Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таны амар амгалан бусдаас хамаарч, бусдын амар амгалан танаас хамаардаг цаг үе ирлээ

Дээрхийн гэгээнтэн XIV далай лам Монголд ирэхдээ оюутан залуустай уулзаж “XXI зууны ёс зүй ба бурхны шашин” сэдвээр лекц уншсан билээ. Түүний лекцийг тоймлон дор нийтэлж байна.

Цаг хугацаа үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Өнгөрсөн цагийг хэн ч өөрчилж чадахгүй. XX зуун хэдийнэ өнгөрчээ. Харин ирээдүйг бид бүтээж чадна. Ирээдүй өнөөдрөөс хамааралтай. XXI зуун ямар болох вэ гэдгийг бид мэдэж, хариуцлага үүрэх ёстой. Бид энэ ертөнцөд өөрчлөлт авчрах хэрэгтэй. XXI зуунд энх амгаланг авчрах өөрчлөлт хэрэгтэй юм. Өнөөдөр бид энд амар амгалан байгаа ч Араб, Африкийн орнуудад хүмүүсийн алтан амь үрэгдэж байна. Араатан амьтад хүнийг хөнөөдөггүй, хүн хүнийгээ хөнөөж байна. Бид ийм л сэтгэл өвдөм нийгэмд амьдарч байна. XX зуунд дайн тулаанаас болж 200 саяас илүү хүн үрэгдсэн хэрцгий зуун болсон.

Би “Энэ их хэрцгий дайн тулаан болох нь зөв. Үүний ачаар бид амар амгалан байна” гэх хүмүүсийн эсрэг байдаг. XXI зууны дайн тулаан бие биенийгээ хүлээн зөвшөөрөхгүй, санал зөрөлдөж байгаагаас үүдэлтэй. Тиймээс ч XX зуунаас өвлөж ирсэн алив маргааныг хүчээр шийдэх үйлдэл одоог хүртэл үргэлжилсээр байна. Үүнийг би хуучин сэтгэлгээ гэж хэлнэ. Аливаа асуудлыг хүчээр шийдэхийг XXI зуунд өөрчлөх хэрэгтэй. Асуудлыг хүчээр шийдэх нь одоо бодитой зүйл биш болсон. Бид XXI зуун болж өөрчлөгдчихөөд байхад XX зуунд үеэ өнгөрөөчихсөн хүч хэрэглэх арга замаар асуудлыг шийдэж болохгүй.

Эрт дээр үеэс хүмүүсийн нийгэм өөрөө өөрийгөө болгодог байсан. Гэтэл энэ байдал дэлхий дахинд өөрчлөгджээ. Дэлхий дахин бие биенээсээ хамааралтай болсон байна. Үүний жишээ дэлхийн дулаарал. Улс хоорондын хил хязгаар дэлхийн дулааралд хамаарахгүй болсон. Дахин хэлэхэд хуучин нийгэмд өөрөө өөрийгөө болгоод байдаг байсан бол одоо таны үйлдлээс бусдын амар амгалан, зовлон хамаарахаар ийм ертөнцөд амьдарч байна. Энэ ертөнцөд долоон тэрбум хүн амьдардаг. Тэдний нэг нь та. Та долоон тэрбум хүний нэг хэсэг. Хүн гэдэг нийгмийн амьтан учраас таны амар амгалан бусдаас хамаарч, бусдын амар амгалан танаас хамаардаг цаг үе ирлээ. Тэгэхээр энэ зуунд нийт хүн төрөлхтөн нэгдмэл байх ёстой гэдгийг ухаарч амар амгалан зөвхөн биднээс хамаарна шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Миний үе XX зуун. Та бүхний үе XXI зуун. Энэ зуунд та бүхэн амар амгалан байхад хичээл зүтгэлээ гаргах хэрэгтэй. Та нарын тэр сайхан амар амгалан эрэн үед би байхгүй байх. Та бүгдийн цогцлоосон үеийг харж чадахгүй ч, амар амгаланг цогцлоож чадна гэдэгт итгэлтэй байна.

Нийт хүн төрөлхтнийг бие биедээ сайн хандахыг харахын тулд боловсрол маш чухал үүрэгтэй. Орчин үеийн боловсрол 200 орчим жил үргэлжилж байна. Орчин үед техник технологи, материаллаг дэвшилд илүү анхаарч, дотоод сэтгэлийн боловсролд хараахан анхаарч ирсэнгүй. АНУ, Европ, Япон, Хятад гэх зэрэг улсад эдийн засгийн, материаллаг байдал илүү хөгжсөн. Гэвч дотоод хөгжлийг орхигдуулсан. Боловсролын түвшин сайн байна гэдэг аз жаргалтай хүмүүн, аз жаргалтай гэр бүлийг тогтоож чадна гэсэн баталгаа биш. Тиймээс орчин үеийн боловсролын түвшинд хүн хүнээ хайрлах, энэрэх дотоод сэтгэлийн боловсролыг олгох нь зүйтэй хэмээн үзсэн. Дотоод сэтгэлийн амар, амгалан боловсролыг шашин буюу сүм хийд олгож иржээ. Бид боловсролын салбарын хүмүүс, нийгмийн ажилчидтай хамтран дотоод сэтгэлийн амар амгалангийн талаар хичээлийн хөтөлбөр боловсруулж байгаа. Энэ хичээлийн хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй, жирийн хүн үүнийг хэрэгтэй юм байна гэж бодох оюун ухаан болоод амьдралын туршлага дээр үндэслэн гаргаж байна. Энэ хөтөлбөр тун удахгүй АНУ, Энэтхэг зэрэг оронд хэрэгжиж эхэлнэ. Мөн Монгол руу хөтөлбөрөө явуулж болох юм.

Монголын боловсролын хөтөлбөр баталдаг хүмүүс энэ дотоод сэтгэлийн амар амгалан боловсролыг хэлэлцэж системдээ оруулах нь зүйтэй. Тус хөтөлбөрийн үр дүн шуудхан биш ч дөрвөөс таван жилийн дотор харагдана. АНУ-ын зарим хотууд “Энэрэл нигүүлсэхүйн хот”, “Асралын хот” хэмээн нэрлэж буй. Тус хотод буй сургуулиудад дотоод сэтгэлийн боловсрол заасан учраас амьдарч байгаа хүмүүс нь илүү амар амгалан, бие биедээ тусалдаг болсон байна. Канадаар жишээ авахад “British Colom­bia” сургуульд ёс суртахууны боловсрол зайлшгүй сургалтын хөтөлбөрт нь багтсан байдаг. Монгол боловсролын системдээ дотоод сэтгэлээ хөгжүүлэх, бусдыг энэрэн нигүүлсэх хөтөлбөр оруулах нь чухал.

Бурхны шашны хамгийн чухал сургаал бол энэрэх, нигүүлсэх сэтгэл байдаг. Бид өдөр бүр хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр байх болтугай гэж залбирч, номоо уншдаг. Та зүгээр залбирах биш өөрөө үйл хөдлөлөөр хийх хэрэгтэй. Ертөнц гэдэг хэмжээ хязгааргүй. Бидний залбирал дэлхийд илүү хамаатай. Адгуусан амьтдыг хайрлаж энэрэхээс биш харьцахад хэцүү учраас бид хүмүүстэй илүү харьцаж, энэрэл нигүүлслийг түгээж чаддаг. Дэлхий дээрх долоон тэрбум хүн өөр өөрийн шүтлэгтэй. Бүгдээрээ будда шүтдэг болно гэвэл өрөөсгөл. Гэхдээ энэ долоон тэрбум хүн бүгд амар амгаланг хүсдэг. Бид амар амгаланг зүгээр хүсэх биш бусдын төлөө зүтгэх, бусдад үйлчлэх үйлийг эдүгээгээс нэн даруй хийх нь зүйтэй. Бурхан будда хэрэв одоо морилж ирвэл иргэдийн ёс зүй, энэрэн нигүүлсэхүйн талаар хэлэх байсан. Бүгд нэг шашинтай болохгүй учраас нийт хүмүүн бие биенээ хайрлан нигүүлсэх нь зүйтэй гэдгийг бид хүмүүст түгээх нь зүйтэй. Эртний Энэтхэгт оюун санаа, сэтгэлийн хөдлөлийн талаар ойлголт дэлгэрэнгүй байсан. Одоо энэтхэгчүүд тэр уламжлалаа орхисон ч түвдүүд аваад үлдчихсэн. Монголчуудад ч сэтгэлээ яаж хөгжүүлэх, хэрхэн амар амгалан байлгах ойлголт бий. Тийм учраас сэтгэлийн ухааныг та бүхэн өөрсдөө сурч, түгээх нь зүйтэй юм. Оюун санааны сургаал номлолыг оюун ухааны шинжлэх ухаан гэдэг. Бурхан багшийн оюун ухааны сургаалыг Наландрын уламжлал гэдэг. Энэ нь хувь хүн, гэр бүл, дэлхий даяараа хэрхэн амгалан улсыг бий болгох вэ гэсэн сургаал юм. Монголын лам хуврагууд зөвхөн залбирал, гүрэм дором хийхээс гадна оюун санааны эрдэмд суралцаж, боловсрох хэрэгтэй хэмээн айлдсаны дараа сүсэгтэн олны цөөн хэдэн асуултад хариулсан юм.

-Та олон улсаар явж сургаал номоо айлтгаж байсан. Таны бодлоор Монгол Улс юугаараа ялгарах вэ?

-Монголчуудын хувьд орчин үеийн шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг Наландрын сургаалтай хослуулан хэрэглэвэл монголчууд үнэхээр сайхан хөгжиж чадна. Та бүхэн орчин үеийн шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлээр биеийн амар амгаланг олно. Харин Наландрын сургаалаар сэтгэлийн амар амгаланг олох юм. Тэгэхээр бие, сэтгэлийн амар, амгаланг цогцлоосон гайхамшигтай улс болох боломж харагдаж байна.

-Залуучууд маань өөрсдийн уламжлалт буддын шашин, ёс зүйг судлахад анхаарах хэрэгтэй байна. Үүнд шашны байгууллага, иргэний нийгмийнхэн анхаарахгүй байгаад сэтгэл дундуур байдаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Шашин шүтэх, эс шүтэх хувь хүний эрх. Сэтгэлийн ухааныг дэлгэрүүлэхэд төрийн бус байгууллага, сүм хийдүүд их чухал нөлөөтэй. Ялангуяа сүм хийд энэ үйлд оролцох хэрэгтэй. Сүм хийд сүсэглэх газар биш суралцах газар байх ёстой. Лам хуврагууд маш сайн суралцах хэрэгтэй. Тиймээс би түвдүүдэд, Гималайд байгаа суралцагчдад илүү их суралцаарай гэж хэлдэг. Зарим бурхны шашинтай орнуудад сүсэгтнүүд сүм хийддээ хүндэтгэлтэй хандах нь багасч байна. Сүм хийдэд зан үйлийн гүрэм дором хийж сүсэгтнүүдийн өглөгийг авах нь нэмэгдэж. Лам хуврагууд мэдлэг боловсрол бага байгаа учраас сүсэгтнүүд сүм хийд, лам нарыг хүндлэхгүй байх тохиолдол гарч байна. Монголчууд ч гэсэн үүнийг анхаарах хэрэгтэй. Тиймээс лам хуврагууд уламжлалт шашны зан үйлээ явуулж байна гэхээсээ илүү өнөөгийн нөхцөл байдлыг ухаарч хүмүүс юу хүлээж байна гэдгийг харгалзаж тохирсон үйл ажиллагаа явуулмаар байна. Хэрвээ та нар намайг хүндэлдэг бол шинжлэх ухаанч, бурхны сургаалтан байгаасай гэж хүсч байна.

-Бясалгал хийхэд юуг эхэлж бодвол зохих вэ?

-Бясалгах чухал ч түүн дотор шинжлэн судлах бясалгал чухал байдаг. Их удаан хугацаанд бясалгал хийж байж үр дүн гарна. Би 56 жил бясалгал хийж байна. Хоосон чанар, шүтэн барилдлагын ухаанд бясалгах хэрэгтэй. Бусдыг нигүүлсэн бодийн сэтгэлийг бясалгах нь зүйтэй. Би өдөрт таван цаг бодийн сэтгэл, хоосон чанар, шүтэн барилдлагын ухааныг бясалгадаг. Мөн тарнийн ёсонд бодийн сэтгэл, хоосон сэтгэлийн ухаан чухал байдаг. Энэ байхгүй бол зүгээр л үг тоолж байгаагаас өөрцгүй юм.

-Манай Монгол Улс яаж тусгаар тогтнолоо хадгалж хүчирхэг болох вэ?

-Монголчууд бусдаас ялгарах соёл, уламжлалаа хадгалах хэрэгтэй. Чингис хааны үед Монгол агуу хүчтэй байжээ. Эдүгээ мэдлэг боловсрол, уламжлал соёл, шашнаа дээдэлснээр монгол түмний хийморь сүлд улам бадрах болно гэж хариулаад монголчууд та бүгдийн хичээл зүтгэл, ерөөл барилдлагаар би Монгол Улсад ирж чадлаа. Та бүхний сүсэг гайхамшигтай сайхан байна. Би дахин Их Монгол Улсад морилон ирнэ хэмээлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *