Хятад-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны жишиг бүсийн Монгол Улстай туршлага солилцох уулзалт Улаанбаатар хотод энэ даваа гарагт болов. Чуулга уулзалт “Бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Торгоны замын ирээдүйг хамтдаа бүтээе” сэдвийн хүрээнд мэдээлэл танилцуулах, санамж бичигт гарын үсэг зурах хэлбэрээр өрнөлөө.
БНХАУ-ын Циндао хотноо 2018 онд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болсон. Энэ үеэр тус хотод Хятад-ШХАБ-ын орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны жишиг бүсийг байгуулжээ. Уг жишиг бүс үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш зургаан жилийн хугацаанд томоохон дэвшлүүд явагдаж, өргөн хүрээтэй боломжийг нээж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, тус бүсийг байгуулснаар олон улсын ложистик хөгжиж, орчин үеийн худалдаа, хоёр талын хөрөнгө оруулалт, бизнес, аялал жуулчлал, соёлын солилцоо зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно. Мөн Хятад улс болон ШХАБ-ын бусад орон хоорондын уялдаа холбоог бэхжүүлж, Евразийн хуурай замын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын хамтын ажиллагаанд үр дүнтэй үүрэг гүйцэтгэх, бүх талын нээлттэй харилцааг шинэ шатанд гаргах зэрэг томоохон зорилгыг агуулсан байна. Энэ талаар уулзалтын эхэнд Хятад-ШХАБ-ын орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны жишиг бүсийн намын ажлын хорооны нарийн бичгийн дарга Жан Синьжү мэдээлэл өглөө.
Тэрбээр “2018 оны зургаадугаар сард Циндао хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт амжилттай болж, Хятад-ШХАБ-ын орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны жишиг бүс Циндаод байгуулагдсан. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд ШХАБ-ын жишиг бүс нь Ши Жиньпин даргын чухал заавар, төв засгийн газрын шийдвэр, зохицуулалтын үзэл санааг дагаж мөрдөж ажилласан. Олон улсын ложистик орчин үеийн худалдаа, хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, бизнес, аялал жуулчлал, соёлын солилцооны “дөрвөн төв” болон ШХАБ-ын Эдийн засаг, худалдааны академийн дэмжлэгтэйгээр эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны платформуудын “хатуу холболт” болон эдийн засаг худалдааны жишиг бүсүүдийн “зөөлөн холболт”-ыг дэмжихийн тулд хүчин чармайлтаа дайчлан ажилласан. Үүний үр дүнд ШХАБ болон орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хүрээнд “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулахад үйлчлэх олон улсын хоёр болон олон талт хамтын ажиллагаанд хүлээн зөвшөөрөгдсөн иж бүрэн нээлттэй платформ болсон.
ШХАБ-ын ажиглагч орны хувьд Монгол Улс нь Хятад улстай гүн гүнзгий харилцаа, хамтын ажиллагаатай байдаг. Хятад болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн шинэ эхлэл дээр зогсож буй энэ үед ШХАБ-ын жишиг бүс нь Монголын талтай нягт харилцаж, практик хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад болон Монголын аж ахуйн нэгжүүдэд эдийн засаг, худалдааны солилцооны платформ болж, хамтын ажиллагааны ая тухтай байдлыг хангахад бэлэн байна. ШХАБ-ын жишиг бүс нь харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, эрх тэгш харилцаа, харилцан зөвшилцөл, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэх, хамтын хөгжлийг илэрхийлэх гэсэн “Шанхайн үзэл баримтлал”-ыг ямагт баримталж ирсэн. Өдгөө Монгол Улсын нийгмийн бүх давхаргатай илүү олон салбарт харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр орны орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ ололт амжилтыг хамтдаа ахиулахад бэлэн байна” гэв.
Мөн чуулга уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдааны зөвлөх Лю Жинжи оролцож, мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу хоёр орны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх өргөн боломж байгааг хэлсэн.
Тэрбээр “Хятад, Монгол хоёр бол уул усаар холбогдсон хөрш орнууд. “Бүс ба Зам”-ыг хамтдаа байгуулж буй сайн ах дүүс, сайн хөрш, сайн түншүүд. Хятад, Монгол хоёр орны эдийн засаг нь бие биенээсээ харилцан хамааралтай, нягт уялдаатай. Талуудад эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны асар их нөөц бололцоо бий. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хоёр орны засгийн газар, аж ахуй нэгжүүд хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлсээр байх болно. Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны энэхүү уулзалтыг Хятад-Монголын аж ахуй нэгжүүд эдийн засаг, худалдааны мэдээлэл солилцох сувгийг нээх, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны нээлттэй, нэгдсэн платформыг бий болгох, “ШХАБ-ын гэр бүл”-ийн хүрээнд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог шинэ шатанд гаргах боломж болгон ашиглана гэдэгт бид бүхэн найдаж байна” гэсэн юм.
Түүнчлэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын (МҮХАҮТ) Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан уулзалтад үг хэлж, хоёр орны бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд илт сэргэж буйг тэмдэглэсэн.
Тэрбээр “Манай танхим бол бизнесийн таатай орчин бүрдүүлэх, хэрэглэгчдийнхээ дуу хоолой болох, эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчид хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр түлхүү ажилладаг Монгол Улсын бизнесийн тэргүүлэх байгууллага юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн онд Бээжин хотноо хийсэн айлчлалын хүрээнд бизнес формуудыг зохион байгуулсан. Тэр цагаас хойш цар тахлын улмаас царцсан байсан хоёр орны бизнесийн хамтын ажиллагаа сэргэж, олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Цаашид МҮХАҮТ нь БНХАУ-ын бизнес эрхлэгчдийг холбох, үзэсгэлэн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллах болно” гэв. Өнгөрсөн оны эцсийн байдлаар хоёр орны худалдааны эргэлт 17.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Арга хэмжээний үеэр ШХАБ-ын Эдийн засаг, цогц үйлчилгээний платформ, ШХАБ-ын олон улсын зангилаа боомт, ШХАБ-ын Холдинг группын төлөөлөгчид тусгай илтгэл тавьсан. Тухайлбал, олон улсын зангилаа боомтын төлөвлөсөн талбай 22.5 км квадрат бөгөөд логистик болон нисэхийн худалдаа, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэсэн хоёр том бааз баригдсан талаар хэлэв. Олон улсын ложистикийн төв нь далай, хуурай газар, агаарын болон төмөр замын боомтуудыг нэг дор нэгтгэсэн олон улсын олон төрлийн тээврийн иж бүрэн боомт болох зорилготой аж. Ачаа тээврийн эргэлт жил бүр өсөн нэмэгдэж байгаа. Мөн хил гаалийн бүрдүүлэлтийг хялбар, оновчтой болгох, хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжсэн чухал зохицуулалт, төлөвлөлтүүдийг хийж өгсөн байна. Энэ бүхэн нь Монгол Улс, Монголын бизнес эрхлэгчдэд томоохон давуу тал олгох боломжтой хэмээн танилцуулгад дурдаж байлаа. Өнгөрсөн онд тус олон улсын ложистикийн төвөөр Хятад-Европын ачааны 863 вагон зорчсон байна.
Үүнээс гадна гадаадын иргэний асуудлын тусгай цонх ажиллуулж эхэлсэн байна. Мэргэшсэн боловсон хүчин Хятадад ирж буй гадаадын иргэдэд “нэг хүнд нэг” гэх тав тухтай үйлчилгээг үзүүлж байгааг дурдав. Мөн аж ахуй нэгжүүдэд гарал үүслийн шалгалт, даатгал, хуулийн арбитр, арилжааны зөвлөгөө, гадаад валютын бизнес, орчуулгын үйлчилгээ зэрэг төрийн болон бизнесийн үйлчилгээг тав тухтай, шуурхай хүргэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Ерөнхийдөө 2018 оны зургаадугаар сард Циндао хотноо байгуулагдсан “Хятад-ШХАБ-ын орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны жишиг бүс” нь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эдийн засаг, бизнесийн өргөн хүрээтэй боломжийг бүрдүүлэхэд асар их хүчин чармайлт гарган ажиллаж, үр дүнд хүрч буй аж.
Мөн арга хэмжээний хүрээнд ШХАБ-ын Эдийн засаг, худалдааны сургууль болон МУИС хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Хоёр тал өөр өөрийн давуу талаа бүрэн дүүрэн ашиглаж, боловсон хүчин бэлтгэх, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, гадаад харилцаа ба хамтын ажиллагааны платформ байгуулах, Хятадболон Монгол хоёр орны өндөр түвшний судалгааны төвүүдийг хамтран байгуулах замаар харилцан ашигтай хамтран ажиллах аж.
Түүнчлэн, Шанхайн хамтын ажиллагааны холдинг групп болон “Илт Хан” аялал жуулчлалын компани нь Циндао-Улаанбаатарын аялал жуулчлалын маршрутын чиглэлд хамтран ажиллах хэлэлцээрт газрын үсэг зурсан юм. Талууд соёлын аялал жуулчлал, сургалт, соёлын солилцооны хүрээндхарилцан ашигтай, хамтран ажиллахыг зорьж байна.
Арга хэмжээний үеэр “Хятад-ШХАБ-ын эдийн засаг, худалдааны академийн Улаанбаатар дахь төв”-ийг нээсэн юм. Тус төв нь ШХАБ-ын Эдийн засаг, худалдааны академийн платформын давуу тал дээр тулгуурлан Монголын их, дээд сургуулиудтай талентын коридор байгуулж, Хятад, Монголын талент солилцоог ахиулах, талент судлал, талентуудын сургалт, зуслан, богино болон дунд хугацааны тусгай судалгаа явуулах зэрэг үйл ажиллагаа өрнүүлэх аж.
Дашрамд өгүүлэхэд, ШХАБ нь Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага юм. ШХАБ байгуулагдаж буйг БНХАУ, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикстан, Узбекистан улсын удирдагчид 2001 оны зургаадугаар сарын 15-нд Шанхай хотноо зарлан тунхагласан. Улмаар ШХАБ-ын дүрмийн баримт бичигт 2002 оны зургаадугаар сард гарын үсэг зурснаар 2003 оны есдүгээр сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ. Манай улс өнөөгийн байдлаар тус байгууллагад ажиглагч гэсэн байр суурьтайгаар явж байна.