Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар хотод гамшгийн байдал үүсчихсэн юм биш үү?

Нийслэл Улаанбаатар хотод 1.5 сая хүн амьдардаг. Монгол Улсын нийт хүн амын тэн хагас нь төвлөрсөн их хотод тохиолдож буй явдлууд гамшиг болсныг зарлаад байгаа юм биш үү.

Ойрын өдрүүдэд хотод юу, юу л болж өнгөрөв дөө. Нийслэлчүүд тэр аяараа тоггүй боллоо. Энэ нь сүүлийн арван жилд тохиолдоогүй юм гэсэн. Цахилгаан станцад ноцтой гэмтэл гарч, Улаанбаатар төдийгүй Эрдэнэт, Дарханыг хамрав. Томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаа нам зогссон. Монголын эдийн засгийг тэжээж байгаа “Эрдэнэт” үйлдвэр 0 зогсолт хийсэн гэж байгаа. Лифтэнд хүн гацсан гээд тог тасарны улмаас учирсан хохирлын хэмжээг тоочоод байвал тоймгүй.

Хот нийтийн тээвэргүй болчихлоо. Гол, гол шугамд явдаг төрийн өмчит автобусны гурван компани ажил хаясан. Хамгийн орлого сайтай чиглэлд тээвэр хийдэг хэрнээ тэд цалингаа нэмүүлэхийг шаардаад байна.

Энэ үйл явдлыг Монголын үйлдвэрчний эвлэл зохион байгуулж, жолооч кондукторууд нь ажлаа хийхээс татгалзаад гэдийгээд суучихлаа. Бас орон сууцны халуун усыг гурван сарын хугацаатай тасалчих юм. Ингээд зуны аагим бүгчим өдрүүдэд нийслэлчүүд усанд орох аргагүй болж байна. Хувцас хунараа угаахдаа заавал усаа халааж, зардал нэмэгдэв.

Улаанбаатар хот унаагүй, усгүй, тоггүй боллоо. Энэ нь гамшгийн байдал биш гэж үү. 21 дүгээр зуунд манайх шиг ийм нийслэлтэй улс дэлхийд алга. Гадаадын орнуудад тог, цахилгааны асуудлаа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үздэгийг бид мэднэ.

Тиймээс тог тасрах ойлголт бол өдөр од гардаггүйтэй адил. Харин Улаанбаатар хотод тохиолдоод байгаа гамшигт Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхаарлаа хандуулж байна уу.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотод гамшгийн байдал үүсчихсэн юм биш үү” нийтлэл “Өдрийн сонин”-д гарлаа

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн уншигчдын хүртээл боллоо. Монголын улс төр, нийгмийн өнгө аясыг тодорхойлж байдаг нэрт нийтлэлч Баабарын ээлжит нийтлэл уламжлал ёсоор лхагва гаригийн дугаарт нийтлэгдлээ. “Мөнгөө буруу зарцуулснаас огт мөнгөгүй байсан нь дээр” нийтлэлд “…Гуйрамчин л мөнгө баялгийн үнэ цэнийг ойлгодоггүй, тиймдээ олсон дээр нь нэгмөсөн гудраад дуусдаг. Нэг үгэндээ баялаг бүтээдэггүй, маргаашаа боддоггүй, зөвхөн өнөөдрөөр амьдардаг…” гэжээ. Дэлгэрэнгүйг III, IV нүүрээс уншина уу.

Эх үрсийн баяраар хүүхдээ хаана, хэрхэн баярлуулах вэ. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн үнэ тариф, үйлчилгээний талаар өдрийн сурвалжлага бэлтгэлээ. Сурвалжлагыг I, XVIII нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар эдийн засгийн өнөөгийн байдал, Оюутолгой, Тавантолгойн талаар ярилаа. Тэрбээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ хийснийг дэмжиж байгаа аж. Үүнтэй адил Тавантолгойг ч хөдөлгөх ёстойг ярилаа. Улс төр нүүрэнд Ч.Хүрэлбаатар гишүүний ярилцлага нийтлэгдсэн юм. Мөн улс төр нүүрт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын тойм, байнгын хорооны хуралдааны мэдээлэл орлоо.

Өнгөрсөн сард Баянгол дүүргийн 16 дугаар байрны иргэдийг нүүлгэн зочид буудалд байрлуулсан билээ. Нийслэлийн онцгой комисс хуралдаж ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг 16 дугаар байрны дэрдэд “Би Жи Би Жи” компани барилгын нүх ухаснаас болсон гэж тайлбарласан. Нүх ухсанаар 16 байранд хазайлт үүссэн гэж Нийслэлийн онцгой комисс үзээд яаралтай шийдвэр гаргасан билээ. Гэтэл Улсын мэргэжлийн хяналтын газар 16 байрыг хазайгаагүй, аюулгүй гэдэг дүгнэлт гаргасан. Болж өнгөрсөн үйл явдлын хариуцлагыг хэн хүлээх вэ, буруутаад байсан компани ажлаа эхлэх үү. Энэ талаар “Би Жи Би Жи” компанийн менежер У.Ганбаттай ярилцлаа. Тэрбээр энэ бүх үйл явдлын эхлэлийг Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо тавьсан учраас хариуцлагаа хүлээх ёстой гэж ярьсан юм. Ярилцлагыг VII нүүрээс уншина уу.

Дэлхийн мэдээ нүүрт “Хилларитай гурван удаа уулзсан минь” орчуулгын материал нийтлэгдлээ. Францын нэрт сэтгүүлч, философч Бернард-Анригийн бичсэн нийтлэл есдүгээр нүүрт бий.

Наймдугаар нүүр буюу Кино ертөнц буланд “Грэйн амьдралын тавин сүүдэр” киног онцоллоо. Хоёрдугаар сард нээлтээ хийсэн уг киноны талаар өнөөдрийн дугаараас уншина уу.

XIII нүүрт Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, академич Ж.Болбаатарын Өндөр гэгээний тухай ярьсан ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр Өндөр гэгээн Монголд байтугай дэлхийд ховор үзэгдэл гэж ярилаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *