Categories
мэдээ эдийн-засаг

“Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ыг шинэчлэн баталлаа DNN.mn

Санхүүгийн зохицуулах хорооны 12 дугаар ээлжит хуралдаанаар “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ыг шинэчлэн баталлаа.

УИХ-аас Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг 2010 онд баталснаар дотоодын хөрөнгийн зах зээлд санхүүгийн зуучлагч байгууллагууд зээл болон бусад мөнгөн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгсэлд суурилсан буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дахин үнэт цаасжуулах замаар шаардлагатай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эрх зүйн суурь орчин бүрдсэн.

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ хуулийн хэрэгжилтийг хангуулахаар буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой нарийвчилсан харилцааг зохицуулсан “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ыг 2011 онд батлан мөрдүүлж байсан.

Харин одоо хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зохицуулалтад гарч буй өөрчлөлт зэргээс үүдэж хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгох, арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлэх, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхтэй холбоотой зохицуулалтыг бий болгох шаардлага тулгарсан.

Цаашилбал үнэт цаас гаргагчийн засаглал, мэдээлэл тайлагналын ил тод байдлыг бэхжүүлэх, үнэт цаас гаргагчид тавигдах нөхцөл, шаардлагыг шинэчилж, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох зорилгоор дээрх журмыг олон улсын жишигт нийцүүлж, зах зээлийн оролцогчдын саналыг тусган шинэчлэн боловсруулсныг ээлжит хуралдаанаар ийнхүү баталлаа.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ сувилагч нарынхаа цалинг 10-25 хувиар нэмжээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах, удирдлагын багийн гишүүдийн хамт төвийнхөө нийт сувилагч нарын нийгмийн баталгааг хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр сувилагч нартай өргөтгөсөн уулзалт зохион байгуулжээ.

Энэхүү уулзалтын үеэр Ерөнхий захирал Э.Галбадрах нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ цалинг 10-25 хувиар нэмэх болсон тухай сайхан мэдээг танилцуулсан байна.

“Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-т тусгасан “Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ үндсэн цалинг 10-25 хувь нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.

Тусгай мэргэжилтнүүдийн үндсэн цалинг 10 хувь

Тасгийн сувилагч нарын үндсэн цалинг 15 хувь

Эрчимт эмчилгээний сувилагч нарын цалинг 25 хувиар тус тус 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үндсэн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад “Ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах” зорилгоор үндсэн ажилтнууддаа 500,000 төгрөгийн 1 удаагийн мөнгөн урамшууллыг 2022 оны 07 дугаарын сарын эхний цалин дээр олгохоор шийдвэрлэжээ.

Мөн 2022 оны 05 дугаар сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 49 тоот тушаал дагуу илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлснөөс тооцоолон олгож эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгааг танилцуулсан байна

Categories
гадаад мэдээ цаг-үе

Афганистанд хүчтэй газар хөдлөлт болж 1000 гаруй хүн амиа алдлаа DNN.mn

Афганистанд 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1000 гаруй хүн амиа алдаж, 1500 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Тус улсын дотоод хэргийн яамны төлөөлөгч Салахуддин Аюби хэвлэлд ярихдаа “Зарим тосгодууд алслагдмал уулын бүс нутагт оршдог учраас дэлгэрэнгүй мэдээлэл авахад цаг хугацаа хэрэгтэй байна” гэжээ.

Голомт нь Афганистаны зүүн өмнөд зүгт Хост хотоос 44 км-ийн зайд 51 км-ийн гүнд болсон гэж Америкийн газар хөдлөлт судлаачид үзэж байна. Аврагчид нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар ажиллаж байна. Газар хөдлөлт шөнийн 01:30 цагийн орчимд буюу хүмүүс унтаж байх үеэр болжээ. Газар хөдлөлтийн голомтоос 500 км-ийн зайд ч чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Афганистаны орон нутгийн бүсэд томоохон хэмжээний барилга байгууламж байхгүй, иргэд фундаментгүй шавар байшингуудад амьдардаг тул газар хөдлөлтийн улмаас асар их хохирол амсдаг байна.

Тус улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. НҮБ-ын мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд 7000 гаруй хүн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан байна.

Эх сурвалж: ВВС

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Батзориг: Цементийн хомсдол, үнийн хөөрөгдлийг богино хугацаанд цэгцэлж, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг хангахаар ажиллаж байна DNN.mn

Дотоодын зах зээлд цемент хомсдож, үнэ нэмэгдсэн асуудлаар Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригтой ярилцлаа.


-Барилга, бүтээн байгуулалтын улирлын үед гол түүхий эд болох цемент хомсдож, үнэ өсчихлөө. Гол шалтгаан нь юу байна вэ?

-Өнөөдрийн байдлаар дотоодын цементийн үйлдвэрүүд 600 мянган тн цемент үйлдвэрлээд байна. Манай улсын жилийн хэрэглээ бол 1.8 сая тн цемент байдаг. Цементийн хомсдол үүссэн эхний шалтгаан бол тээвэрлэлттэй холбоотой үүслээ. Импортоор их хэмжээний барилгын материал болон бараа бүтээгдэхүүнийг вагоноор татаж байгаа учраас Хятадын талд гарсан галт тэргүүд маань тэндээ ачилт удаан хийгдэж 21 хүртэл хоног болж буйгаас үүдэн дотоодын тээвэрлэлтэд хомсдол үүсч байгаа талаар УБТЗ-ын удирдлагууд танилцуулсан. Үүнтэй холбогдуулаад цементийн үйлдвэрүүдэд маань тогтмол түүхий эд болох клинкерийн нөөц бүрдүүлэх, татан авалтаа хийх, Задгай болон ууттай цементээ зөөж тээвэрлэдэг вагонуудын хүрэлцээ буурсан. Тиймээс зах зээл дээрх цементийнхээ нийлүүлэлтийг тогтмол хангаж чадахгүй нөхцөл байдал үүссэнээс хомсдол бий болж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийтдээ нэг сая тн-ын хүчин чадалтай дөрвөн үйлдвэрийн гурав нь ажиллаж байгаа. Хятадын хөрөнгө оруулалттай “Мөнхийн баянгал” ХХК тоног төхөөрөмжийн эвдрэлтэй, энэ оны дөрөвдүгээр сар хүртэл ажиллаж байгаад зогссон. Одоо “Хөтөлийн цемент шохой” ТӨХК, “Монцемент билдинг материалс” ХХК, “МАК цемент” ХХК гэсэн гурван том үйлдвэр ажиллаж байна.

-Цемент хомсодсон бас нэг шалтгаан нь “Хөтөл”-ийн цементийн үйлдвэр ажиллахгүй байгаатай холбоотой гэл үү. Хэвийн ажиллаж байсан үйлдвэрийг төр авснаар ингэж л дампууруулдаг гэх маягтай мессэж нийгэмд харагдах боллоо?

-“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьд тоног төхөөрөмжийн эвдрэлтэй холбоотойгоор бүтээгдэхүүнээ тогтмол үйлдвэрлэж чадахгүй нөхцөл байдал бий болсон. Өнөөдрийн байдлаар засвар үйлчилгээгээ хийгээд гурван тээрмийнхээ хоёрыг нь ажиллуулаад явж байна. Өдөрт хоёр 2,3 мян.тн-ын цемент үйлдвэрлээд эхэлчихсэн. Бусдаар бол асуудал байхгүй. “Хөтөлийн цемент шохой” ТӨХК зах зээлд ууттай цементнийхээ хэрэглээг давхар хангана.

Энэ бол ганцхан үйлдвэрээс хамаардаг зах зээл биш. “Хөтөл” зах зээлийн хэрэглээний 20-30 хувийг хангадаг. Бусад нийлүүлэлтийг МАК, “Монцемент” үйлдвэр хангаж байгаа. Хажуугаар нь зах зээлийн тодорхой хувийг хангадаг жижиг үйлдвэрүүд ч бий.

-Цементийн шуудайны хомсдол үнийн хөөрөгдөлд нөлөөлж байна уу. Салбарын яамнаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Дотоодын цементийн үйлдвэрүүдийн түүхий эд болон цемент тээвэрлэлтийн асуудлаар үйлдвэрлэгчдийнхээ удирдлагуудтай уулзалтуудыг хийснээр УБТЗ-тайгаа хамтарч тулгамдаж буй асуудлыг шийдвэрлээд байна. Улаанбаатар төмөр замтай яриад тээвэрлэлтийг нь шийдсэн боловч “Мак цемент” ХХК-ийн импортоор авч буй цементийн шуудай дуусч зах зээл дээрх шуудайтай цементийн хомсдол нэмэгдэх нэг шалтгаан болсон.

Зах зээлд шуудайтай цемент гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэнийг салбарын яамнаас үйлдвэртэйгээ хамтран зохион байгуулалтуудыг хийгээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар эхний ээлжинд Улаанбаатарт 300 мян.ширхэг цементийн уут нь ирж шуудайтай цементээ үйлдвэрлэж эхлээд байна. Үргэлжлээд ар араасаа цементийн уутны захиалга, тээвэрлэлт хийгдэж байна.

УБТЗ-тай хийсэн энхий уулзалтаар “Монцемент билдинг материалс” ХХК-д 3-5 хоногт 15 хоппер вагон, хоногт 5 крыты вагон буюу 150 вагонаар, “МАК цемент” ХХК-д хоногт 10 крыты вагон буюу сард хамгийн багадаа 300 вагон хангах асуудлыг шийдвэрлүүлсэн.Төмөр зам нэлээд сайн дэмжиж ажиллаж байгаа. “Монцемент”-ийн хувьд Дорноговийн Өргөн, Улаанбаатарын “22-ын товчоо”-нд цементийн тээрмийн үйлдвэртэй. Түүхий эдээ Улаанбаатар руу татах вагоны тээвэрлэлт нь тодорхой хэмжээнд байгаа. Гэвч өдөрт үйлдвэрлэх хэмжээнийхээ түүхий эдийг хангаж чадахгүй байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор манай яамны зүгээс дэд сайдын хэмжээнд төмөр замын удирдлагуудтай 2 дахь удаагаа уулзалт хийж, УБТЗ-тай хамтран цементийн тээвэрлэлтийг бүрэн анхаарч, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Богино хугацааны бүтээгдэхүүний хомсдолд орчихоод байгаа гэж ойлгож болох уу?

-Гол нь яагаад эрсдэлтэй байна вэ гэхээр ид бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа энэ цаг үед иймэрхүү асуудлууд гарч байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй тусч байгаа юм. Гэхдээ энэ бол богино хугацааны хомсдол, үнийн өсөлт. Тэгэхээр зах зээлд шуудайтай цементийнхээ нийлүүлэлтийг хангалттай хийгээд явахаар үнэ буцаад буурч, тогтворжино гэж харж байгаа. Өнөө жилийн хувьд тээвэрлэлтээс шалтгаалж бүх үйлдвэрүүдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Гадаад хүчин зүйлээс гадна дотоодын тээвэрлэлтийн хүндрэл цементийн үйлдвэрүүдэд жилд хоёр удаа тохиолддог. Тэр нь юу вэ гэхээр барилгын ажил ид эхлэх үед болон намрын ногоо хураалттай холбоотойгоор вагоны хомсдол үүсдэг. Энэ асуудлыг бид урьдчилаад төмөр замын байгууллагуудад тавьж байсан. Цемент бол стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Барилгын нийт төсөвт өртгийн барилгын материалын зардлын 23 хувийг эзэлдэг. Тэгэхээр цементийн нийлүүлэлт, үйлдвэрлэлтийн тал дээр бусад байгууллагууд маань сайн дэмжиж ажиллах хэрэгтэй байгаа юм. Үндсэндээ бол Хөтөлийн цемент шохой өдөрт 2.3 мян.тн, “Мак цемент” ХХК өдөрт 4 мян.тн, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн Дорноговь аймгийн Өргөн сум дахь үйлдвэр 1 мян.тн, 22-ын тээрэм 2.8 мян.тн-ы хүчин чадлаараа үйлдвэрлэхэд хоногт 10 мян.тн орчим цемент нийлүүлэгдэхэд хомсдол арилах боломжтой гэж харж байна.

-Үйлдвэрүүд цементийн үнийг нэмсэн асуудал байна уу. Тэгэхээр зах зээлд үнийг хэн өсгөөд байна вэ?

-Жижиглэн худалдаанд үнэ хөөрөгдөл бий болоод байгаа юм. Өмнө нь шуудай нь 14-15 мянган төгрөгийн үнэтэй байсан цемент 18-23 мянган төгрөгөөр иргэдиийн гарт очиж байна. Хомсдол бий болонгуут эрэлт огцом нэмэгдэх нь ойлгомжтой. Тэгэнгүүт наймаачид дураараа үнэ зохиож хэлдэг. Үйлдвэрүүдийн хувьд он гарснаас хойш нэг л удаа цементийн үнийг нэмсэн. Одоогийн байдлаар үйлдвэрүүдийн цементийн дундаж үнэ нэг тонн нь 260 мянган төгрөг байна.

Үйлдвэрээс хүмүүс их, бага ч гэсэн энэ үнээр л авч байгаа. Монголчууд маань хэцүү. Зах зээлд хомсдол үүсэнгүүт албаар авч дарж, үнэ өсгөдөг. Гэхдээ богино хугацаанд зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнийг өөрсдийнхөө мөнгөөрөө худалдаж аваад үнэ тогтоодог систем ямар ч салбарт байгаад байх шиг. Үүнийг зах зээлийн зарчим гэдэг ч яг үнэндээ ёс зүйгүй үйлдэл. Энэ асуудлуудыг бид богино хугацаанд цэгцэлж, зах зээлийнхээ эрэлт, нийлүүлэлтийг хангахаар үйлдвэрүүдтэйгээ ойр ажиллаж байгаа.

-Арматурын нөөц ямархуу байгаа вэ?

-Бид арматурыг импортоор хэрэглэдэг учраас 2022 оны арванхоёрдугаар сараас эхлээд Гадаад харилцааны яам болон Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтарч ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 2000 орчим вагон барилгын материалыг оруулж ирсэн байгаа. Арматурын хувьд манайх жилийн 260 мянган тн-ын хэрэглээтэй. Үүнийхээ 160 мянган тн-ыг нь оруулаад ирчихсэн байна. Тэгэхээр барилгын ажил ид эхлэх үеэс өмнө нөөцөө бүрдүүлчихсэн гэсэн үг. Ингэснээр хомсдолоос шалтгаалсан үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ авч чадсан. Одоо зах зээл дээрх арматурын борлуулалтын үнэ тогтвортой байгаа. Статистикийн мэдээлэл харахад бараг 60 хувиа оруулаад ирсэн. Тэгэхээр үнийг өсгөхгүй байх боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээ гарчээ.

Тодруулбал, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын нийт, Архангай, Хөвсгөл, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн зарим, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар сайн гэсэн үнэлгээ гарсан байна.

Харин Увс, Ховд, Завханы ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын зарим, Хөвсгөлийн ганц нэг сумдын нутгаар дунд, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар муу байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ цаг-үе

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ DNN.mn

Өнөөдөр орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж байна. Зургаадугаар сарын 23-ны өдөр 10:00 цагт түүх, 14:00 цагт агли хэлний шалгалт явагдах бол маргааш хими, газарзүй, нийгэм судлалын шалгалт болно. Харин зургаадугаар сарын 25-нд биологи, математик 26-нд физик, орос хэл, монгол хэлний хичээлийн шалгалт явагдана.

Энэ жилийн шалгалтад нийт 36 425 хүн оролцоно. Тэдний 29 000 гаруй нь энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй бол 7,000 гаруй нь өмнөх онуудын төгсөгч байна.

БҮТ-өөс шалгуулагч нарт зориулан зөвлөмж гаргажээ. Үүнд шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстойг сануулсан байна. Түүнчлэн шалгалтад ирэхдээ

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Суудлын хуваарь
  • Бүртгэлийн хуудсаа авчрах ёстой.

Мөн шалгалтын үеэр БҮТ-өөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөлөө.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Жаргалсайхан: Монгол Улс хоёр танхимтай парламент байгуулах нь дэлхийн хөгжилтэй орнуудын сонгодог улс төрийн тогтолцоо руу л шилжинэ гэсэн үг DNN.mn

Бүгд найрамдах намын дарга Базарсадын Жаргалсайхантай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа.


-Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нийтээрээ хэлэлцэж байна. Таны хувьд эцэг хуулиа өөрчлөхийг дэмжиж байгаа юу?

-Орчин үед хууль гэдэг бол хааны зарлиг биш. Өнгөрсөн үед хааны зарлиг мянга, мянган жил л явж ирсэн байх. Харин одоо нийгэм эдийн засгийн амьдрал муу тал руугаа ч сайн тал руугаа ч минут, секундээр өөрчлөгдөж байна. Тиймээс цаг үетэйгээ тохируулаад хуулиа өөрчилж байх шаардлагатай. Энэ утгаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Үүнийг дэмжихгүй байгаа нөхдүүд бол хөшүүн хойрго, хоцрогдсон улсууд байх гэж харж байна. Хуулиа сайжруулъя, нийгэм цаг үетэйгээ уялдуулъя гэхээр хэнээс юу унах гээд байгаа юм.

-Таныхаар одоо бид Үндсэн хуульдаа яг ямар өөрчлөлтүүдийг хийх ёстой гэж харж байна вэ?

-Нийгэм, улс төрийн амьдралыг зохицуулах чадамжтай төрийн тогтолцоотой болох хэрэгтэй. Өнөөдрийн энэ 76 гэдэг чинь ерөөсөө нэг л болохгүй байгаа биз дээ. Өдөр болгон хуралдаад л. Өдөр болгон хийсэн зүйлгүй Төрийн ордонд өрөөндөө тамхи татаж суусан хүмүүс л байна. Эд нар ингэж хуралдаад, хуралдаад олигтой зүйл гарахгүй. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөрөө парламентын том, жижиг гэсэн хоёр танхимтай болгох асуудлыг зоригтой гаргаад ирэх ёстой. Том нь улиралд хоёр удаа хуралддаг. Эсвэл байнгын ажиллагаатай конгрессын гишүүн байж болно. Тухайлбал, Америк шиг. Улиралд хоёр удаа ч юмуу, эсвэл долоо хоногт нэг удаа хуралдаж, төрийн шийдвэрээ тодорхой, зоригтой гаргачихад л болох юм. Тэгэхгүй бол өдөр болгон ордонд тийм ч хурал, ийм ч хурал гээд явдаг. Нэг хууль батлах гэж байна гэж бүтэн сар, улирал болдог нь төрийн үйл ажиллагааг удаашруулж, муухай харагдуулж байгаа юм. Тиймээс төр бол товч, гэхдээ бүх зүйлээ хуралдахаасаа өмнө судалчихсан, мэдчихсэн байх шаардлагатай. Ингээд уг хуулийн төслөө нэг хуралдаад л шууд баталчих. Дараа нь буруу байвал дахиад өөрчлөх асуудлыг нь түргэн боловсруулаад л засаад баталчих. Ийм л шуурхай, түргэн, зоригтой шийдвэрүүд төрөөс гарах ёстой. -Үндсэн хуулийг дагаад сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулахыг олон нийтийн зүгээс шаардаад байгаа шүү дээ. Таныхаар танай намын зүгээс өнөөдрийн Монголын нийгэмд ямар сонгуулийн тогтолцоо нь илүү дээр гэж бодож байна вэ?

-Мэдээж сонгуулийн тогтолцоог нэн даруй өөрчлөх шаардлагатай байна. Сонгуулийн тогтолцоо холимог байх нь зөв. Тэгэхгүй мажоратор системээр явахаар яг Нарантуул зах шиг л юм болж байна. Парламентад суудалтай хэд нь жалга довын юм яриад л сууна. Түүнээс биш улс орны хөгжлийн тухай, нийгмийн амьдралыг яаж сайжруулах уу, яаж иргэдээ ажил хийлгэдэг болох уу гэсэн тухай нэг ч ярихгүй байна. Хэрвээ пропорциональ системтэй болчихвол энэ асуудал байхгүй болно. Энэ систем бол намуудын сонголт. Намууд чинь хөгжил л ярьдаг шүү дээ. Тиймээс жалга, довын үзлээсээ салъя л гэж бодож байгаа бол холимог системээр явах шаардлагатай.

-Холимог системээр явах нь олон намын үзлээс болоод төрийн шийдвэр гаргах тогтолцоо удааширдаг гэсэн шүүмжлэл дагуулдаг шүү дээ…

-Ямар ч тийм зүйл байхгүй. Тэгвэл өнөөдрийн байгаа систем чинь тийм аятайхан харагдаад байна уу. Ерөөсөө л холимгоор явж байж л манай улс хөгжинө. Түүнээс биш нэг намын олонх гишүүд тэр дундаа нийт иргэдийн саналыг авч чадаагүй өнөөгийн эрх баригчид шиг төрийн дээр суучихаад бодлого гаргаж улс орныг хөгжүүлнэ гэдэг үлгэр. Энэ нь өөрөө хуулийн гажуудал, тогтолцооны алдаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр та дээд, доод танхимтай болох ёстой гэлээ. Өөр ямар өөрчлөлт, нэмэлтийг тусгаж өгөх шаардлагатай гэж харж байна вэ?

-Өнөөдөр манай улсын эдийн засаг нэг үеэ бодоход хамаагүй тэлж өгсөн. Гэсэн хэдий ч эдийн засаг тэлэхийн хэрээр нөгөө талд нь өр зээл гэсэн сөрөг тал байна. Монголд ажил хийдэг хүн алга. Залуучууд нь бүгд архичин, тамхичин, шоучин боллоо. Нийгмийн баялаг бүтээдэг хүн байхгүй байна. Төрийн албан хаагч нэртэй 2500 гаруй хүн зүгээр сууж байгаад цалин авч байна. Орон нутагт ажил хийдэг, малаа өөдтэйхөн шиг маллаад явчих малчин хүн ч алга болж. Ажил хийдэг хүн байхгүй болохоор татвар, түрээс төлж байгаа хүн байхгүй гэсэн үг. Ингэхээрээ улсын төсөв, бусад орлого хумигдаж байна. Монголын нийгэм нийтээрээ улсынхаа нэгдсэн төсвөөс мөнгө хулгайлж, найрлаж, цэнгэсэн, архидсан ийм л байдалтай явж байна. Аль ч улсын нийгэмд ийм зүйл байдаг ч манай улсын нийгэмд энэ байдал бүр хавтгайрлаа. Тиймээс энэ бүхнээ засъя, зөв болгоё гэж бодож л байгаа бол төрийн болон нийгмийн системд бүхлээр нь өөрчлөлт оруулах шаардлагатай. Банк санхүүгийн систем дампуурлын ирмэг дээр байна. Одоо байгаа мажоратор системээр бид цааш явсаар л байвал энэ асуудлыг шийдэж үнэхээр чадахгүй. Яваа яваандаа улс орон сүйрнэ шүү. Тиймээс сонгуулийн системийг холимог болгож байж, намуудыг идэвхтэй татаж байж эдгээр асуудлуудыг шийдэж чадна.

-Өнөөгийн эрх баригч намын хувьд сонгуулийн тогтолцоог өөрчлөх, та бүхний шаардаад байгаа холимог тогтолцоог бие болгох асуудлыг дэмжиж байгаа гэж харж байна уу?

-Мэдэхгүй. Хэрэв холимог системд орохгүй бол өөрсдөө ирэх 2024 онд ажлаа өгцгөөнө биз. Нийгэм эдийн засгийн амьдрал уналаа. Өнөөдөр зөвхөн өр зээлд асуудал байгаа юм биш. Улс төрийн тогтолцоонд асуудал байна. Шийдвэр гаргаж чаддаггүй, гаргасан шийдвэр нь чадамжгүй. Энэ тогтолцоо нь ийм болгоод байна. Үүнийг л өөрчлөх гээд байгаа юм. Энэ өөрчлөлтийг эрх баригчид дэмжчих байлгүй. Дэмжихгүй бол ажлаа өгцгөөнө биз.

-Сонгуулийн холимог тогтолцоогоор явлаа гэхэд намын жагсаалтаар хүмүүс гарч төрийн эрх барина. Ингэхлээр иргэдийн таалалд нийцээгүй, сонгохыг хүсээгүй улстөрч гараад ирдэг сул талтай шүү дээ…

-Тэгвэл өнөөгийн энэ 76 улстөрч дотор таалагдаад байгаа нь хэн юм. Бүгдийг нь өдөр шөнөгүй муулж л байгаа биз дээ. Тэгж худлаа яриад яах билээ. Би дахиад хэлье. Өнөөдөр манай улс олон намын тогтолцоотой, ардчилсан орон. Тэр утгаараа төрийн үйл хэрэгт энэ олон намын санаа, үзэл бодлыг нь татан оруулах шаардлагатай. Ингэхийн тулд сонгуулийн холимог тогтолцоотой болох нь зайлшгүй юм. Өнөөдөр юм хийх ёстой юу гэвэл хийх ёстой. Бүр юу ч хийхгүй байснаас юу ч хамаагүй хийх л ёстой. Ямар нэгэн ажлыг урагшаа явуулж л байх нь чухал. Монгол Улс парламентын дээд, доод гэсэн хоёр танхимтай болно гэдэг нь дэлхийн хөгжилтэй орнуудын сонгодог улс төрийн тогтолцоо руу л шилжинэ гэсэн үг. Тэгэхгүй заавал өнөөдрийнх шиг, эсвэл өчигдрийнх шиг ийм зэрлэг бүдүүлэг хэвээрээ байж болох юм уу. Эсвэл бүр олон намын системээсээ татгалзчих. Монгол Улс нэг намтай л байя. Улмаар бүх зүйлээ төрд төвлөрүүлчих. Бүгдээрээ сайхан коммунизм байгуулъя л даа. Тэгээд хойд Солонгостой хамтарч ажиллая. Олон намын системийг эсэргүүцээд байгаа юм бол ингээд л явчихъя, хэдүүл ээ. Зах зээлийн нийгэм, олон намын тогтолцоог эсэргүүцэгчид манай улсад цөөнгүй бий шүү. Эдгээр хүмүүс бол Монголыг энэ орчлон дэлхийгээс байхгүй болгочихъё гэсэн санаа, зорилготой гадны тагнуул, туршуулууд. Монгол хүн биш.

-Та Үндсэн хуулиараа парламентын дээд, доод хоёр танхимтай болох ёстойг идэвхтэй ярьж байна. Яг дээд, доод танхимтай болох нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Ач холбогдол бол өндөр. УИХ дээр энэ асуудлыг тал талаасаа ярилцах шаардлагатай. Бидний үзэж байгаагаар манай улс парламентын хоёр танхимтай байх нь зөв гэж харж байгаа. Их танхим нь улиралд нэг удаа хуралддаг. Бага танхим үүргийг нь гүйцэтгэдэг, ийм л байх ёстой. Энэ асуудлыг өнөөгийн Монголын ямар ч улстөрч дэмжихгүй гэх шалтгаан байхгүй болов уу.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа яаж гаргаж ирэх үү?

-Ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгодог байдал нь хэвэндээ л байна биз, хамаагүй. Ерөнхий сайдыг тэртэй тэргүй одоо ч гэсэн УИХ-аасаа л гаргаж ирж байгаа. Энэ байдалд өөрчлөлт их орохгүй дээ.

-УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар Үндсэн хуулийн өөрчлөлт болон УИХ-аас батлан гаргасан хуулийн танилцуулгыг тойрогтоо хийхээр ажиллаж байна. Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг ард түмнээсээ асуух шаардлага бий юү?

-Би нэг үнэн зүйл хэлье. Өнөөдөр Монголын ард түмэн Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай байна, ингэж өөрчлөхгүй бол бидний амьдрал үнэхээр хүнд байна гэж яг хэн бодож байна. Ард түмэн мөрөөрөө ажлаа хийхээ л бодож яваа. Улс төрчдийн өмнөөс, хуульчдын өмнөөс цаашлаад энэ УИХ-ын гишүүдийн өмнөөс ард түмэн ажлыг нь хийх ямар шаардлагатай юм. Анх гарахад нь тийм, тийм ажлуудыг хийгээрэй гээд л явуулсан. Тэр ажлуудаа эхлээд хийчих л дээ. Зарим иргэд нь ажил хийхгүйгээр яаж мөнгөтэй болох уу, яаж шоудах уу, яаж архидах уу гэж л бодож байгаа. Түүнээс биш тэр хуулийг яах уу, энэ хуулийг яаж өөрчлөх үү гэж боддог ард түмэн гэж байхгүй ээ.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүн давхар дээлтэй байхыг нь хязгаарлахгүй байя гэдэг асуудлыг яриад байгаа. Үүнд та хувьдаа ямар байр суурьтай явдаг вэ?

-Давхар дээлтэй байна уу, дантай байна уу энэ бол тийм чухал асуудал биш ээ. Хүн чанартай, хүн харилцаатай, соёлтой, шударга хүн л төрийн албан хаагч байх шаардлагатай. Тийм хүн өөрөө хэдэн давхар дээл өмсөнө үү, хэдийг нь тайлна уу ёстой хамаагүй. Энэ бол улстөрчдийн, намуудын бие биенээ дэгээдэж унагаах шалтгаан. Өөр юу ч биш.

-Гадаад өрийн асуудал хурцадмал байдалд орлоо гэж эдийн засагчид хэлээд байна. Манай улсыг дампуурлаа зарлах улс орны тоонд багтаж байгаа гэж олон улсын байгууллагуудаас үзээд байгаа. Гадаад өрөө бид төлж чадах уу?

-Гадаадаас авсан зээлээрээ баахан автомашин аваад тавьчихлаа. Үлдсэнээр нь 120 мянган айлын орон сууц гээд бетонон ширэнгэ болгоод л хаялаа. Өөр юу хийсэн юм, юу ч хийсэнгүй шүү дээ. Жилд бид 3-4 миллиард долларын импортын бараа авч хэрэглэж байна. Зөвхөн шатах тослох материал гэхэд бид хоёр миллиард ам.доллараар авч хэрэглэж байна. Манай энэ эдийн засагчид Монгол Улсын гадаад өр зээлийг олон нийтэд тайлбарлахдаа их буруу ойлгуулдаг. Тэр нь гадаад өрийг аль нэг нам, эсвэл улстөрчид аваад идээд дуусгачихсан гэдэг. Энэ бол худлаа. Энэ өр зээлийг ард түмэн өөрсдөө авч идсэн. Монголчууд нийтээрээ гадаадаас өр авч түүгээрээ юу ч хийлгүй зүгээр л идчихсэн. Монголд өнөөдөр 500 мянга гаруй суудлын автомашин өдөр бүр замын хөдөлгөөн оролцоод явж байна. Энэ бүх автомашиныг нэг бүрчлэн ам.доллараар худалдан авч байгаа шүү дээ. Баригдаж байгаа энэ барилгууд байна. Бүгдийг нь юань, ам.доллараар худалдан авч байгаа. Энэ 18 аймагт тавиад байгаа замуудыг бүгдийг нь гадаад валютаар тавьж байгуулж байгаа юм. Тиймээс монголчууд бид бүгдээрээ энэ өр зээлийг хамт идэлцэж яваа. Түүнээс биш нэг хоёр компани юм уу, эсвэл хэн нэгэн сайд дарга нар идчихсэн асуудал огт биш. Харин энэ гадаад өр гэсэн иймэрхүү асуудлыг улстөрчид нэгнээ дэгээдэж унагахын тулд нэгэнтэйгээ сөргөлдөж хэрэлдэхийн тулд л зохиомлоор үүсгэж олон нийтийн сэдэв болгодог байхгүй юу. Бидэнд бол гадаад өрөө төлөх боломж байгаа. Ард нийтээрээ, улс даяараа ажил хийцгээ. Өр тавьсан л юм бол буцаагаад төлөхгүй гээд хаа холдох юм. Төлж л таарна.

-Дэлхийн банкнаас Монгол Улсыг ойрын хугацаанд дефолт зарлах орнуудын тоонд оруулчихаад байгаа шүү дээ. Дефолт зарлах нь гадаад хөрөнгө оруулалт зогсох, эдийн засгийн төв боомтуудаа алдах зэрэг эрсдэлтэй байдаг талаар дээр дооргүй л ярьцгааж байна. Таныхаар тэгвэл бид дампуурлаа зарлачих нь зөв юм уу?

-Зээлээ бид төлнө. Төлөх ч болно. Социализмын үед манай улс гадаадаас жилдээ 4-5 миллиард ам.долларын зээл авч байсан. Ингэж авсныхаа хүчинд бид социализмын үеийн 30, 40 жилийн их бүтээн байгуулалтуудыг хийсэн шүү дээ. Ингээд тухайн үед авч байсан их өр гэдгийг чинь тэгээд л хүчингүй болгосон, төлсөн. Одоо ч энэ гадаад өрөө төлнө. Өр тавьж байж л арайхийж амьдарч яваа улс. Хятад улс өөрөө ч гэсэн гадаад өрийн дарамтад орчихсон орон шүү дээ. Тиймээс үнэхээр гадаад өрөө төлж чадахгүй бол бид төлж чадахгүй нь ээ гээд зарладаг юмаа зарлачих л ёстой. Үүнээс айгаад байх зүйлгүй.

-Дефолт зарлалаа гэхэд гадны хөрөнгө оруулалт зогсоно шүү дээ…

-Одоо орж ирж байгаа гадны хөрөнгө оруулалт гэж юу байгаа юм. Манай улс дефолт зарласан зарлаагүй хөгжил, гадаад харилцаа нь ялгаагүй л байна. Ер нь өнгөрсөн сонгуулиар залуучууд МАН-ын төлөө дээл өмсөж байгаад өвөртөө 100 мянган төгрөг хийгээд л саналаа өгсөн. Одоо тэрнийхээ гайг амсаж байна. Тухайн үед зөндөө л хэлж байсан. Гэвч хэлээд, хэлээд манай ард түмэн бидний үгийг авах биш. Одоо сонголтынхоо горыг амсаж байгаа нь энэ. Удахгүй ам.доллар таван мянгад хүрнэ. Үнийн өсөлт дахиад 2-3 дахин нэмэгдэнэ. Тэр цагт монголчууд их зүйлийг ойлгоно доо.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Улаагчин хонь өдөр DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 23, Бархасбадь гариг. Билгийн тооллын 25, шийдэм одтой улаагчин хонь өдөр. Өдрийн наран 4:53 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудийн ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 33-38 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн Амьд явах ба “Амьд явах эрх” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Нийт
1600 зөвшөөрлийн
тоог энэ хуулиар
350 болгож цөөлсөн” гэснийг II нүүрээс үргэлжлүүлж уншаарай

Ардчилсан намын
Ерөнхий нарийн бичгийн
дарга Ч.Өнөрбаяр “Одоогийн УИХ
үнэхээр хариуцлагагүй,
чадамжгүй байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн Амьд явах ба “Амьд явах эрх” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

ХЗДХ-ийн яамны
сайд Х.Нямбаатар “Шалгалтын явцад цэргийг
дэглэсэн гэх асуудал тогтоогдоогүй
” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