“Монголчуудын үс, арьс яг цаг агаар шигээ хуурай, ширүүн юм аа” гэж гадны гоо сайханчийн амнаас сонсож байв. Үнэндээ хүн бүр тийм биш л дээ. Хэдийгээр эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр үс гэмтэж, бүтэц нь өөрчлөгдөн хуурайшдаг ч арчилгаа сайн бол ийм асуудлаас бүрэн сэргийлж чадах аж.
Сүүлийн үед дэлгэрээд байгаад элдэв шалдав үсний тэжээлийн бүтээгдэхүүнүүд ч асуудлыг бүрэн шийдчихгүй. Бүгд химийн найрлагатай болохоор хэсэгтээ үсийг гялалзуулан намируулж байгаад үйлчилгээ нь гарахаар өмнөхөөсөө ч дорддог болохыг мэргэжлийн хүмүүс анхааруулах нь бий. Иймд үсээ эрүүл сайхнаар нь урт хугацаанд хадгалах хамгийн энгийн арга бол зөв угааж хэвших юм байна. Юун түрүүнд бүлээн зэлгий усаар үсээ угааж байх ёстой гэнэ. Манай орны хувьд усны хатуулаг чанар өндөр болохоор зөөлрүүлсэн ус хэрэглэж байвал илүү тохиромжтой ажээ. Ингэхдээ шампуниа хуйхандаа жигд түрхэж, сайтар хөөсрүүлэн массажилсны дараагаар усаараа зайлж байгаарай. Үсэнд шампунийн үлдэгдэл байхгүй болтол нь угаах хэрэгтэйг мэргэжлийн хүн сануулав. Хэрэв дутуу зайлвал үс зууралдаж, улмаар гэмтэж, хагтах зэрэг бүх асуудлын суурь болдог гэнэ. Угаасан үснийхээ усыг алчууранд шингээсэн маягтай шавхаарай. Ингэж зөв угаасан үсээ тасалгааны темпратурт өөрөөр нь хатаавал чийгшлээ алдахгүй, эрүүл сайхнаараа байх бүрэн боломжтой.
Хамгийн чухал нь үсээ тонгойж биш, гэдийсэн маягтай зулайнаасаа эхэлж угаах нь зөв аж. Толгойгоо тонгойж угааснаар зөвхөн үс гэмтээд зогсохгүй нүдэнд ч сөрөг нөлөөтэй байна. Нүд рүү саван, хөөс орж, өөхлөлт үүсэх нэг шалтгаан болдог юм байна шүү. Үс сайхан бол зүс сайхан гэдэг дээ. Үсээ зөв угааж хэвшвэл олон талын ач тустай байх нь ээ.