Categories
гадаад мэдээ

Путины хоосон сүрдүүлэг DNN.mn

Путины эхлүүлсэн дайн түүнд ашиггүй байдлаар нэгмөсөн эргэх шатандаа оров.Үүнийг ойлгосон тэрээр яаралтай Батлан хамгаалах яам,Жанжин штаб болон Холбооны Аюулгүй байдлын албаны дээд удирдлагыг нэгэн зэрэг солив. Зорилго нь дайны байдал эвгүйтэхэд бүх бурууг эд нарт үүрүүлж өөрөө цэвэр үлдэх явдал. Гэхдээ өөрийнхөө төлөө ажиллаж байсан бүх мөрдөстөнгүүдийг дээрээс нь доош нь дахин өөрийн хүмүүсээр сольж байгаа явдал үнэндээ Путины хувьд хэтэрхий гэмээр эрсдэлтэй ажил. Иймээс тэр Москвад орондоо нэгмөсөн нойрсож магадгүй болсон тул наашаа гэсэн гадаад улс болгонд хоног төөрүүлж явна. Харин түүнийг Узбекистанд айлчилж байхад маш том, чухал үйл явдал болсон нь зөвхөн шинжээчдийн дундын хэлэлцүүлэг болж, олон нийтийн мэдээллээс холхон үлдэж байна. Энэ бол Путины атомын бөмбөгний заналхийлэлд цэг тавьсан явдал байв.

Пуужингийн довтолгооноос сэрэмжлүүлэх систем “СПРН” нь 1960-аад оны эхээр ЗХУ-д бий болсон. Үүний зорилго нь баллистик пуужинг хаанаас хөөрч буйг аль болох эрт илрүүлж, тэдгээрийн хурд, замналыг аль болох нарийвчлалтай тодорхойлох явдал бөгөөд энэ нь довтолгооны цар хүрээ, түүний чиглэлийг тодорхойлох төдийгүй пуужингийн довтолгооноос хамгаалах мэдээлэл өгөх явдал юм. Энэхүү систем нь хэдэн мянган километрийн зайд пуужинг илрүүлж, замналыг нь тодорхойлох чадвартай газар дээрх радарын станцууд болон хиймэл дагуулууд гэсэн хэсгээс бүрдэнэ. Тэд пуужингийн хөдөлгүүр хөөргөх үеийн хэт улаан туяаны цацрагаар пуужин хаанаас хөөрч байгааг тогтоодог аж. Анхны ийм эрт сэрэмжлүүлэх систем нь 1970 онд ашиглалтад орсон бөгөөд арван жилийн эцэс гэхэд ЗХУ-д аль хэдийнэ 7 радар ажиллаж байсан бөгөөд тэдгээр нь зүүн хойд хэсгээс бусад бараг бүх чиглэлийг хамарсан байв. Харин үүнээс хойш 1991 он гэхэд зөвхөн хоёр радар гэж байгуулсан ба ЗСБНХУ задран унаснаар дор хаяж 6 шинэ радарын станц барьж эхэлсэн ажил зогссон байна. Ингээд 1990-2000-аад оны үед Оросын Азербайжан, Латви, Украин дахь радаруудын мэдээлэлд хандах боломжгүй болсон юм.

Харин Беларусийн Барановичи дахь Волга радарын барилгын ажил 1990-ээд оны сүүлээр дуусч, Оросын системийн нэг хэсэг болгон ажиллаж байгаа юм. Мөн 2005 онд ОХУ-д хуучирсан Зөвлөлтийн локаторуудыг орлуулах, бүх чиглэлд бүрэн хамрах хүрээг бий болгох зорилгоор эрт сэрэмжлүүлэх радарын шинэ системийг барьж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл Воронеж төрлийн 8 шинэ радар барьсан боловч хоёр нь байлдааны үүрэгт хараахан ороогүй байгаа бололтой. Воронежтэй хамт ЗСБНХУ-ын үед баригдсан хэд хэдэн радаруудыг шинэчилж эрт сэрэмжлүүлэх системийн нэг хэсэг болгон ажиллуулж байгаа билээ.Өнөөдөр Мичелевка Эрхүү мужид, Оленегорск хотын Кола хойг дахь Днепр радар, Печора хотын Коми муж дахь Дарял радар болон Москвагийн ойролцоох Пушкин хот дахь “Дон-2Н” радарууд ажиллаж байгаа билээ.

Оросын цөмийн хүчний төслийн тэргүүн Павел Подвиг “Оросын эрт сэрэмжлүүлэх систем нь болзошгүй цохилтын бүх чиглэлийг бүрэн хамарч байна гэж дүгнэж болно.Радарууд наад зах нь Украины дронуудын цохилтоос өмнө сэрэмжлүүлэх мэдээлэл өгч чадна. Харин Армавир радарууд нь Украины өмнөд хэсгийг, Орск дахь радарын станц нь зүүн өмнөд хэсгийг хариуцдаг” гэж мэдэгдэж байв.

Франц тэргүүтэй ардчилсан улсууд “ОХУ энэ дайнд ялагдах ёстой” гэж ил тод зарлан Украинд цэрэг оруулах тухай ярьж, барууны улсууд ээлж дараалан “Украин бидний өгсөн зэвсгээр Оросын нутагт цохилт өгөх эрхтэй” хэмээн мэдэгдэж эхлэнгүүт Путин тэднийг айлгах гэж “Тактикийн цөмийн зэвсгийн туршилт явуулж эхэлсэн” гэж мэдэгдэв. Яг энэ үеэр буюу тавдугаар сарын 22-нд Украины дронууд 1800 км газрыг туулан Оросын Краснодарск хязгаарын Армавир хот дахь Оросын пуужингийн довтолгооноос урьдчилан сэргийлэх системийн “Воронеж-DM” гэх хоёр радарт нэгэн зэрэг цохилт өгөв. Ийм халдлагад шууд тактикийн цөмийн зэвсгээр хариу цохилт өгөх ёстой ОХУ таг чимээгүй өнгөрөв.

Эцэст нь тавдугаар сарын 26-нд Украины өөр нэг дрон Оросын Орск хотын ойролцоох “Воронеж-М” радарт дахин цохилт өгч үр дүнд нь ОХУ-ын Газар дундын тэнгист байгаа АНУ, Английн хөлөг онгоцуудыг харж байсан “нүдийг таг сохлов”. Үүнээс бүтэн нэг хоног өнгөрсний дараа Путин Азербайжанд гэнэт гарч ирэн “Энэ явдалд АНУ хамаагүй гэдгийг бид ойлгож байна” гэж тал засаад “Харин Европын жижиг улсын их нягтшилтай олон хүн амьдардаг хотууд анхааралтай байхад илүүдэхгүй” гэж заналхийлэв. Энэ удаа түүний хэлснийг тоож, дэвэргэн дамжуулах гадны хэвлэлийнхэн олдсонгүй. Үр дүнд нь Оросын цөмийн бөмбөгөөс айдаг гэдгээрээ алдаршаад байгаа Германы канцлер хүртэл “Украин бидний өгсөн зэвсгээр Оросын нутагт цохилт өгөх эрхтэй” хэмээн мэдэгдэв. Ийм мэдэгдлийг өнөөдрийн байдлаар барууны 13 улсын төрийн тэргүүн хийгээд байна. Энэ бол Украины хувьд үнэхээр хангалттай хүч. Мөн Путины атомын бөмбөгний заналхийллээс айх хүнгүй болж байна гэсэн үг.

 

 

Г.АМАРСАНАА

One reply on “Путины хоосон сүрдүүлэг DNN.mn”

ЭНЭ Ч БАС Л ӨРНИЙН ОРНУУД ШИГ ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ ҮНЭН МЭТ СЭВЭХ ЮМ ДАА,ОРОС БОЛ ОРОС ТЭД ХЭЗЭЭЧ ЯЛАГДАХГҮЙ ТЭД ЯЛАГДВАЛ ЭНЭ ЕРТӨНЦИЙН ТАЛ НЬ ҮХЭЖ ДУУСАХ БАЙХ ДАА, ОРОС ЯЛЖ БАЙНА.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *