УИХ-ын гишүүний тангаргийг сануулъя. “Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргийг чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэжээ. Л.Энх-Амгалан гишүүн энэ тангаргийг өргөсөн. Гэтэл тэрбээр ард түмнийхээ ашиг сонирхлын эсрэг дуугарч эхэллээ. Ард түмнээ хөрөнгө чинээгээр нь ил тод ялгаварлан гадуурхаж эхэллээ. УИХ-ын чуулган дээр Л.Энх-Амгалан гишүүн “…Одоо байгаа 17 их наяд төгрөгийн хадгаламжийг 10 мянга орчим хүн эзэмшиж байна. Хадгаламжийн хүү өндөр байгаагаас болж зээлийн хүү өндөр байдаг. Хадгаламжийн хүү өндөр байгаа нь их хадгаламжтай хүмүүсээс болж байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголд зээлтэй 2.7 сая хүний эрх ашгийг бодох уу, хадгаламжтай 10 мянган хүний эрх ашгийг бодох уу гэдэг асуудал” гэсэн.
Монголд хөдөлмөрлөж байгаа хэсэг нь л их бага хэмжээгээр хуримтлалтай болж байгааг Л.Энх-Амгалан гишүүн та ямар зорилгоор үгүйсгэж, хэнд таалагдах гэж, өргөсөн тангаргаасаа няцсан үг хэлэх болов. Яагаад хуримтлалтай болсон хэсгээ заналхийлж эхлэв. Таны өргөсөн Тангаргийн үгс дотор “ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ” гэсэн үг байгаа. Хадгаламж эзэмшигч иргэд тань ард түмэн биш юм уу. Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаа хэсгийнхээ хөрөнгийг нь хураая гэдэг чинь иргэдийнхээ ашиг сонирхлын эсрэг байгаа биш юм уу. Тангаргаасаа няцсан хэрэг бус уу.
Хадгаламж гэдэг бол нэг төрлийн хөрөнгө оруулалт. Дотоодын хөрөнгө оруулалт. Улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ гэсэн үг тангарагт чинь бий. Дотоодын хөрөнгө оруулалт бол улсын ашиг сонирхол биш үү. Улсынхаа хөрөнгө оруулагч хэсэгтэй тангараг өргөсөн гишүүн та ухаалаг харьцах ёстой. Зээлийн хүүг багасгая гэсэн нэрийн дор хадгаламж эзэмшигч иргэддээ дайн зарлавал эргээд энэ эдийн засагт чинь ямар аймаар цохилт ирэхийг сайн бод. Хүү өндөр байхыг банкууд ч дэмждэггүй юм. Зээлийн хүү өндөр байвал зээлийн эрсдэл нэмэгддэг гэж. Банкууд болон иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан тохиролцож хадгаламж, зээлийн хүүг тодруулдаг. Л.Энх-Амгалан нарын төрийн төлөөллүүд бизнесийн энэ харилцаанд хөндлөнгөөс, хүчээр, муйхар аргаар оролцож, хүүг бууруулж болохгүй гэж эдийн засагчид ярьж байгаа шүү.
Зээлийн хүүг хүчээр барина гэдэг нь мөнгөн хөрөнгөд төрөөс үнэ тогтооно гэсэн үг. Тойруу замаар хадгаламжийн мөнгөнд үнэ тогтооход хүргэнэ. Зээлийн эх үүсвэр буюу түүхий эд нь хадгаламж. Хадгаламжийн мөнгө бол таны хувийн өмч. Хувийн өмчид төр үнэ тогтоох болж байна. Зөвхөн чинээлэг хэсэг бус нэг сая орчим хүүхэд, тэтгэврийн насныхан хадгаламжтай байгааг мартаж болохгүй. Тэгэхээр төрөөс эдгээр хадгаламжтай иргэдийнхээ хөрөнгөнд халдах нь. Бодит байдлаас бага хүүтэй хадгаламжинд хүмүүс мөнгөө хийхгүй. Хадгаламж буурвал зээл олгох мөнгө багасна. Ингээд үнэ тогтоовол зээлийн олдоц улам хумигдана. Барьцаа баталгаа муутай бичил, жижиг бизнес эрхлэгчид, өрхүүдэд олгох зээл буурна. Тун товчлоход ийм л юм болно.
Япон, Америк шиг өндөр хөгжилтэй, инфляцийн түвшин нь нам дор орнуудтай өөрсдийгөө жишиж тэнэглэхээ Л.Энх-Амгалан гишүүн та боль. Манайхтай ойролцоо түвшний орнууд хүүгээ хүчээр тогтоолоо гээд гайхалтай хөгжөөгүйг санах хэрэгтэй. Зээлийн олдоц нь муудсан 75 улс орны судалгааг Дэлхийн банкнаас гаргасан байна лээ. Тэдгээр улсуудад юу болсон гэхээр банкны салбарт хуримтлагдсан хадгаламжийн үлэмж хэсэг банкнаас гадагшилсан. Татаж авсан мөнгөөрөө валют худалдаж авснаар төгрөгийн ханш нь эрс суларсан байдаг. Мөн нэг хэсэг нь орон сууц, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан. Ингээд үнийн хөөсрөл явагдаж сүйд болсныг бид олон орны жишээнээс мэднэ. Нөгөө талаас нь харвал банкнаас татсан хадгаламжийн мөнгөө өөр хоорондоо өндөр хүүтэй зээлдүүлж эхлэх эрсдэлтэй. Ингэснээр сүүдрийн эдийн засаг томорч, иргэдийн хадгаламж болон банкуудаас авч буй татварын орлого буурах аюултай.
Эдийн засаг талаас нь энэ мэт ганц нэг өгүүлбэр хэлэх нь зөв байх. Одоо хамгийн гол хууль эрх зүйн талаасаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хийх нь. Тухайлбал, Үндсэн хуулийн 14-ийн 2 хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтыг зөрчжээ. Хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж буй үйлдэл бус уу. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дугаар хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно…” гэжээ. Тэгвэл хадгаламж нь хүний хувийн мөнгөн хөрөнгө. Түүнд халдах гэж буй үйлдэл бус юм уу.
Эцэст нь хэлэхэд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн зүгээс Үндсэн хуульд байгаа тодорхой заалт буюу хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхах, мөн … Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно… гэхчлэн заалтуудыг зөрчсөн үйлдэл хийх нь. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцэд хандах иргэд олноор гарч ирэх биз. Л.Энх-Амгалан гишүүн ид бяртай дээрээ явж байгаа байж болно. Тэгэхдээ өргөсөн тангаргаасаа няцтал, Үндсэн хуулиа зөрчтөл бяраа харуулж болохгүй. Ийм дээрээ хүрвэл та хэн ч биш. Их хурлын гишүүн бол иргэдийн элч төлөөлөгч. Хадгаламж бол иргэн хүний хувийн өмч. Хувийн өмчөөрөө оролдох гээд байгаа хэнтэй ч хөдөлмөрч хүмүүс ясаа цайтал үзэлцдэг нь хаа газрын ёс. Та үүнийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ямартай ч энэ удаагийн хэлсэн үгээрээ иргэдээ ялгаварлан гадуурхаж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Тангаргаасаа няцлаа. Одоо хууль зөрчих эсэхийг нь харж сууя даа.