Хятадын ByteDance компанид TikTok нийгмийн сүлжээний талаар тохиролцоонд хүрэхэд дахин 75 хоногийн хугацаа өгсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт мэдэгджээ. Ингэснээр TikTok-ыг Америкийн компанид худалдах эс бөгөөс уг платформыг АНУ-д хэрэглэхийг хориглох шийдвэр хэрэгжиж эхлэх хугацаа 75 хоногоор хойшиллоо.
Д.Трамп Truth Social хаягтаа бичихдээ, манай засаг захиргаа TikTok-ыг “аврах” гэрээ хэлэлцээрийг байгуулах чиглэлд шаргуу ажиллаж байгаа бөгөөд бид асар их ахиц дэвшил гаргасан гэв. АНУ-ын эрх баригчид хэлэлцээрийн талаар дөрвөн өөр бүлэгтэй харилцаа холбоотой ажиллаж байгааг тэрбээр дурдсан боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Мөн холбогдох хэлэлцээрийг байгуулахын тулд Хятадын тал болон TikTok-той хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа нэмж хэлжээ.
Өнгөрсөн онд Ерөнхийлөгч асан Жо Байдены засаг захиргаа Америк дахь үйл ажиллагааг нь хариуцах компанийг олох шаардлагыг ByteDance компанид тавьсан бөгөөд эс бөгөөс нэгдүгээр сарын 19-нээс уг платформыг хориглохоор шийдвэрлэсэн юм. Харин Д.Трамп нэгдүгээр сард тангараг өргөсөн даруйдаа уг хугацааг 75 хоногоор хойшлуулах зарлигт гарын үсэг зурсан билээ.
Bytedance компанийн зүгээс нийгмийн сүлжээгээ худалдахгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж, платформыг үргэлжлүүлэн хэвийн ажиллуулах боломжит шийдлийн талаар АНУ-ын засгийн газартай хийж буй хэлэлцээнд тодорхой асуудлууд тулгарсаар байна гэж баасан гарагт мэдэгджээ. Америкийн хэд хэдэн компани TikTok-ыг худалдаж авах санал тавьсан талаар хэвлэлүүд мэдээлж байгаа юм.