Categories
мэдээ цаг-үе

С.Сүхбаатар: Өөрийн бүтээлүүдээ бичиж үлдээх нь урлахуйн сангаас оюуны их санд оруулах миний үүрэг болсон

Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатартай ярилцлаа.


-Зун амарч чадсан уу, ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Багахан амрах хугацаа гарсан. Энэ хугацаанд дараагийн хийх уран бүтээлийнхээ ажилд орчихсон явж байна. Наадмаар хүүхдийн концерт тавьсан. Тэр тоглолт сайхан боллоо. Сайхан наадлаа. Хөдөө аймгуудын наадам болж байгаа. Дараагийн хийх уран бүтээлдээ орчихсон, төлөвлөгөөгөө гаргаад уран бүтээлчидтэйгээ ярилцаж байгаа. Удахгүй Өмнөд Монгол руу явж, цөөхөн бүжигчинд хоёр бүжиг дэглэж өгөх ажил бий. Мөн намар хийх уран бүтээл, дараа жилийнхээ төлөвлөгөөг боловсруулаад явж байна. Есдүгээр сард Өмнөд Монголоос зохион байгуулдаг монгол туургатан бүжигчдийн уралдаан болно. Тэр уралдаанд Монголынхоо бүжигчидтэй оролцоно. Тэгээд цаашаа бидний төлөвлөсөн Монгол Улсын филармонийн уран бүтээлүүд болон хийхээр төлөвлөсөн олон ажлууд үргэлжилнэ дээ.

-Аавынхаа талаар дурсахгүй юу. Таны маш сайн багш байсан болов уу?

-Урлаг гэдэг нэрийн дор бид урлахуйн ухааныг бүтээдэг. Тэр урлахуйн ухааныг бидэнд багш бий болгож өгсөн. Миний хувьд дунд сургуулиас эхлээд сайхан багш нараар хичээл заалгаж, дараа нь Хөгжим бүжгийн дунд сургуульд орсон. Тэр үедээ багш гэдэг хүний хөдөлмөрийг мэддэггүй байж. Би Хөгжим бүжгийн дунд сургуулийн Ардын бүжгийн багшийн анхны ангийг төгссөн. Гэвч би бүжгийн багшийн ажлаа хийхгүй бүжигчин, бүжиг дэглээч гэдэг мэргэжлийг эзэмшин ажилласан. Сүүлд өөрөөсөө асууж бодоход хэдий би Хөгжим бүжгийн дунд сургууль юм уу бусад дээд сургуулиудад багшлаагүй ч гэсэн биднийг багш хүмүүжүүлдэг. Тэр багш нь хэн бэ гэвэл бидний аав, ээж. Биднийг хүмүүжүүлсэн аав, ээж бүгд багш. Урлаг дотор бүжгийн сургалтын багш, бүжиг заах ухааны багш, түүхэн бүжгийн багш гэж бий. Би Ардын дуу бүжгийн чуулгад бүжигчнээр оччихоод өөрийнхөө аавыг миний амьдралын анхны багш болсныг тэр үед ойлгож байсан. Яагаад гэвэл миний аав, ээж багш байсан. Миний өвөө, эмээ надад багшилдаг байсан. Эд маань гэрийн багш байж. Дараа нь сургалт, мэргэжлийн багш нарын гарт очсон. Тэгэхээр хүн өөрийн насыг дуустлаа бие биедээ багшилдаг. Бүжигчин хийж байсан ч надад ахмад үеийнх нь багшилдаг. Үеийнхэн нь бүжгийнхээ хөдөлгөөнийг сурахгүй, хайрцаг дэгээ мэдэхгүй бол нэг нэгэндээ заадаг. Эзэмшсэн мэргэжлийнхээ багш дэг журмыг нэг нэгэндээ заадаг. Эзэмшсэн мэргэжлээрээ багшилж явах нь бидний гол суурь гэж би хэлэх гээд байгаа юм. Хүн хүндээ багшлах ёстой. Хүн хүнээсээ сурах ёстой л гэсэн үг.

-Та хотод төрж өссөн. Гэтэл монгол ахуйг яаж тэгж сайн дүрсэлдэг юм бэ?

