-Даншиг наадамд зодоглоно. Ер нь барилдаан алгасалгүй барилдъя гэсэн бодолтой байна –
Хантайшир уулын аймаг буюу Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн бөхийн барилдааны үеэр Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын заан Д.Анартай манай сэтгүүлч цөөн хором ярилцжээ.
-Говь-Алтай нутгийн 100 жилийн ойд зодоглож их шөвгийн дөрөвт шалгарлаа. Таныг түрүү, үзүүрт үлдэх болов уу гэж олон хүн харж байсан?
-Говь-Алтай аймгийн 100 жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Даян аварга Н.Батсуурь тэргүүтэй алдар цолтой бөхчүүд зорьж ирж зодоглож олон түмнээ баярлуулсан нь энэ наадмын онцлог боллоо. Үзэгчид, наадамчин олон ч сэтгэл дүүрэн баяртай сайхан байна. Миний хувьд сайхан барилдлаа. Улсын начин Б.Лхагвадоржоор дөрөв, аймгийн харцага Б.Өлзийсайханаар тав давж шөвгийн дөрөвт улсын Б.Бат-Өлзийтэй тунаж барилдаад уналаа.
-Б.Бат-Өлзий заантай та өмнө нь олон тунаж байсан?
-Тийм ээ, улсын наадамд хэд хэдэн удаа тунаж барилдсан. 2016 онд начин болох жилээ би Ш.Мөнгөнбаатар харцагатай тунаж барилдаад давсан. Ингээд харцага цолны цолтой Бат-Өлзий заантай тунаж барилдаад унасан. Харин би 2019 оны наадамд Бат-Өлзий заантай дахин тунаж барилдаад давж харцага цол хүртэж байсан.
-Энэ жилийн наадмын тавын даваанд Архангайн С.Сүхбатад өвдөг шороодсон. Та наадмаар санасан хэмжээндээ барилдаж чадсан уу?
-Энэ жил бэртэл гэмтэл гээд бэлтгэл сайн хийж чадаагүй. Тэгээд өнгөрөгч зургадугаар сараас наадмын бэлтгэлдээ гараад арай дээр болсон. Наадмаар тавын даваанд өвдөг шороодсон. Мэдээж санасан хэмжээндээ хүрч чадаагүй.
-Наадмаас хойш ямар ямар барилдаанд зодоглосон бэ?
-Наадмын дараа Хэнтий аймгийн 100 жилийн ойд очиж зодоглосон. Улсын начин Н.Мустафагаар тав давж зургаагийн даваанд Хэнтий аймгийн харьяат, Улсын харцага Г.Бадрахад тунаж барилдаад унасан. Мөн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойд очиж барилдаад түрүүлсэн.
-Одоо ямар наадамд зодоглох төлөвлөгөөтэй байна?
-Энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод Хүрээ цам Даншиг наадам болно гэж дуулдсан. Миний хувьд Даншиг наадамд зодоглох бодолтой байна. Ер нь барилдаан алгасалгүй барилдъя гэсэн бодолтой байгаа.