Categories
редакцийн-нийтлэл

Хадгаламж зээлийн хоршоодын битүүмжлэгдсэн эд хөрөнгө хаачив?

Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын
асуудал өнөөдөр ч яригд­саар байна. Тухайн үед “Баян-Өндөр сан”, “Биз­нес кредит”,
“Бөөн цагаан нуур”, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб кре­дит”, “Гэр хорооллын
ба­рилгажилт”, “Европын хөг­жил”, “Жигүүр инвест”, “Зиб”, “Итгэл сэтгэл ирээ­дүй”,
“Монгол торго”, “Нью болор оргил”, “Оюу алт”, “Си Эм Си”, “Хөрөнгө оруу­­лалт хөгжлийн
сан”, “Эрхэст инвест” зэрэг 29 хоршоо дампуурч, 9300 орчим хадгаламж эзэм­шигч хохирсон.
Хохирог­чид тэр үед эрх барьж байсан МАХН-ын үүдэнд олон сар өлсгөлөн зар­лаж, батлахыг
нь урж, үсээ хусч тэмцлээ хур­цаар илэрхийлцгээсэн билээ. Үүний хүчинд тэд хохирлынхоо
тавин хувийг эргүүлэн авсан ч үлдсэнийг нь одоо хүртэл авч чадаагүй байгаа.

Уг хэрэгтэй холбогдуу­лан 43 тэрбум
606.5 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн ч үүн дээр нэмэгдэх зээлдэгчийн авлагын
14 тэрбум төгрөг, 20 гаруй газар, таван лицензийг үнэлээгүй байдаг юм.

Хоршоод дампуур­лын ирмэгт ирж, иргэд сандралдаж байх үед хоршоодын
эзэд, “Бид дампуураагүй. Ашигтай хөрөнгө оруулалтууд хийж одоо үйл ажиллагаа явуулж
бай­гаа үйлчил­гээ­ний газруу­даа ажиллуу­лаад бариг­даж байгаа барилгадаа хөрөнгө
оруу­лалт хийнэ. Тэгээд орон сууцаа за­раад ол­сон мөнгөөрөө хадга­ламж эзэм­шигчдээ
хохи­рол­гүй бол­го­но” хэ­мээн өөр өөрсдийн­хөө бизнес төлөвлөгөөгөө та­нил­­цуул­сан
ч бүгдийг нь хо­морголон шоронд хий­гээд бүх хөрөнгийг нь хүчээр битүүмжилсэн.

Энэ талаар “Баян-Өндөр” хадгаламж
зээ­лийн хор­шоо­ны эзэн асан, хори­ход ял эдэлж байгаа С.Сам­бал­хүндэв “Эзнийг
нь шоронд хориод эд хөрөнгийг нь хуваа­гаад авчихсан” хэ­мээн манай сонинд ярилцлага
өгсөн нь голыг нь олж хэлсэн үг болсон.

Гэтэл битүүмжилсэн гэх үйлдвэрүүд,
эд  хөрөнгө, байр сав, машин тэрэг, газар
гээд бүхий л зүйл нь зах зухаасаа гээгдэж, дун­даас нь алга бол­соор байгаа аж.
Битүүмжлэгд­сэн “Бенз” маркийн машин явсаар “Эксель” болон өөрч­лөг­дөж сүүл­дээ
“Экселийн нэг хаалга л битүүм­жилсэн” болж хуви­раад байгаа аж. Нэг бай­гуул­­ла­гаас
нөгөө байгуул­ла­гад энэ хэргийг шийдэхээр өгө­хөд эд хөрөнгө нь ингэж тоног­дож,
гээгдсээр одоо тоо­той хэдэн л юм үлдээд байгаа юм байна.

Үүнд хохирогчид ихэд са­наа зовниж,
хэзээ энэ асуу­дал шийдэг­дэх бол хэмээн горьдлого тээсээр байна. Засаг солигдож,
байдал жаа­хан наашилсан ч энэ асууд­лыг чуулганаар хэлэлцэж, ирэх оны төсөвт хохирол
барагдуулах мөн­гийг суулга­хаас нааш санаа нь амрах­гүйг тэд ярьсаар.

Хохирогчдын эрх ашгийг хам­гаа­лах
“Шударга төв” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Оюунцэцэг “1937 оны хэлмэгдүүлэлтийн
хар сүүдэр одоо хүртэл ард түм­ний сэтгэлд байсаар байна. Тэр үед хайртай дотнын
хүмүү­­сээ алдсан хүмүүс өнөөд­рийг хүртэл төрдөө гомдсоор байгаа. Үүн шиг л үйл
явдал битгий болоосой гэж хүсч байна. Мөнгөө алд­сан хохирогч­доос маш олон хүн
сэтгэлээр унаж, амиа хорлож нас барсаар байна. Хохирогчид алдсан мөнгөө өнөөд­рийн
төгрөгт шилжүүлж авахыг хүсээгүй. Тухайн үед алдсан мөн­гөө л тэр тоогоор нь авахыг
хүсч байгаа. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, олон мянган хүнийг сэтгэлийн шаналлаас
гаргахыг төр зас­гаа­саа хүсч байна” гэлээ.

Тус байгууллагаас хохи­рогч­­дын дунд
судалгаа явуул­жээ. Судал­гаанд хамруулсан 700 хохи­рогч­дын гэр бүлд сэтгэл санааны
хямралаас үүдэлтэй нас барсан, амиа хорлосон 58 тохиолдол бүрт­гэгд­жээ.

Орон байргүй болсон 480, түрээ­сийн
байраар хоног залгуулж байгаа 405 айл бай­гаа бол айлаар хэсч амьдар­даг 68, ахан
дүүсийн­дээ тол­гой хоргодсоор яваа 45 айл байгаа гэнэ.

Хадгаламж зээлийн хор­шоонд мөнгөө
хадгалуулах саналыг гэр бүлийнхэндээ анх тавьж, ахан дүүсийнхээ мөнгө төгрөгийг
цуг­луулж, байр саваа зарж мөнгийг нь нэмэрлээд хадгалуулсан ч ийнхүү алдсан иргэд
одоо гэр бүлийнх­нийхээ дарамтад амьдарч, гэрээ­сээ хөөгддөг тохиолдол их байгаа
юм бай­на. Үүнээс болж хоёр тийш болсон гэр бүл судалгаанд орол­цогч­дын 10 гаруй
хувийг эзэлжээ.

