Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хуруугаа гэмтээвэл ямар арга хэмжээ авах вэ? DNN.mn

Хүний хөдөлмөрийн гол “багаж” бол яалт ч үгүй хуруу. Иймд гараа бүрэн бүтэн байлгах нь юу юунаас чухал. Өчүүхэн төдий өргөс өндгөнд орж хувилахаар яадаг билээ дээ, бид. Тэгвэл санамсар болгоомжгүйгээс болж хуруу, гараа хаалганд хавчуулж, гэмтээвэл эд эрхтнээсээ ч салах аюултайг эмч сануулав.

Хүүхэд гэлтгүй томчуудад ч ийм асуудал элбэг тохиолддог байна. Хаалганд хуруугаа хавчуулах үед бяцарсан хугарал үүсч, хумсны дотуур цус хуралддаг аж. Хуруугаа хүчтэй нугалахад тэнийлгэгч булчингийн шөрмөс тасрах аюултай тул болж өгвөл хөдөлгөөнгүй байлгах нь зүйтэй гэнэ. Хурууны үений хугарлын үед тэр хэсэгтээ хавдаж, хөдөлгөхөд айхавтар өвддөг учир чиг тавьж боох ёстой аж. Хэрэв хугарсан хэсэг муу эвлэж бороолбол хурууны үйл ажиллагаа ноцтой алдагддаг. Ар тийш тахийж бороолбол нугалах, алган тийш тахийвал тэнийлгэх хөдөлгөөн хязгаарлагддаг байна.

Хуруугаа гэмтээсэн бол тэр даруй рентген зураг авахуулж, мэргэжлийн эмчид хандаарай. Сүүлийн үед манайхан эрүүл мэндтэй холбоотой зөвлөгөөг интернэт гэгч “их мэдэгч” нэртэй “үл мэдэгч”-ээс асууж цаг алддаг болсон нь худлаа биш. үүнээсээ болж эрүүл мэндээрээ ноцтой хохирсон кэйс олон бий. Жишээлбэл, 20 гаруй насны залуу хуруугаа машины багаажинд хавчуулчихжээ. Тэсэхийн аргагүй өвдөхийн зэрэгцээ хуруу нь тэр дороо хавдчихаж. Энэ үед зауу гар утсаараа зургийг нь дараад “фэйсбүүк”-д постолж л дээ. Нүд ирмэхийн зуур арав, хорин зөвлөгөө жиргээд ороод ирж. Тэр дунд хүйтэн жин тавих нь үр дүнтэй гэсэн коммент зонхилсон байна. Мань эр тэр зөвлөгөөг дагажээ. Харамсалтай нь хуруу нь эдгэрэх нь битгий хэл хумсан доорх хурсан цус идээ татаж, цаашлаад яс руугаа орсон байж. Ингээд хуруугаа тайруулахад хүрчээ.

Иймд аминаас холуур хуруу төдийхний гэмтэл гэж үл ойшоолгүй эмчийн зөвлөгөөг дагаарай. Ер нь бол гэмтлийн үрэвсэл арилтал буюу цус, хаван сорогдож шимэгдтэл 2-3 долоо хоног сайн чиг бэхэлгээ хийдэг юм билээ. Мэдээж юм өргөж болохгүй, кальциар баялаг хүнс түлхүү хэрэглэх нь эдгэрэлтийг түргэсгэхэд сайн нөлөөтэй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *