Төв аймгийн Баянцагаан суманд жоншны баяжмалын үйлдвэр ашиглалтад оржээ.
Тодруулбал, “Монгол Чех металл” компанийн жоншны баяжмалын үйлдвэр есдүгээр сарын 30-нд ашиглалтад орсон байна. Улмаар 200 ажлын байр бий болгожээ. Уг үйлдвэр ашиглалтад орсноор тус аймгийн ДНБ-д боловсруулах салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлнэ хэмээн тооцоолж буй.
Үйлдвэрийг барихдаа баяжмал болон хаягдлыг усгүйжүүлэх дэвшилтэт техник технологи нэвтрүүлсэн байна. Улмаар усны эргэлтийг түргэсгэх ажээ. Ингэж эргүүлэн ашиглах усны хэмжээг нэмэгдүүлж, цэвэр усны хэрэглээг багасгах юм байна.
Түүнчлэн баяжуулах үйлдвэрт түгээмэл хэрэглэж ирсэн хаягдлын далангийн системийг өөрчилжээ. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорьсон бөгөөд үйлдвэрт хэрэглэсэн усныхаа 86 хувийг эргүүлэн ашиглахаараа онцлогтой аж.