Хохирогчдын ихэнх нь буюу 311 нь дээд
боловсрол­той хүмүүс бай­сан бол үр хүүхдийнхээ мөнгийг алдсан хөгшчүүл олон байгаа
юм.

Хүүхдүүдийнхээ мөнгийг хадга­ламж
зээлийн хор­шоонд хадгалуу­лаад алдсан хөгшчүүл гадаадаас хүүхэд нь залгахаар чих
нь хатуур­сан болж жүжиглэж “Миний хүү ээж нь сонсох оо байсаан. Мөнгө нь найдвартай
газарт байгаа” хэмээн ярьдаг гэнэ. Түүгээр ч барахгүй хүүхдүүд­тэй­гээ ярихаас эмээж,
чих­ний­хээ хэнгэргийг өөрөө цоолж дүлийрсэн настай хүмүүс ч бий гэсэн.

Хохирогчдын ярьж буй­гаар битүүмжилсэн
гэх олон мянган эд хөрөнгийг өнгөр­сөн хугацаанд зүй ёсоор нь зарж борлуулсан бол
өдийд бүгдийг нь өрнөөс гаргаад зогсохгүй цаана нь хангалт­тай хэмжээний хөрөнгө,
мөн­гө үлдэх байсан гэж байна.

Жишээ нь, “Бүтээн байгуу­лалт хөгжлийн
сан” хадга­ламж зээлийн хоршооны  7585Х дугаартай
зэс­ний ор­дын лицензийг л зарчихсан бол бүх хохирогчдын хохир­лыг барагдуулчих
хэмжээний хөрөнгө байж.

Өнгөрсөн жил “Шударга төв” ТББ-ынхан
хадгаламж эзэмшигч­дэд учирсан хохир­лыг төлүүлэхээр хураан авч битүүмжилсэн хөрөнгө­нөөс
үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчил­гээ, ашигт малтмалын тусгай
зөв­шөөр­лийн борлуу­лалтыг шалгуула­хаар хүсэлт гаргаж бай­сан.

Цагдаагийн байгуулла­гаас Шүү­х­ийн
шийдвэр гүй­цэт­гэх байгуул­ла­гад шилжих болон шийдвэр гүйцэт­гэлийн шатанд олон
эд хөрөнгө алга болжээ.

“Гэр хорооллын барил­га­жилт” хадгаламж
зээлийн хоршооноос хураагдсан Сүх­баа­т­ар дүүргийн нэгдүгээр хороо, нэгдүгээр төрө­хийн
зүүн талд байрлах “Кукахау­зинг” ХХК-ийн нэр дээрх 0060543 тоот үл хөдлөх хөрөн­­гийн
гэрчил­гээ­тэй нэг га газрын асуудал олны анхаар­­­лыг татдаг. Энэ газрыг зарсан
борлуулсан ямар ч үйл ажиллагаа болоогүй бай­тал дээр нь 12 давхар орон сууцны барилга
баригдчих­сан байгаа нь хэний ч нүднээ ил. Мөн тус хоршоо­ноос хураагдсан Ховд айм­гийн
Алтай сумын нутаг “Эр­гийн ус” нэртэй газар байрлах 596 гектар талбай бүхий Х7729,
А1151 тусгай зөвшөө­рөл­тэй гялтгануурын уур­хай, тоног төхөөрөмжийнхөө хамт ор
мөргүй алга болжээ.

“Баян-Өндөр сан” хадга­ламж зээлийн
хоршооноос хураасан Төв аймгийн Заа­мар сумын нутаг Гал­тад байр­лах 6882 А ашигт
малт­ма­лын тусгай зөвшөөрөл, Баянхонгор аймгийн Бөм­бө­гөр сумын нутаг “Гашуун
хар уул” нэртэй газар байрлах 10385 Х ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус тус алга
болсон.

“Бүтээн байгуулалт” хад­га­ламж зээлийн
хоршооноос хураагдсан Дорноговь айм­гийн Хөвсгөл, Улаан­бадрах сумдын нутагт байр­лах
“Баруун ширүүн”-ий 7585 Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Чингэлтэй
дүүргийн 18 дугаар хороо, Гүнт билгүүн-2210 тоотод байрлах битүү бетонон хашаа­тай
хоёр давхар тавил­га бүхий хувийн орон сууц, 240.3 м.квадрат газартайгаа үрэгдэж,
хэнд очсон нь тодор­хойгүй байгаа аж.

Харин Шүүхийн шийдвэр гүй­цэт­гэх
шатанд дуудлага худалдаа бүрхэг, хэрхэн худалд­сан нь ил тод биш, борлуулсан гэх
үнэ нь зах зээлийн бодит үнээс хэтэрхий доогуур худалдан борлуул­сан хөрөнгө бүр
ч олон бий.

“Гэр хорооллын барил­га­жилт” хадгаламж
зээлийн хоршооноос хураагдсан гурав­дугаар эмнэлгийн урьд байрлах 15х18 хэмжээтэй
дутуу баригдсан дөрвөн дав­хар барилгыг газрынх нь хамт 87.8 сая төгрөгөөр худалджээ.

Мөн тус хоршооноос хураагд­­сан Сүхбаатар
дүүр­гийн есдүгээр хороо, Алтайн гудамжинд байрлах 831 м.квад­рат газартай 150 сая
төгрөгөөр тогтоосон “Агч” агуула­хын барилгыг 2885 ширхэг 139.604 сая төгрөгийн
үнэтэй барилгын материал зэрэг хөрөнгө, газрынх нь хамт 85.8 сая төгрөгөөр худалдсан
байдаг.

Түүнчлэн Баянзүрх дүүр­гийн долдугаар
хороонд байр­лах 3614 ширхэг дагал­дах хөрөнгөтэй, 445.2 м.кв газартай дүнзээр барьсан
600 сая төгрөгийн үнэлгээтэй  “Россия” рестораныг
газрынх нь хамт хэдэн төгрөгөөр зар­сан нь өдий хүртэл тодорхой­гүй байгаа юм.

“Баян-Өндөр сан”-гаас хураагд­сан
Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байр­лах дөрвөн давхар үйлчилгээ, оффисын зориулалттай
“Пилс­нер” төвийг Үнэлгээний комисс дахин үнэлгээ хийж 2.800.000.000 төгрөгөөр тогтоос­­ныг
1.682.428.733 төгрөгөөр худалд­сан юм бай­на. “Өрнөлт-Од” ХХК-ийн Баян­зүрх дүүргийн
зурга­ду­гаар хороонд байрлах хүнс­ний захыг Үнэлгээний комисс 1.700.000.000 төгрөгөөр
үнэл­сэн ч анхны үнэ болох 687.573.950 төгрө­гөөр худалджээ.

Энэ мэтээр уг жагсаалт цааш нь хөвөрнө.
Тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг 200 саяар, зуун саяар үнэлэгдэх орон сууцыг тал үнээр
нь зарсан гэх үнэнээс дэндүү хол үйл явдал битүүмжлэгдсэн гэх эд хөрөнгөний эргэн
тойронд одоо ч үргэлжилсээр байна. Нийтлэлийн­хээ үргэлжлэлээр чухам ямар хүмүүс
эдгээр битүүмжлэгдсэн эд хөрөнгийг ямар аргаар өөрийн болгос­ныг өгүүлэх болно.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Б.Батхүү: Урт нэртэй хуульд өөрчлөлт орвол алтны компаниудад боломж нээгдэнэ

Уул уурхайн яамны Бодлогын хэрэг­жил­тийг
зохицуулах газ­рын дарга Б.Батхүү­тэй ярилц­лаа.

-Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх
журмын тухай хуулинд ямар өөрч­лөлтүүд орж бай­гаа вэ?

-Урт нэртэй гэгддэг “Гол мөрний урсац
бүрэл­дэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт
малтмал хайх, ашиг­лахыг хориглох тухай хууль” 2009 оны долдугаар сарын 16-нд УИХ-аар
батлагдахад үүн­тэй хамт дагаж мөрдөх журмын тухай хууль гар­сан байдаг. Энэ хууль
гараад дөрвөн жил бол­сон хэдий ч хэрэг­жилтийн хувьд туйлын хангалтгүй байгаа.
Хэрэгжилт хан­галт­гүй бай­гаа нь хэд хэдэн шалтгаантай хол­боо­той. Нэгдүгээрт
гурван бү­сийн хилийн заагийг тогтоох ажлыг тухайн үед БОНХЯ хариуцаж бай­сан. Одоо
болтол хилийн заагийг тогтоогоогүй бай­на. Хуульд заас­наар ту­хайн тусгай зөвшөөрлийг
цуцлахдаа зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олго­вор өгснөөр цуцална гэсэн байгаа.

Хууль хэрэгжихгүй өдий хүрсэн шалтгаан
нь хууль нь ээдрээтэй гар­чихсантай холбоотой. Өмнө нь ийм хууль гара­хыг мэдээгүй
аж ахуй нэг­жүүд тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуу­лан ихээ­хэн хэмжээний
хөрөнгө оруулсан бай­сан. Иймэрхүү шалтгаа­ны ул­маас хэрэгжихгүй байсан юм билээ.

Одоо уг хуулинд нэ­мэлт өөрч­лөлт
оруулах­даа уг хууль нь зарч­мын хувьд байгаль орчноо хам­гаалах тухай тусгагд­сан
нь зөв гэж үзээд үнд­сэн хуулинд нь гар хүрээ­гүй. Харин хэрэгжүүлэх механизм нь
хүндрэлтэй байсан тул өөрчлөлт хийж байгаа хэрэг. Дагаж мөрдөх журмын тухай хуулийн
нэгдүгээр хэсэгт “Хуулийг дагаж мөрдө­хөөс өмнө олгогдсон тус­гай зөвшөөр­лийг хууль
батлагдсанаас хойш та­ван сарын хугацаанд цуц­ална” гээд заачихсан. Таван сарын
хуга­цаанд хилийн заагаа тогтоож цуц­алж чадаагүй тул уг заалтыг нь өөрчлөөд хууль
гарахаас өмнө хө­рөн­гө оруулсан, үйл ажил­лагаа явуулсан хилийн заагт хамрагдаж
байгаа 346 ашиглалтын лицензтэй байгууллагууд өргөдөл гаргаж болно гэсэн байгаа.

-Өргөдөл гаргах ком­паниудад шалгуур
тавьж байгаа юу?

-Мэдээж шалгуур үзүү­лэлтүүд бий.
Тухайн ордоо ашиглахдаа нөхөн сэргээх баталгаа гаргах, тэрхүү орд нь нөхөн сэргээлт
хийж хүрэхүйц хөрөнгө гаргах боломж­той юу гэсэн дүгнэлттэй байх ёстой. Мөн байгаль
орчныг нөхөн сэргээх баталгааг байршуула­хаас гадна дараа нь ахин мөнгө гаргах батал­гааг
нотлох ёстой. Уг шал­гууруудыг дааж байвал үйл ажиллагаа явуулах эрх олгоно. Эрх
олгохдоо гэрээ байгуулах юм.

-Гэрээний агуулгын тухай ярихгүй
юу?

-Гурван талт гэрээ байх юм. Нэг талаасаа
уул уурхайн асуулал эр­хэл­сэн төрийн захиргаа­ны бай­гууллага буюу Ашигт малтмалын
газар нөгөө талаас тухайн ком­па­ни, орон нутаг гурвал­сан гэрээ байгуулна. Гэ­рээ
хүчин төгөлдөр бо­лоод ирэх үед ийм үе шаттай­гаар ингэж ажил­лана, ийм ашигт малт­малыг
олборлоод төдий хэм­жээний ашиг олно. Ашгаасаа тэдэн төгрө­гөөр нь нөхөн сэргээлт
хийнэ гэсэн журмаар гэ­рээ байгуулаг­дана. Гэрээ байгуулаад үйл ажил­лагаа нь эхлэхээр
мэр­гэжлийн байгууллагууд, орон нутаг хяналт тавина. Тухайн газар нь ойтой байсан
бол Ойн тухай хуулийн дагуу нэг мод тайрвал 10 мод тарих зарчмаар үйл ажиллагаа
явагдах юм.

-Урт нэртэй хууль гарснаас болж
олон алт­ны компани хаал­гаа барьсан. Хуулинд өөрч­лөлт орсноор тэдэнд ямар нэгэн
да­вуу бо­ломж гарч байгаа болов уу?

-Уг хуулийн хүрээнд багтаж буй дийлэнх
ком­пани нь алтны ком­паниуд байгаа. Өнөөдөр алтны салбар нэлээд хүнд бай­далд орчих­­лоо.
Алт тушаалт өмнөх жилүүдэд 20 гаруй тонн байдаг байсан бол өнөө жил дөрөв, таван
тонн руу дөхөж байна. Өөрөөр хэлбэл алтны олборлолт огцом буураагүй ч Монгол банкинд
алт тушаадаг хэлбэр нь далд байдалд шилжчихсэн.

-Үүнд гэнэтийн аш­гийн 68 хувийн
татвар гээд нэлээдгүй зүйл нөлөөлсөн байх?

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар,
урт нэртэй хууль гэх мэт нөлөөлсөн зүйлс их байгаа. Харин одоо өргөн барьсан хууль
эдгээр компаниудад бо­ломжуудыг нээж өгч бай­гаа хэрэг. Гэхдээ бага нөөцтэй газрын
алтыг авах гэж гол мөрний урсацыг бохирдуулж, ойг сүйтгэх хэрэггүй гэсэн зарчмыг
баримтлах юм.

-Тэгэхээр гол мөр­ний урсац бүрэлдэх
эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны компа­ниуд
эргэн үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэх нь ээ?

-Тодорхой хэмжээнд нээгдэнэ.

Татвараа тө­лөөд,
олсон алтаа заавал Монгол банкинд тушаа­гаад, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж
чадах­гүй бол тусгай эрхийг цуц­лахаар нөхцөлд заасан байгаа.

-Алтны компаниу­дын
зүгээс ямар хүсэлт гаргасан бэ?

-Алтны компаниудын
зүгээс татвараа тогтвор­той, үйл ажилла­гаа явуу­лах процессыг ил тод байлгаад та
нар хяналтаа тавь. Бид үйл ажилла­гаагаа явуулъя гэсэн. Тэд Монгол банкинд алтаа
тушаая гэсэн байр суурь­тай байна. Төрийн зүгээс голын эх бүрэлдэх газар үйл ажиллагаа
явуулахыг харин хо­риг­лосон. Алтны компаниуд төр зас­гийн хувьд ойлголцол бий болсон.

-Өнөөдөр хичнээн
компани Монгол бан­кинд алтаа тушааж бай­на вэ?

-Сүүлийн тооцоогоор
30 орчим компани тав орчим тонн алт тушаасан мэдээ бий.

-Алтны худалдааг
нэмэгдүү­лэх хуулийн төслийн талаар танил­цуулахгүй юу?

-Монгол банкинд алт
тушааг­дахгүй байсан тул хуучин 68 хувийн татвар гэж байсныг цуцалсан ч үр дүн гараагүй.
Сүүлд нь өсөн нэмэг­дэх нөөц ашиг­ласны төлбөрийн хууль гарсан. Тэр нь нөөц ашиг­лас­ны
төлбөр дээр таван хувь нэмээд 10 хүртэлх хувийн татвар нэмэгдэж байсан нь нөлөөлсөн.
Алт төмрийн хүдэр, зэс шиг томоохон овор хэм­жээ­тэй биш тул хянахад төвөг­тэй байдаг.
Тийм учраас уг хуулийн төсөл дээр Монголбанкинд ту­шаа­­вал нөөц ашигласны төлбөрийг
бага болгож, өсөн нэмэгдэх буюу үнээс хамаарсан татвараас чө­лөө­­лөх тухай тусгагдсан.
Гол зорилго нь нууцаар яваад байгаа алтыг ил гаргах гэсэн явдал юм.

-Урт нэртэй хуульд
өөрчлөлт орсноор Мон­голын эдийн засагт нө­лөөлөх үү?

-Олон үр дүн гарна
гэж бодож байна. Нэгдү­гээрт урт нэртэй гэгдэх гацаанд орсон хууль бү­рэн хэрэг­жих
боломжтой. Хоёрдугаарт хоёр тийшээ хараад суучихсан алтны компани, иргэний нийгмийн
хөдөл­гөөнүүд хоорондоо хамтраад бие биенээ ойлгоод явах бо­ломжтой. Гуравдугаарт
төсөв дээр дээр ирэх ачаа­лал багасна. Өөрөө хэлбэл нөхөх олговор гээд компаниудын
нэхэж байгаа мөнгийг хуулийн­хаа дагуу улсын төсвөөс өгөхгүйгээр компаниуд нь өөрсдөө
үйл ажил­ла­гаа­гаа явуулаад нөхөн сэр­гээл­тээ хийгээд явна. Дө­рөвдүгээрт компаниуд
үйл ажиллагаа явуулс­наар татвар төлнө. Татвар төлж байгаа юм чинь мэ­дээж улсын
төсөвт нэмэр болно. Дөрөвдүгээрт хууль бусаар ажилладаг явдал үгүй болж эзэнгүй,
эвдэрч сүйдсэн газаргүй болох юм. Мөн хөрөнгө оруулах үгүйгээ шийдэж чадахгүй байсан
хүмүү­сийн эргэлзээ арил­на. Хуулийн хэрэгжилт то­дор­­хой болоод ирэхээр үйл ажиллагаа
нь сай­жирна гэх мэт олон сайн үр дүнд хүрнэ.

-Алтны салбарыг
ле­би­рал­чил­на гээд бай­гаа. Үүнийг хэрхэн хийх нь сонин байна?

-Үүнд олон санаанууд
бий. Эцсийн байдлаар шийдээгүй байна.

-Ямар санаанууд
явж байгаа бол?

-Хулгайгаар алтаа
гар­галгүй Монголбанкин­даа тушааж санхүү эдийн засгийн тогтвортой нөх­цөл байдлыг
хангах талын санаанууд бий.

-УИХ-ын ээлжит
бус чуулга­наар танай яам­тай холбоотой хуулиу­дыг хэлэлцэнэ. Үүн дээр яамнаас ямар
бод­лого барим­талж байна вэ?

-Уул уурхайн яамны
зүгээс гацаа үүсгээд буй хэд хэдэн зүй­лийн гарцыг олно. Судалгаанаас ха­ра­хад
уул уурхайн сал­барын хөрөнгө оруулалт багассан нь урт нэртэй хуультай холбоотой
гэж гарсан. Тийм болохоор урт нэртэй хуулийг цаашид ойлгомжтой болгоно.

Яамны зүгээс урт хугацааны
бодлоготой, хуулиа ойр ойрхон өөрчилдөггүй байя гэсэн хамгийн гол зорилгыг дэвшүүлж
байгаа. Уул уурхайн хувьд өнөөдөр хөрөн­гө оруулалт хийгээд маргааш аш­гаа авч чаддаггүй.
Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодло­гын баримт бичгийг УИХ-д өргөн бариад
байгаа.

-Урт нэртэй хуулиудын
заал­тууд нь чанга байх нь зөв гэсэн байр суурьтай хүмүүс бий. Гэтэл хуулийн чанга
заалтууд нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна гээд байгаа?

-Бид харьяалагдах
газар, ТББ-уудтай уулзалт хийсэн. Өнөөдөр бид урт нэртэй хуулийн зарчим зөв гэдэг
дээр санал нэгдсэн. Иргэдийн хөдөлгөөнүүдийн зүгээс гацаанд орсон зүйлсийг ярилцан
ойлголцох нь зүйтэй гэдгийг дэмжсэн. Үндсэн хууль өөрчлөгдөхгүй дагаж мөрдөр журмын
тухай хууль буюу өмнө нь олгогдсон энэ тусгай зөвшөөр­лүүдэд боломж гаргаж өгөх
юм. 

-Дагаж мөрдөх журмынтухай
хуулинд нинжа нар буюу хувиа­раа ашигт малтмал олборлогч нарын тухай тусгагдсан
уу?

-Нинжа нар буюу хувиараа
ашигт малтмал олборлогч нарын хууль эрх зүйн орчин бий болсон. Тэднийг алтны баялаг
орд дээр бус үйлдвэрийн аргаар ашигласан хаягдлаас та нар ашиглаж болно гэсэн байдлаар
гаргаж байгаа. Том уурхайнууд байгуулаад ажиллах боломжгүй газар тэд ажиллаж болно.
Өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ гэхээр уурхайнуудыг тас хориглочихоор өнөө газар
руу нь нинжа нар бүлэг болж дайрч орж байна. Зарим нөхцөлд тухайн лиценз эзэмшигч
компани хүрэл өөрөө нинжа маягаар олборлох сөрөг нөхцөлүүд гарч ирсэн. Тэгэ­хээр
энэ механизм буруу тул энэ хуулийн төслийг өргөн бариад байгаа юм.

-Хуулийн төсөл
хэрэгжээд эхэлбэл цаашид ямар эрсдлүүд гарч болох вэ?

-Алтны компани бага
хэмжээ­ний нөөцтэй газарт ажиллабал нөхөн сэргээлтэд хөрөнгө нь хүрэл­цэхгүй тул
нинжа нар орох асуудал гарч ирнэ. Тухайн компани цаашид энэ газрыг бид ашиглахгүй
гээд орхиод явах магадлалтай. Гэхдээ энэ бүхэн хуультай. Байгаль орчны тухай хуулиар
газрыг зөнд нь хаяж явахгүй, сэргээх хэрэгтэй гээд заасан. Тийм болохоор уг хүмүүст
нөхөн олговор өгөлгүй лицензийг цуцлана гэхээр хүндрэл, асуудал тулгарах болно.
Гэсэн ч бид тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд эргээд нөхөн сэргээлт хийх компаниуд байгаа
тул ингэж өөрчлөлт хийж байгаа юм.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Сайхан намаржиж байна уу?

Та, сайхан намаржиж байна уу.

Орчин үеийн залуус мэндэлж мэддэггүй. Мэндлэх ёсон гэж ямар
нарийн зүйл байдгийг анзаардаггүй хэмээн ахмадууд залуус, хүүхдүүд, үр ач нараа
чамладаг. Монголчууд бол хамгийн олон мэндчилгээтэй ард түмэн. Гэтэл одоо үед “Юу
байна”-аар мэндчилгээ нь дуусдаг болсон нь хүн бүхэнд далдхан харамслыг төрүүлдэг
байх.

Ялангуяа энэ тал дээр залуус ихэд шүүмжлэлд өртдөг л дөө.
Аргагүй ч юм. Найзуудтайгаа таараалдаад “Хаая. Юу байна” гэж мэндчилнэ. Эсвэл “Юутай”
гэнэ. Мессенжерт ороод “Hello” гэхээсээ илүүтэй “Hi” гэцгээнэ. Залуусын мэндчилгээ
ерөнхийдөө ийм л хэдэн үгсэнд эргэлддэг.

Сүүлийн арав гаруй хоног уулзсан, утсаар ярьсан найзууд, танилтайгаа
“Сайхан намаржиж байна уу”, “Намаржаа тавлаг уу”, “Ургац арвин уу” гэж мэндэллээ.
Зарим хүмүүст эдгээр мэндчилгээ маань жаахан хуучинсаг ч юм уу, өвөө эмээтэйгээ
гуч хүртлээ хамт амьдраад уусчихсан юм болов уу даа гэж бодогдсон ч байх.

Тэгтэл тэгсэнгүй. Найзууд маань утасны цаанаас “Сайхан намаржиж
байна. Сайхан намаржиж байна уу. За, танай гэрээр сонин сайхан юутай” гэцгээж байна.
Харин танилууд маань “Сайхан намаржиж байна. Ажил төрөл чинь тавлаг уу. Налгар намар
болж байна шүү, Б.Зангад гуайн өнөө дуулдаг дуу шиг” гэж ирээд л мэндчилж байна.

Тэгэхээр ахмадуудын яриад байдаг шиг залуус маань яадгаа алдчихаад
байгаа ч юм алга. Хэрвээ та “Хаая” гэвэл таны өөдөөс хүмүүс “Хаая” гэж л мэндчилнэ.
“Сайхан намаржиж байна уу” гэвэл “Намаржаа тавлаг уу” гэсэн таатай хариу мэндчилгээний
үг сонсоно.

Ингэхээр манай ахмадууд хуучны сайхан мэндчилгээний алт шиг
сайхан мөртүүдийг өдөр бүр амнаасаа унагаж байвал залуус, хүүхдүүд тань тэрийг уламжлан
авах болно шүү дээ. Тийм болохоор та бүхэн минь сайхан мэндчилгээнүүдээ залуус,
дүүс нараасаа биш өөрсдөөсөө эхлээд хайвал, дараа нь бид та бүхэнтэйгээ өдөр бүр
сайхан мэндчилээд сурчихна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Бямбадорж: Мөрдөн байцаалтын арга нь хэвээрээ байна

Монгол Улсын хүний эрхийн
үндэсний комис­сын дарга Ж.Бямба­доржтой ярилцлаа.

-Танай байгууллагад он
гарснаас хойш хич­нээн өргөдөл гомдол ирэв. Хэрхэн шийдвэр­лэж байна?

-Ер нь өргөдөл гомд­лын  тоо эрс нэмэгдэж байгаа. Хүмүүс өөрс­дийн­­хөө
эрх, эрх чөлөөг мэдэрдэг болж. Жаахан ч гэсэн эрх нь зөрчигдсөн тохиолдолд
холбогдох байгууллагад хандвал сэргэдэг гэдгийг мэддэг болжээ.

-Ямар төрлийн өргө­дөл гомдол
ирж байна вэ?

-Нийт гомдлын 70-80 хувийг ял шийтгүүлээд
хоригдож байгаа болон цагдан хоригдож байгаа 
хүмүүсээс ирүүлсэн бай­даг. Хэрэг нь шалгагдаж дуусаад шүүхээр шийд­вэр­лүүлж
байгаа хүмүү­сийн өргөдөл гомдол ч байна. Мөн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх
гом­дол нэлээд ирдэг боллоо. “Ажлаас халагдлаа, хө­дөл­мөрийн гэрээ бай­гуул­даггүй,
ажил дээр дарамт үзүүлж байна” гэх мэт гомдол ирж байгаа. Өнгөрсөн жил уул уур­хайн
асуудлаар нэлээд том хэмжээний хурал зо­хион байгуулсан. Тэр үеэр иргэд,
ялангуяа хө­дөө­гийн малчид их ирсэн. Уул уурхайн олборлол­тын үр нөлөөнөөс бо­лоод
эрх нь зөрчигдөж байгаа хүмүүс өргөдөл 
гомдол мэдүүлдэг.

-Хэрэг бүртгэл, мөр­дөн
байцаалтын явцад эрүүдэн шүүх аргыг хэ­рэглэж, хүний эрх ноц­той зөрчигдөж
байгаа талаар та өнгөрсөн до­лоо хоногт хэвлэ­лийн­хэнд мэдээлсэн. Хэрэг нь
цагаадсан хүмүүс эрхээ сэргээлгэхээр танайд ханддаг уу?

-Хэрэг бүртгэл, мөр­дөн байцаалт,
шүүхийн буруутай үйл ажиллагаа­наас болоод хохироод цагаадсан хүмүүс эрхээ
сэргээлгэхээр манайд ханд­даг. Ингэснээр тэд­ний зарим нь улсаас нө­хөн олговор
авсан то­хиолд­лууд бий. Жишээл­бэл, танай сонин дээр гарч байсан Орхон айм­гийн
иргэн Ням-Очир гэдэг залуугийн хэрэг байна. Хилс хэрэгт гүтгэгдсэн тэрээр
мөрдөн байцаал­тын үед зодуулан хөгж­лийн бэрхшээлтэй бол­сон. Түүний хэрэг
шүүхээр ороод 42 сая төгрөгийн нөхөн олговор авсан. Сэт­гэцийн өвчтэй болсон
Ням-Очир насаараа ээжийн­хээ асаргаанд явах­гүй. Тэр 42 сая төг­рөгийг ямар
насаараа идэх юм биш. Түүн шиг хэлмэгдсэнээ мэдээд сал­сан нь их юм гээд явж
байгаа хүмүүс олон бий. Харин хэлмэгдсэнээ 
мэ­дэх­гүй хүмүүс байгаа нь харамсалтай. Тэдгээр хо­хир­сон иргэд болон
төрийн үйл ажиллагааг буруу явуулж байгаа албан хаагчдад сургамж болоосой
гэсэндээ зарим хэргийн талаар мэдээл­дэг. Хэрэв ингэж хохирсон иргэн байгаа бол
Мон­голын төр танаас уучлал хүсч, зохих хэмжээнийхээ нөхөн олговрыг олгодог.
Харин бид зуучилдаг юм.

-Тэгвэл хэрэг бүрт­гэгч,
мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн бу­руутай ажиллагаанаас  иргэн хохирсон бол эд­гээр хүмүүст арга хэм­жээ
авдаг хууль байна уу?

-Эдгээр  албан ту­шаалт­ны буруутай үйл ажиллагаанаас
хохирсон иргэнд нөхөн төлбөр ол­го­дог хууль байдаг. Нөхөн олговрыг төсвөөс
өгдөг. Би үүнийг хоёр талтай гэж үздэг. Буруутай албан тушаалтнуудад хариуц­лага
тооцох нь зөв л дөө. Гэхдээ буруутайгаа нот­луу­лахгүй, яаж ийгээд хүнийг
буруутан болгох гэсэн хандлага гарах гээд байдаг. Иймд иргэн бу­руугүй гэдгээ
тогтоол­гоход бэрхшээл учирч болзошгүй. Хэрэв буруу­тай албан тушаалтанд
хариуцлага тооцох бол­бол нэг ч иргэн хохирс­ноо тогтоолгож чадахгүй байж мэднэ
шүү дээ.

-Ийм тохиолдолд ту­хайн иргэнийг
хамгаа­лахын тулд ХЭҮК ажил­лах ёстой биз дээ?

-ХЭҮК аль аль талыг нь харж,
мэдрэмжтэй хан­дахгүй бол хэцүү.

-Яагаад?

-Тухайлбал, “Ажил дээр намайг
дарамталж байна, цалин хөлс бага өгч байна, үндэслэл­гүй­гээр ажлаас халчихлаа”
гэх гомдлоор жишээ татъя. Үүнийг бид шал­гаад тогтоогоод үзэхээр эргээд нөгөө
ажилтанд сайнаар биш муугаар нө­лөө­лөх талтай. Хохирогч эргээд удирдла­гуудын­хаа
хараанд өртдөг. Ин­гэс­нээрээ бид тэр хүнд тус болж байна уу, ус болж байна уу.
Тухайн үедээ тус болдог. “Хохирогчийн эрх нь зөрчигдсөн байна, хөдөлмөрийн
гэрээ бай­гуул, цалинг нь өг” гэж албан тушаалтнаас шаар­­дана. Харин мар­гааш
нь өө хайж дахиад л дарамталдаг. Манайд ирсэн өргөдөл гомдлууд дунд ийм
тохиолдол олон. Хүний эрхийн мэд­рэмжтэй байх гэдэг на­рийн. Тэр мэдрэмжээрээ
эрх нь зөрчигдсөн иргэ­ний асуудалд хандах хэ­рэгтэй. Тэгэхгүй бол дан хууль
яриад л явах юм бол нөгөө хохирогчоо хавчлагад оруулчих тал­тай.

-Цагдаа хүчний бай­гууллага
эрүүдэн шүүх ажиллагааг явуулж бай­на гэсэн таны мэдээл­лийн хариуд Цагдаа­гийн
ерөнхий газраас мэдэгдэл ирүүлсэн гэсэн үү?

-ЦЕГ-ын Хэвлэл мэ­дээллийн төвийн
дарга Т.Сайнжаргал хурандаа надад мэдэгдэл өгсөн тухай мэдээллийг би сай­таас
олж харсан. Одоо­гоор надад албан ёсоор мэдэгдэл ирсэн зүйл алга. ЦЕГ-аас
“Манайд нэг ч иргэний гомдол ирээгүй” гэсэнд би маш их гайхаж байна.

Өргөдөл гомдлуудыг нягтлан
бүлэглэж байгаа. Бидэнд тодорхой барим­тууд байна. Тэр дунд за­рим нь
прокурорын мөр­дөнд очоод эрүү үүсчих­сэн хэргүүд ч бий.  Тийм байтал яахаараа бид­нийг ЦЕГ-ыг гүтгэж
байна, манайд нэг ч өргөдөл гомдол ирээгүй гэж мэ­дээлсэн байгаа юм бол.
Магадгүй сайт ташаа мэ­дээлсэн байхыг үгүйсгэх­гүй. Хэрэв ЦЕГ-аас надад
мэдэгдэл ирвэл мэдэгд­лийн хариуг хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр өгнө. Гэхдээ
тухайн албан тушаалтан, хохирсон ир­гэ­­ний тухай дурдагдахгүй. Тийм хэрэг
дахин бүү давтагдаасай гэдэг үүд­нээс мэдээлэх болно.

Хамгийн сүүлийн ганц жишээг танд
дуулгах уу. Өчигдөрхөн ХЭҮК Төв аймагт Хүний эрхийн өдөр­лөг арга хэмжээг зо­хион
байгуулсан юм. Энэ үеэр тус аймгийн Цаг­даагийн газрын үйл ажил­лагаатай
танилца­хад 2013 оны байдлаар 18 албан хаагчид холбог­дуулан хүний эрхийг зөрч­сөн,
эрүү шүүлт тул­гасан талаар Улсын Ерөн­хий прокурорын дэр­­гэдэх Мөрдөн бай­цаах
албанд гомдол гар­гасан байна. Тэдгээрээс дөрвөн албан хаагчид холбогдуулан
эрүүгийн дөрвөн хэрэг үүсгэн шал­гаж байгаа ба нэг хэргийг прокуророос яллах
дүг­нэлт үйлдэж шүүх рүү шилжүүлээд байна.

Цагдан хорих бай­ранд хийсэн
шалгалтаар нэг хүн хоригдох үедээ цагдаагийн албан хааг­чид резинэн болон ца­хил­гаан
бороохойгоор зодуулсан гэх мэдээлэл өгсөн ба түүний биед учир­сан гэмтлийн
гэрэл зургийг авч бэхжүүллээ.

-Эрүүдэн байцаах ажиллагааг
таслан зог­соохын тулд ХЭҮК ямар ажил хийж байна?

-ХЭҮК-оос УИХ-ын Хүний эрхийн дэд
хороо­ны дарга Д.Ганбаттай ярьж тохирсон юм байгаа. Энэ асуудлаар хэлэлцүү­лэг
зохион байгуулдаг ч юм уу. Тэгэхгүй бол бай­дал эвгүй болсон байна.

-Хэрэг бүртгэл, мөр­дөн
байцаалтын явцад эрүүдэн шүүх ажилла­гаа­ны ямар хэлбэр зон­хилдог юм бол. Иргэ­дийн
ирүүлсэн өргөд­лөөс нэр дурдахгүйгээр хэлэхгүй юу?

-“Намайг бичиг үсэг мэдэхгүйг
далимдуулж бичиг цаасан дээр гарын үсэг зуруулдаг”, “Чамайг шоронд хатаана”,
“Эхнэ­тэй чинь шоронд хийнэ.” Хэргээ хүлээхгүй бол ча­майг цонхоор шидчихээд
өөрөө үсэрсэн гэж хэлнэ”, “Өвчтэй ээжийг чинь шо­ронд хийнэ шүү гэж тул­гадаг”
гэх зэрэг мэдээл­лүүд ирээд байна. Цаг­даа­гийн ажил хүндийн хувьд хүнд. Гарсан
хэргийг ил­рүүлэх үүрэг нь тэдэнд ногдож байгаа. Цагдаа нар нэг юмны сэжүүр ба­риад
авдаг. Тэрийгээ ба­талгаажуулахын тулд ил­рүүлдэг арга бий. Харин манайхны олон
арван жил хэрэгжүүлсэн хэлбэр бол өөрөөр нь хэрэг хү­лээлгэж, нотлохыг оролд­дог.
Эсвэл ах, дүү төрөл, төрөгсдөөс нь мэдүүлэг авдаг. Энэ бол Монгол Улсын Үндсэн
хуулийг зөрчсөн явдал юм. “… өөрийн болон гэр бүлийн ги­шүүд, эцэг, эх, үр
хүүх­дийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, …Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүү­лэг
өгөхийг шаардах, мэ­дүүлэг гаргуулахаар ша­халт үзүүлэх, хүч хэрэг­лэхийг
хориглоно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь
халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн асар том заалт Үнд­сэн хуулинд бий. Олон
арван жил манайд ор­шин тогтнож байсан эрүү­дэн шүүх ажиллагааг халахын тулд
орсон заалт юм шүү дээ.

