Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сөргөлдөөнтэй дэлхийд Ерөнхий сайд гадаад бодлогын зөв нүүдэл хийж байна DNN.mn

Дэлхий ертөнцийн нөхцөл байдал амаргүй байна. Цар тахал, дайн байлдааны уршгаар олон улсын харилцаа түвэгтэй, эдийн засаг ээдрээтэй болсон. Энэ үед бид зөв маневрлавал хожих боломжтой. Төр засгийн зүгээс ч гадаад бодлогодоо балансаа алдахгүй, ухаалаг алхмуудыг явуулж байгаа нь олон улсын түвшинд эерэг харагдаж байгаа. Үүнийг Ерөнхий сайдын гадаад улс орнуудад хийж буй албан болон ажлын айлчлалуудаас харж болохоор байна.

Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын тэргүүн болсноосоо хойш Япон, Хятад улсад айлчилсан. Ковидын хатуу хөл хорионы дараа Сингапурт албан ёсны айлчлал хийлээ. Саяхан хойд хөрш ОХУ-д очоод ирсэн. Түүнийг Влавивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцохоор хөдлөхөд нь Дайнтай орон руу зүглэж, хэтэрхий нэг талыг баримталлаа гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөөд байв. Аливаа айлчлалын тов нэг, хоёр өдөр, сарын өмнө гардаггүй. Бүтэн жилийн өмнөөс бэлтгэгддэг төрийн өндөр түвшний хариуцлагатай ажил. Орос, Украины дайн дэгдэхээс ч өмнө Ерөнхий сайдын Владивостокт оролцох хурлын тов гарчихсан байсан хэрэг. Тэгвэл мань эр одоо Европыг зорих гэж байна. Тэр дундаа Лондонд очно гэсэн. Энэ сарын 19-ний өдөр болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог Жавхлант Хатан Хаан Хоёрдугаар Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцох юм билээ. Тэрбээр Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзтай мэндчилж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ гэсэн албан мэдээлэл бий. Энэхүү ёслолд гадаад улс орнуудын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг өндөр, дээд түвшний 500 гаруй төлөөлөгчид оролцоно. Мэдээж энэ үеэр орон, орны төр засгийн удирдлагууд яриа хэлэлцээ өрнүүлнэ. Олон улсын тавцанд политикоо алдахгүй байгаа манай улсын хувьд тэдэнтэй ажил хэргийн яриа явуулбал амжилттай байна. Ерөнхий сайдын хувьд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, ялангуяа Шинэ сэргэлтийн бодлогоо дэлхийд танилцуулж, хөрөнгө татах том боломж хэмээн судлаачид үзэж байна лээ.

Л.Оюун-Эрдэнэ Лондонгоос ирээд манай гуравдагч хөрш Япон руу мордоно. Энэ сарын сүүлээр Япон улсын ерөнхий сайд агсан Ш.Абэг үдэх төрийн оршуулгын ёслолд дэлхийн улс орнуудтай мөр зэрэгцэн оролцоод ирнэ. Энэ үеэр Монгол Улсын хөгжлийн хурдасгуур болох Шинэ сэргэлтийн бодлогод багтсан томоохон төслүүдийг явуулахад өндөр хөгжилтэй орнуудын тусламж, дэмжлэгийг хүртэх зорилгоо Л.Оюун-Эрдэнэ тээж явах байх. Ер нь Засгийн газраас зарласан энэ том хөгжлийн бодлогыг бодит болгоё гэвэл манай зүгээс асар их хичээл зүтгэл хэрэгэй. Зоривол бүтнэ гэгчээр Ерөнхий сайд хөрш орнуудад айлчлахдаа Шинэ сэргэлтийн бодлогын төслүүдийг танилцуулдаг. Эхнээсээ томоохон төслүүд хөдлөөд эхэлсэн. Сая хүртэл Владивостокт очихдоо бүс нутгийн хэмжээнд зарлаж, хөрөнгө оруулагчдыг урьсан. Тун удахгүй Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдын анхааралд багтаж, тодорхой байр суурь эзэлж чадна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаад бодлогодоо төвийг сахисан, олон талт байр суурьтай ажиллаж буй нь дэлхий сөргөлдөөнтэй байгаа энэ цаг үед тун оновчтой, зөв нүүдэл юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *