Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Т.Батбаатар: Нийслэлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих өндөр магадлалтай DNN.mn

Хууль зүйн ухааны доктор, эрхзүйч Т.Батбаатартай Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн хүрээнд ярилцлаа.


-Таны хувьд өмнө нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан хүн. Тэр утгаараа яг одоо хэлэлцэгдэж байгаа нийслэлийн хуулийн төслийн агуулга, ач холбогдлыг та хуульч хүнийхээ хувьд ямар байдлаар дүгнэж байна вэ?

-Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд эрх зүйн зохицуулалт хийж өгөх ёстой юу гэвэл, тийм. Эрх зүйн өөрчлөлтийг хийж өгөхийн тулд юун түрүүнд эхлээд нийслэлчүүдийн саналыг маш сайн сонсох ёстой байсан.

Гэтэл хотын шинэ дарга хоёр долоо хоногийн хугацаанд өөрийн хийх ажлаа хуульчлахаар хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлчихсэн. Мэдээж хотын дарга хууль санаачлах субъект биш. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл гэж явж байгааг та бүхэн анзаарсан байх. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх цаг нь болсон ч ийм богино хугацаанд бүрэлдсэн хуулийн төсөл батлагдлаа гэхэд амьдралд буух, хэрэгжихэд олон алдаа дутагдал гардаг. Тэрхүү эрсдэлээ хотын шинэ дарга болон цаашлаад эрх баригч намын нөхөд тооцсон л байх. Мэдэж байгаа болохоор хуулиа эхлээд батлуулчихъя. Дараа нь алдаа байвал засаад, сайжруулаад явъя гэдэг зарчмаар уг асуудалд хандаад байна уу гэсэн дүгнэлттэй л байна даа.

-Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төсөлтэй нарийн танилцсан уу?

-Миний хувьд өмнө нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулалцаж явсан хуульч. Тэр утгаараа Нийслэлтэй холбоотой эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг байнга судалж явдаг хүний нэг. Тиймээс энэхүү хуулийн төслийн явц эхлэхтэй зэрэгцэн санал, шүүмжлэлээ холбогдох ажлын хэсгийн хүмүүст хэлж ирсэн. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төсөл өөрөө зургаан бүлэгтэй байгаа.

Гол агуулга нь түгжрэлийг бууруулах зохицуулалт болон орон сууцжуулах, түүнийг дагасан газар олголт, чөлөөлөлтийн асуудлыг шийдэхэд зориулагдсан хуулийн төсөл. Тиймээс энэ хоёр агуулгын хүрээнд хуулийн төсөл бүхэлдээ бичигдсэн гэсэн үг.

-Олон нийтийн хувьд уг хуулийн төсөлд тусгагдсан хотын төвөөр зорчихдоо төлбөр төлдөг болно гэсэн заалт дээр л маргалдаад байгаа. Энэ ер нь эрх зүйн хувьд бодитой шинэчлэл, шийдэл мөн үү?

-Улаанбаатар хот өөрөө 1.6 сая хүн амтай. Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь энэ хотод аж төрж байгаа. Нөгөөтэйгүүр нэг саяас илүү хүн амтай буюу метрополис хот болгонд тулгардаг зовлон бол түгжрэл. Москва, Берлин, Лондон, Мумбай, Токио гэх зэрэг хотууд энэхүү асуудлаа эрх зүйн орчноо сайжруулснаар шийдэж чадсан туршлага бий. Тиймээс хотын асуудлыг шийдэхийн тулд хуулийн төсөл өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлж байгаа нь сайшаалтай. Энэ бол шинэчлэл мөн. Гэхдээ хууль батлахын тулд мөрддөг нэг бичигдээгүй хууль гэж бий. Тэр нь хэлэлцүүлэхээсээ өмнө олон нийтэд хуулийн төслөө эхлээд ойлгуул, саналыг нь тусга гэж. Хэрэв олон нийтийн мэдээгүй, сонсоогүй хуулийн төсөл гэнэт хэлэлцээд эхэлбэл тухайн хуулийн батлагдах процесс, цаашлаад хэрэгжилтийн явцад олон алдаа хийдэл гардаг. Тухайлбал, өнгөрсөн жил Н.Учрал сайд Цахим сүлжээнд хязгаарлалт тогтоох тухай хуулийн төсөл өргөн мэдүүлж, гэрлийн хурдаар батлуулчихсан. Гэнэтийн энэхүү шийдвэрт олон нийт шүүмжлэлтэй хандаж, улмаар Ерөнхийлөгч хориг тавьсан шүү дээ. Яг энэ эрх зүйн кэйс дахин давтагдаж байна уу даа гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр Х.Нямбаатарын санаачилсан энэхүү хууль УИХ-аар хэлэлцэгдээд батлагдлаа гэхэд олон нийтийн шүүмжлэлийг харгалзан үзээд Ерөнхийлөгч хориг тавих магадлал өндөр байгаа шүү. Ингээд энэхүү хуулийн төсөл дахиж хэзээ орж ирэх нь мэдэгдэхгүй царцана. Ийм нөхцөл байдал руу оруулахгүйн тулд аливаа хуулийн төслийг эхнээс нь маш нямбай, судалгаатай, санал асуулгатай өрнүүлэх шаардлагатай. Ингэхгүйгээр хэсэг бүлэг хүмүүсийн саналаар, улс төрийн оноо авах гэсэн зорилготойгоор хууль санаачлах нь өөрөө нийгэмд асар хор хөнөөлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Адаглаад төр иргэний харилцаа улам алсардаг. Төрдөө итгэх иргэдийн итгэл унадаг. Үүнээс болоод нийгмийн хэрэгцээнд тулгуурлаж батлагдан гарсан хууль амьдрал дээр хэрэгждэггүй. Том зургаар нь харвал чанаргүй, судлагдаагүй хууль боловсруулах нь өөрөө Үндэсний аюулгүй байдлын эсрэг явуулж байгаа нэг төрлийн гэмт үйлдэл шүү. Тиймээс хууль гаргахаасаа өмнө тухайн хуулиа эхлээд олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх ажлыг маш сайн хийх ёстой гэсэн үг.

-Нийслэлийн хуулийг та ер нь хурдан хийгдсэн, түүхий хуулийн төсөл гэж хэлэх гээд байна уу?

-Түүхий хуулийн төсөл гэж яг ч тодорхойлж болохгүй байх. Гэхдээ хуулийг ийм богино хугацаанд батлуулах гэж зүтгэж байгаагийн цаана байнга улс төрийн эрх ашиг нуугдаж байдаг. Хууль гэдэг амьдрал. Тэр утгаараа чанаргүй хууль гарах болгонд нийгмийн нэг хэсэг амьдрал сөнөж байдаг. Тиймээс бид хууль батлахдаа үүнийг маш сайн анхаарах ёстой юм.

-Та энэхүү хуулийн төслийг анх бэлтгэж эхлэхтэй зэрэгцэн танилцаж санал шүүмжлэлээ хэлж ирсэн гэлээ. Түгжрэл, орон сууцжуулахаас өөр ямар зохицуулалт энэхүү хуулийн төсөлд байгаа вэ?

-Түгжрэл гэдэг бол бүх нийтийн асуудал. Үүнийг шийдэхийн тулд цогц асуудлыг дэвшүүлж байж шийднэ. Тэр утгаараа ганц түгжрэлийг бууруулах хууль батлагдаад асуудал шийдэгдэхгүй. Энэ хууль батлагдсанаараа бусад эрх зүйн актуудад мөн адил өөрчлөлт хийгдэнэ. Үүнийг дагалдах хуулийн төслүүд гэж байгаа шүү дээ. Тэр бүгдийг энд хэлэх нь маш их цаг хугацаа шаардана. Тиймээс яг гол хуулийн төсөлд орж байгаа шинэ зүйл юу байна. Ямар эрх зүйн акт батлагдах гэж байгааг хэлье. Миний харж байгаагаар түгжрэлийг бууруулахын тулд төлбөр авдаг бол гэж байгаа. Ингэхдээ хотын зах хэсгээр автомашинаа зогсоолд байршуулж, төв рүү нэвтрэх хөдөлгөөнийг сайжруулахаар байна. Нөгөөтэйгүүр нийтийн тээврийн үйлчилгээг гурав дахин нэмэгдүүлэх шаардлага үүсч байгаа юм билээ. Үүнийг шийдэхийн тулд тус хуулиар Нийтийн тээврийг хөгжлүүлэх сан шинээр бий болохоор байгаа. Тус сангаар дамжуулан нийтийн тээврийн үйлчилгээг одоо байгаагаас гурав дахин илүү сайжруулах эрх зүйн орчин бүрдэж байгаа гэсэн үг.

-Нийтийн тээврийг хөгжүүлэх сан гэдэг нь ямар учиртай юм бэ. Ямар нэгэн сан байгуулагдах нь иргэдэд таалагдах болов уу?

-Олон нийт хүлээж авах эсэхийг одоогоор хэлэхэд арай эрт байна. Уг хуулийн төсөл ч батлагдаагүй, дөнгөж хэлэлцэгдэх шатандаа явж байгаа шүү дээ. Түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах хуулийн төсөлд энэхүү заалт тодорхой байгаа. Ямар учиртай сан бэ гэдэг нь нэрнээсээ ойлгомжтой сонсогдож байгаа байх. Тус сангийн орлого яаж бүрдэх талаар тус хуульд мөн заасан байна лээ. Тухайлбал, Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн орлого нь хандив, тусламж, нийтийн тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн орлого, төлбөртэй бүсийн орлого, нийтийн тээвэр ашигласны орлого зэрэг эх үүсвэрүүдээс бүрдэж байхаар зохицуулсан байна лээ. Мөн Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, орлого, зарлага, хяналтыг НИТХ тавихаар хуулийн төсөлд тусгагдсан харагдсан. Бусад сангууд шигээ дампуурчихгүй бол нийтийн тээврийн салбарт хамгийн чухал шаардлагатай байгаа санхүүжилтийн асуудал шийдэгдэнэ гэсэн үг.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *