Categories
мэдээ нийгэм

Сурагчид айдасгүйгээр хувцсаа солих өрөөтэй боллоо DNN.mn

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас энэ онд зарласан “Асуудлаас шийдэлд”  уралдаанд аймгийн “Тэмүүжин” ЕБС хамт олноороо оролцож, сурагчдынхаа хамгийн тулгамдсан гэж үзсэн спорт танхимын хувцас солих өрөөг  байгууллаа.

Сургуулийн багш, ажиллагсад зуны амралтын үеэр төсвөө тал бүрээс бүрдүүлж хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн спорт танхимын жижиг хоёр өрөөг нэгтгэн шинэчлэн тохижуулжээ. Өрөөний ханыг буулгаж, агааржуулалт тавихаас эхлээд тааз, хана, шал бүгдийг иж бүрнээр нь хүүхдэд ээлтэй, өнгөлөг дулаан тохитой байхаар тохижуулсан байна. Хүүхдүүд нэг зэрэг хувцсаа солих хана, хөшгөөр тусгаарласан тасалгаатай, тасалгаа болгон толь, зөөлөн сандал, хөшигтэй. Мөн хөл угаах, бие засах болон цэвэр усны өрөө, хувцасны 48 шүүгээ гээд биеийн тамирын хичээл, тэмцээн уралдаанд оролцож байгаа хүүхдүүд тухтай байх нөхцөл бүрджээ. Төсвөөс нэг ч төгрөг авалгүй өөрсдийн санаачилгаар шийдэж чадсан гэж багш нь нар танилцууллаа.

“Тэмүүжин” ЕБС-ийн захирал  М.Золзаяа энэ тухай танилцуулахдаа “Биеийн тамирын хичээл, секц дугуйлан гээд зөвхөн спорт танхимд өдөрт дунджаар 14 хичээл ордог. Нэг ээлжид 35 хүүхдүүд хичээллэдэг гэхээр 500-аад хүүхэд өдөр бүр энэ өрөөнд хувцсаа сольж байна. Сургуулийн хүүхдүүдийн нэн хэрэгтэй гэж тодорхойлсон хувцас солих өрөөний асуудлыг шийдэхэд сургуулийн эрэгтэй багш нар маш идэвхтэй оролцсон. Хүүхдүүд айдасгүйгээр амар тайван хувцсаа солих боломжийг бүрдүүллээ. Сурагчид маань их баяртай байгаа. Бүх багш, ажилтан сэтгэлээрээ хамтран ажилласныг ч хэлмээр байна.  Ер нь ерөнхий боловсролын сургуулиудад биеийн тамир, уралдаан тэмцээний үеэр хувцас солих тохитой орчин шаардагддаг. Тиймээс бидний туршлагаас санаа аваасай, дэлгэрүүлээсэй гэж хүсэж байна. Зорилгоо амжилттай биелүүлсэн нийт багш  ажилтнууддаа талархлаа илэрхийлье” гэлээ.

Дээрх санаачилгаараа  Хэнтий аймгийн “Тэмүүжин” ЕБС “Асуудлаа шийдэж чадсан шилдэг төрийн байгууллага” шагналыг авсан байна.

Сургууль гэхээр ногоон хана, хоосон коридор, зөвхөн хичээлийн танхимуудтай байдаг гэсэн  тогтсон ойлголтыг 2000 гаруй хүүхэдтэй тус сургууль халж чаджээ. Сул зай, хонгилын талбайг ашиглан кофешоп, орчин үеийн амрах өрөө шиг тохижуулсан нь хүүхдүүдийн сонирхол талархлыг хүлээжээ.  Мөн шинэ хичээлийн жилд  сургуулийнхаа бие засах бүх өрөөнд бидэ суултуур суурилуулаад байна.

Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн жишиг 30 сургуулийн нэг тус сургууль асуудлаа шийдвэрлэхдээ хамтаараа хэлэлцэн эрэмбэлж, бүгдээрээ оролцож өөрчилж, хийж бүтээдэг гээд  бусад газрууд авч хэрэгжүүлмээр сайн туршлага олон  байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *