Төв Европын 14:25 цагт Германы канцлерийн байрны дэргэдэх зүлгэн дээр Холбооны цагдаагийн газрын цэнхэр нисдэг тэрэг газардав. Хэдхэн минутын дараа өөр нэг цэнхэр нисдэг тэрэг ирэв. Энэ бол төөрөлдүүлэх буюу урьдчилан сэргийлэх маневр байв. Учир нь арван минутын дараа гурав дахь нисдэг тэргээр Владимир Зеленский ирж газардсан юм.Украины ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-д ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Лондонд Их Британийн ерөнхий сайд, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргатай, Парист Францын ерөнхийлөгчтэй, Ромд Италийн Засгийн газрын тэргүүнтэй, Ватиканд Ромын Паптай уулзсаны дараа Берлинд ирж буй нь энэ юм.
Хэлэлцээр эхлэхийн өмнө Украины ерөнхийлөгч, Германы канцлер нар сэтгүүлчдэд товч мэдэгдэл хийлээ. Канцлер ОлафШольц Герман улс Украинд үзүүлж буй цэргийн тусламжаараа дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт, Европын орнуудаас нэгдүгээрт ордог гэдгийг онцлоод ХБНГУ-аас Украинд үзүүлэх тусламжийн шинэ багцаа зарлав. Тэрээр “Энэ оны эцэс гэхэд манай түншүүд болох Бельги, Дани, Норвеги улсуудын дэмжлэгтэйгээр бид Украинд 1.4 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэх болно. Үүнд “IRIS-T” болон “Skynex”, “Gepard” зенитийн өөрөө явагч, гинжит болон дугуйт их буу, байлдааны танк, хуягт машин, байлдааны дрон, радар, их бууны сум багтаж байна” гэж хэлсэн юм.Канцлер мөн Швейцарийн Бургенсток хотноо болсон уулзалтын дараа Украины мөргөлдөөнийг зохицуулах олон улсын энхийн бага хурлыг энэ удаад ОХУ-ын оролцоотой зохион байгуулах шаардлагатай байгааг дурджээ. Гэхдээ энх тайвныг тогтоох нь зөвхөн олон улсын эрх зүйн үндсэн дээр явагдах ёстой гээд “Бид Оросын хүсч буй энх тайвныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэв. Харин Украины ерөнхийлөгч Зеленский “Орос улс шударга дипломат аргаас зайлсхийж, НҮБ-ын дүрмээс зөрж дайныг зогсоохыг оролдож байна. Иймээс Украин Оросын дайныг 2025 он гэхэд дуусгах, ирээдүйд ийм түрэмгийлэл давтахаас сэргийлэх Энхийн төлөвлөгөөгөө канцлерт танилцуулна” гэж мэдэгдэв.
Украины ерөнхийлөгчийн барууны голлох улсуудад хийсэн энэхүү айлчлалын үеэр Кремль ихээхэн мөнгө төлж барууны зарим хэвлэлүүдэд “Украин Оросын эзэлсэн нутгаар хиллэн энх тайван тогтоох гэж байна” гэх мэдээлэл нийтлүүлж байгаа билээ. Тухайлбал, энэ айлчлалын үеэр Германы “Bild” сонин, “Der Spiegel” сэтгүүл болон Италийн“Corriere della Sera” сонин “Зеленский Европт хийсэн айлчлалынхаа үеэр АНУ Украинд аюулгүй байдлын баталгаа өгсөн тохиолдолд өнөөдрийн фронтын шугамын дагуу эвлэрэл байгуулахад бэлэн гэдгээ анх удаа тодорхой ойлгуулсан байна. Үүний хариуд Украиныг Япон, Өмнөд Солонгос, Филиппин зэрэг улсуудын жишигт аваачиж, Европын Холбоонд элсүүлэх үйл явцыг хурдасгаж, тус улсын эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийг мэдэгдэхүйц сайжруулна гэж найдаж байна.
Энэ нь Киев Путинтэй хэлэлцээ хийхээс өмнө Украины нутаг дэвсгэрийг бүрэн чөлөөлнө гэсэн зорилгодоо баяртай гэж хэлж байна гэсэн үг” гэж бичсэн байна. Харин Украины ерөнхийлөгч, Германы канцлер нар “НҮБ-ийн дүрэм, олон улсын дэг журмын дагуу энх тайван тогтооно” гэж буй нь үнэндээ Оросын цэргийг Украины нутгаас бүрэн гаргана гэсэн үг билээ. Тухайлбал, энэхүү хэлэлцээний үеэр Бундестаг дахь Гадаад бодлогын шинжээч, чөлөөнд гарсан хурандаа Родеррих Кизэветтер Германы телевизийн нэгдүгээр сувагARD-д өгсөн ярилцлагадаа “Зеленскийн төлөвлөгөө нь бидний ихэнхийн ойлгож байгаа шиг ялалтын тухай яриа биш юм. Харин Украин улс газар нутгаа буцааж авах хэтийн төлөв бий болгох тухай баримт бичиг. Иймээс энэ бол шийдвэрлэх мөч мөн. Үүний тулд, юуны өмнө Орос цэргийн хангамжийн сүлжээг устгах шаардлагатай байна. Манай канцлер энэ асуудалд Европын бусад улсуудын удирдагчдаас ялгаатай хандаж байна. Тэр үүнийг эсэргүүцэж, үр дүнд нь Германыг эдгээр улсаас тусгаарлаж байна” гэж тайлбарлажээ. Үнэхээр ч Их Британийн Засгийн газрын эх сурвалжаас эш татан “The Guardian” сонин “Лондон Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхдөө “Storm Shadow” далавчит пуужин ашиглахыг Украинд зөвшөөрөх шийдвэр гаргасан байна. Ийм пуужингуудыг Их Британиас гадна Франц Украинд нийлүүлдэг бөгөөд энэ нь Оросын нутаг дэвсгэрт байгаа цэргийн объектуудад цохилт өгөх боломж бий болсон гэсэн үг” гэж мэдээлээд байгаа билээ. Гэхдээ эдгээр асуудлууд Владимир Зеленскийн ойрын өдрүүдэд танилцуулах түүний “ялалтын төлөвлөгөө”-ний дараа л бүрэн тодорхой болно. Тухайлбал, Европын Холбооны Гадаад харилцааны дээд төлөөлөгч Жозеп Боррел “Энэ сарын 17-18-ны өдрүүдэд Европын зөвлөлийн төр, засгийн тэргүүн нарын түвшний хуралдаанд Украины ерөнхийлөгч Зеленский “ялалтын төлөвлөгөө”-өө танилцуулна” гэсэн бол Ерөнхийлөгчийн ажлын албаны зөвлөх Сергей Лещенко “Энэ сарын 16-нд ерөнхийлөгч Украины Дээд Радад”ялалтын төлөвлөгөө”-өө танилцуулна” гэж мэдээлэв.
Мөн АНУ-ын ерөнхийлөгч энэ сарын 18-нд ирж Германы Рамштайн цэргийн баазад болох барууны улсуудын дээд хэмжээний уулзалтыг тэргүүлнэ. Гэхдээ Владимир Зеленскийд барууны улсуудаас өгөх дайсных нь нутгийн гүнд цохилт өгөх зэвсгээс гадна Оросын инфляци гэх өөр нэг маш хүчтэй, үнэнч холбоотон бий болоод байгаа билээ. Төв банк нь сүүлийн 12 сарын Оросын инфляцийг 8.52 хувь байна гэж зарласан.Харин мэргэжлийн эдийн засагчид сүүлийн 12 сарын Оросын бодит инфляци 17-17.5 хувь болсон гэжээ. Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын дүү, эдийн засагч Дмитрий Белоусовын удирддаг ОХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн урьдчилсан таамаглалын үндэсний хүрээлэн энэ хугацаанд Оросын иргэдийн өргөн хэрэглээний барааны үнийн инфляци 22 хувь хүрсэн гэж дүгнэжээ. Энэ нь инфляци Кремлийн дэглэмд Украин цэргүүдээс илүү хохирол учруулж эхэлсэн гэсэн үг юм. Учир нь рубль “цаас” болох аваас буутай цэргүүд нь 1916 он шиг фронтоо орхин нийслэлээ зорьж, Орос улс дахин задрахаас өөр аргагүй болно
One reply on “Владимир Зеленскийн гадаад айлчлал өндөрлөв DNN.mn”
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.