Categories
мэдээ нийгэм

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.20) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Хууль санаачлагчийн зүгээс хөдөлмөрийн зах зээлд дотоодын ажиллах хүчний хомсдол бодитоор тулгарч, жилд дунджаар 30-40 мянган ажлын байр ажиллах хүчний дутагдалтай  байгааг дурдав. Тэрбээр үргэлжлүүлэн, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд 280 мянган ажлын байрны хэрэгцээ байгааг тодотгоод, дотоодын ажиллах хүчний хомсдолыг нөхөх, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд уян хатан бодлого баримталж буйг онцлов. Ингэхдээ эдийн засгийн өндөр бүтээмж бүхий уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо, банк санхүү зэрэг салбаруудад гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаартай тогтоох, дотоодын ажиллах хүчнийг эдгээр салбаруудад түлхүү ажиллуулах бодлогыг дэмжинэ гэв.

Уг хуулийн төсөлд аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад ажилтан авч ажиллуулахтай холбоотой хүнд суртлыг арилгах, зарим процессыг хялбаршуулан цахимжуулах зэрэг зохицуулалтыг нэмж тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн сорьцын 28 хувьд томуугийн А хүрээний вирус бүртгэгджээ DNN.mn

 ХӨСҮТ-өөс хамгийн сүүлд хийсэн тандалтын мэдээгээр нийт сорьцын 20-28 хувьд нь томуугийн А хүрээний вирус бүртгэгджээ.

Томуугийн А хүрээний вирус сэхээнд орох, амь насаа алдах эрсдэлд хүргэдэг бөгөөд өмнө нь бүртгэгдэж байсан томуу, томуу төст өвчний адино, рино зэрэг вирусээс ялгаатай аж.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд бол томуугийн А хүрээний вирусний эрсдэлт бүлэг нь жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан байна.

Түүнчлэн чихрийн шижинтэй, хавсарсан өвчлөлтэй иргэд А хүрээний вирусээр өвдсөн тохиолдолд хүндрэх, сэхээнд орох, амь насаа алдах эрсдэлтэй тул шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, олон нийтийн газар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, халдвар хамгааллын дэглэм баримтлахыг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: “Хүннү” ухаалаг дагуул хотыг Хөшигийн хөндийд байгуулна DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийн хурлын үеэр дараах мэдээллийг өглөө. 

“Агаарын бохирдлын асуудлаар мөн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаар хөрсний бохирдол бол олон шалтгааны үр дагавар юм. Бид асуудалд илүү углуургаар нь цогцоор нь хандах ёстой. Тиймээс ч Нийслэл Улаанбаатар хот цогц байдлаар асуудлаа шийдвэрлэх санхүү, хүний нөөц, эрх зүйн чадамжтай байх учиртай. Улсын Их Хурал, Засгийн газар шаардлагатай бүх улс төрийн дэмжлэгийг нийслэлд үзүүлэх учиртай.

Агаар хөрсний бохирдол, эрчим хүчний дутагдлыг бүх нийтийн үйлс болохыг дэмжих зорилгоор өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын нэг хувийн татварын хөнгөлөлтийн 2024 оны IV улирлын дүн болон 2025 оны татварын хөнгөлөлтийг зөвхөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулахаар шийдвэрлэж байна.

Нийслэлд тулгамдсан суурь асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тусгай эрхзүйн орчин шаардлагатай бөгөөд Улсын Их Хуралд яаралтай горимоор энэ асуудлыг танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нийт иргэн, аж ахуйн нэгжүүддээ энэхүү үйлсэд Засгийн газартай хамтран ажиллахыг уриалж байна.

Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих хуулийн төсөл, “Хүннү” ухаалаг дагуул хотыг Хөшигийн хөндийд байгуулах тогтоолын төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төслүүд, Туулын хурдны замын явц, Нийслэлийн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Явган хүний гарцаар гарч явсан хүнийг дайрч амийг нь хохироосон ноцтой осол гарчээ DNN.mn

Явган хүний гарцаар гарч явсан хүнийг дайрч, амийг нь хохироосон осол өнөөдөр (2024.12.20) өглөө гарчээ.

Ослын талаар Тээврийн цагдаагийн албан “Нийслэлийн ХУД-ийн 5 хороо Яармагийн “Номин” худалдааны төвийн урд зам дээр хүн мөргөчихлөө гэх дуудлага мэдээлэл өнөөдөр 08.05 цагт бүртгэгдсэн байна. Ослын улмаас 1 иргэн нас барсан байна.Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.12.20/ хуралдаан 10 цаг 02 минутад, гишүүдийн 53.2 хувийн ирцтэй эхэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр нэр дэвшигчийн сонсгол хийж томилохоор заасан. Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, хараат бусаар зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг олон талын тэнцвэртэй төлөөллийн үндсэн дээр байгуулна гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны дэд дарга О.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн Хүний эрх, эрх зүйн бодлогын зөвлөх Х.Номингэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Батцэцэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбат, Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Отгонтэнгэр их сургуулийн ахлах багш С.Эрдэнэболор нарын бүрэлдэхүүнтэй байгуулсныг танилцуулгадаа онцлов.

Ажлын хэсэг Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгуулах журмын дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материал хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг парламент.мн цахим хуудсанд байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, шинжлэн судлах, нэр дэвшигч тус бүртэй ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах, сонсголын тайлан гаргах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн тодорхой үе шатны хүрээнд сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулсан гэлээ.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдлаар мэдээлэн хүсэлт, материалыг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд хүлээн авсан бөгөөд тус хугацаанд 2 хүн материалаа ирүүлсэн. Ажлын хэсэг хүсэлт, материалыг хүн тус бүрээр хэлэлцэн хууль тогтоомжид заасан шаардлага хангасан гэж үзэн тус 2 хүнийг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн шийдвэрийг гаргасан болно гэдгийг санал, дүгнэлтдээ дурдсан байлаа.

Сонгон шалгаруулалтад 2 нэр дэвшигч оролцсон бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу санал хураалтын дүнгээр Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчийг саналын дарааллаар эрэмбэлэн сул орон тоогоор болон дараагийн олонхын санал авсан хүний хамт нэр дэвшүүлж, Байнгын хороонд хүргүүлэх заалтын дагуу нэр дэвшигч Самдангийн Энхбаатар, Машлайн Алтан-Очир нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэн Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан. Хууль зүйн байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа нэр дэвшигчийн сонсголын тайлан болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцсэн гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйл, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд нэр дэвшигч Самдангийн Энхбаатарыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулах нь зүйтэй гэж үзсэнийг Ц.Сандаг-Очир гишүүн танилцуулгадаа онцолж байлаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, А.Ганбаатар, С.Замира нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд нэр нэвшигчид амжилт хүсэхийн зэрэгцээ хууль, шүүхийн байгууллагад ажиллаж байгаагүй хүнийг эл албанд томилох нь хэр оновчтой эсэхийг Байнгын хорооны даргаас лавлав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тохиолдолд хамгийн түрүүнд бодлогын шинжтэй ямар арга хэмжээ авах талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал энэ албан тушаалын босго маш өндөр байх ёстойг онцлоод хуульч хүний хувьд мэргэжлийн ур чадвараа хэр үнэлдэг талаар тодруулав.

Нэр дэвшигч С.Энхбаатар хариултдаа, Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл нь иргэдийн итгэлийг даасан байгууллага байх ёстой гээд эрх зүйт төрийн үндсэн зорилго нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хангадаг тул шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдан ажиллах тэрхүү нөхцөл, боломжийг хангах хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхийн төлөө бүхий л бололцоог хангаж ажиллана гэж байлаа. Мөн тэрбээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг баклавр, магистр, Австрали улсад олон улсын харилцааны чиглэлээр магистрийн зэрэг тус тус хамгаалж, 1999 оноос төрийн албанд мэргэжилтнээс эхлээд хэлтсийн дарга, орлогч дарга, агентлагийн даргаар ажилласан. Энэ хүрээнд хууль, эрх зүйн хүрээнд хуулийн зөвөлгөө өгөх, хуулийн төсөл  боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр  ажиллаж байсан туршлагатай хэмээн хариулж байв.

Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу ажиллаж, энэ талаарх товоо тогтоож, хэвлэлийн мэдээллийн байгууллагуудаар 21 хоногийн хугацаанд зар түгээн, бүртгэлээ хийсэн. Хоёр нэр дэвшигч материалаа өгсөн бөгөөд шүүгч бус гишүүнийг сонгох шалгаруулахаар болсон. Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд энэ удаа шүүгч, прокурор зэрэг хууль, шүүхийн байгууллагад ажиллаж байгаагүй хүнийг сонгон шалгаруулах журмын дагуу ажилласан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Ингээд нэр дэвшигч Самдангийн Энхбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 73.2 хувь нь дэмжив. Энэхүү санал дэмжигдсэн тул“Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ГЕГ: “Сувинер, хувцас, шинэ жилийн тоглоом” гэж гаальд мэдүүлсэн бараанд амьд могой, яст мэлхийг нуусан байжээ DNN.mn

2024 оны 12 дугаар сард улс хоорондын шуудан илгээмжээр БНСУ-аас илгээгдсэн “сувинер, хувцас, шинэ жилийн тоглоом, чимэглэл” гэж мэдүүлсэн илгээмжээс гаалийн хяналт шалгалтаар 9 яст мэлхий, 2 могой илрүүлсэн.

Гаалийн албан хаагчид зориулалтын бусаар, олон хоног тээвэрлэгдэж ирсэн амьтдыг яаралтай эмчийн үзлэгт хамруулж, хамгаалах арга хэмжээг авсан.
Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тухайн амьтдыг “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци” (CITES)-ийн 2 дугаар хавсралтад бүртгэлтэй амьтны төрөл зүйл болохыг тодорхойлсон. Тус конвенци болон холбогдох хууль тогтоомжид экспортлогч, импортлогч талуудын холбогдох байгууллагуудаас “зөвшөөрөл” авсан байх шаардлагатайг тодорхой заасан байдаг.

Гаалийн байгууллагаас дээрх үйлдэлтэй холбоотойгоор прокурорын байгууллагын хяналтан дор “зөрчлийн хэрэг” нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Одоогийн байдлаар Шүүхийн шийдвэрээр амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн зориулалтын лабораторид түр хадгалуулах арга хэмжээг авч хэмжээ авч ажиллаж байна.

Иймд иргэд, ААН та бүхнийг зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхдээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч, гаалийн байгууллагад мэдүүлж, хуулийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн DNN.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрбээр,
“Өнөөдөр Засгийн газар хуралдлаа. Гурван зорилготой хуралдсан гэж ойлгож болно.
Нэгдүгээрт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байна. Сайд нарт өгсөн албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн.
Хоёрдугаарт. Арванхоёрдугаар сарын 20-ноор тасалбар болгож, оны эцсийн эдийн засгийн үзүүлэлтүүдийн урьдчилсан байдлыг хэлэлцсэн.
Гуравдугаарт. Нийслэлийн агаарын бохирдлын талаар Үндэсний хороо болон Нийслэлийн дүгнэлт, шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан.
Ингээд хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудлуудыг тоймлон мэдээлье.
o   Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт таван хувь, валютын нөөц 4.9 тэрбум, оны эцсээр таван тэрбум ам.долларт хүрэх эерэг хүлээлттэй байна.
o   Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч байна.
o   Экспорт 15.7 тэрбум ам.долларт, үүн дотор нүүрсний экспорт 81.8 сая тонн буюу түүхэн дээд амжилтад хүрээд байна.
Энэ үзүүлэлтүүдийг арванхоёрдугаар сарын 20-нд буюу өнөөдөр хэлэлцсэн шалтгаан бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж хэрэгжээд анхны мөнгөжсөн үр дүнг харах хамгийн наад талын боломжит хугацаа байсан.
Та бүхэн санаж байгаа, Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд тухайн үед буюу Үндсэн хуульд тогтолцооны өөрчлөлт оруулсны дараа 2024 оны нэгдүгээр сарын 31-нд санамж бичигт гарын үсэг зурж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан.
Энэ хууль хэрэгжиж эхлээд анхны үр дүн өнөөдөр гарч байна.
Олон улсын баялгийн сангийн жишгээр Үндэсний Баялгийн санг өөдлөн дэвжих бэлгэдлийг бодож, Их Хааныхаа нэрээр нэрлэх болно. Олон улсад энэ сан “CHINGGIS FUND” нэршлээр танигдана гэсэн үг юм.
Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байна.
Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг буюу Монгол иргэдийн нэрийн ХАДГАЛАМЖ-д иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж, Е-Монголоор дамжин өнөөдөр нээлттэй болж байна. Хадгаламж баялагтай хэрхэн уялдаж байгааг иргэн бүр харах боломж бүрдлээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад тус хадгаламжийг бэлэн бусаар ашиглах боломжтой болж байна гэсэн үг.
2025 он гараад иргэн Та хүсвэл Хадгаламжийн нэрийн картаа авч болно.
Баялаг ашиглагдах тусам хуримтлал нэмэгдэнэ. Үндэсний баялгийн 34 хувь ба түүнд ногдох АМНАТ-ын орлогоос хуримтлал үүсэж, иргэдийн хуримтлал арвижна.

Шинэ мега төслүүд хэрэгжих тусам иргэдийн хуримтлал нэмэгдэх эрх зүйн зохицуулалт юм. Засгийн газрын 14 мега төсөл бүрэн хэрэгжсэнээр 2030 онд Хуримтлалын сан 18 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэж үзсэн.
Хөгжлийн санд урьдчилсан байдлаар нэг их наяд төгрөгийн 50 хувь нь буюу 500 тэрбум төгрөг төвлөрөх боломж бүрдэж байна. Хөгжлийн банк ЭКСИМ БАНК болсон.
Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн зээлийн хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Эрчим хүчний томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа булангийн орнууд, баялгийн сангууд илэрхийлээд байна. Мөн өнөөдөр Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийг байгуулах шийдвэр гаргалаа.
Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Бадрах Энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногийн лхагва гаригт Улсын Их Хуралд өргөн барихаар тогтлоо.
Урьд нь улс төрийн нөлөөт толинд 16-20 жил гацсан тус төслүүд хөдлөж байгаа нь хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт юм.
Том төслүүд хөдлөх дөхөхөөр эрх ашиг нь зөрчигдсөн олон хүмүүс үймдэг.  Энэ асуудлуудыг удахгүй Улсын Их Хуралд нээлттэй ярилцах цаг дөхөж байна.
Эрдэнэт 49 хувь, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт, Эрдэнэс Тавантолгой тойрсон нүүрс болон төмөр замын асуудал бүгд л шийдвэрлэгдэх үед олон нийтийг үймүүлж өөр зүйлд анхаарал хандуулах гэсэн оролдлого, дайралт идэвхжиж байсан. Гашуунсухайт-Ганцмод төсөл гацсан шалтгаан ч бас ийм ашиг сонирхолтой холбоотой байсан. Гэхдээ олон нийт маш хэрсүү байж, шударга ёсны төлөөх жингийн цуваа явсаар л байна. Цаашид ч явсаар байх болно.
Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их төгрөгийн ашигтай ажиллаж байна. Ногдол ашиг нь дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Эхний ээлжинд иргэн бүрд 135.000 төгрөг олгогдоно.

Агаарын бохирдлын асуудлаар мөн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаар хөрсний бохирдол бол олон шалтгааны үр дагавар юм. Бид асуудалд илүү углуургаар нь цогцоор нь хандах ёстой. Тиймээс ч Нийслэл Улаанбаатар хот цогц байдлаар асуудлаа шийдвэрлэх санхүү, хүний нөөц, эрх зүйн чадамжтай байх учиртай. Улсын Их Хурал, Засгийн газар шаардлагатай бүх улс төрийн дэмжлэгийг нийслэлд үзүүлэх учиртай.
Агаар хөрсний бохирдол, эрчим хүчний дутагдлыг бүх нийтийн үйлс болохыг дэмжих зорилгоор өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын нэг хувийн татварын хөнгөлөлтийн 2024 оны IV улирлын дүн болон 2025 оны татварын хөнгөлөлтийг зөвхөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулахаар шийдвэрлэж байна.
Нийслэлд тулгамдсан суурь асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тусгай эрхзүйн орчин шаардлагатай бөгөөд Улсын Их Хуралд яаралтай горимоор энэ асуудлыг танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нийт иргэн, аж ахуйн нэгжүүддээ энэхүү үйлсэд Засгийн газартай хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих хуулийн төсөл, “Хүннү” ухаалаг дагуул хотыг Хөшигийн хөндийд байгуулах тогтоолын төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төслүүд, Туулын хурдны замын явц, Нийслэлийн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Украин лазерын зэвсэг үйлдвэрлэж эхлэв DNN.mn

Европын Холбоо, Украины цэргийн аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөвт зориулсан бага хурлын үеэр Украины Зэвсэгт хүчний нисэгчгүй агаарын хүчний командлагч Вадим Сухаревский “Украин өөрийн гэсэн “Трезубец” гэх лазерын зэвсэгтэй болсон. Би андуураагүй бол өнөөдөр Украин лазерын зэвсэгтэй болсон тав дахь улс юм. Бид энэ зэвсгээр хоёр километр өндөрт байгаа ямар ч байг буудан сөнөөж чадна” гэж мэдэгдэв. Өнөөг хүртэл Украины лазерын зэвсгийн талаар юу ч яригдаж байгаагүй учир энэ нь гэнэтийн мэдээ болов. Украины зэвсгийн мэргэжилтэн, “Укроборонпром” концерны ажилтан асан Олег Катков BBC-д өгсөн ярилцлагадаа “Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд лазер зэвсэг бүтээх технологи, эд ангиуд илүү хүртээмжтэй, илүү хялбар болсон. Иймээс хэрэв Украины лазерын зэвсэг нь улсын зохион бүтээх товчооных бус харин зарим хувийн стартаппын санаачилга, ажлын үр дүн байхад би огтхон ч гайхахгүй” гэж хэлжээ. Гэхдээ энэ зэвсэг үр дүнтэй байх эсэх нь өөрөө нэлээд төвөгтэй асуудал бөгөөд хариулт нь олон хүчин зүйлээс хамаарна.

Харьцангуй хямд, сум хэрэгсэл шаардахгүй, дахин дахин ашиглаж болох үр дүнтэй зэвсэгтэй болох санаа тухайн үеийн их гүрнүүд болох ЗХУ, АНУ-ын цэргийн удирдлагуудын анхаарлыг татав. Онолын хувьд хүчирхэг лазер туяа хэдхэн секундын дотор дайсны техникийг сөнөөж чадах бөгөөд энэ зэвсгийг хамгаалалтын болон довтолгооны аль алинд нь ашиглаж болох учир хамгийн тохиромжтой зэвсэг юм. Гэвч практик дээр бүх зүйл илүү төвөгтэй гэдэг нь нэг их удалгүй ойлгомжтой болсон билээ.

Ийнхүү ЗХУ, Америкийн эрх баригчдын пуужин, онгоцыг лазераар устгах тухай хийсэн мэдэгдэл удалгүй мартагдав.Үнэндээ бол тэд хэд хэдэн хувилбар бий болгосон ч эдгээр нь үүл, манан, тоостой агаарт ажиллах чадваргүй байжээ. Гэтэл байлдааны үед тэнгэр цэлмэхийг хүлээж суух хэн байх билээ. Мөн цаг агаараас гадна гол саад бэрхшээл нь лазерыг тэжээх хүчирхэг эрчим хүчний эх үүсвэр, ашигласны дараа хэрхэн хурдан хөргөх,хэд хэдэн хөдөлж буй байг яаж нэгэн зэрэг бүгдийг нь устгах вэ гэсэн олон асуудал үүссэн учир лазерын зэвсгийг хэтийн төлөвгүй хэмээн үзэж санхүүжилт, бүтээн байгуулалтыг нь зогсоосон билээ.Гэвч шинэ сорилтууд, тэр дундаа Орос-Украины дайны бараг л гол зэвсэг болж, өргөнөөр хэрэглэгдэж буй дроны асуудал байлдааны лазерыг хөгжүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэв. Учир нь хямд үнэтэй олон дронтой тэмцэхэд чухамхүү лазерын зэвсэг л тохирох зэвсэг юм. Дроны эсрэг өндөр үнэтэй зенитийн пуужин ашиглах нь эдийн засгийн хувьд ашиггүй бөгөөд нисэж буй дроныг пулемётоор газраас буудах оролдлого ихэнхдээ бүтэлгүйтэж байв. Ийнхүү АНУ, Оросоос гадна Хятад, Их Британи, Өмнөд Солонгос, Япон, Израиль байлдааны лазерын технологид хөрөнгө хаяж эхлэв. АНУ-д дайсны пуужингийн эсрэг, түүнчлэн тэнгисийн цэргийн болон нисэх хүчинд лазерын системийг хөгжүүлэн туршив. Оросын удирдагч Владимир Путин хэдэн жилийн өмнө хиймэл дагуулыг хүртэл туяагаар сөнөөх чадвартай лазерын “Пересвет” зэвсэгтэй болсон гэж дэлхий нийтэд гайхуулж байсан ч сурсан зангаараа удалгүй сураг тасрав.Харин Хятадуудагаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах лазерын зэвсэг туршиж, аюулгүй байдлын албаныхан нь лазер винтовтой болж, үймээн самуунд оролцогчдыг түлчихлээ гэх мэдээлэл тарав. Тэгвэл өнгөрсөн намар Израилийн арми ирэх оны эцэс гэхэд өөрийн зэвсэглэлд авах “Iron Beam” лазерын системийн эхний багцыг захиалан үйлдвэрлүүлж эхлэв. Энэхүү агаарын довтолгооноос хамгаалах систем нь хэдэн зуун метрээс хэдэн километрийн зайд байгаа маш жижиг байг ч устгах чадвартай юм. Мөн Өмнөд Солонгос, Япон улсууд дрон болон пуужингаас эсэргүүцэн хамгаалах лазерын зэвсгийн загваруудаа олон улсын зэвсгийн үзэсгэлэн дээр тавьж олон нийтэд танилцуулсан бол Их Британи өөрийн “DragonFire” лазерын системийг 2027 оноос өмнө армийн хэрэгцээнд авна гэж мэдэгдэв. Тэд “Бид 55 кВт-ын чадалтай, 37 тусдаа суваг бүхий лазерын туяа бүхий системийн тухай ярьж байна. Энэ нь нэг километрийн зайд төмрийг шатаах боломж олгоно” гэж мэдээлж байсан билээ. Иймээс Их Британи өнгөрсөн хавар өөрийн “DragonFire”-ийн дээжийг байлдааны нөхцөлд туршихаар Украинд шилжүүлсэн байх өндөр магадлалтай. Гэтэл Украины Зэвсэгт хүчний нисэгчгүй агаарын хүчний командлагч Вадим Сухаревский Украины “Трезубец” хоёр км өндөрт байгаа онгоцыг сөнөөж чадна гэсэн. Энэ бол нэлээд “том” үзүүлэлт. Британийн “Drag­onFire” нь нэг километрийн зайд л байг устгаж чаддаг. Израилийн “Iron Beam” нь хоёр дахин их зайд байг устгах ч англичуудынх шиг 55 биш, харин 100 киловатт цахилгааны хүчин чадал шаарддаг.

Энэ бүхэн “Хэн нэгэндээ дайсагнаж байгаа талд зэвсэг нийлүүлэхгүй” гэсэн 2015 оны гэрээгээ ОХУ бүдүүлгээр зөрчсөнд уурлаж, бухимдаж буй Израиль, угаасаа дарангуйллын дэглэмд дургүй Их Британи хоёрын шууд дэмжлэгээр Украины хувийн хэвшлийнхэн маш богино хугацаанд лазерын зэвсэг бүтээсэн байж магадгүй гэдгийг харуулж байна. Эсвэл Хойд Солонгосын цэрэг Украины эсрэг байлдаж байгаад дургүйцсэн Өмнөд Солонгос, Япон хоёр Украинд шууд бэлэн лазерын зэвсэг өгсөн байхыг үгүйсгэх аргагүй. Ямар ч байсан Украин маш богино хугацаанд “Трезубец”буюу “Гурван хошуут” гэх Украины далбаан дээрх сүлдний нэр бүхий, өөрийн лазерын зэвсгийг үйлдвэрлэж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

1-2 дугаар ангийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ DNN.mn

Нийслэлийн сурагчдын амралтын хуваарь

1-2 дугаар анги: 12 дугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 24

3-4 дүгээр анги: 12 дугаар сарын 30-ны өдрөөс нэгдүгээр сарын 24

Дунд анги: 12 дугаар сарын 30-ны өдрөөс нэгдүгээр сарын 24

Ахлах анги: 2025 оны нэгдүгээр сарын 6-аас нэгдүгээр сарын 24-н хүртэл амарна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл 4500 тонн давс, 6142.7 тонн бодисын нөөцтэй байна DNN.mn

2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөс цэвэрлэх ажилд 35 байгууллагын 1100 гаруй зам талбайн үйлчлэгч 100 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 4500 тонн давс, 6142.7 тонн бодисын үлдэгдэлтэй байна.