“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.
-Ураны төслийг хөдөлгөх хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Францын “Орано”-тай хийсэн гэрээтэй холбогдуулан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд ямар нэмэлт, өөрчлөлт орж байгаа вэ?
-Бид ураны төсөл дээр Оюу толгойтой байгуулсан гэрээнийхээ алдааг давтахгүйг хичээсэн. Оюу толгой компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Энэ бол Үндэсний баялгийн сангийн хуулиар манай ард түмний өмч гэж ойлгож болно. Гэтэл Оюу толгой компани одоо болтол нэг ч төгрөгийн ногдол ашиг хуваарилаагүй. 2024 онд Үндэсний баялгийн сангийн хуулиар стратегийн ордуудыг эзэмшигчдийн төрийн эзэмшлийн 34 хүртэлх хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын дансанд төвлөрсөн. Улмаар оны эцэст Монгол Улсын иргэн бүрд 139 мянган төгрөгийн хадгаламж хуримтлагдлаа. Баялгийн сангийн өсөлтийг “Е-Mongolia”-гаар тогтмол хянах боломж бүрдсэн. Хэрэв Оюу толгой компани 34 хувьд ногдол ашиг хуваарилагдах тохиолдолд тэр нь бүгд та бүхний дансанд шууд орно. Эндээс дүгнээд хэлэхэд, бидний Оюу толгойтой байгуулсан гэрээ их эрсдэлтэй байгаа биз. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл монголчууд 34 хувийнхаа ногдол ашгийг хүртэж чадахгүй байна. Иймээс ураны төслийн гэрээний төслийн хэлэлцээр хийх Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сайдаар ахлуулсан өмнөх ажлын хэсгээс гэрээндээ өөр зарчмын хувилбар оруулж ирсэн.
Засгийн газраас цацраг идэвхт ашигт малтмалыг хөрөнгө оруулагч талтай хамтран ашиглахдаа зөвхөн хувьцаа эзэмших замаар бус төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбар юм.
-Төрд 34 хувь нь байвал илүү ашигтай юм биш үү гэсэн маргаантай асуудал бий. “Давуу эрхийн 10 хувийн хувьцаа, өсөн нэмэгдэх АМНАТ авах нь үнэхээр баталгаатай байж чадах уу” зэрэг эргэлзээ нийгэмд байгаа байх?
-Хэдийгээр 34 хувийн энгийн хувьцааны хувилбарын анхны тооцоолол нь илүү санхүүгийн өгөөжтэй мэт харагдаж байгаа боловч Засгийн газар 34 хувийн хувьцаа эзэмших нөхцөлд төслийн хэрэгжилтийн явцад хөрөнгө оруулагч зардлыг удирдах, төслийг зээлээр санхүүжүүлэх зэрэг олон хэлбэрээр төслийн төлөх татвар хураамжийг бууруулах боломжтой байдлыг бид өмнөх туршлагаас олж мэдлээ. Иймд Засгийн газар анх тооцож байсан ногдол ашгаа хүртэж чадахгүй, төслийн өгөөж тодорхойгүй хугацаагаар хойшлох эрсдэл үүсэх магадлалтай. “Зөөвч-Овоо” төслийн хувьд АМНАТ-ийг бүтээгдэхүүний үнээс хамааруулж өсөн нэмэгдүүлэх болон хувь эзэмшлийн тодорхой хувийг тусгай АМНАТ гэдгээр сольж өгч байгаа юм. Мөн сольсон тусгай АМНАТ-өөс орох орлого Үндэсний баялгийн санд иргэдийн хуримтлалын данс руу орно. АМНАТ-ийн төлбөр бол илүү баталгаатай орлого гэсэн үг. Үйлдвэрлэл эхлэнгүүт борлуулсан бүтээгдэхүүн дээр нь АМНАТ ногдуулаад тэндээс нь шууд хуваарилаад явна. Дээр нь давхар “цоож” хийж өгсөн байгаа. Тодруулбал, Монгол Улсын хүртэх “шууд үр өгөөж” гэсэн тодорхойлолт гаргасан. Энэ бол төсөвт шууд төвлөрч түүгээр нь төрийн үйлчилгээ, хүн амын амьдрах орчны дэд бүтэц, төрийн албан хаагчдын цалин хөлс, үйл ажиллгаанд зарцуулагдах тодорхой татварууд болон давуу эрхийн хувьцаагаар авч байгаа ногдол ашиг нийлбэр. Мөн хөрөнгө оруулагчид шууд орох мөнгөн урсгалыг айлын шууд өгөөж гэж ойлгох юм. Эдгээр шууд үр ашгаа харьцуулаад манайх 51 хувиас доошгүй байна гэдэг нөхцөлтэй байгаа. Өөрөөр хэлбэл, манай талын хүртэх шууд өгөөж 51 хувьд хүрэхгүй дутвал та нар нэмж “өгөөж тэнцвэржүүлэх төлбөр” төл гэдэг энгийн зарчим л даа. Төслийн хугацаанд Монголын талын хүртэх ашиг баталгаатай байна гэж ойлгож болно.
-УИХ-ын тогтоолын төсөл батлагдмагц шууд үр өгөөжийг нь хүртээд явна гэл үү. Үндэсний баялгийн санд энэ төслөөс хэдий хэмжээний хуримтлал үүсэх вэ?
-Ураны төсөл 30 жилийн олборлолтын хугацаатай. Бүтээгдэхүүний хувьд зах зээлийн үнээс шууд хамааралтай. Бид ураны хувьд ирээдүйд харьцангуй өөдрөг төсөөлөлтэй байгаа. Олон улсын цөмийн энергийн газраас гаргасан үнийн төсөөллөөр ирээдүйд ураны хэрэглээ, нийлүүлэлт хоёрын зөрүү гарч байгаа юм билээ. Шаардлагатай цөмийн түлш хийхэд 40 мянган тн уран дутах тооцоолол бий. Тиймээс бараа бүтээгдэхүүн хомс байвал үнэ нь нэмэгдэнэ гэдэг зах зээлийнхээ зарчмаар өөдрөг төсөөлөлтэй байгаа гэсэн үг. Төслийн нийт мөнгөн урсгал 14 тэрбум гаруй ам.доллар байна. Таван тэрбум ам.долларыг нь үйл ажиллагааны зардал буюу бусад компаниудаас авах ажил үйлчилгээ, хүмүүсийн цалин зэрэгт зарцуулна. Ерөнхийдөө иймэрхүү зардалдаа гуравны нэг нь очно. Үлдсэн хэсгийн гуравны нэгээс арай илүү хувийг нь Монголын тал шууд өгөөжөөр авна. Айлын тал гуравны нэг орчмыг нь авна гэсэн энгийн логиктой тооцоолол байгаа. Хэрэв бид “Оюу толгой” төслийг ингэж хийсэн бол өнөөдөр монголчууд байгалийн баялгаасаа овоо их ашиг хүртсэн байх ёстой л доо. 20-иод жилийн өмнө хийсэн энэ том төсөлд бидний туршлага ч дутсан байх. Ураны төслийн үйлдвэрлэл эхэлмэгц иргэдийн хадгаламжийн дансанд мөнгө хуримтлагдана. “Зөөвч-Овоо” төслийг хэрэгжүүлэх хугацаанд давуу эрхийн хувьцаанд 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-д 2.007 сая ам.доллар төвлөрүүлнэ. Эндээс суурь АМНАТ-д 717 сая ам.доллар, тусгай АМНАТ-д 717 сая ам.доллар, өсөн нэмэгдэх АМНАТ-д 573 сая ам.доллар гэж тооцоолсон. Нийтдээ улс, орон нутгийн төсөв, хуримтлалын санд 5.2 тэрбум ам.доллар төвлөрөхөөр байгаа.
-Засгийн газрын 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцооллыг Ерөнхий сайд шинэ жилийн мэндчилгээндээ тодотгоно лээ. Ямартаа ч эхний гурван мега төсөл хөдлөх гэж байна. Ураны төсөл явах нь тодорхой боллоо. Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын төслийг УИХ батлах нэгдсэн шийдэлд хүрлээ. Эдгээр төслүүдийн стратегийн ач холбогдлыг том зургаар нь яаж харж байна вэ?
-Манай улс экспортын ганцхан боомт Ганцмод-Гашуунсухайт дээр үе үе 30-40 км нүүрсний машины оочер үүсдэг. Уг нь хилийн цаана Хятад улс олон аймаг, мужтай, өрсөлдөөн ихтэй. Гэтэл Баяннуур гэдэг аймаг дээр монополь эрх нь төвлөрсөн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Иймд нэвтрүүлэх чадварыг сайжруулах хүрээнд төмөр замын холболтыг хийж байгаа. Хэрэв төмөр замаар зөөх юм бол 30, 40 км хүнд тээврийнхэн оочерлохгүй болно. Манайхан тухайн үедээ баахан төсөл яриад л холбоно гэчихээд хэлсэн ярьсан үүргээ биелүүлээгүй хаясан гэдэг. Тэрнээс болж айлын тал ч их хохирсон. Хэн ч гэсэн үр ашиггүй хөрөнгө оруулалт хийчихээд 16 жил болбол утгагүй биз дээ. Ийм учраас айлын тал нэлээд хатуу нөхцөл тулгаж байгаа, тэрэндээ шахагдаад хөнгөлөлт өгч байгаа гэсэн ерөнхий мэдэээлэлтэй байна. Мэдээж бид экспортын төмөр замаа холбох нь зайлшгүй. Дараа дараагийн боомтоо ч төмөр замаар холбох ёстой.
-Засгийн газраас стратегийн бусад ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа юм билээ. Ямар, ямар ордууд яригдах бол?
-Өмнө УИХ стратегийн ордын төрийн эзэмшлийн 34 хувиасаа татгалзлаа гэсэн шийдвэр гаргасан байдаг. Тухайлбал, Цагаан суварга орд байна. Төсөл нь хэрэгжихгүй байгаа. Нэгэнт Үндсэн хуульд зарчмын өөрчлөлт орсон, Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхэлсэн болхоор стратегийн орд газар гэдэг жагсаалтад байгаа ордууд дээр яриа хэлэлцээр явахаас өөр аргагүй нөхцөл бий болж байна. Хувийн хэвшилд 34 хувийн хувьцаагаа төрд өгөөд төрийг менежментдээ оруулах, эсвэл төрийн эзэмшилд ногдох хувиа тусгай АМНАТөөр солих сонголт байгаа. 34 хувийн энгийн хувьцаа авбал ТУЗ-д нь төрийн төлөөлөл орно. Үйл ажиллагаатай нь хутгалдахаар хувийн хэвшилд таатай биш байх нь ойлгомжтой. Магадгүй хувийн хэвшил илүү АМНАТ төлчихье. Та бүхэн манай менежментэд битгий ор гэдэг хувилбар руу орж болно. Энэ хувийн хэвшилд байгаа ордууд дээр төрийн хэлцэл хийнэ гээд байгаа нь төр болоод төрийн өмчит компани хувийн хэвшлээс нэг ч төгрөг авах гээгүй. Харин “Та нар стратегийн орд ашиглаж байгаагийнхаа төлөө ард иргэддээ ногдол ашиг өгчих” гэж байгаа утгатай юм. Тэгэхээр хувийн хэвшлийг дээрэмдэх гэж байгаа юм биш, Бурханаас заяасан том орд байгалийн баялгаасаа ард иргэддээ тэгш шударгаар хүртээх тухай л асуудал.
-Цагаан суварга, Нарийнсухайтын хувьд МАК компани тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Төр хувийн өмчийг шууд булаах нь дээрэм биш гэж үү. Нөгөөтэйгүүр Үндсэн хууль зөрчсөн асуудал болохгүй юу?
-Ер нь манай Үндсэн хуулиар уул уурхайн орд гэдэг бол хэн нэгний хувийн өмч биш. Төрөөс ашиглалтын лиценз өгч байгаа асуудал нь тухайн ордыг тодорхой хугацаанд хууль ёсоор ашиглаж болно гэсэн зөвшөөрөл. Байгалийн баялгийн талаар ард иргэдийн дунд үгүйсгэх боломжгүй сэтгэхүй байдаг юм байна лээ. Энэ нь байгалийн баялаг бол бурханаас бидэнд өгсөн бэлэг. Хүний гараар бүтээгээгүй баялгаас бид яагаад үр ашиг хүртэж болохгүй вэ гэдэг нийгмийн сэтгэхүй бодитой байгаа юм. Тэрийг нь Үндсэн хуулиар баталгаажуулаад өгчихсөн учраас үгүйсгээд ярьж болохгүй л дээ. Түүнчлэн хэлэлцээр хийхдээ хүний бодитой оруулсан хөрөнгийг үгүйсгэх, дээрэмдэх тухай ойлголт бас байхгүй. Тэр хөрөнгө оруулалтыг төслийн зардал, тооцоонд оруулаад л явна шүү дээ. Тэгэхлээр Үндсэн хууль зөрчсөн асуудал ерөөсөө ч гарахгүй.
-“Эрдэнэс Монгол” нэгдэлд харьяалагдаж буй зургаан стратегийн орд газрын 34 хувиас иргэд ногдол ашиг хүртэх ёстой. Сая оны өмнө иргэдийн дансанд хуримтлал ороход зарим компани ногдол ашиг хуваарилаагүй байна лээ. Хуулиараа ногдол ашиг хуваарилах үүрэгтэй байх аа?
-Үндэсний баялгийн сангийн тухай хуулиндаа бид төрийн өмчийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашиг гээд оруулчихсан учраас ашигтай үйл ажиллагаа явуулсан компаниудаас ногдол ашиг хуваарилагдаж орсон. Цаашдаа “Эрдэнэс Монгол” нэгдэлд байгаа компаниуд алдагдалгүй ажилладаг болж, бүгдээрээ ногдол ашгаасаа иргэддээ өгдөг болох ёстой. Тэр нь иргэн бүрийн утсан дээр харагдана. Хэн нь хэдэн төгрөгийн ногдол ашиг хуваарилж байгаа нь нээлттэй болчихоор компаниудын үйл ажиллагааг дүгнэх нэг хөшүүрэг байгаа биз дээ. Огт мөнгө хуваарилаагүй компаниудаас иргэд сайн ажиллахыг шаардах, ногдол ашгаа нэхэх ёстой шүү дээ.
-Монголчууд уул уурхайг их эсэргүүцдэг ард түмэн. Тэгвэл Баялгийн санд иргэн бүр хуримтлалтай болж, байгалийнхаа үр шимийг хүртэж эхэллээ. Тэгэхээр уул уурхайг ашиглах нь зөв шийдэл гэдгийг иргэд ойлгож байна. Стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тусам Баялгийн сан дахь ард түмний данс зузаарна биз дээ?
-Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбар хөлөө олох гэж хөгжлийнхөө тодорхой замыг туулж ирлээ. Алдаа оноо, ололт амжилт ч байлаа. Уул уурхайн салбар манай улсын экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж байна. Эндээс орж ирдэг мөнгөөр бид амьдарч байгаа. Татварт төвлөрсөн мөнгөөр төрийн үйлчилгээ болоод улсын хөгжил дэвшил, дэд бүтцийн ажлууд хийгдээд явж байна. Улсын төсөвт нэлээд хэмжээний орлого төвлөрүүлдэг. Тэр дундаа “Эрдэнэс Монгол”ын харьяаны стратегийн орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит томоохон компаниуд ачааны хүндийг үүрч яваа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын валютын нөөцийн 77 хувийг дангаараа бүрдүүлсэн байх жишээтэй. Та бидний гадаадаас авч хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүнд зарцуулагдаж буй нийт мөнгөн дүнгийн 77 хувийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд бүрдүүлж байна гэсэн үг. Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. Ингээд харахаар уул уурхайн салбар тэр дотроо “Эрдэнэс Монгол”ын гүйцэтгэж буй үүрэг өндөр. Үүнийг тэр болгон хүмүүс сайн ойлгохгүй. Харин өөр дээр нь шууд болон шууд бусаар дансанд нь мөнгө орж ирвэл мэдэрдэг. Үе үеийн Засгийн газар уул уурхайгаас орж ирэх орлогыг ард иргэддээ хүртээхээр янз янзын л арга хэмжээ авч байсан байдаг. Зарим нь улс төр, сонгуулийн зорилгоор ч бас нэлээд юм хийсэн. Нэг удаагийн арга хэмжээнүүд хийгээд байхаар системгүй, сонгууль дагасан үйл ажиллагаа болж хувирдаг. Ийм учраас уул уурхайн ордуудаас орж ирж буй орлогыг ард иргэд одоо болон ирээдүйн иргэддээ тэгш шударга хуваарилах, үр ашгийг нь хүртээх эрх зүйн орчныг Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар бий болгосон. Энэ сангийн үндсэн агуулга нь одоо болон ирээдүйд уул уурхайг иргэддээ тэгш, шударга хуваарилах Үндсэн хуулийн агуулгыг хэрэгжүүлсэн гэсэн үг. Үүний эрх зүйн үндэс тодорхойлогдож байна л даа. Дээр хэлсэнчлэн Хуримтлалын сан дахь иргэн бүрийн данс харагддаг боллоо. Энэ бол хууль батлагдсаны л үр дүн. Сайн төслүүд хэрэгжээд уул уурхайн салбар, “Эрдэнэс Монгол”-ын орлогын үйл ажиллагаа сайжрахын хэрээр ард иргэдийн дансанд мөнгө хуваарилагдана. Мөн “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны 27 хувийг иргэд 1072 хувьцаагаараа эзэмшиж байна. Компанийн тухайн жилийн цэвэр ашгаас хуваарилагдсан ногдол ашгийг бэлэн мөнгөөр хүртдэг дүрэмтэй. Тэр утгаараа 1072 хувьцааны эздэд мөнгө хуваарилагдаад байгаа. Энэ жил 300-400 мянган төгрөг хуваарилагдах болов уу. Зарим хүмүүс бэлэн мөнгө тараалаа гэх зэргээр шүүмжилж байгаа харагдсан. Нэгэнт компанийн хувьцаа эзэмшиж байгаа тохиолдолд ногдол ашгийг заавал авах ёстой. Харин ч авч байгаа нь сайн хэрэг. Компани сайн ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр үнэ цэнийг нь цаашид өсгөх, хувьцааг сонгодог хэлбэрт нь оруулах ёстой гэдэг утгаар УИХ тогтоол гаргаж эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн байгаа. Одоо тухайн үед хязгаарлалт тогтоосон шийдвэрүүд хүчингүй болбол 1072 хувьцаатай иргэд өөрийнхөө өмчийг бусдад худалддаг, өвлүүлдэг эрхтэй болно. Ер нь цаашдаа үнэгүй хувьцаа юм уу, ногдол ашгийн бус бэлэн мөнгө тараах үйл ажиллагаа зохимжгүй. Компаниудын засаглал алдагдана, үйл ажиллагаа хүндэрнэ гээд зовлон их бий. Тиймээс Үндэсний баялгийн сангийн тухай хууль гарахаас өмнө буюу 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн бүх хүүхдийн хувьцааг өгсөн шүү дээ. Өөрөөр хэлбэл, 2024 оны дөрөвдүгээр сард энэ хууль батлагдахаас өмнө Монгол Улсын иргэн бүрд адил тэгш 1072 хувьцаа олгосон. Үүнээс хойш төрсөн хүүхдүүд Баялгийн сангаар байгалийн баялгийнхаа үр ашгийг хүртэнэ гэдэг нэгдсэн ойлголт явж байгаа.
-Баялгийн сангийн хууль батлагдсанаас хойш төрсөн хүүхдүүд Таван толгойн 1072 хувьцаа эзэмших эрхгүй болж байгааг хүмүүс шүүмжилж байгаа харагдсан?
-Хууль батлагдсанаас хойш төрсөн хүүхдүүд Баялгийн сангаас мөнгө аваад явна. Хуримтлалын санд нь хуримтлал үүснэ. Ирээдүйн өв санд бас хуримтлал үүсч байна шүү дээ. Тэрнээс 1072 хувьцааг шинэ хүүхдүүдэд олгох боломжгүй. Аль нэг компанийн хувьцааг төгсгөлгүй олгоод явдаг процесс дэлхий дээр хаана ч байхгүй. Хэрэв тасралтгүй үргэлжлэх юм бол энэ компани өөрөө байхгүй болно. Ер нь Засгийн газар 1072 хувьцааг иргэн бүрд өгсөн нь нэг удаагийн арга хэмжээ байсан. Дараа нь Үндэсний баялгийн сангийн хууль гарахаас өмнөх бүх хүмүүст адил тэгш болгож олголоо. Одоо 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Иргэд хувьцаагаа зардаг, үр хүүхдүүддээ бэлэглэдэг эрх нь нээгдэх ёстой.
-Ингэхэд иргэд Үндэсний баялгийн санд хуримтлагдсан мөнгөө хэзээнээс ашиглах боломжтой вэ?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зар цуулах журмыг нь боловсруулахаар хуульчлагдсан. Засгийн газар Баялгийн сангаа Сингапурын үндэсний орон сууцны сангийн загвараар хөгжүүлэх ёстой гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ямар ч байсан эхний ээлжинд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн гээд гурван зориулалтаар бэлэн бусаар зарж болохоор байгаа. Яагаад гэвэл эдгээр нь манай улсын хувьд асуудлуудын суурь нь гэж үзэж байгаа юм. Тухайлбал, маш олон мянган иргэн гэрт амьдарч гал түлж байна шүү дээ. Энэ нь нөгөө л утаа, эрүүл ахуй, хөрсний бохирдлыг бий болгож байна. Ер нь орон сууцгүйгээс болж хүний амьдралын маш олон асуудал үүсдэг юм байна. Одоогоор 500-гаад тэрбум төгрөг төвлөрсөн, үүнийг Монголбанкнаас ипотекийн хөрөнгийн эх үүсвэрт ашиглах замаар арвижуулж байна. Ер нь Баялгийн санд хангалттай хэмжээний мөнгө хуримтлагдах шаардлагатай байгаа. Тэгвэл Хуримтлалын сан дахь хуримтлалын дансан дах хуримтлалаа иргэд өөр олон зүйлд зарцуулах боломж бий болох юм. Иймээс цаашдаа “Эрдэнэс Монгол” нэгдэл сайн ажиллаж, том, том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж байж энэ мөнгөн дүн өснө. Тэр иргэдийн хуримтлал нь цаашдын орлого орох баталгаа нь болдог тогтолцоонд шилжинэ гэсэн үг. Тиймээс “Эрдэнэс Монгол” нэгдлийнхээ үйл ажиллагааг улам сайжруулах ёстой.
М.Мөнхцэцэг