-Миний үс урт болохоор хотод төрсөн гэж бодсон уу. Монголын театр хотод бий болоогүй шүү дээ. Хөдөө бий болсон юм байна лээ. Говийн догшин хутагт Данзанравжаа гэдэг хүн Монголын ард түмэн дундаас төрөн гарсан домог, түүх, хууч яриа, хошин яриа, туульс, магтаал ерөөлийг бүхэл бүтэн театр болох хэмжээний бүтээлүүд байгааг олж хараад говьдоо анх удаа Монголын урлагийн бүтээлүүдийг нэг цогц болгох театрыг барьсан юм байна лээ. Театр гэж би орчин үеийн барилгыг хэлээд байгаа шүү дээ. Тэгээд Монголын анхны театрын суурийг тавьж тэндээ өөрийн оюуны бүтээл Саранхөхөөг тавьсан. Тэр хүн өөрөө театрын их зохиолч, уран бүтээлч хүн байсан. Монголын театрын оюуны бүтээлүүдийг багцалж явсан сэхээтэн хүн. Миний аав тэр нутагт нь төрсөн нэг бууцны хүмүүс. Бүжгээрээ дагнан, бүжгийн урлаг руу зүтгэсэн. Биет ба биет бусаар, арга билгээр төрдөг зон олны хөдөлгөөнийг цуглуулж хийж чадсан хүний үр удам нь би. Би ардын бүжгийг Ардын багш Г.Долгорсүрэн гэдэг хүнээс сурч, түүнтэй хамтран сонгодог бүжгийг хөгжүүлж явсан Жав, Ардын дуу бүжгийн чуулгын бүжгийн дэгийг Дамдин багшаар заалгасан. Эдгээр хүмүүсийн буянаар хүнээ магтан дуулах энэ урлаг руу орж ирсэн. Би хотод төрсөн нь үнэн. Хотод төрөхдөө би гэрт төрсөн. Монгол хүн угаас малчин, нүүдэлчин гаралтай. Бүжигчин болох бодол ухаан, яс цусанд минь шингэж, ардын уламжлалт ухааныг үе залгамжлан үлдээсэн. Монгол хүний яс цусанд шингэсэн, эд эсийг тэжээж байдаг тэр омогшил надад бий.

-Таны бага хүү бүжигчин болох сонирхолтой байхад та “Тэртэй тэргүй бидний цусанд бүжигчин болох өгөгдөл бий. Өөр чиглэлээр яв” гэхэд морин хуурч болсон гэсэн. Хүүгээ яагаад бүжигчин болгоогүй вэ. Эсвэл урлагаас өөр чиглэлээр явуулах бодол байсан уу?

-Урлахуйн ухаан гэдэг хүн төрөлхтний эртний нийлмэл том ухаан. Ямар ч гүн ухаан, физик, хими, шинжлэх ухааныг хөдөлгөөнөөр л бүтээдэг. Ертөнц, байгалийн харилцаа бүгд өөрсдөө хөдөлж, харьцаж байдаг. Хүн гэдэг өөрсдийн хөдөлгөөнийг тус тусын мэргэжил болгон баяжуулж чаддаг. Хөдөлгөөн гэхээр зөвхөн бүжигчин юм шиг ойлгоод байдаг. Бид хөдөлгөөнийг бүтээж чаддаг. Олон төрлийн шинжлэх ухааныг хөдөлгөөнөөр илэрхийлж болдог. Хот хөдөөгийн ялгаа миний үед бага байсан. Өнөөдөр хот хөдөөгийн ялгаа их болчихсон. Дэлхий өөрөө бөөрөнхий, хүний оюун ухаан тархин дотроо бөөрөнхий. Монголчууд гэр гэдэг бөөрөнхий ертөнцийг XXI зуун хүртэл аваад үлдсэн. Хүний оюун ухаан өнхөрч явдаг. Босоо тэнхлэгийнх биш. Нар, сар, ертөнц бүгд эргэдэг. Огтлолцдог. Бүжгийн урлаг бие хүний хөдөлгөөнийг биет бөгөөд биет бус өв болгон XXI зуун хүртэл хадгалж чадсан. Энэ бол бүжгийн урлаг, хүний урлаг. Хүний хөдөлгөөн. Бүх зүйл урлахуйн ухаанаар бий болдог. Бүжиг, хөгжим, дуу, яруу найраг, уран зураг, уран баримал гэдэг бол бид өөрсдөө байхгүй юу. Түүнийгээ харж байгаа нүдээрээ өөр өөр өвөрмөцөөр хийдэг. Манай бага хүү морин хуурчаар төгссөн. Хөдөлгөөн тэртэй тэргүй өөрт нь заяагдсан. Өөртөө заяагдсан хөдөлгөөнөөр тэр арван хуруу нь бие, оюун ухаанаа мэдэрч байж хуурыг тоглодог юм. Хуур тоглоно гэдэг хөдөлгөөн. Хөдөлгөөнгүйгээр юуг ч бүтээхгүй. Хөдөлгөөнөөс хөдөлгөөний хооронд хүн амьдардаг учраас давхар мэргэжлийг эзэмшсэн. Хуурч болсон. Том Амараа маань бүжигчнээр төгссөн. “Хар сарнай” төрөө магтан дуулж чадна. Муу хэлж чадна. Ая эгшгээр миний хүү хүнийг уйлуулж чадна. Бүжгийн хөдөлгөөнөөр Сүхбаатар миний бие Монголын олон мянган мэргэжлийг илэрхийлж чадна. Барилгачин, саальчин, адуучин, мужаан гээд. Тэд биднийг үзээд миний эзэмшсэн мэргэжил ийм сайхан юм байна шүү дээ гэж шагширтал нь хөдөлгөөнөөр илэрхийлж чадна. Тэд биднийг үзээд хариу алга таших хөдөлгөөнөөр баярласан, бахархсан, хөөрсөн сэтгэгдлээ илэрхийлнэ. Хүнээ магтан дуулдаг урлагийн нэг төрлийг бид өвлөж авсан юм.

-Аав хүү гурав гурван үеийн уран бүтээлчид хэмээн хамтран тоглолт хийж байсан бил үү?

-Гурвуулаа нийлж тоглолт хийж байсан удаа байхгүй. Гурвуулаа нийлж тоглолтод оролцож байсан үе бол бий. Өнөөдрийг хүртэл би Монголынхоо түүхэн уламжлалыг харуулсан бүтээл туурвил хийсэн мөртлөө хүмүүсийн хэлдгээр нэг ч тайлан тоглолт, концерт хийж байгаагүй. Нэг ч шигтгээ болгож хийгээгүй явж байна. Зохиолоор ярих юм бол би роман, тууж, өгүүллэг, шүлэг, найраглал, дөрвөн мөртийг хийчихсэн хүн. Тэгвэл яагаад өнөөдөр Сүхбаатар уран бүтээлийнхээ тайланг хийхгүй байгаа юм бэ. Тайлан гэдэг нэг өөр. Үүнийг цогцлоож ард түмэнд түгээх нь бас өөр хэрэг гэж би ойлгоод байна. Бүжиглэхийн тулд ардын урлагийн хөгжим зохиогдсон. Дуу, шүлэг, яруу найраг, туульс, магтаал ерөөлийг бид судалж байгаа боловч, нэгдмэл нэг урлагийг бүтээсэн ч гэсэн өөрийн бүтээсэн 40-50-аад жилийн хугацаанд иж бүрэн байшингаа цогцоор нь бариагүй. Энэ миний залхуугийнх уу, гүндүүгүй явдгийн хар гай юу. Хэнэггүй явсан юм уу. Уг нь бүтээсэн зүйлээ багц болгож бүтээх ёстой юм. Би хийсэн уран бүтээлээ кино дэлгэцийн урлагт, телевизийн урлагт мөнхөлж үлдээх нь гарцаагүй. Над шиг олон уран бүтээл хийсэн ч алдар цол хүртээгүй олон уран бүтээлчийг би мэднэ. Бүх урлагийн төрөлд бий. Спорт руу орохоо больё. Гэхдээ урлаг, спорт хоёр нэгэн төрлийн золиослогдсон энэ биеэ хайргүй нүдэж гэмтээж, зовоож их хөлс, их гэмтлийг хоёулаа үүрч чаддаг төрөл. Үүгээрээ урлаг, спорт хоёр төстэй.

-Спорт, урлаг хоёрт ижил төстэй тал бий гэж хэлэх гээд байна уу?

-Спортыг эзэмшсэн хүмүүс ухаалгаар удирдаж чадсан. Тиймээс спортыг Монголдоо сурталчилж, спортыг бишрүүлж чадсан миний үеийнхэн болоод өмнөх үеийнхнээрээ би бахархаж явдаг. Урлахуйн ухаан гэдэг энэ төрлийг сурталчилж чадаагүй, ойлгуулж чадаагүй явж байгаа нь миний үеийнхэн, өмнөх үеийнхний дутагдал. Харамсах зүйл, бодох зүйл бидэнд их байдаг.

-Та хийсэн бүтээлүүдээ нэгтгэсэн ном бичих үү?

-Тийм ээ. “Ном хийе, Сүхээ. Чи бол уран бүтээлийг судалгаан дээрээс хийдэг” гэж олон хүн надад хэлж байсан. Судалгаа хий, судлаач бол гэдэг үүргийг аав минь надад өгсөн юм. Бодоод байсан чинь аав ч өгөөгүй. Монгол угсаатны арвин их түүх, өнө эртний уламжлал хэлээд байсан юм байна лээ. Аавын 101 жилийн ойгоор нь би “Монгол угсаатны бүжгийн дэг” гэдэг аавын арван уран бүтээлийг түүвэрлэсэн номыг сайн нөхдийн хамт бүтээлцсэн. Энэ жишээгээр олон ном хийх үүрэг, олон уран бүтээлийг хойч үедээ үлдээх ёстойгоо мэдэрсэн. Тэр тусмаа бүжгийн урлагийг судлахдаа Монголын шүлэг, яруу найраг, ардын дуу, хөгжмийн татлага гарцаагүй надтай хамт үлддэг юм байна. Тэгэхээр зөвхөн бүжгийн урлагийг судлаагүй юм байна. Монголын уламжлалт ардын яриа, хөдөлгөөний урлаг, хөгжмийг судалсан түүх байгаа. Үүнийг гарцаагүй хийх ёстойгоо ойлгоод явж байгаа. Тогтвортой сууж намба суух нас юм уу, бие минь болоогүй юм шиг байна. Хөдөлгөөний урлагаар явсаар би өнөөдөр идэр насандаа оччихсон. Дараагийн тэр насандаа хэзээ очих бол гэсэн их гүн бодлын нэгэн хэлхээнд би өөрөө орчихсон явна. Хөдөлгөөний урлагаа би өнөөдөр бүтээж чадсан. Үүнийг бусад хүмүүс уншиж, харахгүй бол цаана нь байгаа гүн ухааны сэтгэхүйг мэдрэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Анх нэгдүгээр ангидаа сурахдаа багшдаа суу гээд загнуулж байсан шиг суух урлаг руу шилжиж гүн бодлоор хийх нь өнөөдөр миний үүрэг болчихсон.

-Ер нь бол хийнэ. Гэхдээ цаг нь болоогүй гэсэн үг үү?

-Үгүй ээ. Хийгээд эхэлчихсэн байна. Оюун ухаанаа боловсруулаад хийсэн тэр олон бүжгийн дэгүүд, бүжгийн найруулгууд, цуглуулсан язгуур татлага хөгжим, ардын уламжлалт дуунууд, их ард түмний бүтээн байгуулсан хөдөлгөөнүүдийг бүтээсэн мөртлөө бичиж үлдээх нь урлахуйн сангаас оюуны их санд оруулах нь миний үүрэг болсон. Үүнийг бодоод бас өнөөдөр цуглаад сууж байгаа. Бичих, суух гэдэг бас их чадвар шаардана. Миний аавын ухааныг зааж өгсөн олон эрдэмтэн, багш нар бий. Тэд уран бүтээл биш ном бүтээж байсан. Би уран бүтээл бүтээсэн. Одоо ном бүтээхэд тэр багш нар, найз нөхдийнхөө буурь зааж суусан бичгийн ажлыг хийх ёстой. Монголынхоо түүхийг судалж, ард түмнийхээ зан заншлыг бүтээлдээ бий болгочихож. Тэгэхээр би монголчуудын салж одсон угсаатан Өмнөд Монгол, Тува, Халимаг, Буриад үндэстэн ястнуудтайгаа хамтран ажиллана. Мөн ОХУ, БНХАУ-ын сургуулиудад монгол урлагийн түүхийн хичээл орохдоо заах түүхийг бичиж үлдээх зорилго бий. Тэгэхгүй бол биднээс тасарч одсон тэр үндэстэн ястнуудын, их улсуудын түүх болчихвий гэсэн бодол төрдөг. Үүнийг миний нөхдүүд ч надад хэлдэг. Би ч энэ түүх уламжлалыг гарцаагүй бичих нэг төлөөлөл нь гэдгээ ойлгосон.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *