1855 онд байгуулагдсан, Британийн нөлөө бүхий хэвлэл “The Telegraph”-т сэтгүүлч Сюзи Межюр 2023 оны 10 дугаар сард Монгол Улсын талаар төдийгүй “Монгол Хаан” жүжгийн талаар өгүүлсэн нийтлэлээ хэвлүүлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн онд Монгол Улсад зочилж, Үндэсний их баяр наадам, “Монгол Хаан” жүжгийг ч үзэж сонирхсон юм.
Улаанбаатар хот дахь Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа нэгэн гэр бүл борооноос хоргодох зуур зургаа авахуулж харагдана. Нийслэл хотноо бөхийн барилдаан, нум сум харваа, хурдан морины уралдааныг уламжлал болгон зохион байгуулж, Үндэсний их баяр наадмаа ёсчлон тэмдэглэж буй хэн бүхний адил тэд мөн хээнцэр, дэгжин үндэсний хувцсаар гоёжээ.
Өрхийн тэргүүн улаан хүрэн дээл, саарал малгай, эхнэр нь гүн хөх торгон дээл өмссөн нь жил бүрийн 7-р сард 1921 оны Ардын хувьсгалын ойг хамсран тэмдэглэдэг үндэсний их баяр наадмын уламжлалт нийтлэг гоёлын хувцас юм.
Харин тэдний ард үзэгдэх Чингис хааны аварга том хөрөг харц булаах агаад эл их хааны хөшөө Улаанбаатар хотын төв талбайд сүр нэмж байдаг билээ. Харь хүмүүсийн хувьд XII зууны догшин түрэмгий булаан эзлэгчийг ийнхүү тахисан нь хачирхалтай санагдаж магад ч, Монгол түмний хувьд Чингис хаан нь үндэстэн даяарын эцэг, их баатар мөн ажгуу.
Харин хэдэн мянган бээрийн алсад, Лондон хотноо өөр нэгэн Монгол эр автобусны зогсоол, такси, төмөр замын буудлын дагуу өлгөсөн том том зурагт хуудаснаас цоо ширтэх нь Арчуг хаан бөгөөд 11-р сард Уэст Эндэд толилуулах “Монгол Хаан” хэмээх тансаг нүсэр жүжгийн гол дүр болой.
Монголын цуутай од, нэрт жүжигчин Г.Эрдэнэбилэгийн гол дүрийг нь бүтээж буй энэ жүжгийн сурталчилгаа нь Монгол улсаа Орос, Хятад хэмээх ихээхэн асуудалтай хоёр хөрш улсынх нь геополитикийн сүүдрээс гаргаж дэлхий дахинд таниулахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм.
Тус жүжиг Хятадад аль хэдийнээ дуулиан шуугиан дэгдээж амжсан бөгөөд Хятадын бүрэлдэхүүн дэх Өвөрмонголын Хөх хотын захиргаанаас уг жүжгийг толилуулах албан ёсны зөвшөөрлийг өгсөн атлаа 9-р сарын 19-ний өдөр цуврал тоглолтыг нээх эцсийн мөчид цуцалсан байна.
Жүжгийн найруулагч энэхүү гэнэтийн шийдвэр нь “маш том ухралт” байсан хэмээв. Эл жүжиг тус улс дахь уугуул монголчуудад салан тусгаарлах үзлийг дэвэргэж болзошгүй гэсэн айдас энэ явдлын цаад шалтгаан байсан бололтой. Гэхдээ “Монгол Хаан” жүжиг нь зөөлөн хүчийг хэрэгжүүлж, хүн ам нь Уэльсийнхээс ихгүй боловч нутаг дэвсгэр нь баруун Европын дайны асар уудам Монгол нутаг руугаа жуулчдыг татан дуудах нь дамжиггүй. Үзэгчид харин жүжигт Чингис хаан гарч, Лондон Колизей театрын тайзнаа морьтой давхина гэж хүлээж байгаа бол том эндүүрэл болох нь.
Тархай бутархай монгол овог аймгуудыг нэгтгэн улмаар хүн төрөлхтний түүхнээ дорно зүгт Номхон далай, өрнө зүгт Дунай мөрөн, Персийн булан хүрсэн асар уудам нутагтай хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан энэ агуу удирдагчийн алдар нэр дэлхийд Монголын нүүдэлчид, тал нутаг, түүнчлэн эдүгээ газрын ховор эрдэс баялагтай нь дүйцэхүйц эн тэнцүү алдаршсан боловч, жүжигт энэ их хааны тухай өгүүлэхгүй.
