XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 08:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.
Дараа нь УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгов.
Төрийн золголтын дараа Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл, бичгийн шинжлэх ухааны доктор, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ.
ТӨРИЙН ХАН ХУУРАНД:
“Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо
Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.
Эх орон, тусгаар тогтнолоо
Эрхэм төрөө, тамга, сүлдээ
Алтан соёмбот далбаагаа
Агуу жавхлант төрийн дууллаа
Эцэг тэнгэр, эх газартаа
Эзэн Чингис, хар сүлдэндээ
Есөн цагаан тугандаа
Сүслэн дээдэлж даатгая.
Ашид мөнхийн нууц товчоогоо
Аялгуу эгшигт хан хуураа
Хөх Монголын хүндэт нумаа
Хүндлэн дээдлэх Үндсэн хуулиа
Эцэг тэнгэр, эх газартаа
Эзэн Чингис, хар сүлдэндээ
Есөн цагаан тугандаа
Сүслэн дээдэлж даатгая” хэмээн төр, түмэндээ өргөх айлтгал, магтаалыг өргөн барилаа.
Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт золгож, Модон луу жилийн өнгийг хэлэлцэв.
One reply on “Ерөнхийлөгч Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв DNN.mn”
Төрийн хар, цагаан туг чинь их дошгин. Энэ авилгалч, луйварчдын толгойг тасдах байх…