Categories
мэдээ улс-төр

ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр /2023.11.28/ хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хэлэлцээд тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б. Баттөмөрийг улируулан томилохоор шийдвэрлэснийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд мэдэгдээд, товч намтрыг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөр нь 1979 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер, механикч, 1991 онд ОХУ-ын Москва хотын Нийгэм-Улс төрийн дээд сургуулийг эдийн засагч, улс төр судлаач, 2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. 2003 онд эдийн засгийн ухааны доктор (Ph.D), 2008 онд эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1980-1986 онд Ой модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1986-1989 онд Хөнгөн үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга, 2000-2008 онд Улсын Гаалийн ерөнхий газрын дэд дарга, дарга, 2011-2013 онд Монголын үндэсний татварын ерөнхий газрын дарга, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны даргыг улируулан сонгох санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *