Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Спортын ганц хүнээрээ Спирт сурталчлуулахаа болимоор байна

Манай сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг тамирчин, олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Санчир гадаадын мэргэжлийн лигт өндөр хөлсөөр тоглохоор саяхан эх орноосоо мордсон. Түүнийг Филиппиний сагсан бөмбөгийн мэргэжлийн лиг болох РВА-д легионер тоглогч болсонд монголчууд бахархаж байна. PBA нь Азийн хамгийн анхны лиг төдийгүй дэлхийд дээгүүрт ордог. Ийм мундаг лигт легионер тоглогч болно гэдэг амаргүй. Хэр баргийн аавын хүүгийн гаргачихдаг амжилт биш. Т.Санчирын гадаад, дотоодын тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтуудыг бүгд мэднэ. Тэрээр хоёр жил дараалан “Үндэсний супер лиг”-ийн онооны лидерээр тодорч байлаа. 2013 оны дэлхийн Оюутны универсиад тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож, шилдэг довтлогчдын нэг гэдгээ олон улсын тавцанд харуулж чадсан. Мөн Зүүн Азийн АШТ-д бас гайхалтай байж, шигшээ баг нь оноо авалтаар тэргүүлсэн. Хамгийн сүүлд 2014 оны Азийн наадмын шилдэг тоглогчийн нэгээр нэрлэгдэж, мэргэжлийн багуудын скаутуудын хараанд өртсөн билээ. Тэр үеэс Т.Санчирыг гадаадынхан легионер тоглогчоор авахаар хорхойссон гэхэд болно.

Монголчууд төдийгүй дэлхий дахинд танигдсан энэ залуу бол бид бүхний бахархал. Монголын залуучууд түүн шиг болохыг хүсч, даган дуурайж байна. Т.Санчирын хичээл зүтгэл, оргил өөд тэмүүлэх амжилт нь залууст үлгэр дуурайлал болж байгаа. Гэтэл шилдэг тамирчнаараа шар айраг сурталчлуулаад байх юм. “Сэнгүүр” шар айргийг сурталчилсан Т.Санчир Америкийн легионер Лавсон нарын реклам орой болгон телевизээр гарч байна. Энэ бол залуучуудад тун буруу жишээ болж байгаа. Шүтэн биширч, дээдэлдэг хүнийхээ хийх үйлдлийг заавал дуурайж, тэднээр үлгэрлэдэг нь фэнүүдийн зан байдаг. Үнэн хэрэгтээ согтууруулах спиртийн төрлийн хэрэглэснээр хэзээ ч амжилтад хүрдэггүй шүү дээ. Тухайн “компанийн хувьд борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд үндэсний бахархал болсон тамирчныхаа нүүр царайг ашигласан биз. Гэхдээ түүнийг согтууруулах ундааны рекламанд тоглуулж байгаа нь зохимжгүй. Үүний оронд сүү, тараг, ундаа, шүүс гээд бусад бүтээгдэхүүнээ сурталчлуулж болно доо.

Хүч хөдөлмөрөө шавхан байж алдар нэрээрээ цойлж байгаа тамирчдаараа гадаадынхан арай ч спирт сурталчлуулаад байдаггүй. Бидэнд хамгийн ойрхон хоёр хөршийгөө харъя л даа. Ихэнхдээ эрч хүчийн ундаа рекламдуулсан байдаг. Эсвэл брэнд хувцасны модель болгодог. Япон, Солонгост мөн ялгаагүй тамир тэнхээ оруулдаг хүн орхоодойн бэлдмэл, бэлэн гоймон зэргийн сурталчилгаандаа улсынхаа бахархал болсон залуусыг тоглуулж байна. Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүд гэхэд эзэгтэй нарыг байлдан дагуулсан гоо сайхан, гэр ахуй, ариун цэврийн бүтээгдэхүүн сурталчилдаг. Улмаар ажилсаг ээж нарын дүр бүтээсэн рекламд тоглодог байх жишээний.Харин манайхан спортын ганц хүнээрээ спирт сурталчлуулахаа болимоор байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *