Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэнийхээ үзэл бодлыг үгүйсгэж, залруулга гаргасан цагдаагийнхны хар тамхи, мөрийтэй тоглоомд холбогдсон хэргүүд DNN.mn

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудастаа “Хар тамхины бизнес бол цагдаагийн тусламжгүйгээр газар авахгүй л гэж боддог” хэмээн бичсэн. Харин түүнийг нь Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын цахим хуудсанд “Худал мэдээлэл” хэмээн тамгалж, залруулга гаргасан нь олны шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тэгвэл ингэж иргэдийнхээ үзэл бодлыг шүүж, зөв буруугаар нь ялгаж суугаа цагдаагийнхны холбогдож байсан хар тамхи, мөрийтэй тоглоомуудын хэргүүдээс заримыг нь товчлон хүргэж байна.

Ÿ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч асан Ж.Эрдэнэ-Ундрах, хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэл нарт холбогдох Эрүүгийн хэргийг шүүх хурал энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдөр болсон. Ингээд шүүхээс Г.Сарангэрэлийг Эрүүгийн хуулийн 19.12-2 дахь хэсэгт заасан төрийн онц чухал нууцыг задруулсан гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сар хорих ял шийтгэж, Ж.Эрдэнэ-Ундрахыг уг зүйл заалтад заасан гэм буруутай үйлдэлд нь хоёр жил хорих, мөн хуулийн 21.13-1 дэх хэсгийн “Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” хэрэгт нь 7.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэж байлаа.

Ÿ Ноднин жилийн 11 дүгээр сарын 16-нд ЦЕГ-аас мэдээлэл хийж, цахим мөрийтэй тоглоомын асуудалд цагдаагийн алба хаагч холбогдсон талаар мэдээлэл өгч байв. Тухайн үед Дотоод хяналт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар “Цахим мөрийтэй тоглоомыг үйлдсэн гэмт этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулахад цагдаагийн алба хаагчийн нэр холбогдсон. Цагдаагийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж байгаа. Залуу алба хаагчийн албан үүргийг түдгэлзүүлэх эсэхийг прокурорын байгууллага үнэлж, шийдвэрлэнэ. Мөн цагдаагийн албанд ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан Б гэгч алба хаагчийн тухай мэдээлэл гарсан. Тусдаа асуудал. Цахим гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд чиглэсэн хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад ахмад албан хаагчийн нэр дурдагдсан.

Цагдаагийн алба хаагчид хууль бусаар нөлөөлсөн, нөлөөлөлд автагдаж, шан харамж авсан байж болзошгүй гэсэн үйлдэл илэрсэн учраас харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шилжүүлсэн” гэсэн юм.

Ÿ Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мөрийтэй тоглоомчдоос сар бүр тогтмол онц их хэмжээний мөнгө бэлнээр авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг ЦЕГ-аас мэдээлж байсан. Гэтэл гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэнгийн цолыг ноднин жилийн 12 дугаар сард нэмж, ахмад цол олгосон байдаг. Түүнтэй хамт нийслэлийн Цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, хурандаа М.Болдбаатар мөрийтэй тоглоомчдоос байнга мөнгө авч, хэргийг дардаг нь тогтоогдсон тул хэргийг АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн.

Ÿ Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 8-ны өдөр мөрийтэй тоглоом зохион байгуулдаг иргэн А.Дэлгэрдалай болон Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржийн зурагтай сэрэмжлүүлэх хуудас Их сургуулийн гудамжаар тараагдсан. Тухайн үед иргэн А.Дэлгэрдалай нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан ч нэр бүхий цагдаа нарын “хамгаалалт” дор дахин мөрийтэй тоглоом тоглуулж, иргэдийг хохироож эхэлсэн гэж байв.

Ÿ Тээврийн цагдаагийн хурандаа Э.Бөхбатын түрээсэлдэг 200 м.кв байранд автомат мөрийтэй тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байсныг 2019 онд илрүүлж байсан билээ. Үүний улмаас тэрбээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байлаа.

З.Боргилмаа: Цагдаагийнбайгууллага өөрсдийгөө өмөөрч бусдыг гүтгэдэг

Сэтгүүлчийн үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг цагдаагийн байгууллагаас хэрхэн зөрчдөг талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл/МСНЭ/-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаагаас тодрууллаа.


