Categories
гадаад мэдээ

Тусламжийн шинэ багцуудыг зарлав DNN.mn

Киевт хүрэлцэн ирсэн Пентагоны тэргүүн Ллойд Остин ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж “Ерөнхийлөгч Жо Байдены санаачилгаар АНУ Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлсээр байна. Өнөөдөр би ерөнхийлөгчийн 400 сая ам.долларын тусламжийн багцыг Украинд өгч байгаа тухай зарлахыг хүсч байна” гэж хэлжээ. Харин Пентагоны албан мэдээнд “Ерөнхийлөгч Зеленский, Байден нар өмнө нь гарын үсэг зурсан хоёр талын аюулгүй байдлын гэрээний дагуу АНУ Украинд тусламж үзүүлсээр байна” гэж тайлбарлаад уг тусламжид HIMARS пуужингийн системд зориулсан сум, 155 мм ба 105 мм-ийн их бууны сум, түүнчлэн 60 мм, 81 мм, 120 мм-ийн минометийн систем, тэдгээрт зориулсан сумнууд, TOW танк эсэргүүцэх пуужин, танк эсэргүүцэх Jav­elin, AT-4 систем, M113 хуягт тээвэрлэгч, хиймэл дагуулын холбоо, бага оврын зэвсэг, сум, гранат, сургалтын тоног төхөөрөмж, бэхлэлт нураах төхөөрөмж, сум хэрэгсэл, үндэсний хэмжээний чухал дэд бүтцийг хамгаалах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, туслах тоног төхөөрөмж, үйлчилгээ, сургалт, тээврийн хэрэгсэл багтаж байгааг дурджээ. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Ллойд Остинд талархал илэрхийлээд “АНУ Украины дрон үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 800 сая ам.долларын өөр нэг тусдаа багцыг бэлтгэж байна гэдгээ надад мэдэгдсэн. Энэ бүх дэмжлэгт Украин талархаж байна” гэж хэлжээ.

Их Британийн засгийн газрын хэвлэлийн алба “Манай Сангийн сайд Рэйчел Ривз, Батлан хамгаалахын сайд Жон Хили нар Украинд зэвсэг худалдан авах, хөгжүүлэх, үйлдвэрлэхэд зориулж 2.26 тэрбум фунт стерлинг буюу 2.94 тэрбум ам.доллар хуваарилж байгаагаа зарлаж байна” гэж мэдээлэв. Украин Их Британиас хүлээн авсан 2.26 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалтыг агаарын довтолгооноос хамгаалах систем, их буу болон бусад төрлийн техник, зэвсгийг худалдан авч хөгжүүлэхэд зарцуулах боломжтой гэж хэвлэлийн алба тайлбарлажээ. Сэтгүүлчид Хилигээс Оросын нутаг дэвсгэрт гүн цохилт өгөх Британийн “Storm Shadow” далавчит пуужингуудыг Украинд худалдаж авахыг Их Британи зөвшөөрөх эсэхийг асуусан байна. Британийн сайд “Тэд илүү хол тусгалын дронуудыг маш амжилттай хөгжүүлж байна. Тэд бидэнтэй хамт энэ мөнгийг хэрхэн зарцуулах, тэдэнд ямар зэвсэг хамгийн их хэрэгтэй байгааг шийдэх болно” гэж хариулжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *