Төв аймгийн Борнуур суманд газар тариалангийн ажил эрхэлж буй Улсын аварга тариаланч Нямжавын Хишигтийнд өнжлөө. Бидний очих аварга тариаланчийнх сумын төвийнхөө баруун урд байрлах цэлгэр том модон хашаанд амьдардаг аж. Яваад очтол хашаан доторх зоориноос хэсэг залуус шуудайтай төмс зөөж, портер машин дээр ачиж байв. Тэр хүмүүсээс “аварга тариаланч Хишигтийнх мөн үү” хэмээн асуутал хувцас хунар нь шороо тоос болсон залуу “аав зооринд байгаа. Би дуудаж өгье” гэсээр зоорь руу орлоо. Төд удалгүй гэрийн эзэн хоёр бээлийгээрээ өмд, цамцаа гөвсөөр гарч ирэв. Ийнхүү учир явдлаа тайлбарлаж, танилцаж зогстол аваргын гэргий нь гэртээ орохыг урьсан юм.Улаан тоосгон байшингийн үүдээр нь ортол нэгэн эмэгтэй гал зуухны өрөөнд аяга таваг угаах зуураа мэнд мэдэж, зочны өрөөгөө заалаа. Аварга маань гэрийнхээ хойморт тахиа жилийн босгон дээр Ерөнхий сайдаас гардан авсан “Улсын аварга тариаланч” хэмээх хүндэд өргөмжлөл, тавын бидон шиг хэлбэртэй зэсэн сав, шаргал арвайн түрүү хэлбэрт цомоо хүндэтгэлтэйгээр залжээ. Харин хажуугаар нь газар дэлхий, үр тариагаа бэлгэшээж тавьсан улаанбуудай, овьёос, хөх тариа зэргийг тусгайлан чимэглэсэн ваар дотор хийж тавьсан байна. Ийн гэр доторх байдлыг сонирхон харж, цай ууж суух зуур гэрийн эзэн, гэргий хоёр орж ирээд “За бид хоёр гялс ажлын хувцсаа сольчихоод ирье” гэсээр жижиг өрөө рүүгээ орлоо. Төд удалгүй монгол дээл өмсөж, энгэртээ одон медалиа гялалзуулан гарч ирээд “Өнөөдөр манай хүүхдүүд хотоос ирээд, бид хоёрын ажлыг ёстой л нэг хүний хүчээр нугалж байна. Хөөрхий хүүхдүүд минь их туслах юм даа” гэсээр бидний яриа эхэллээ. Н.Хишигт ах өдгөө жар хүрч яваа, энэ нутагт насаараа газар, тариалангийн ажил эрхэлж, үр шимийг нь хүртэж, зургаан хүүхдээ дээд боловсролтой болгож, амьдралын захад хүргэсэн гэнэ. 1959 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн тэрбээр мал маллаж, эцэг, эхдээ туслан хөдөөний бусад хүүхдийн адилаар өсөж хүмүүжсэн аж. Улмаар 1977 онд цэрэгт татагдаж, хотод Барилгын цэргийн 073 дугаар ангид гурван жил алба хаажээ. Энэ хугацаанд нутагтаа хоцорсон эцэг, эх нь хүүгээ бараадан Төв аймгийн Баянчандмань суманд ирж, суурьшсан гэнэ. 1980 онд цэргээс халагдаж ирээд Баянчандмань суманд ойр зуурын ажил хийж байгаад гэр бүлээрээ Борнуур суманд шилжин ирж, Борнуурын сангийн аж ахуйд уурын зуухны галч, сантехникийн ажил хийж эхэлснээр ажил амьдралынхаа гарааг эхэлсэн түүхтэй гэнэ. Ийн ажиллаж байхдаа хань Х.Пүрэвсүрэнтэйгээ танилцаж, 1982 онд гэр бүл болцгоосон аж. Аваргын гэргий нь 1960 онд Улаанбаатарт төрсөн хэдий ч Борнуур суманд аав, ээжийнхээ дэргэд мал маллан өсчээ. Улмаар Борнуурын найман жилийн дунд сургуулийг төгсөж, сангийн аж ахуйн зочид буудалд тогооч хийдэг байж. Зах зээлийн нийгэмд шилжих үед ажиллаж байсан газрууд нь хувьд шилжин хаалгаа барьснаар хийх ажилгүй болж, бусдыг даган нөхөртэйгөө хамт ногоо тарьж, газар тариалангийн ажил эрхлэх болжээ. Анх ногоо тарьж байхад хүндрэл бэрхшээл их гардаг байсан ч гэсэн одоо бодоход тэр бүх зүйл болох ёстой амьдралын энгийн л шалгуур мэт санагддаг гэсээр ярьж суусан аваргын эхнэр “Алив цаагуур чинь хэн байна. Энэ хүмүүст хоол, цай хийж өгье” гэсээр галын өрөө рүүгээ орлоо.
БИД НУТГИЙНХАА АЖИЛГҮЙ ЗАЛУУЧУУДЫГ ЦУГЛУУЛЖ ХӨЛСӨӨР АЖИЛЛУУЛДАГ
Н.Хишигт гуай “Борнуур, Бороогийн голын сав уудам хөндий нь үржил шимтэй хөрстэйгөөс гадна усалгаат тариалан эрхлэхэд нэн тохиромжтой нутаг шүү дээ. Борхужирын голын баруунд Дал, Зур хэмээх хоёр томхон ам, зүүнээс цутгах Бөөрөлжүүтийн голын амны адгаар дээр үеэс хятад, орос иргэд суурьшин усалгаат талбайд ногоо тарьж ирсэн юм гэдэг. Манай сумын өмнөх бор толгойн урд Борнуур хэмээх жижиг нуур бий. Сая та хэд наашаа ирж байх замдаа харсан биз дээ. Бороо гол нь олон жил тариа ногоо тарьж, хүн ардаа хүнс тэжээлээр хангаж ирсэн үржил шимт хөрстэй хөндийгөөр хойт мөсөн далайг зүглэн урсдаг гол юм. “Ус мөрөн олон чиг Сэлэнгийг минь яаж гүйцэхэв” гээд дуу байдаг шиг Бороо голыг минь яаж гүйцэхэв дээ” гэсээр суугуул нутгийнхаа сайхныг бахархалтайгаар өгүүлэв. Ногооны талбай нь сумын төвөөсөө зүүн хойш 10 гаруй километр зайд хоёр голын бэлчирт байрлах 10 га газар байдаг гэнэ. Тэр талбайдаа төмс, хүнсний ногоо тарьдаг аж. Биднийг яг очих үеэр өнгөрсөн намрын төмсөө таваарт гаргаж, заримыг нь үр болгон ашиглахаар ногооны талбай руугаа зөөж байсан гэдгээ хэллээ. Анх ногоо тарьж, намар ургацаа хурааж аваад заримыг нь хүнсэндээ хэрэглэж илүү гарсныг нь хот руу орж, Хархорин зах дээр худалдаалдаг байсан тухайгаа ярив. Харин одоо хурааж авсан төмс, хүнсний ногоогоо шуудайг нь 12 мянган төгрөгөөр бодож ногооны ченжүүдэд арилжаалдаг болсон гэнэ. Н.Хишигт гуайтай ийн ярьж байх үеэр түүний гэргий Х.Пүрэвсүрэн хоол унд барьсаар орж ирээд “За хүүхдүүд минь сайхан хоол идэцгээ. Эгч нь гадаа байгаа ажилчдынхаа хоол цайг нь хийгээдэхье” гэсээр гарлаа. Тэднийх хаврын тариалалт, намрын ургац хураалтынхаа үеэр нутгийнхаа ажилгүй залуусыг цуглуулж, хөлсөөр ажиллуулдаг аж. Энэ тухайгаа аварга “Залуудаа бүх зүйлээ өөрөө л хийдэг байлаа. Одоо ч ногооны ажлаа хүчрэхээ байх нь ээ. Ямар сайндаа нутгийнхаа хэдэн дүү нарыг гуйж ажиллуулдаг болсон. Борнуурчууд их ажилсаг хүмүүс. Намар ид ургац хураалтын үеэр сумын төвд нэг ч хүн байдаггүй. Бүгд л ногооны талбай дээр ажиллаж байдаг нь сайхан. Манай ногооны талбайн буланд жижигхэн амбаар бий. Хавар үр тариагаа суулгачихаад намар болтол тэндээ амьдарна шүү дээ. Манайх бас хэдэн үхэртэй. Төмс, хүнсний ногоо тарихаас гадна бага зэрэг улаанбуудай тарьдаг юм. Тэрийгээ намар нь хадаж аваад үхэртээ өгдөг” гэв. Ийн ярьж дуусаад шүүгээнээс нэг бор дэвтэр гаргаж ирлээ.
НОГООНЫ ЧЕНЖҮҮД ҮНЭХЭЭР БАШИР АРГАТАЙ ХҮМҮҮС
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт манай суманд яамны хүмүүс ирж нийт тариаланчтай уулзсан юм. Тэр талаар би энэ дэвтэр дээрээ тэмдэглэчихсэн байгаа. Тэр хүмүүсийн хэлснээр энэ онд улсын хэмжээнд 381.6 мянган га талбайд үр тариа тарина гэсэн. Мөн тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30-40 хувийн, шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэнэ гэдгээ ч хэлсэн. Бид тэр шатахууны хөнгөлөлт гэдгийг нь хүлээж л сууна. Бас төр засгаас энэ олон тариаланч, ногоочдоо анхаарах хэрэгтэй. Бид бүхний нөр их хөдөлмөр хэдэн ченжийн гарт үгүй болж байна. Учир нь намар ургацаа аваад хэн хүнгүй л хот суурин газар зорьж шинэ ногоогоо борлуулахыг боддог. Харин үүнийг нь тэр ченжүүд нь андахгүй мэднэ. Ингээд бидний хагас жил орчим ногооны талбай дээр ажилласан нөр их хөдөлмөрийг тэр улсууд үнэлдэггүй, ашгаа л боддог, үнэхээр башир аргатай хүмүүс. Энэ бүхнийг төр засаг анхаарч, хувийн тариаланч ард иргэдийнхээ хөдөлмөрийг үнэлэх асуудал дээр бодлоготой ажил явуулах шаардлагатай байна. Бид чинь 40 килограмм шуудай төмсөө ердөө 10 мянгаар л өгч байна шүү дээ. Тэгэхээр нэг килограммыг нь 250 төгрөгөөр бодож өгч байгаа нь арай л хямд биш гэж үү. Сүүлийн жилүүдэд л ийм болчихоод байгаа юм. Үүнийг цаашид анхаарч тэр олон ногооны ченжийг зохицуулах хэрэгтэй” гэлээ.
БАЙГАЛЬ ЦАГ УУРААС ШАЛТГААЛЖ, УРГАЦ ХУРААЛТ МУУДАЖ БАЙНА
Улсын аварга тариаланчийнх хашаан дотроо 40 тоннын зоорьтой, мөн энэ хэмжээний нүхэн зоорь ч бий гэнэ. Ингээд тэр бүгдийгээ үзүүлэхээр биднийг авч гарлаа. Хашаан дотор нь “пад пад” трактор, ачааны портер машин, малын саравч байх юм. Саравчинд нь төрөөд сар гаруйхан болж буй хоёр хөөрхөн тугал хэвтэж харагдана. Ногоочдын ганц бэрхшээл нь цаг уурын өөрчлөлт гэнэ. Энэ тухайгаа “Сүүлийн жилүүдэд байгаль цаг уураас шалтгаалж, ургац хураалт муудаж байна. Гэхдээ манай ногооны талбай харьцангуй гайгүй байгаа. Учир нь хоёр талаараа жижигхэн гол урсдаг юм. Ерөнхийдөө байнгын усалгаатай гэсэн үг. Талбайгаа 14 хоногт нэг удаа усалдаг. Харин бусад ногоочдын талбай услалт муу, дээр нь бороо хур төдийлөн орохоо больсон болохоор хүндхэн л байх шиг байна. Манайх энэ жил долоон га газарт Герман улсын “Гала” сортын төмс, лууван, сонгино, манжин зэрэг хүнсний ногоо тарихаар ажиллаж байна. Ер нь энэ цаг уурын өөрчлөлт нь байгальдаа ээлгүй хандсан буруу санаатай хэдхэн хүний хор нөлөө юм уу даа” гэв. Мөн Борнуураа нутгийн иргэд нь хайрлаж, хамгаалж, засаж тордвол тариаланч, ногоочид алзахгүй гэдгээ ч хэлсэн юм. Ер нь хаврын үр тариалалтын ажлыг тавдугаар сарын 10-аас өмнө хийж дуусгасан байх шаардлагатай аж. Харин наадам өнгөрөөгөөд зэрлэг ургамал, хортон шавьж устгах зэрэг ажлуудыг хийхгүй бол болдоггүй гэнэ. Энэ жил Н.Хишигт гуай 10 га талбайдаа төмс, лууван, манжин зэрэг хүнсний ногоо тариалахаар болжээ. Ингэхдээ хамгийн чухал нь үр байдаг гэв. Үрэндээ л сайн анхаарвал намар ургац хураалт алддаггүй гэдгээ дуулгав.
НОГООЧДЫН АШИГ ОРЛОГО ЖИЛ ЖИЛД АДИЛГҮЙ БАЙДАГ
Н.Хишигт гуайнх жил бүр ногооны талбайгаа сэлгэж тариалалтаа хийдэг юм байна. Өнгөрсөн жил 10 га талбайнхаа зургаан га-д нь төмс, лууван, сонгино тарьсан гэнэ. Харин үлдсэн дөрвөн га талбайг амраах буюу дараа жилийн тариалалтаа хийхэд бэлтгэдэг байна. Ингэж ногооныхоо талбайг сэлгэж тариалалтаа хийснээр ургацын чанар, хөрсний шимтэй байдал хэвээр хадгалагддаг туршлагаасаа хуваалцсан юм. Ерөнхийдөө олон жилийн дунджаар авч үзвэл эднийх жил бүр 6-7 га газарт тариалалт хийдэг байна. Үүнээс дөрвөн га газарт төмс тарьж, намар нь 70 гаруй тонн төмс хурааж авдаг гэнэ. Хурааж авсан төмсөө таваарт гаргах, буцаан үр болгох, заримыг нь малд өгөх гэхчилэнгээр ялгаж авснаар 40 гаруй тонн төмсийг жил бүр зах зээлд нийлүүлдэг ажээ. Мөн бусад 20 гаруй тонн хүнсний ногоог хамтад нь борлуулдаг байна. Энэ тухайгаа аваргын гэргий Х.Пүрэвсүрэн “Өнгөрсөн жил нийт 60 гаруй тонн хүнсний ногоо хураан авч шуудайг нь 10-15 мянган төгрөгөөр борлуулсан. Ер нь жил жилд ногоочдын ашиг орлого адилгүй байдаг. Тухайн жил ногооны үнэ ямар байна, ченжүүд хэрхэн дуугарахаас л бидний ашиг орлого шалтгаална. Гэхдээ өдий олон жил газар дэлхийнхээ шимийг хүртэж яваа учраас ашиггүй ч гэх үү, алдагдалтай ажилласан тохиолдол байхгүй. Ер нь ногоочин хүнд дутагдах зүйл бага шүү” гэсэн юм. Мөн хөдөө аж ахуй, газар тарилан эрхлэгчдийн байгууллагаас ямар нэгэн зээл тусламж хүсч байгаагүй. Ер нь тэдгээр байгууллага төмс, хүнсний ногоо эрхлэгчдийг төдийлөн дэмжээд байдаггүй гэдгээ ч хэллээ. 1990 оноос хойш өдгөө 30 шахам жил төмс, хүнсний ногоо тарихдаа ургац алдсан тохиолдол гарч байгаагүй. Энэ нь цэвэр хөдөлмөр зүтгэлийн үр дүн гэдгээрээ улсын аварга тариланч бахархаж байсан юм.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН