“Болор цом-41” яруу найргийн наадам өчигдөр боллоо. Эхний шатнаас шалгарсан 21 найрагч шүлгээ уншиж өрсөлдсөнөөс сүүлийн шатанд Д.Галсансүх, О.Элбэгтөгс, Э.Гантулга, С.Начин, М.Дэвээжаргал нарын таван яруу найрагч тунаж үлдэв. Ингээд яруу найрагч С.Начин “Үеийн үед итгэнэ, эх орон минь” шүлгээрээ эгшиглэнт Янжинлхамын хишиг хүртэж “Болор цом”- ын эзнээр тодорлоо. Энэ жилийн “Болор цом” яруу найргийн наадам нь Улс тунхагласны ойн өдөр болж байгаагаараа онцлог юм. С.Начин нь “Болор цом”-ын наадамд арав дахь жилдээ оролцож байгаа юм байна. Тэрбээр эгшиглэнт Янжилхамын хишиг хүртэх мөчдөө “Энэ танхимд ирж шүлгийг минь сонсож суугаа аавдаа баярлалаа. Тэнгэрт бие нь одсон ч билиг оюун нь мөнхөд үргэлжлэх Пүрэвхүүгийн Батхуяг багшдаа хүндэтгэл үзүүлмээр байна” хэмээн сэтгэлээ илэрхийлэв. “Болор цом-41” яруу найргийн наадмын шүүгчээр Н.Минжинсайхан, Ү.Хүрэлбаатар, С.Байгалсайхан, Ш.Лхамноржмаа, Ш.Баттөр нар, хөтлөгчөөр “Болор цом”- ын эзэн яруу найрагч Н.Гантулга, зохиолч сэтгүүлч Б.Сарантуяа нар ажиллажээ
Үеийн үед итгэнэ, эх орон минь
Үүрийн гэгээнд цэцэг дохигнох
Үндсэн гүнийг нь чагнаархаж
Чөдрийн морь шүүдэрт жиндэн зүүрмэглэх
Чив чимээгүй уулс нь далайн ёроолд байснаа бодож дүнхийх
Өргөл мөргөлийн өндөр дээд эх орон минь
Өргөн дэлхийд өөрийн сүнсийг эрэн орь ганцаар бэдэрч явахад
Өгүүлэх шүлгийн байц гишүүн шиг
Алс алсын толгодыг нь ширтэхэд
Өндөр тэнгэрээс хэв хадаг унжуулсан мэт
Анир чимээгүйгээр үүлс нь газрын хэвлийд шингэдэг эх орон минь
Манант тэнгэртэй хаяа хатгасан түүхийн их уснаас амтлахуй
Наранд цогшсон гандирсын балгад нь
Саранд сэрийсэн нууцлаг ертөнцөө бүүвэйлсэн
Санааны огторгуйд ээл дулаан илчээ түгээхдээ
Намрын хонгор зэрэглээндээ унага эрхлүүлж наадсан эх орон минь
Хөвөн дээгүүр алхаж байгаа юм шиг тогорууд нь ирэхэд
Зөрж одсон учралын сэжүүрт гадас тойрон гунганах ботгоны
Зөөлөн зөөлөн бөмбөрөх нулимсыг салхиараа арчихдаа
Бударгана үүрч алхах бөгтөр эмгэний сэтгэлийг үймцүүлж
Бүүр эртийн эртэд эврээ буганд итгээд явуулсан гэнэн тэмээний нулимс эх орон минь
Нараа үзсэн ой хөвчийн цоорхойд нярайлах гэрэл шиг
Саранд сэрийсэн нууцлаг ертөнц нь
Наранд цогшсон гандирсаа бүүвэйлсэн
Санааны огторгуйд ээл дулаан илчээ түгээхдээ
Намрын хонгор зэрэглээнд эрхэлж хоцорсон унагыг эхийнх нь сааманд унтуулсан эх орон минь
Үзэсгэлэнт бүсгүйн энгэрийн алчуур хийсэх шиг эмзэгхэн шүү та
Үхэхэд минь газар шороондоо тэвэрч нойрсох ертөнц минь чи
Мөнхөд таныг хайрлана гэж би худлаа хэлж чадахгүй
Мөнхийн мөнхөд чамайг хайрлах бүхэн тасралтгүй төрнө гэдэгт харин
Үеийн үед итгэнэ ээ, эх орон минь
One reply on “Яруу найрагч С.Начин “Болор цом”-ын эзнээр тодорлоо DNN.mn”
гайхамшигтай