Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын хичээл 2024 оны нэгдүгээр сарын 29 буюу өнөөдөр эхэллээ.
Сурагчдын хичээл, сургууль эхлэхтэй холбогдуулан Боловсролын ерөнхий газраас сургуулийн орчны аюулгүй байдалд анхаарч, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Сургууль орчмын цас, мөсийг цэвэрлэж, халтиргаагүй болгох, хүүхэд халтирах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийхийг санууллаа.
Мөн биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх, ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгохыг анхааруулжээ.
Түүнчлэн ухсан нүх, шуудуу, траншейн болон замын эвдрэлийг таглаж битүүлэх, замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах, засварлах, “School police”-ийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг зөвлөсөн байна.