Учир нь эл жүжгийн үйл явдал Чингис хаан эснэхээс нэгэн мянганы өмнө оршин тогтнож, их тал, говийг эзэгнэн, уудам газар нутгийг захирч байсан Хүннү буюу Хүн гүрний үед өрнөх агаад Хүн гүрэн нь дэлхийд анхны нүүдэлчдийн эзэнт гүрэн байж, их Чингис хаанд хожим эзэнт улсаа байгуулах үндэс суурийг бүрэлдүүлэн тавьж өгчээ.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо би вээр шинэ тутам байгуулагдсан “Чингис Хаан” музейд зочлов. Үүдээр орох даруйд НТӨ 209 онд Хүн гүрнийг байгуулсан Модун Шаньюй хааны сүрлэг том хөшөө угтана.
Хүн гүрэн нь монголчуудын төрт ёсны түүх уламжлалыг үндэслэн, даруй гурван зууны турш төв азийн цээжнээ ноёлж байжээ. Тиймээс, Хүн гүрний үед өрнөх эл жүжгийг тайзнаа дэглэх нь зүй ёсны хэрэг мөн ажгуу. Монголчууд эзэн Чингис хааныхаа эзэнт гүрнээ байгуулсан язгуурыг Хүннү нараас үүдэлтэй хэмээн үзэх төдийгүй Хүннү нарыг зөвхөн эрт цагийн нүүдэлчид бус харин удамшилзүйн хувьд ч, соёлын хувьд залгамж холбоо бүхий өөрсдийн өвөг дээдэс мөн хэмээн үздэг ажээ.
“Монгол Хаан” жүжгийг англи хэлнээ хөрвүүлсэн, Монгол судлалаар дагнасан Британийн түүхч зохиолч Жон Мэн “Энэ үндэстний тухай мэддэг улс Өрнөдөд маш цөөн, харин тэднийг бүгд таньж мэдэх хэрэгтэй” хэмээсэн билээ. Лондонд тоглогдох энэ театрын бүтээлийг Монголын улсын алдарт зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд туурвисан жүжгээс дэглэжээ. Жон Мэн жүжгийг ганцхан сарын хугацаанд орчуулах ёстой болсон бөгөөд “Би монголчуудын өөрсдийн нь оролцоотойгоор өдөр бүр 10 цаг сууж ажилласан” гэлээ.
Уг жүжгийг Лондоны театрт энэ жилд багтаан толилуулах сонирхол байгаа эсэхийг мэдэхийн тулд, шоуны продюсерт жүжгийн орчуулгыг хоёр дахин богино хугацаанд бэлэн болгох шаардлага гарсан юмсанж.
Заавал энэ жил хэмээн шахахын учир нь нэгэн жарны тэртээ Их Британи улс бараг 70 жилийн турш Зөвлөлтийн социалист дэглэмийн Бүгд найрамдах улс байсан Монгол улстай дипломат харилцаа тогтоосон анхны өрнөдийн улс болсон аж. (ЗХУ хөндлөнгөөс оролцоогүй бол XVII зуунаас 1911 оныг хүртэл Манж Чин улсын харьяат байсан энэ улс Хятадын муж болох байсан ч байж магадгүй юм)
Харин Франц улс Британийн дараа 1965 онд дипломат харилцаа тогтоосон бол, АНУ Монгол улсыг 1987 он хүртэл албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй юм. Дэлхий дахинд танигдах хэмээсэн энэ анхны алхам болон тус улсын олон улс дахь нэр хүндээ өсгөх, Орос, Хятад хэмээх хоёр том хөршөөс хамаарлаа бууруулахыг эрмэлзэж буй өнөөгийн Монгол Улсын нөхцөл байдал нь давхцах мэт.
ОХУ-ын Украинд хийж буй дайн улам даамжирч, харин Монгол улс НҮБ-аас ОХУ-ыг Украинаас гарахыг шаардсан санал асуулгыг өнгөрөгч 2-р сард явуулахад түдгэлзсэн санал өгсөн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд, 43 настай, Харвардын төгсөгч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ уул уурхайд түшиглэн улсынхаа эдийн засгийг эрс сайжруулахаар найдаж, дэлхийн удирдагчдыг найр тавин угтаж байгаа билээ.
Өнгөрсөн 8-р сард тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Дэд ерөнхийлөгч Камала Харрис нартай уулзсан бол, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Франц улсын цөмийн эрчим хүчид нэн шаардлагатай уран зэрэг газрын ховор элемент зэргийн асуудлаар 5-р сард Монголд айлчилсан юм. Дэлхийн удирдагчид, улс орнууд байгальд ээлтэй, ногоон технологид шаардлагатай түүхий эдээ нөөцлөхөөр уралдаж байна.
Мөн 1990 онд олон намын тогтолцоот ардчилалд шилжсэн Монгол Улсын хувьд улстөрч, засаг баригчдын дотор олон жил ужгирч, улс орноо завшсан нүүрсний хэрэг, авлига, хээл хахуулийг хяналтдаа авсан гэдгийг харуулахаар цагтай уралдаж буй үе тохиож байна. Ээлжит сонгууль ирэх жил болох учраас Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ордон байдаг төв талбайд 12-р сард болсон эсэргүүцлийг давтагдуулахгүйн тулд шахамдуу, шамдуу ажиллаж байна.
Тэрчлэн Ромын пап энэ сард Монгол Улсад анхны айлчлалаа хийж, олонхи нь бурхны шажинт энэ хүн амын хувьд маш цөөхөн буюу 1500 католик итгэлтнүүдэд номлол айлдав. Бусад шашин номын зүтгэлтнүүдийн адилаар Ромын пап Орос, Хятадад нөлөөгөө нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа ба Монгол Улс үүнд дөтлөх хамгийн ойрын зогсоол гэж хэлж болох юм. Тэр байтугай, Элон Маск зэсийн их баялагтай энэ улсад “Тесла” үйлдвэрээ байгуулж магадгүй хэмээн өнгөрсөн зун мэдэгдэв.
Монгол Улсын өөр нэгэн зөөлөн хүч нь дэлхийд алдаршиж буй “The Hu” хамтлаг бөгөөд Монгол уламжлалт хөөмэйн дуулал, ардын уламжлалыг хэви метал хөгжимтэй зохируулсан эл хамтлагийг өнгөрсөн жил ЮНЕСКО үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй үйлсийнх нь төлөө ЮНЕСКО-ийн Энх тайвны төлөөх уран бүтээлчээр тодруулж тунхагласан нь энэ алдрыг хүртсэн анхны рок хамтлаг болсон юм. Хамтлагийнхан Гластонбюрид тоглосныхоо дараа эдүгээ АНУ-д аялан тоглолтоор яваа. Тэдний дууны дүрсжүүлэг нь Харли-Дэвидсон мотоцикль буюу агт морьд унасан булчинлаг эрс тал нутгаар давхилдаж “Тамгат Чингисийн ухаанаар даръя” гэхчлэн дуулалдаж байдаг билээ.
Чингис хааны тухайд өгүүлэхэд (Монголчууд их хааныхаа тухай үргэлжид дурсах ба хааны дүр мөнгөн тэмдэгт, тэр байтугай миний өөртөө дурсгал болгон авсан алтадмал “Чингис” архины шилэн дээр ч дүрслээстэй буй), энэ 10-р сард түүний байгуулсан Монголын эзэнт гүрний тухай томоохон үзэсгэлэн Францын Нант хотод зохион байгуулагдах гэж буй. Харин Лондонд Хатан хааны урлагийн академиас 2026 онд “Монгол ертөнцийн урлаг” хэмээх шоуг дэглэхээр ажиллаж байна. Монгол Улс эдүгээ өөрөө соёлын экспорттой болжээ.
“Херо” Баатар хэмээх баавгай шиг бахим хүдэр ч, баргил зөөлөн дуутай 44 настай эрхэм бол “Монгол хаан” жүжгийн найруулагч. Бид Зөвлөлтийн үед баригдсан Монгол Улсын Драмын эрдмийн театрт түүнтэй уулзах үед уг жүжиг театрт тасралтгүй 151 удаа тоглогдоод байв.
“Монгол Хаан” бол “өрнө дахин руу хийж буй анхны соёлын довтолгоо” бөгөөд үндэсний мөн чанарын тухайтад алдагдаад буй үзэл сэтгэлгээг дахин сэргээх оролдлого аж. Тэрбээр “Монгол Улс Хятад, Оросын нөлөөнд удаан байснаас үндэснийхээ мөн чанарыг алдсан байна. Энэ жүжиг бол үүнийгээ сэргээн тунхаглах анхны оролдлого” хэмээв. Хэдийвээр эзэнт гүрний мөхөл уналтын ирмэг дээр хаан ширээ залгамжлах амь дүйсэн тэмцлийг үзүүлсэн энэ жүжиг түүхэн бодит бус уран сайхны зохиол боловч, харин тайз урлал, хувцас загвар, бүжиг дэглэлт, хөгжим аялгуу нь цөм эртний судлалын биет олдвор, соёлын өв уламжлалд тулгуурлан бүтжээ.
Кембрижийн их сургуулийн Монгол судлаач, хүн судлалч доктор Элизабет Фокс ийм соёлын чиглэлийн улс хоорондын харилцаа, бодлого маш чухлыг онцлоод “Хоёр том гүрний дундах жижиг үндэстэн учраас Монголын хувьд сурталчлан таниулах нь тун хэрэгтэй” гэв. Мөн нэмж “Хэрэв Монголыг эзлэн түрэмгийлэхэд тулбал, бусад ард түмнүүд энэ үндэстний тухай, тэр тусмаа тусгаар бие даасан улс гэдгийг нь мэдэж байх, ялангуяа энэ өвөрмөц соёл уламжлал, ард түмэнтэй нь ямарваа нэгэн сэжмээр холбогдож сэтгэлд дотно мэдэрдэг байх нь тун чухал” хэмээсэн юм. Ийнхүү өгүүлэхдээ тэрбээр “Монгол Хаан” жүжиг, “The Hu” хамтлаг болон Катарын Дэлхийн хөлбөмбөгийн аваргын цомын тэмцээнийг зохион байгуулсан зэргийг харьцуулан соёлын экспортын жишээ татаж, “Эдгээр арга хэмжээ, үйл явдал нь [хоёр орны хувьд] улсынхаа нэрийг мандуулах, таниулах стратеги гэж хэлж болно. Монгол Улс хаана байдгийг мэдэхгүй улс маш олон бий. Аль нэг хөрш нь эзлэн түрэмгийлэхээр завдвал Монгол Улс цэрэг зэвсгийн хүчээр хэзээ ч няцааж барахгүй. Тиймээс [Монголчууд] өөрсдийгөө хамгаалах, болзошгүй эзлэн түрэмгийлэгчдийг мохоох өөр стратеги бодож хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй” хэмээв.
Энэ бүгдээс үзвэл, “Монгол Хаан” жүжиг нь өрнийн театрын ертөнцөд толилуулсан даруйд онцгой амжилтад хүрэх нь зайлбаргүй. Энэ жүжиг уугуул Улаанбаатар хотдоо хэдийнэ үзэгчдийг байлдан дагуулсан бөгөөд харин Лондон Колизей бол “аймшигтай” олон суудал дүүргэх учиртай Уэст Энд дэх хамгийн том театр билээ. Уг театр эл жүжгийг тайзнаа толилуулах зай багтаамж сайтай давуу талтай, учир нь жүжгийн бүрэлдэхүүнд бүжигчид, хөгжимчид, уран нугараачид, орлон тоглогчид, болон 7 гол дүрийн жүжигчид тэргүүтэн нийт 70 гаруй уран бүтээлчдийн баг бий.
Тэр байтугай жүжгийн бүрдэлд галаар тургигч луун хүүхэлдэй бий бөгөөд үүнийг Уэст Энд болон Бродвейд тавигдсан “Пи-гийн амьдрал” театрчилсан бүтээлийн хүүхэлдэйнүүдийг урлан шагнал хүртсэн Английн нэрт хүүхэлдэй урлаач Ник Барнс урласан байна.
Колизей театрт хэмжээс маш чухал. Бодит хэмжээтэй зүйлс живсэн мэт жижгэрч харагддаг бол энэ жүжиг огтоос тийм харагдахгүй” хэмээн уг тоглолтыг үзвэрийн хөтөлбөрт оруулах үед Колизейн ерөнхий захирал байсан Стюарт Мөрфи өгүүлэв. “Монгол Хаан” жүжиг үзэгчдийг татаж танхим дүүргэнэ гэдэгт итгэлтэй суугаа тэрбээр “Уэст Эндэд “Фрөүзен”, “Гриз” гэх мэт сэдэвлэсэн бүтээлүүд буюу тайзнаа удаан хугацаагаар тоглогдож буй ижил төстэй олон бүтээлүүд бий. Гэхдээ энэ жүжиг бол үнэхээр онцгой, өвөрмөц” гэлээ. Мөн энэ жүжиг өрнөдийнхний хувьд үнэнхүү этгээд чамин, сэтгэл урвуулах увидастай. “Хүмүүс Зүүн өмнөд ази дахины тухай бүр арван жилийн өмнөхөөсөө ч илүү сонирхож байна. Монголд зочлохыг хүсдэг үй олон хүнийг би мэднэ. Харин энэ жүжиг хялбархаан ойлгочих түүхийг толилуулж байгаа юм” хэмээн тэрбээр өгүүлсэн билээ.
Театрын шилдэг, Оливерийн шагналт жүжгийн зохиолч Тимберлэйк Уэртэнбэйкер уг жүжгийн англи хувилбарыг хянан тохиолдуулсан бөгөөд орчуулагч Жон Мэний эхнэр тэрбээр нөхрийгөө гол ажлыг нугалсан хэмээж буй ч, зохиолын англи хэл дээрх бичвэрийг шүүн тунгааж, сийрүүлэн найруулахад гар бие оролцжээ. Лондонд компьютер дээрээ эл жүжгийн Монгол хэл дээр тайзнаа тоглож буй бичлэгийг үзэж “Уран бүтээлчдийн хүүрнэж буйг хөдөлгөөнтэй нь нийцүүлэх нь хамгийн чухал байлаа” хэмээгээд уг жүжгийн театрын бүтээлийн сэдэв нь маш гүн тухайд “Шекспирийн туурвил мэт. Хууран мэхлэлт, харалган өрнөл нь “Лир ван”, “Отелло” хоёрын мөн чанарыг агуулж байлаа” гэсэн юм.
“Монгол Хаан” жүжигт нэг л зүйл дутуу нь Монголын тал нутагт нисэн очиж, өглөө үүрийн наран мандахдаа дов толгодоос хөрөөний ир мэт сэрэвгэр уулсын сүүдэр үүтгэн байхуйд оюу ногоон далай мэт үзэгдэх талын дээрээс онгоцоор даялуулан газардах тэр бодит мэдрэмж болой.
Монгол Улс маш хурдацтай хотжиж буй ч, нийт 3.4 сая хүн амын дөрөвний нэг нь хөдөө нутагт нүүдэллэн аж төрсөөр буй. Тэдний нүүдлийн эсгий сууц болох гэр нь онгоцноос тараан цацалсан хөвөн бөмбөлөг мэт энд тэнд оор тоор үзэгдэнэ. Улаанбаатар хотоос холгүй байх “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас гарсан даруйд нэгэн агшнаа хуучин, шинэ харгалдан үзэгдэх нь хотын хүн амын бөөгнөрөл, замын түгжрэлийг үүсгэхэд гол нэмэр оруулагч машины худалдааны зарлалын өмнө зогсох хоёр морьтон залуу байлаа.
Ийш ирэхийн учир нь Үндэсний баяр наадмын угтан зуны амралтаа авч тоглолтоо завсарлахын өмнөх “Монгол Хаан” жүжгийн сүүлчийн тоглолт байсан юм. Хөшиг нээхийн өмнө жүжгийн найруулагч “Херо” Баатартай уулзаж суухад, “түүний эрхэм нөхөр, жүжгийн их зохиолч бээр “Хаан” хүний эрхэм чанарыг энэ бүтээлээрээ нээн харуулахыг хүссэн. Хаан хүн ард түмэн, эзэнт гүрнийхээ эрх ашгийг өөрийн хувийн жаргал, хүсэл шуналаас дээгүүрт тавьж чадах зориг, ухаантай байх учиртай. Одоо ч хүн төрөлхтөнд маш чухаг энэ гүн ухааныг л нээн харуулах үүднээс энэ жүжгийг дахин дэглэсэн” гэдгээ тайлж өгсөн билээ.
Энэ жүжгийг Турк, Франц, бүр АНУ-д ч толилуулахаар найдаж буй тэрбээр гэхдээ жүжгээ эн тэргүүнд Их Британид тавих учиртай, учир нь “Театрын голомт, Шекспирийн төрөлх нутаг Их Британид Монгол өв соёлоо таниулах нь нэр хүндийн хэрэг” гэсэн юм.
“Монгол Хаан” жүжгийн тасалбар бол Монголын баялаг өв соёлоос нүд хужирлаж, сэтгэлээ баясгах найр хуримд очно гэсэн үг. Хоёр бүжээч үнэгээр эхлэх эл жүжиг улмаар Хүннү булшнаас олдсон биет олдворт үндэслэн сэргээсэн эртний нүүдэлчдийн амьтны загварт дүр дүрслэлээр нэн баялаг, Хааны хатны хэвнэг дээр хатгасан алтан буга, Хааны алтан шонхор оройт титэм хүртэлх бүхий л хувцас өмсгөл, эдлэл хэрэгсэл цөм түүхэн олдвор, уламжлалт үндэсний хувцас загвараар хийгджээ.
Жүжиг хааны их бага хатан хоёул хэдхэн хоногийн зайтай нуган ханхүүд төрүүлснээр эхлэх хийгээд хаантан их хатны өргөөнд очилгүй олон жил болсон тул их хатны хүү яавч Хааны үр баймгүй. Үнэхээр тэр хүү нь Хааны удам бус, харин хатантан хааны итгэлт шадар зөвлөхтэй нөхцөж төрүүлсэн байдаг. Улмаар жүжиг хоёр ханхүүг сольсноор цааш өрнөх нь чухам хорлонтой. Эдгээр бүх үзэгдэлд олон бүжигчдийн нэн шидрүүн бүжиг, хөгжим, үйл явдлыг цуурайлан дүрслэх мэт хамсраа үйлдлүүдээр сүр хүч нэмсэн нь “Араатны хаан арслан” бүтээлтэй өрсөлдөхүйц.
Ганц өөлөх зүйл маань Монгол жүжигчид болон жүжгийн арын албаныхантай хэл нэвтрэлцэхгүй байх гэсэн шалихгүй бодол байлаа. Гэтэл… би вээр жүжигчдийг англи хэл дээр жүжгээ тоглоно чинээ огоот санаагүй юм. Тэр байтугай Монгол зохиолынх нь төгс орчуулгаар жүжгийг үзлээ гэж хэлэхэд жүжгийг орчуулсан Ж.Мэн, Т.Уэртэнбэйкер нар ч тийн бодоогүйгээ гайхашран хэлсэн билээ.
Орчуулгыг хийхдээ зохиолч гэр бүл Колизейд жүжгийг толилуулахдаа үзэгчдэд зориулан титр маягаар урсгаж гаргах нь гэж бодсон юмсанж. Жүжигчид англи хэл дээр гарамгай сайн тоглосон ч, яг үзэгч миний хувьд жүжигчдийн англиар ярьж өгүүлж байгаа нь нүдээр үзэж харж байгааг маань сарниулаад байлаа.
Мэдээж хүн бүрд адилгүй туссан биз. Найруулагч Баатар ч үүнтэй санал нийлэлгүй, харин жүжгийг монголоор ч, англиар ч тоглуулна, “Монгол хаан хүннү аялгатай англиар ярих нь их өвөрмөц байна гэж шийдсэн. Ингэснээр, орчуулгыг титрээр уншуулж утгыг нь ойлгуулах гэж оролдохын оронд, үзэгчид өөрсдөө жүжиг дотроо уусаж үзэх болно” гэлээ.
Жүжгийн продюсерын баг англи үзэгчдийг Монголын төрт ёс үүсэн ахуй хоёр мянганы тэртээх эрт цаг руу аваачих нь ширээнд уягдмал сууриншсан ертөнцөд шууд ойлгож хүлээн авахад бэрх тэр нүүдэлчин соёлыг нээн таниулна хэмээн найдаж байгаа аж.
Миний наадмын хөтөч Т.Баянжаргалан наадмын нээлт дээр Чингис хааны дүрээр хувцасласан жүжигчний сүүлийн үгийг инээмсэглэн орчуулсан нь “Би дахин мэндэлнэ” байв. Чухам үүнийг л, “Чингис хаан дахин мэндлээсэй, Монгол Улсаа сэргээн мандуулж, дэвжээн хөгжүүлэх удирдагч төрөөсэй” хэмээн Монгол хүн бүр хүсдэг ажээ.
Эх сурвалж: “The Telegraph”