Categories
мэдээ нийгэм

“Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах уралдааны ялагчид тодорлоо

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/338 дугаар захирамжийн дагуу иргэдийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх орчин нөхцөлийг бий болгох зорилгоор “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах үзэл баримтлал /концепц/, загвар зураг боловсруулах уралдаан зарласан. Уралдааныг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд, нийт 21 хоногийн хугацаанд зарласан бөгөөд уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуусын хамтарсан нийт найман баг бүтээлээ ирүүлсэн юм. Бүтээлүүдийг тавдугаар сарын 20-23-ныг дуустал Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудсанд байршуулж иргэд, олон нийтээс санал авлаа. Нийт 7500 иргэн санал өгч, өргөн цар хүрээг хамарсан уралдаан болж өндөрлөв. Олон нийтээс авсан саналын дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комисс уралдааны удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу бүтээлүүдийг дүгнэж, нэгдсэн үнэлгээг гаргаж уралдааны шилдгүүдийг тодрууллаа.

Уралдааны тэргүүн байранд шалгарсан “Riverside Paradise” баг, дэд байранд шалгарсан “Оюут ХХК” багийн шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн болон Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар гардуулж, нийслэл хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүссэн.

Дэд байрт шалгарсан “Оюут” ХХК-ийн архитектор С.Мөнхбаяр “Уралдааны хугацаа богино байсан учир бид гол санаагаа барьж, зураг төслөө хийсэн. Туул голыг хамгаалах, байгаль орчинд ээлтэй байхаар төлөвлөлөө. Бид 2700 орчим иргэний санал авсан” гэсэн бол тэргүүн байрт шалгарсан “Riverside Paradise” багийн архитектор О.Буянзаяа “Манай багийнхан хот байгуулалтын архитектор мэргэжлээр төгссөн. Уралдаанд оролцохдоо хэрэгжих боломжтой нөхцөл байдлыг харгалзаж, стандарт шаардлагуудын дагуу концепцоо гаргасан юм. Байгаль орчноо хамгаалах, эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг ашиглах, далангаа зүлэгжүүлсэн технологи зэрэг 3-4 шинэ шийдлүүд орууллаа. Мөн Туул голын урсцын судалгаа хийж, төсөлдөө тусгасан” гэв.

Тэргүүн байранд шалгарсан багийн гол үзэл санаа нь Туул голын эко системийг хамгаалах, байгалийн нөхөн сэргээлт хийж, байгалийн тогтцыг хадгалан, бүх насны болон зорилтот бүлгийн иргэдэд зориулсан олон нийтийн амралт, зугаалгын ая тухтай орчныг бүрдүүлж гадаргын усыг хуримтлуулан нуур, цөөрөм үүсгэн, гүний усны тэжээгдлийг нэмэгдүүлэхийг зорьжээ. Шилдгээр шалгарсан бүтээлийн концепц, үзэл санааны дагуу тохижилтын ажлын зураг, төсвийг хийх юм.

Тэргүүн байрт шалгарсан “Riverside Paradise” багийн бүтээл



Дэд байрт шалгарсан “Оюут” ХХК-ийн бүтээл


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах уралдааны бүтээлүүдэд санал авч байна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/338 дугаар захирамжийн дагуу иргэдийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх орчин, нөхцөлийг бий болгох зорилгоор “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах үзэл баримтлал /концепц/, загвар зураг боловсруулах уралдаан зарласан.

Тус уралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд үргэлжиллээ. Ийн уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуусын хамтарсан нийт найман баг бүтээлээ ирүүлээд байна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2021 оны тавдугаар сарын 23-ныг дуустал Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудсанд https://home.uda.ub.gov.mn/?p=9884 байршуулж, иргэд, олон нийтээс санал авч байна. Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж, удирдамжид заасан шалгуур, үзүүлэлтийн дагуу дүгнэж, нэгдсэн үнэлгээг гаргаснаар ялагчид тодрох юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 20 сая төгрөгийн шагналын санг баталсан бөгөөд шилдгийн шилдэг санаа буюу тэргүүн байр нэгийг шалгаруулж, 15 сая төгрөг, дэд байр нэгийг шалгаруулж таван сая төгрөгөөр урамшуулна. Шилдгээр шалгарсан бүтээлийн концепц, үзэл санааны дагуу тохижилтын ажлын зураг хийгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор байгуулах концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлалаа

Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 29-ний А/338 дугаар захирамжийн дагуу Туул голын эрэг дагуу дөрвөн байршилд иргэд, олон нийтийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх, талбайн төлөвлөлтийн шийдлийг олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор 20 сая төгрөгийн шагналын сантай концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлалаа. Уралдааныг дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд 21 хоногийн хугацаатай зарлаж байна.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутан, залуучууд оролцох боломжтой. Бүтээлийг тавдугаар сарын 20-ны 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, 13 давхар, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг тавдугаар сарын 20-23-ны өдрүүдэд Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn -д байршуулан, олон нийтийн саналыг цахимаар авах юм. Уралдааныг дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан үүрэг бүхий Комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *