Categories
гадаад мэдээ

Ромын Папын төрийн айлчлал дэлхийн хэвлэлд DNN.mn

Ватикан нь дэлхийд цөөхөн байдаг эртний төрт улс учир өнөөдөр манай гариг дээр амьдарч буй бараг хүн бүр Ромын Папыг мэддэг. Энэ нь эртний цөөхөн төрт улсын нэг болох манай улсад хийж буй, дэлхийн бүх тивд бишрэн шүтэгчидтэй католик шашны тэргүүн Ромын Пап Францисын төрийн айлчлалын ач тусаар ардчилсан Монгол Улсыг дэлхийн бараг хүн бүр мэддэг болж байна гэсэн үг билээ. Иймээс энэхүү айлчлалын талаар дэлхийн нэр хүндтэй хэвлэлүүд хэрхэн мэдээлж буйг товчлон хүргэж байна.


Ватиканы хэвлэлийн алба “Наймдугаар сарын 30-ны лхагва гаригт Ромын Пап лам Францис Гэгээн Мартагийн өргөөнөөс гарч, Санта Мария Маггиорийн сүмд очиж, заншлынхаа дагуу залбирал үйлдсэн” гээд тэрбээр ариун онгон Мариа Салус Попули Романигийн бэлгэдэлд мөргөж, удахгүй болох Монголд хийх аяллыг элч нарын хамт даатгасан байна. Ромын Пап лам Францис “Би Монгол Улсад ах дүүгийн хувиар айлчлахдаа баяртай байх болно” гэж айлдав. Ромын Пап лам Францисын Монгол Улсад хийх дөрвөн хоногийн айлчлал наймдугаар сарын 31-ний орой Ромын Фиумичино нисэх онгоцны буудлаас Улаанбаатар руу ниссэнээр эхэлнэ гэж https://www.vatican­news сайтад бичсэн байна.

v Пап ламын онгоц Монголыг зорих замдаа Хятадын дээгүүр нисч байх үед Францис БНХАУ-ын дарга Си Жиньпинд хандан мэндчилгээ илгээсэн байна. Бээжин хариуд нь Ватикантай “харилцан итгэлцлээ” бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэлэхдээ, Ватикантай цаашид хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээнд оролцож, харилцан ойлголцлыг сайжруулахад Хятад улс бэлэн байна гэв. Хятадын Коммунист нам албан ёсоор шашингүй үзэлтэй тул Бээжин, Ватикан хоёр Хятадын тусгаар улс болсон 1951 оноос хойш дипломат харилцаа тогтоогоогүй байгаагүй юм. Ромын ïап Францис Монгол Улсад хийх дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүллээ. Хамба ламын онгоц орон нутгийн цагаар өглөө Улаанбаатарт газардсан бөгөөд Францисыг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг хүндэт харуулын хамт угтсан гэж “Франс Пресс “агентлаг мэдээлжээ.

v Онгоцны буудалд хүндэтгэлийн хүлээн авалт болсны дараа Францис Итали гаралтай Монгол Улсын кардинал Жоржио Маренготой уулзав. Францис Монголд айлчилсан Ромын Католик сүмийн анхны тэргүүн боллоо. Энэ улсын оршин суугчдын дийлэнх нь Буддын шашин шүтдэг бөгөөд 1400 орчим хүн өөрсдийгөө католик шашинтай гэж үздэг. Тус улсад католик шашны 25 санваартан, 33 гэлэнмаа байдаг. Хамба ламын айлчлал есдүгээр сарын 4-ний даваа гариг хүртэл үргэлжилнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Францистай уулзана. Есдүгээр сарын 3-нд болох ёслолд Ромын Пап лам оролцох төлөвтэй байгаа бөгөөд Орос, Хятад, Өмнөд Солонгос, Тайланд, Вьетнам, Казахстан, Киргизстан, Азербайжаны мөргөлчид нэгдэх болно гэж “AFP” агентлаг бичжээ.

v Пап Францис Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Энэ нь түүний хилийн чанадад хийж буй 43 дахь айлчлал бөгөөд есдүгээр сарын 4-ний өдөр өндөрлөнө. Пап пүрэв гаригийн орой “амгалан орон” Монголыг зорьж явахдаа “ITA Airways” компанийн онгоцон дотор сэтгүүлчидтэй ярилцаж “асар өргөн уудам газар нутагтай энэ орон бол шууд логик ухаанаар бус харин мэдрэмжээрээ ойлгох ёстой тийм онцлог улс, орон юм” гэсэн санааг илэрхийллээ.

Папыг Улаанбаатарын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Монгол Улсын төр, засгийн төлөөлөгчдөөс гадна Монгол дахь тэргүүн Папын үүргийг түр орлон гүйцэтгэгч Монсеньор Фернандо Дуарте Баррос Рейс, Монгол Улсаас Гэгээн Ширээт улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа болон бусад шашны сүм, хийдийн төлөөлөгчид угтан авлаа. Монгол Улсын төрийн хүндэт харуулууд улаан, хөх, шар өнгийн дүрэмт хувцас хийгээд эртний монгол дайчдыг санагдуулам төмөр дуулга өмсөн сүр жавхлантайгаар жагссан байв. Нисэх буудалд болсон угтан авах ёслолын үеэр үндэсний дээлээ өмссөн залуу монгол бүсгүй Пап Францист тавагтай ааруул амсуулсан нь Монголын ард түмний нүүдэлчин соёлын илэрхийлэл юм. Пап Францис тавагтай идээг эелдгээр тосон авч, ааруулаас томхоныг авч амслаа гэж “Vatican News” мэдээлжээ.

v Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд Пап Францисыг угтан авах албан ёсны ёслолын үеэр өөрсдийгөө католик шашинтнууд хэмээн танилцуулсан 20 гаруй хятад иргэн таван од бүхий улсынхаа улаан далбааг намируулан, Францисыг харахаар цагдаагийн хаалтыг тойрон цугларчээ. Шанхай хотын иргэн, католик шашинтан, 37 настай Ян Гуан Монголд амралтаараа ирээд байсан бөгөөд Сүхбаатарын талбай дээр Пап ламыг харж чадсандаа баяртай байна гээд тэрбээр манай агентлагт өгсөн ярилцлагадаа “Папыгаа анх удаа харж байгаа болохоор маш их баяртай байна. Надад ийм боломж байнга тохиохгүй шүү дээ. Би маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Уг ёслолын үеэр зарим хятад иргэд кардиналаас адис хүртэж байгаа нь харагдав. Хонконгоос ирсэн христийн мөргөлчин Сузан Уиллис ярихдаа, Францисыг өөрийн биеэрээ явж буйг хараад маш их догдолж, нулимс дуслуулснаа хэлэв. Хонконг руу буцах нислэг хар салхины улмаас хойшлогдсон тул тэд аялагчдын багаараа угтах ёслолыг үзэхээр ирсэн байна.

Ватиканы зүгээс Хятад дахь католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахыг эрмэлзэж байгаа бөгөөд 3.3 сая орчим хүн амтай Монгол Улс нь Хятадтай ойр оршдог учраас Католик сүмийн хувьд стратегийн ач холбогдолтой юм. Өдгөө 86 настай Францис дэлхийн хамгийн цомхон буюу 1450 гишүүнтэй Католик шашинтнуудын нийгэмлэгийг зорин баасан гаригт Монголд хүрэлцэн ирээд байгаа билээ гэж “Reuters” онцолжээ.

v Пап Францис бямба гаригт Ази тивийн Монгол Улсад хийж буй анхны айлчлалаа эхлүүлж, тус улсыг үндэслэгч Чингис хааны үеэс улбаатай шашны эрх чөлөөний уламжлалыг өндрөөр үнэлэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Төрийн ордон дотор сүндэрлэх уламжлалт монгол гэрт уулзаж, хүндэт зочны дэвтэрт бичихдээ “эртний түүхтэй хэдий ч идэр залуу, баялаг уламжлалтай, орчин цагийн” Монгол Улсад энх тайвны мөргөлчийн хувиар айлчлан ирсэндээ баяртай байгаагаа” илэрхийллээ.

Францис 1450 гишүүнтэй католик шашны цомхон нийгэмлэгт урам зориг өгч, Ватикантай удаан хугацааны турш харилцаа муутай байсан Оростой хойд талаараа, Хятадтай өмнөд хэсгээрээ хиллэдэг Монголд дипломат айлчлал хийж буй юм. Тус бүс нутагт Христийн шашин хэдэн зуун жилийн турш оршин тогтнож ирсэн бол 1992 онд Монгол Улс Зөвлөлтийн холбоотон коммунист засгийн газрыг таягдан хаяж, шашин шүтэх эрх чөлөөг Үндсэн хуульдаа тусгаснаас хойш Католик сүм Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Францис хэлсэн үгэндээ, Монголын шашин шүтэх эрх чөлөөний уламжлалыг өндрөөр үнэлж, Монголын эзэнт гүрэн дэлхийн ихэнхийг байлдан дагуулж байсан тэр үед ч ийм үзэл санаа оршсоор ирсэн гэдгийг онцлов. Монголын их гүрэн оргил үедээ Унгар хүртэл баруун тийш өргөжин тэлж, дэлхийн түүхэн дэх хамгийн том хуурай газрын эзэнт гүрэн болж байсан түүхтэй. Өдгөө Орос, Хятад хоёрын дунд оршдог далайд гарцгүй энэ улсын хүн амын ихэнх нь буддын шашин шүтдэг.

“Танай эзэнт гүрэн тийм хол, тийм олон янзын газар нутгийг хамарч, тэр их уудам нутаг дэвсгэр дээрх олон ард түмний онцгой авьяас чадварыг үнэлж, улс иргэнийг засан тохинуулах их албанд тохоон томилж байсан явдал бол танай өвөг дээдсийн гайхамшигт чадварын гэрч юм. Энэхүү арга ухаан бидний цаг үед ч үнэ цэнэтэй хэвээр байгаа бөгөөд сэргээн хэрэглэх боломжтой” гэж Францис Ерөнхийлөгч, дипломатчид болон òөрийн ордонд цугласан шашны тэргүүн нарт хандан хэллээ. XIII зууны үед худалдаа, аялал жуулчлал цэцэглэн хөгжих боломжийг олгож байсан Монголын эзэнт гүрний үед улс төрийн байдал харьцангуй тогтвортой байсныг дурдаад, ахан дүүгийн барилдлагатай, тайван амгалан ийм үеийг өнөөдрөөс эхлэн бий болгохыг уриалав. Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхий ертөнцийг тэнгэр ивээж, “Монголын их амар амгалан” цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай хэмээн тэрбээр хэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ мөн “Монголын их амар амгалан”-гийн талаар дурдаад, дэлхийн тавцанд энх тайванч, олон талт яриа хэлэлцээг чухалчлагч Монгол Улсын хүчин чармайлтаа өнөө үед ч баримталж буйг онцоллоо. “Монголын их амар амгалан”-г тогтоосноор дэлхийн янз бүрийн үндэстнүүд бие биеэ харилцан хүндэтгэх, бие биенийхээ үнэт зүйл, өвөрмөц онцлогийг эрхэмлэн дээдлэх, янз бүрийн соёл иргэншлүүд энх тайвнаар зэрэгцэн орших боломжийг бүрдүүлэх баттай үндэс суурийг бүрдүүлсэн” гэж тэрбээр хэлэв. Пап Францис 1246 онд Монголын эзэнт гүрний хаан Гүюгээс Пап лам IV Иннокентэд илгээсэн захидлын албан ёсны хуулбарыг Ерөнхийлөгчид гардуулан өгч байгаагаа тэмдэглэн хэлэв. Францис мөн байгаль орчныг хамгаалах чиглэлд гаргаж буй Монгол Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ. Эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй өргөн уудам нутагтай энэ улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй орнуудын нэг юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэдээлэлд дурдсанаар, тус улсад сүүлийн 70 жилийн хугацаанд дундаж температур цельсийн 2.1 хэмээр нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрч, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас газар нутгийн 77 хувь нь хөрсний доройтолд оржээ. Монгол Улс 2026 онд НҮБ-ын цөлжилтийн асуудлаарх бага хурлыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд уудам тал хээр, уулархаг нутагтаа нэг тэрбум мод тарих аяныг эхлүүлээд байна. “Энэ бүхэн нь загалмайтны шашинтан бидний Бурхны бүтээл, түүний өгөөмөр сэтгэлийн үр шим болох байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хүндэтгэн талархаж, экологийн хариуцлагатай бөгөөд алсын хараатай бодлого, энэрэн нигүүлсэх соёл суртлыг баримтлан хүнээс үүдэлтэй хор хөнөөлийн эсрэг тэмцэхэд та бүхэн тусалж байгаа хэрэг юм” гэж Францис хэлэв. Мөн Пап Францис авлигатай тэмцэхийн ач холбогдлыг онцоллоо. Авлига, хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм. Харин шашин шүтлэг нь ямар ч нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг авлига хээл хахуулийн далд хөнөөлөөс хамгаалж байдаг хэмээв. Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаад байна. Өнгөрсөн онд Монгол Улс “Транспэрэнси Интернэйшнл” олон улсын байгууллагаас гаргадаг авлигын индексээр 116 дугаарт бичигдсэн ба өдгөө авлигатай тэмцэх таван хэсэг бүхий төлөвлөгөөг хэрэгжүүлж байгааг зарлаад байгаа юм.

Бямба гаригийн орой Францис Улаанбаатар хот дахь Гэгээн Петр, Паулын сүмд тус улсын католик шашны цомхон жижиг нийгэмлэгт санаа тавьдаг санваартнууд, номлогчидтой уулзав гэж “AP” агентлаг мэдээлжээ.

v Пап Францис буддын шашин дэлгэрсэн Монгол Улсад анхны түүхэн айлчлалаа хийхээр баасан гаригийн өглөө хүрэлцэн ирэв. Энэхүү айлчлал нь дэлхийн католик шашинтнуудын хамгийн цөөн тоотой бөгөөд хамгийн шинэ нийгэмлэгийн 1400 гишүүнд урам зориг өгөхийн сацуу Ватикантай хурцадмал харилцаатай Хятад, Орос хоёртой харилцаа холбоогоо хадгалах гэсэн оролдлого гэж үзэж байна. Ази дахь католик шашныг судлагч эрдэмтэн Мишель Чамбоны ярьснаар, Төв Азид анхаарлаа хандуулж, түүний Орос, Хятадыг ч үлдээж орхихгүй гэсэн Гэгээн Ширээт улсын зорилгыг энэ айлчлал илэрхийлж байна.

Пап Францис пүрэв гаригт Монголын талаар ярихдаа “хүн ам цөөтэй боловч том соёлтой улс” хэмээн тодорхойлоод, энэ урт, аниргүй байдлыг шууд логик ухаанаар бус харин мэдрэмжээрээ ойлгохыг хичээх хэрэгтэй хэмээжээ. Баасан гаригийг амарч өнгөрүүлсэн Папын бямба гаригт товлосон айлчлалын хөтөлбөрт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай хийх уулзалтууд багтжээ. Мөн тэрбээр эрх баригчид, дипломатчид, иргэний нийгмийн төлөөлөлд хандаж үг хэлнэ. Түүнчлэн мөн өдөр Гэгээн Петр, Паулын сүмд католик шашинтнуудтай уулзав гэж “DW” мэдээлжээ.

v Пап Францис дэлхийн католик шашинтнуудын хамгийн цөөн тоотой бөгөөд хамгийн шинэ нийгэмлэгт урам зориг өгөхөөр баасан гаригийн өглөө Монгол Улсад айлчлан ирлээ. Тэрбээр далайд гарцгүй Азийн энэ улсад түүхэндээ анх удаа айлчилж байгаа бөгөөд Монголын хоёр хүчирхэг хөрш Орос, Хятадтай харилцах Ватиканы харилцаа дахин хурцдаад буй үед ирж байна гэж “France24” мэдээлэв. CNN “Ердөө 1500 орчим католик шашинтай улсад хийж буй энэхүү айлчлал нь Папын хилийн чанадад хийдэг бусад айлчлал шиг сүр дуулиантай болсонгүй, хүмүүс олноор цугларсангүй. Түүнийг наймдугаар сард Португалд айлчлах үед болсон нэгэн арга хэмжээнд 1.5 сая хүн оролцож байсан бөгөөд Папын гадаадын бусад оронд хийдэг айлчлалтай харьцуулахад хамгаалалт төдийлөн хатуу чанга биш байв гэж мэдээлжээ.

v Пап Францис есдүгээр сарын 2-ны бямба гаригт Монгол Улсад айлчлах үеэрээ “Монголын амар амгалан”-г дэлхий даяар цогцлоохыг уриаллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй òөрийн ордонд уулзах үеэрээ Пап Францис Монголын эзэнт гүрний үеэс улбаатай энэхүү уламжлалыг өндрөөр үнэлэв. “Танай эзэнт гүрэн тийм хол, тийм олон янзын газар нутгийг хамарч, тэр их уудам нутаг дэвсгэр дээрх олон ард түмний онцгой авьяас чадварыг үнэлж, гадны иргэдийг улсыг засан тохинуулах их албанд тохоон томилж байсан явдал бол танай өвөг дээдсийн гайхамшигт чадварын гэрч баримт юм” гэж Пап хэлсэн байна гэж “Ukrinform” мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *