Одоогоос арван жилийн өмнө буюу 2015 онд Монгол хэлний тухай хууль батлагдаж тус хуульд заасны дагуу төрийн албан хэргийг кирилл, уйгаржин хос бичгээр явуулахаар болсон. Тэгвэл уг заалт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж Монголын нийгмийг тогтворгүй, төрийг үймүүлсэн, бужигнаантай, ээдрээтэй сонин байдалд оруулаад байна. Хос бичигтэй болох тухай хуулийг батлах үед монголчууд шуудхан хэлэхэд бүдүүлэгдүүхэн, аливаа юмны нарийн учрыг сайн ойлгоогүй, юмыг гадна талаас нь өнгөцхөн харсан, үндсэндээ хэлбэр талаас нь, гоё харагдах талаас нь харж, сэтгэлийн хөөрлөөр ханджээ гэдэг нь харагдаж байна. Үндэсний бичиг, босоо монгол бичиг гэх хий хоосон хийрхэлд автаж, хос бичигтэй болчихвол Монгол болчих юм шиг алсын бодлогогүй, өөрсдийн толгойгүй юм шиг мунхралд автжээ.
Ер нь ч тухайн үед хос бичигт шилжих энэ хуулийг гадны хөрөнгө оруулалттай хууль, гадныхны захиалгаар гар хөл нь болж хэрэгжүүлж байна гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж ярьж байсан. Монгол Улс хөгжил дэвшлээсээ ухарлаа, шинжлэх ухаанаас ухарлаа, орчин үеийн соёл хүн төрөлхтнөөс гээгдлээ, хуучин зуун руугаа буцах асар том ухралт боллоо гэж оюун санааны цөм болсон олон хүн харуусч байсан. Одоогийн өндөрлөгөөс харахад хүмүүсийн энэ олон харуусал, улс орны ухралт боллоо гэдэг үнэн байна. Монгол Улсыг хос бичигтэй болгох энэ хууль улс орныг сүйрүүлэх хууль гэдэг нь батлагдаж байна.
Кирилл бичиг бол Монгол төрийн албан ёсны гэж хэлж бүрэн болохоор бичиг мөн. Төрт улс олон хэлтэй байж болдог ч нэг бичигтэй байдаг. Нэг бичиг гэдэг нэг төр гэсэн үг. Тухайлбал, тухайн улс гүрэн нэг Ерөнхийлөгчтэй, нэг хаантай, нэг төртэй байдаг шиг төрийн албан ёсны бичиг нэг л байх ёстой.
“Хос бичиг гэж байдаггүй. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэх боломжгүй. Аливаа хэлэнд нэг ойлголтыг хоёр бичгээр тэмдэглэнэ гэдэг утгагүй. Уул гэдгийг “агула” гэж бичнэ гэвэл нэг биш хоёр хэлний асуудал гарч ирнэ. Эртний хэл түүнийг тэмдэглэсэн бичиг, орчин цагийн хэл, түүнийг тэмдэглэсэн бичиг гэсэн өөр зүйлийг зэрэгцүүлэн тавих боломжгүй. Ямар ч улс эртний хэл бичиг рүүгээ шилжсэн, түүнийгээ орчин үетэйгээ зэрэгцүүлсэн түүх байхгүй” гэж шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаа “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа маш тодорхой хэлсэн.
Дэлхийн улс орнуудын явж ирсэн түүхийг, төр нэг бичигтэй байх ёстой гэх хүн төрөлхтний хуулийг бид дагах учиртай. Тэгэхээр ямар ч гай гарз болоогүй, харин ч хөгжил дэвшлийн оргил руу хөтөлсөн кирилл бичгээ биш уйгаржин бичгээ больё. Зүгээр, жам ёсоороо явж буй зүйлийг гэнэт өөрчилж, сарниулж, зогсонги байдалд оруулна гэдэг маш хорлонтой. Ялангуяа бичиг үсгээрээ оролдоно гэдэг бүр хорлонтой. Аливаа улсын хэл нь тухайн үндэстний оршин тогтнох дархлааг хадгалдаг гол үнэт зүйл байдаг учир улс гүрэн хэл, бичгээрээ ямар ч нөхцөлд оролддоггүй.
Бидний хос бичигтэн болно гэдэг тухайн үедээ зүгээр нэг марзганасан, ингээд үзвэл ямар байх бол гэж гэнэхэн хандсан бодлогын гэхээсээ болгоомжгүй зүйл байсан. Гэвч улс орны хувь заяатай холбоотой, ялангуяа оршин тогтнохуйн гол тулгуур тусгаар тогтнолтой нь холбоотой зүйлээр маазарч, марзганаж болдоггүйг Монгол хэлний тухай хууль өнөөдөр харуулж байна. Кирилл бичиг, уйгаржин бичиг хоёрын байгуулсан гавьяаг монголчууд мэднэ. 1950-иад оноос Монгол Улс кирилл бичигт шилжсэнээр орчин цагийн үндэстэн болох суурь нь тавигдсан байдаг. Соёл урлаг, шинжлэх ухаан, ном бүтээлийн алтан сан хөмрөг бий болсон. Дэлхийн бүх сонгодог зохиолуудыг эх хэлнээ орчуулж эхэлсэн.
Шинжлэх ухааны академи байгуулагдаж Судар бичгийн хүрээлэнтэй байсан улс орон академитай болсноор хими, биологи, физик, математик, анагаах ухааны хүрээлэн, лабораториуд бий болсноор хөгжил дэвшил эхэлсэн. Үүнийг шинжлэх ухааны үе үеийн эрдэмтэд кирилл бичигт шилжсэний гавьяа гэж үздэг. Манай сонин өмнө нь “Кирилл бичиг монголчуудад эзэн Чингисээс нь илүү гавьяа байгуулсан” гэж бичиж байсан. Үнэхээр кирилл бичигт шилжсэнээр шинэ цагийн Монгол Улс бий болох нөхцөл бүрдсэн. Мэдээж уйгаржинаар бичигдсэн ном судар, оюуны үнэт өв байлгүй яахав. Хууль дүрэм, зарга заальхайн ном бүтээлүүд олон бий. Гэхдээ кирилл бичиг шиг улс орны хувь заяанд эргэлт авчирсан зүйл байхгүй нь үнэн.Тиймээс монголчуудыг кирилл бичигтэй золгуулсан нэрт эрдэмтэн, төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн онцгой гавьяатай.
Туркүүд араб бичгээ латинаар сольсон, Казахстан англи хэл бичгийг тэргүүнд тавих бодлого хэрэгжүүлж байгааг бид мэднэ. Дэлхийн орнууд ингэж орчин цагийн хэл рүү орж байна. Өмнөд Монголын уйгаржин бичгийг Хятад нь хүртэл хориглоод хэдэн жилийн нүүр үзэж байгаа. “Наад уйгаржин бичиг чинь та нарын хөгжилд саад болж байна. Орчин үеийн шинжлэх ухаанаас та бүхэн хоцорч байна. Гол алдаа чинь бичиг үсэгт чинь байна” гээд уйгаржиныг нь хорьсон. Энэ бол Хятадын зөв зүйтэй шийдвэр байсан. Хятадыг магтаж байгаа юм биш. Хөгжил дэвшлийнхээ төлөө дэлхийн орнууд ийм шийдвэр гаргаж байна гэдгийг жишээ татан хэлж байгаа хэрэг.
Хүн төрөлхтөн ингэж хуучин бичгээсээ салж, орчин цагийн хэл бичиг рүү улс гүрнээрээ орж байхад бид хуучин бичгээ төрийн бичиг болгоно гээд хуульдаа заачихаад сууж байгаа нь эмгэнэл биш гэж үү. Шинжлэх ухаан, технологийн асар хурдацтай энэ эрин зуунд монголчууд бид марзганаж хууль гаргаад, түүнээ хэрэгжүүлэхдээ тулаад эцэст нь хөгжил дэвшил ч үгүй хөмөрсөн тогоон доторх харанхуй бүдүүлэг хүмүүс болох вий. Тиймээс ард түмний төлөөлөл болж төр барьж байгаа Монголын парламентын 126 гишүүн ард түмэнд төвөг учруулж, эрхийг нь зөрчиж, улс орны ирээдүйд асар хортой нөлөө үзүүлж буй уйгаржин бичгийн хуулийг цуцлах хэрэгтэй байна. Монголчууд бие биетэйгээ ойлголцож байгаа ганц хэл нь орчин цагийн монгол хэл. Бүгдээрээ харилцаж байгаа бичиг нь кирилл. Бид өөрийнхөө хэлээр ярьж, өөрийнхөө сурсан бичгээр бичих, ойлголцох эрхтэй байтал Үндсэн хуулиар олгосон эрхийг төр нь бүдүүлгээр зөрчиж байна. УИХ-ын 126 гишүүн үнэхээр л ард түмний амьдралыг сайн сайхан болгоно, өөд нь татна, улс орноо хөгжүүлнэ гэж гарч ирсэн нь үнэн юм бол уйгаржин гэдэг энэ хийрхлийг одоо ингээд зогсооё. Мэдээж судалдаг нь судалж, үздэг нэг нь үзэх нь нээлттэй. Хамгийн гол нь төрийн бичиг болгодгоо л больчих. Тэгэхгүй бол Монголын хууль, шүүх, цаашлаад парламент засаглалд айхтар нөлөөлнө. Учир нь хууль салаа утгагүй, хэн ч уншсан нэг утгатай, ойлгомжтой байх ёстой байдаг.
Уйгаржин бичгээр хууль дүрэм гарвал үг байтугай үсэг бүрээ тайлбарлах болно. Үгийн эхэнд ордог а, үгийн дунд ордог а, үгийн адагт ордогт а гээд сууж байх хэрэг үү. Ингэхээр төрийн бодлого шийдвэр ямар ч ойлгомжгүй, хууль дүрэм гэдэг үндсэндээ дампуурна биз дээ. Хууль дүрэм нь гажуудаад ирвэл улс орон өөрийн эрхгүй ганхаж эхэлнэ. Ийм л хорлонтой, улс орны хувь заяагаар тоглосон хууль юм. УИХ-ын гишүүдээс улс Монголынхоо ирээдүйг бодож уйгаржин бичгийн хуулийг нэн даруй цуцлахыг шаардаж байна.
Д.Батболд
One reply on “Төр нэг бичигтэй байх ёстой тул уйгаржин бичгийн хуулийг цуцлах хэрэгтэй байна DNN.mn”