-Сэтгүүлч Ч.Лодойсамбуу өөрийн бодлоо сошиалд бичсэнийг ЦЕГ-ын цахим хуудсаар худал мэдээлэл хэмээн залруулга гаргасан нь шүүмжлэл дагуулж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, мэдээлэлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэх шаардлага МСНЭ-д удаа дараа үүсч байсан. Сэтгүүлчдийг ажил үүргээ гүйцэтгэж явахад саатуулах, камер хэрэгслийг нь эвдэх, биед нь халдах явдал өмнө нь хэд, хэд гарч байсан. Харин сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх ашгийг хөндлөө, хэвлэлийн эрх чөлөөнд заналхийллээ гэсэн мэдэгдэл, сануулгыг бид тухай бүрд нь өгдөг. Гэтэл үүний дараагаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ шууд гүтгэдэг. Тухайлбал, Зайсангийн аманд байсан амралтын газрыг нураах үйл явцыг сурвалжилж байсан Парламент телевизийн сэтгүүлчийн камерыг нь эвдээд, гар утсыг нь дураараа үзэж, бүтэн шөнө саатуулсан. Үүний дараа цагдаагийн удирдлагууд тухайн сэтгүүлчийг согтууруулах зэрэгтэй байсан гэж мэдээлсэн. Гэтэл тэр сэтгүүлч эмэгтэй тухайн үедээ бие давхар байсан. Ингэж өөрсдийн хийсэн буруутай үйлдлээ нийгэмд зөв мэтээр ойлгуулахын тулд цагдаагийн байгууллага шууд гүтгэдэг. Өөр олон жишээ бий. Үндсэн хуулиараа бид чөлөөтэй үзэл бодолтой, түүнийгээ илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Гэтэл цагдаа хүний үзэл бодлыг шууд цензурддэг. Буруу, худлаа бодож байна гэдэг. Ч.Лодойсамбуугийн посттой холбоотой асуудал ч гэсэн нэг бодит жишээ боллоо. Уг нь буруу бодсон, нэр хүндэд халдсан эсэхийг эцсийн дүндээ шүүх тогтоодог.

-Хар тамхи, мөрийтэй тоглоомын асуудалд цагдаагийнхнаас холбогдож байсан тохиолдлууд өмнө нь гарч байсан?

-Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хүмүүсийг л шийтгээд байдаг. Гэтэл ханган нийлүүлж байгаа хууль бус сүлжээг илрүүлж, тэмцэж байгаа гэсэн мэдээллийг би сүүлийн хэдэн жил огт харж байгаагүй. Үүн дээр асуудал байдаг. Ийм мэдээлэл гарахгүй байгаа нь өөрөө баримт гэж үзвэл үүнд үндэслээд иргэн өөрийн үзэл бодолтой болно. Энэ бол хий хоосноор цагдаагийн нэр хүндэд халдах гээд байгаа зүйл биш. Үүнийг чөлөөт үзэл бодол гэж зөвшөөрөхгүй, худал мэдээлэл гэж байгаа нь цензурдэж байгаа явдал. Цагдаа бусдын үзэл бодлыг шууд үнэн, худлыг нь тогтоодог байгууллага болж хувираад байгаа нь бидний зорьж байгаа ардчилсан нийгэмд харш зүйл.

-Хэвлэлийн эрх чөлөөний индексээр сүүлийн жилүүдэд ухраад байгаа нь цагдаа, хүчний байгууллагуудын энэ мэт үйлдлүүдтэй холбоотой байж болох уу?

-Олон хүчин зүйл хэвлэлийн эрх чөлөөний индекст нөлөөлж байгаа л даа.

-Нөлөөлж байгаа нэг зүйл нь мөн үү?

-Мөн шүү дээ. Төрийн нэрийн өмнөөс эрх мэдлийг авч ажиллаж байгаа хүчний байгууллага гэдэг бол нэг талын эрх ашгийг хамгаалах зорилготой боловч нөгөө талын эрх ашгийг хөндөж байдаг субъект. Тийм учраас энэ үйл ажиллагаа нь хүний эрхийн эрх чөлөөнд маш мэдрэг үзүүлэлт. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг ойлгохгүйгээр гомдолтой, гомдолгүй шалгадаг. Ингэх явцдаа тухайн сэтгүүлчийн хувийн байдлыг гаргаж ирж зарладаг асуудлууд цагдаа дээр ажиглагдаад байгаа. Өөрийн албан цахим хуудсаараа биш ч гэсэн албан бус хуудсуудаар дамжуулан мэдээллээ өгдөг гэсэн гомдол сэтгүүлчдээс гаргаж тавьсан. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж байгаа хүчний байгууллагын дарамт. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шалгах явцдаа ч гэр бүлийн байдлыг нь сошиалд гаргаж тавьсан. Гүйцэтгэх ажиллагааны явцад олж авсан тэр бичлэг хүчний байгууллагад л байна шүү дээ. Харин энэ мэдээллээ цагдаа дотроосоо гаргаж тавиад байгаа юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *