Миний хүүхэд ахуйд “сонины сурвалжлагч” гэдэг их л хүндтэй хүн байв. Аав минь “Архангайн үнэн” сонины сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар олон жил ажилласан Д.Доржсэнгээ гэдэг хүн байлаа. Хөдөө байнга томилолтоор явна. Баяр наадам болсон ч, зуд турхан тохиосон ч “хэзээд бэлэн” гэх зургийн “Зенит” аппаратаа зүүгээд, том хүрэн цүнхээ бариад, албаны машиндаа суугаад одно.
Хөдөөнийхөн “Сурвалжлагч” хэмээх нэрнээс нь ихэд сүрддэг ч том дарга ирсэн мэт хоймроо залан хүндэлдэг талаар ажлынхан нь ярьдаг байв. “Аав шигээ ингээд сурвалжлагч болоод, хүмүүсийн аж амьдралыг сурвалжлаад явж байх юмсан” гэж би битүүхэн мөрөөдөг байсан юм.
Хамгийн гоё нь аавынхаа ажил дээр очих байлаа. “Архангайн үнэн” сониныхон намайг андахгүй, “Гоёдоо ирлээ” л гэнэ. Аавын ажлын газрынхны хүүхдүүдийн концерт болдог байлаа. Би “Алтан тав гоё доо” гэдэг дуу дуулдаг. Тэгээд л “Гоёдоо” нэртэй болсон түүхтэй. Одоо ч энэ нэрээр минь дууддагт нь би их дуртай.
Сонины хэвлэх үйлдвэр, сонины үнэр гэж хачин гоё үнэр байдаг байлаа. Хэвлэгч эгч нар жижигхэн жижигхэн тугалган үсэг өрөөд, бүтэн сонин хийхийг харж гайхаж, бахархах шиг гоё зүйл байгаагүй. Үнэндээ аав минь сонин хэвлэлийн “гоё бүхэн”-д багаас минь дурлуулсан гавьяатан юм.
Аавын номын сан гэж арвин. Лениний ботиос эхлээд Маркс, Энгельсийн номууд, ер нь байхгүй ном гэж байхгүй. Аав “Миний хүүхдүүдэд үлдэнэ” гээд, номондоо их харам. Биднийг ном алга хийхэд их дургүй.
Аав “Миний охин орондоо битгий ном уншиж бай” гэж хэлнэ. Хүүхэд байсан болохоор зөрүүдлээд, хэргээр зүүн, баруун талаараа хэвтэж байгаад л орондоо ном уншдаг байлаа. Аав “Миний охин хожим нүдний шил зүүдэг болоод л аавынхаа хэлснийг ойлгох байх даа” хэмээн хэлдэг байж билээ. Орондоо ном уншсаны “үр дүн” ч гарч, би гэдэг хүн дөрөвдүгээр ангиасаа нүдний шил зүүх болсон юм.
Д.ЭРДЭНЭТУЯА