Удахгүй Цагаан ордны тэргүүн болох Дональд Трамп Флоридагаас Төлөөлөгчдийн танхимд гишүүнээр сонгогдсон, 50 настай Майкл Вальцыг өөрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллуулна гэж мэдэгдэв.
Вальц нь Афганистаны дайны ахмад дайчин бөгөөд Трампыг удаан хугацаанд дэмжиж ирсэн нэгэн юм. Тэрээр “АНУ Украинд туслах ёстой, гэхдээ Киевт хуваарилсан Америкийн татвар төлөгчдийн мөнгөнд тавих хяналтыг чангатгах хэрэгтэй” гэж үздэг. Хамгийн гол нь Вальц Хятадын бодлогыг шүүмжлэгч гэдгээрээ алдартай. Иймээс тэрээр Хятадын газрын ховор металлаас Америкийн хараат байдлыг бууруулахад чиглэсэн хууль тогтоомжийг санаачилсан нэгэн билээ.Үндэсний аюулгүй байдлын зөвлөх АНУ-ын түүхэнд маш хүчтэй нөлөө үзүүлсэн албан тушаалын нэг бөгөөд энэ нь бас Сенатаар батлах шаардлагагүй цөөхөн албан тушаалын нэг юм. Вальц өнгөрсөн долоо хоногт Конгресст дахин сонгогдсон бөгөөд Цагаан ордонд ажиллахын тулд албан тушаалаа орхих шаардлагатай болж байна.
Майкл Вальцын Украины дайны талаарх үзэл нь цаг хугацааны явцад өөрчлөгдөж ирсэн байдаг. Тэрээр Орос 2022 онд Украинд цэргийн хүчээр дайран орсны дараа Оросын түрэмгийллийг таслан зогсоохын тулд Киевт аль болох их хэмжээний зэвсэг өгөхийг Байдены засаг захиргаанд уриалж байсан бол өнгөрсөн долоо хоногт Fox News сувагт “Байденыг Киевт зэвсэг хязгааргүй нийлүүлж байна” гэж шүүмжилж, Украины дайныг ямар нэгэн байдлаар зогсоох ёстой гэдгийг Трамп тодорхой хэлсэн гэдгийг онцолж байв. Мөн өнгөрсөн 10 дугаар сард болсон намын арга хэмжээний үеэр тэрээр “Бүгд найрамдахчууд сонгуульд ялбал Украины хувь заяанд АНУ-ын үүрэг оролцоог дахин үнэлэх шаардлагатай” гэж мэдэгдээд “Энэ тусламж АНУ-ын ашиг сонирхолд хэр нийцэж байгааг шинжлэн судлах шаардлагатай. Учир нь бид цаг хугацаа, мөнгө, нөөцөө Номхон далайн бүс нутагт (Хятадын эсрэг) зарцуулах шаардлагатай” гэж хэлж байв. Вальц Трампын НАТО-гийн холбоотнуудад батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийг уриалж байгааг дэмждэг бөгөөд АНУ-ыг НАТО-оос гаргах асуудлыг огт авч үзэх боломжгүй, бид зөрчилдөөнтэй байсан ч холбоотнуудтайгаа найз хэвээр үлдэх ёстой гэж үздэг нэгэн юм.
Энэ томилгоо Орос гэхээсээ Путины хувьд маш муу мэдээ. Учир нь Туркийн нийслэлд, Саудын Арабын элчин сайдын яамны байранд амь үрэгдсэн сэтгүүлчийн асуудлаас үүдэн Жо Байдены засаг захиргаа Саудын Арабын угсаа залгамжлагч хун тайжийн харьцаа эрс муудсан. Харин Дональд Трамп бол түүнтэй уламжлалт, маш дотно харьцаатай. Мөн түүний Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр Майкл Вальц ажиллахаар болж байна. Энэ нь АНУ, Саудын Араб тохиролцож баррель нефтийн үнийг хурдан хугацаанд буулгаж, Кремлийг дайн хийх мөнгөгүй болгох магадлал өндөр болно гэсэн үг. Тэгдэггүй юм гэхэд АНУ-ын Хятадын эсрэг явуулах бодлого Оросын түүхий эдийн хэрэгцээг эрс багасгаж бас л Кремль дайн хийх мөнгөгүй болно. Аль ч тохиолдолд тойрон хүрээлэгчид нь Путиныг устгана. Гэтэл Майкл Вальц АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллах гэж байгаа нь энэ хоёр арга хэмжээ нэгэн зэрэг явагдах магадлалыг маш өндөр болгож байна.
АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайдаар АНУ-ын армийн ахмад дайчин, “Fox News” сувгийн хөтлөгч Пит Хэгсет томилогдох болсон бол ТТГ-ыг Үндэсний тагнуулын хэлтсийн захирал асан Жон Рэтклифф толгойлох болов.Мөн тэрбумтан Илон Маск болон Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Вивек Рамасвами нар АНУ-ын засгийн газрын үр ашгийн алба (DOGE)-ыг хамтран удирдаж төсвийн зардлыг хэмнэж, хүнд сурталтай тэмцэхээр болжээ.
Бэлтгэсэн: Г.АМАРСАНАА