Зуу гаруй жилийн өмнө живсэн Титаник хөлгийн үлдэгдлийг үзэх аялалд гараад сураггүй алга болсон Титан шумбагч машины сэг өчигдөр далайн ёроолоос олдсоноор уг аялалд явсан таван хүнийг аврах найдлага тасарсан байна.
“Эдгээр хүмүүс нь адал явдалд дурлагчид, далай тэнгисийг судлах, хамгаалах чин хүсэл эрмэлзэлтэй, жинхэнэ судлаачид байлаа. Ийм хүнд хэцүү цаг үед бидний зүрх сэтгэл эдгээр таван хүний гэр бүлийнхэнтэй хамт байна” гэж Титан шумбагчийг эзэмшдэг OceanGate Expeditions компани мэдэгджээ.
Канадын эрлийн хөлөг онгоцноос далайн ёроол руу илгээсэн шумбагч робот өчигдөр өглөө усны мандлаас 4 км-ийн гүнд, Титаник хөлгийн үлдэгдлээс 488 метрийн зайд Титан машины салангид хэсгүүдийг олсон тухай АНУ-ын эргийн хамгаалалтын алба мэдээлсэн байна.
6.7 метр урт эх биетэй Титан шумбагч машины таван том хэсэг далайн ёроолоос олдсон тул түүнийг ямар нэг шалтгаанаар дэлбэрсэн гэж дүгнэжээ.
Хүний цогцсын үлдэгдэл олдсон эсэх талаар аврагчид мэдээлэл өгөөгүй байна.
Шумбагч машинд жолоочоос гадна дөрвөн аялагч явсан юм. Тэд бол Их Британийн 58 настай тэрбумтан Хэмиш Хардинг, Пакистан гаралтай Британийн иргэн 48 настай бизнесмэн Шахзада Давуд, түүний 19 настай хүү Сулеман, Францын далай судлаач, Титаникийн эксперт гэгддэг 77 настай Пол Анри Наргеолет, OceanGate компанийн Америкийн талын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стоктон Раш нар байжээ.
61 настай Стоктон Раш шумбагч машиныг жолоодож явсан байна.
Ням гарагт сураггүй алга болсон Титан шумбагчийн эрлийн ажиллагаанд өнгөрсөн хугацаанд олон орны аврагч мэргэжилтнүүд оролцож, далайн олон мянган километр талбайтай хэсгийг самнасан юм.
1912 онд Британиас АНУ-ын чиглэлд 1,500 гаруй зорчигчтой анхны аяллаа эхэлсэн Титаник хөлөг мөсөн уултай мөргөлдсөний улмаас живж байжээ.
Тус хөлгийн эх биеийн үлдэгдэл одоо Канадын Ньюфаундлэнд мужийн Сэйнт Жонс боомтоос өмнө зүгт 640 км зайтай Атлантын далайн ёроолд байдаг.
OceanGate компани живсэн Титаникийн үлдэгдлийг үзэх аяллыг 2021 оноос хойш зохион байгуулж байжээ. Уг аяллын нэг суудлын төлбөр $250,000 юм.
2018 онд болсон далай судлаачдын хурлын үеэр Титан шумбагч машины аюулгүй байдлын асуудал яригдаж, OceanGate компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал шүүхэд дуудагдаж байжээ.
Эх сурвалж: Reuters