би сая л урдах замаа харлаа. Хэдийн баян ходоод болсон нь тодорхой байв. Өнгөний морьд надаас өртөө хэрийн зайтай, цагаан тоосондоо хаяна гэдэг нь л болсондог. Баян ходоод болж яваа гэдэгтээ сэтгэлээр тэгж их унасангүй. Шороо тоос, ташуурны үзүүрээс хол яваадаа бараг баярлах шиг. Гол нь хурдан морины нуруун дээр давхиж яваа гэдэгтээ сэтгэл хэдийнэ дүүрсэн байлаа. Зурхайн зүг давхиж байтал урдаас нэг яавтай хүмүүс ирсэн нь аав байв. Намайг хараад мундаг залуу гэж байна. Би ч инээсээр мориноосоо буулаа. За миний хүү хоёулаа морио улам сайн уяхгүй бол болохгүй нь. Миний хүү чинь уначихгүйхэн шиг сайн явж байна” гэлээ. Аавд л их урам орсон шиг байгаа юм. Намайг гараанаас гарахад аль хэдийнэ уначихсан байх гэж их л санаа нь зовсон байх, хөөрхий. Тэр өдрийн үсэргээ унаач хүүхэд, уясан эзэн, хурдалсан морь бүгд бие амар, сэтгэл тэнүүн гэртээ харьж билээ. Орой нь аав ээжид юу болсон талаар баахан ярив. Аав, ээжийн магтаал, хурдан морь унахын сайханд урамшсан би дахиад ч унамаар санагдана. Хурдан аймгийн наадам, сумын наадам болоосой гэж өөрийн эрхгүй хүснэм. Ингэж их хүсэн хүлээсэн сумын наадам хамгийн түрүүнд боллоо. Наадмаар ээж маань аав бид хоёрт ижил зүсмийн дээл хийж өгсөн. Түүгээр нь гоёлоо. Аав бид хоёр наадмын талбай хэсэж, сонины цаасанд ороосон хуушуурын амтыг сорчлон явав. Хуушуураа идэх зуур ороосон сонины цаасыг аав маань гарчиглана. Угаасаа юм идэх болгондоо сонин, ном шагаагайд сурчихсан хүн л дээ. “Эрхэм хүндэт наадамчид аа. Чандмань сумын баяр наадмын нээлтийн арга хэмжээ эхлэхэд бэлэн боллоо. Наадмын үйл ажиллагааг нээж үг хэлнэ үү хэмээн сумын засаг дарга н.Сандаг таныг урьж байна” хэмээн наадам албан ёсоор эхлэв. Төв цэнгэлдэхэд хүчит бөхийн хоёрын даваа дууссаны дараа сумаараа хойшоо морины бариа руу явлаа. Хээр үрээ, аав, хүү хоёрын хүссэн уралдаан эхэллээ. Хурдан морьд гарааны зүг рүү яаран харайлгана. Зурхай, гараа хоёрын заагт явж байтал морьдын комиссын автомашинаас миний унасан хээр үрээ үргэж, яах ийхийн зуургүй нуруунаасаа намайг шилгээж хаяав. Унасан ч морио алдахгүй гэсэндээ цулбуураа огт тавьсангүй. Хээр үрээ намайг аваад баахан газар чирлээ. Хажууд яваа хүмүүс “Хүү минь цулбуураа тавь, цулбуураа тавь” гэж хашгирна. Нөгөө “Анхны алхам” хэмээх кинон дээр “Мядаг цулбуураа тавь” гэж гардаг даа. Яг түүн шиг л юм боллоо. Нэг сэрсэн чинь аавын өвөр дээр байв. Миний хүү гайгүй юу, хаана нь яаж өвдөж байна гээд уйлах шахуу л намайг харна. Миний мориноос унасан мэдээ сумын төв дээр дэлгүүрээ ажилуулж байгаа ээжид тэр дорхноо дуулдав. Миний бие ч гайгүй, толгой дагзандаа жаахан хагарч, тохой, өвдөг шалбарсан байлаа. Аав намайг аваад эмнэлгийн автомашинтай сумын эмнэлэгт хүргэгдэв. Ээж ч уйлсаар орилсоор орж ирлээ. Намайг харж уйлаад, баахан үнсэж, тэврээд миний хүүг алчихсан байна шүү дээ гэж хашгирна. Тухайн үед аав маань ээжээс ямар их айсан бол доо. Аавыг толгой нүдгүй л загнаж байна. Энэ үйл явдлаас хойш аав маань нэг ч морь уяж, наадам гэж хөөрцөглөхөө больсон юм даа. Хожим наадам болохоор л аав, ээж бид гурав энэ дурсамжийг нэхэн санаж, бөөн инээдэм болно. Одоо ч тэр хэвээрээ. Хүүхэд байхдаа хагарсан толгойн сорви одоо ч хүртэл бий. Тэр цагаас хойш миний дагзан дахь сорив дээр нэг ч үс ургаагүй, хэсэг газар халзархай бий.

Уг нь манай адуу хурдтай юм билээ л. Хожим уядаг хүнгүй учраас тэгсхийгээд хаясан байх. Өвөөгийн маань “Жамцын хар морь” гэж суманд төдийгүй хошуу нутагтаа алдартай хурдан хүлэг байсан гэдэг. Сонин нь хурдан адуу ч сумандаа түрүүлж байгаагүй, дандаа аман хүзүүдэж байсан юм билээ. Харин тэрхүү хар морийг унаж, нуруун дээр нь суусан хүүхэд алсдаа амжилт бүтээлийн дээдэд хүрч, амьдрал ахуй нь тэгш дүүрэн явдаг бэлгэшээл, хийморилог адуу гэж аав маань их ярьдаг байв. Монгол Улсын их хурлын гишүүн Сандагийн Бямбацогт, Монгол Улсын заан Чогзомын Батзориг, улсын начин Идэшийн Мөнхбаатар нарын төрийнхөө төлөө зүтгэж яваа улстөрч, удам дамжсан хүчтэнүүд энэ л морины нуруунаас хүн болсон гэдэг.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Коронавируст халдварын 49 тохиолдол шинээр батлагдлаа DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 49 тохиолдол шинээр батлагджээ.

Илэрсэн халдварын

  • 29 нь Улаанбаатар хотод,
  • 20 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 928,788 болж нэмэгдэв.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 136 хүн эдгэрсэн бол одоогоор 717 хүн хяналтад байгаа гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

зураг

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Амьдрах ийм сайхан DNN.mn

Өсвөр насандаа өндөр хадан цохион дээрээс үсэрч амиа хорлохоор шийдэж байсан охин өнөөдөр олон улсын том группт зөвлөхөөр ажиллаж байна. Олон жилийн өмнө түүнд тохиолдсон түүхийг хуваалцъя.

Үеийн нөхдийнх нь гадуурхал, доог тохуутай харц, доромж үгс охины сэтгэлд бугшсаар энэ хорвоог орхиё гэсэн ахархан бодолд хөтөлсөн гэдэг. Дотроо хуримтлагдсан асуудлыг тамын тогооны зовлон шиг санаж, өөрийгөө егүүтгэхээс өөр сонголтгүй хэмээн сумын төвийнхөө ард дүнхийх уул өөд мацжээ. Хориод метрийн өндөртэй эгц хадан цохионы орой дээр гараад иртэл охины толгой эргэж, хөл нь салганав. Сумын төвийнхөө хоёр давхрын байшингаас өөр өндрийг мэдэхгүй түүний үнхэлцэг амаар нь гарах шахна. “Нэгэнт дууссан хорвоо юм чинь юундаа айдаг юм” гэж зоригоо чангалаад хөлөө урагш тавилаа. Кинон дээр гардаг шиг түүнийг хорьж, болиулах гэж араас нь хэн ч зууралдсангүй. Буцаж нэг алхаж, явган суугаад эхэр татан уйлав. Сургуулийн хашаан дотор хөөрцөглөн тоглох хүүхдүүдийн хөөр баясал, банкны үүдэнд багшралдах хүмүүсийн хөл хөдөлгөөн, дэлгүүрийн хаалга байн, байн онголзох дүр зураг гээд сумын төвийн аж амьдрал охины өмнө тодоос тод зурайна.

“Хэрвээ би байхгүй болчихвол хайртай дүүгээ сургуульд орохыг харж чадахгүй нь. Дүү маань сургуульд ороод над шиг хүүхдүүдэд шоглуулбал хэн өмөөрөх бол. Миний бие тээр доор хэвтэж байхыг ээж, аав маань харвал галзуурах байх даа. Ноднин жил саахалтын Жанлав ахын ганц хүү мотоциклтой хонинд явж байгаад онхолдоод өөд болоход ээж, аав нь яаж зовлоо доо, бурхан минь” гэхчлэн бодол охины толгойд ар араасаа хөвөрнө. Тэрбээр урт гэгч нь амьсгаа авч, өөрийгөө тайвшруулаад уулнаас бууж явахдаа ирээдүйн амьдралаа сайхнаар төсөөлж, гэгээн мөрөөдлөө дотроо зуржээ. Хэрэв тухайн үед охин хадан хавцлаас үсэрсэн бол өнөөдрийн энэ амжилтын эзэн болж чадахгүй. Түрхэн зуурын сэтгэл гутрал, шаналлаас болж хорвоог орхих нь дэндүү хайран. Одоо амталж байгаа аз жаргал, амьдралын өнгийг мэдрэхгүй гэхээр үнэхээр харамсмаар.

Охины хэлэх дуртай үг бол “амьдрах ийм сайхан”. Цаг хугацаа бүхнийг эдгээдэг. Түүний сэтгэлийн шарх нь одоо аньсан. Асуудлыг даван туулах гарц шийдэл олон. Амьдрал баян, амьдрах үнэхээр сайхан.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” Европын орнуудаар аялан тоглоно DNN.mn

Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог хамтлаг бол “The Hu”. Тус хамтлаг өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын 10 хотоор аялан тоглосон. Тун удахгүй дахин аялан тоглох нь ээ. Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 26-наас арванхоёрдугаар сарын 09-ний хооронд Европын орнуудаар тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тоглолтоо “Хар аянгын аялал” хэмээн нэрийджээ.

Тоглолтын хуваарь

Тоглолтын тасалбар энэ баасан гарагийн 09:00 цагаас худалдаанд гарах аж.

Categories
мэдээ нийгэм

Наадмын тухай хуулийн онцлох заалтууд DNN.mn

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр/2022.06.29/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан юм. Гэхдээ Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг гишүүдийн олонх нь дэмжээгүй тул Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хэлэлцэхээр болов.

УИХ-ын дарга Г.Зандашатар “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ эцэслэн баталлаа. Ингэснээр үндэсний их баяр цэнгүүн болсон, үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон монгол наадмыг хэл ам, хэрүүл уруулгүй зохион байгуулахыг холбогдох яамд, ажлын хэсэг, холбоод онцгой анхаарч, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхэд хүчээ нэгтгэж, хичээл зүтгэлтэй ажиллахыг уриалж, хуулиа хэрэгжүүлэхийг хүсч байна. Хуулийг эцэслэн баталсан” гэдгийг онцолсон юм.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох заалтуудыг та бүхэнд танилцуулъя.

Зохион байгуулалт

  • 5.2. Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадмыг жил бүр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ.
  • 5.3. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан энэ зүйлийн 5.2-т зааснаас өөр өдрүүдэд улс, аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх бол улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтооно.
  • 5.4. Энэ хуулийн 5.3-т заасан нөхцөлд аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх хугацааг 8 дугаар сарын 10-ны өдрөөс хэтрүүлэхгүй байхаар тогтооно.
  • 5.6. Газар зүйн байршлын хувьд нэг аймгийн зэргэлдээ сумын баяр наадмыг хамтран зохион байгуулж тэмдэглэж болно.
  • 5.14. 14-өөс 18 насны өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан болон сурын харвааг Үндэсний их баяр наадмаар зохион байгуулж болно.

Ерөнхийдөө улс, аймаг, сумдын наадам нэгэн зэрэг зохион байгуулагдана. Нэгэн зэрэг гэдэг нь бүх нийтээр амрах амралтын өдрүүдэд багтаан болно гэсэн үг. Энэ жилийн тухайд наадмаар тав хоног амрах учир эдгээр өдрүүдэд аймаг, сумд наадмаа хийх болж байна. Ингэснээр бөхийн найраа, наадам будилаантуулдаг асуудлууд үгүй болно гэж хууль санаачлагчид үзэж байна. Мөн ган гачиг, элдэв халдварт өвчний дэгдэлт зэргийг харгалзан наадам тэмдэглэх хугацааг өөрчилж болох аж.

Цол чимэг

  • 8.1. Зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, сурын болон шагайн харваачид болон энэ хуулийн 10.4-т заасан амжилтыг харгалзан гаргасан зохион байгуулах хорооны саналыг үндэслэн уяачид үндэсний спортын төрлөөр улсын цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно.
  • 8.2. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээг өгсөн бөх, сурын харваач допинг хэрэглээгүй болох нь допингийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг шинжилгээний хариу гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шинжилгээний хариу батламжийг үндэслэн тухайн бөх, харваачид улсын цолыг олгох саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ.
  • 8.3. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 8.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор зарлиг гаргаж, тухайн бөх, сурын харваачид улсын цол олгоно.
  • 8.7. Үндэсний их баяр наадмаас бусад баяраар үндэсний спортын төрлөөр улс, аймаг, сумын цол, чимэг олгохгүй.

Энэ жилээс эхлэн допингийн шинжилгээний хариу ирсний дараа цол чимгийг нь олгохоор болсон. Учир нь өмнөх жилүүдэд цол олгосны дараа допинг хэрэглэсэн нь илэрч, асуудал үүсдэг байв. Цол, чимгийг нь олгохоос өмнө цолны батламж олгоно. Үүнээс гадна зөвхөн үндэсний их баяр наадмаар л улс, аймаг, сумын цол олгоно. Саяхан даншиг наадамд, залуучуудын холбооны ойн баяр наадамд бөхийн цол олгох талаар яриа хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн билээ. Тэгвэл энэ бүгдэд цэг тавьж, 8.7 дахь заалтыг оруулж иржээ.

Үндэсний бөхийн барилдаан

  • 9.2. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах бөх нь 18 насанд хүрсэн хүн байна.
  • 9.3. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дараах амжилт гаргасан бөхөд доор дурдсан улсын цол олгох батламж олгоно.
  • 9.3.1.тав давсан бөхөд улсын начин; 9.3.2.зургаа давсан бөхөд улсын харцага; 9.3.3.долоо давсан бөхөд улсын заан; 9.3.4.найм давсан бөхөд улсын гарьд; 9.3.5.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн бөхөд улсын арслан; 9.3.6.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын арслан цолтой бөхөд улсын аварга; 9.3.7.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын аварга цолтой бөхөд улсын даян аварга; 9.3.8.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын даян аварга цолтой бөхөд улсын дархан аварга.
  • 9.5. Аймгийн баяр наадамд 18 насанд хүрсэн 128 хүртэл бөх барилдах бөгөөд тав давсан бөхөд аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
  • 9.6. Сумын баяр наадамд 16 насанд хүрсэн 64 хүртэл бөх барилдах бөгөөд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
  • 9.7. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхийг үндэс угсаа, төрсөн газар, оршин суугаа засаг захиргааны нэгж, цол, чимгээр нь ялгаварлан барилдах эрхийг хязгаарлахыг хориглоно

Шинэчилсэн найруулгын төслөөр насны заалт орж ирж байна. Улс, аймгийн наадамд 18 нас хүрсэн иргэн, сумын наадамд 16 нас хүрсэн иргэн тус тус зодоглоно. Ингэхдээ үндэс угсаа, төрсөн газраар ялгаж, жалга довны үзэл гаргах ёсгүй гэж заажээ.

Хурдан морины уралдаан

  • 10.1. Хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна.
  • 10.2. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морийг долоо, түүнээс дээш насны хүүхэд унах бөгөөд уралдаанч хүүхэд нь хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байна.
  • 10.11. Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.7-д заасны дагуу адуун сүрэг болон хурдан морийг бүртгэж, мэдээллийн санг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсгэнэ.
  • 14.7.5. хурдан морийг дагахгүй, зориуд хөөхгүй байх;
  • 14.7.9. уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах, учирсан хохирлыг нөхөн төлөх;
  • 14.7.10. уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх;

Монгол зургаан насны морьд монгол үүлдрийн адууны стандарт нийцэн уралдана. Ингэснээр эрлийз морьд уралдах боломжгүй гэж хууль санаачлагчид үзэж байна. Мөн уралдаанч хүүхдийг бүтэн нэг жилийн ослын даатгалд хамруулсан байх ёстой аж. 10.11 дэх заалтын дагуу мэдээллийн сан үүссэнээр тухай морины бүхий л мэдээлэл цугларч, эрлийз, монгол эсэхийг нь ялгахад асуудалгүй гэнэ.

Багш дасгалжуулагч

  • 14.10. Үндэсний бөх, сурын харваачийн дасгалжуулагч, эмч нь дараах үүрэг хүлээнэ.
  • 14. 10.1.дасгалжуулж байгаа үндэсний бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг санал болгохгүй байх, допинг хэрэглүүлэхгүй байх;

Энэ удаагийн хуулиар допингтой холбоотой хэд хэдэн заалт бий. Үүний нэг нь допинг хэрэглүүлсэн, хэрэглэхийг санал болгосон багш, дасгалжуулагч нарт хариуцлага тооцох юм.

Допинг

  • 18.1. Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно.
  • 18.2. Бөх, сурын харваач нь шударга өрсөлдөөнийг эрхэмлэж, Дэлхийн допингийн эсрэг коде, Засгийн газраас баталсан Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил мөрдөнө.

Допингийн эсрэг үндэсний дүрэм батлагдснаар ямар нэгэн ялгаварлалгүй шийтгэл оногдуулах нөхцөл бүрдэнэ. Энэ дүрэм нь дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэмтэй яг цав нийцэх бөгөөд тус дүрэмд заасны дагуу л бөхчүүд, харваачид шийтгэл хүлээх гэнэ.