Га­даа­дынхан бол хэрэг ил­рүү­лэхийн
тулд уг хэргийн эргэн тойр­ныг нь судалж, хөдөлшгүй нот­лох баримтыг үндэслэн
буруу­тныг олж тог­тоодог. Харин манайх­ны шил­­дэг арга бол хамгийн тү­рүүнд
өөрийг нь барьж аваад өөрөөр нь яриулах. Эсвэл бусдаар яриулдаг. Тиймээс эрүү
шүүлтээс ангид байх, эрүү шүүл­тийн эсрэг байхыг олон улсын хүний эрхийн бай­гууллагууд
нэхээд, шаар­даад байгаа нь цаанаа учир холбог­дол­той. Энэ тал дээр их хатуу
байр суурьтай байж, хүн гэдэг талаас нь хандах ёстой. Гэтэл энд нэг мөрдөн бай­цаагч,
хэрэг бүртгэгчийн нэр гарахгүй. Харин Мон­гол Улсын Засгийн газар ийм үйл
ажиллагаа явуул­даг гээд олон улсад хардагд­даг. Эд­гээр нь үнэн гэж хүлээн зөв­шөө­рөх,
эсхүл худлаа гэж батлах зорилго алга. 
Ямар ч гэсэн ийм дохио энэ хүмүүс өгөөд байна.  Энэ үйл ажил­лагааг эрхэл­дэг төрийн албан
хаагчид дүгнэлт хийгээсэй л гэдэг үүднээс энэ мэдээллийг өгч байгаа юм.

-Эрүү шүүлт хэрэг­лэсэн албан
тушаал­танд хүлээл­гэдэг ха­риуц­лага байна биз?

-Хамгийн хориотой зүйл. Гэмт
хэрэг.

-Мөрдөн байцаал­тын үед сэжигт­нийг
зо­дож, дарамталдаг юм байна уу?

-Хааяа тийм зүйл гар­даг юм шиг
байна лээ. 2011 оны дөрөвдүгээр сард би Дор­ноговь, Говь­сүмбэр аймгуу­дын
хорих ангид шал­гал­таар яв­сан. Тэгэхэд нэг хориг­дол гомдол мэдүүлсэн юм. “На­майг
барьж ширээн дороо гав­ласан” гэж байсан. Бид түү­ний гомдлын дагуу проку­рорын
мөрдөнд өгсөн. Үүн дээр эрүүгийн хэрэг үүссэн сураг байна лээ. Энэ мэт хэргүүд
гар­даг.

-Сэжигтнийг эрүү­дэн шүүх,
хэрэг хү­лээл­гэхийн тулд зодож нүдэх байдал хаана гол­дуу гарч байна?

-Орон нутагт зонхилж бай­гаа.
Малын хулгайч нар их сүлжээтэй болчих­сон. Эрүү шүүлтэд өртсөн хүмүүс хул­гай,
дээрмийн хэрэгт холбогд­сон байдаг. Тэд 
чинь олуу­лаа ч бай­даг юм байна. Хэрэг хий­сэн хүн мөн үү гэвэл мөн
байдаг. Тэгээд л мөрдөн бай­цаагч нар хуучин ар­гаа хэрэг­лээд буруудаад байдаг
юм уу гэдэг ойл­голт төрөөд байгаа юм. Энэ бол хүн хэлмэг­дүүлж байгаа юм биш.
Хэрэг хийсэн хүнд буруу арга хэрэглээд байгаа юм. Бу­руу юмтай бу­руу аргаар
битгий тэмцээч ээ. Буруу юмтай хуулийн дагуу зөв аргаар тэмцвэл ялна.
Тухайлбал, саяхан согтуу жолоочид зодуулсан цаг­даагийн албан хаагчийн хэ­рэг
байна. Нөгөө согтуу жо­лоо­чийг ардаа суулга­чихаад машиныг нь цаг­даа жолоо­доод
явсан бай­на лээ. Гэтэл согтуу жолооч цагдаагийн хоо­лойг нь боосон байсан. Тэр
цагдаа магад­гүй амиа алдсан бол яах вэ. Өөрий­гөө аюулд оруулаад ин­гэж ява­хын
оронд тэр дор нь нэмэлт хүч дуу­дах ёстой. Би бол цагдаагийн албан хаагчийг
өмөөрдөг. Гэхдээ хуулийн дагуу ажил­лах ёстой. Энэ мэт хуулийн дагуу ажиллах­гүй
байгаагаас алдаа гарч байна.

-Орон нутгийн цаг­даа хүчний
байгуулла­гуу­дад 400 ширхэг эрүү­дэн шүүх сандал тараа­сан байсныг танай бай­гууллага
ил­рүүлс­ний дараахан эргүү­лэн та­тах асуудал яригд­сан. Энэ та­лаар танай бай­гууллагад
ха­риу өгсөн үү. Ер нь тэр сандал дээр хүн эрүүд­сэн зүйл байгаа болов уу?

-Манай ХЭҮК-ийн ги­шүүн П.Оюун­чимэг
орон нутагт шал­­­гал­таар явж байгаад илрүүлсэн юм билээ. Тэгээд гишүүний­хээ
бүрэн эрхийн хү­рээнд шаардлага тавь­сан. Хууль зүйн яаман дээр ажлын хэсэг
байгуу­лагдаж, эрүүдэн шүүх санд­лыг эргүүлэн татах ажиллагаа явагдсан байх аа.

-Гадаадад эрх нь зөр­чигдсөн
иргэдийн­хээ та­лаар ХЭҮК хэр­хэн ажиллаж байна вэ. Эр­хүүд манай нэг иргэн
амиа алдсан байсан. Мөн Т.Аятунгаа бүсгүй хамт­ран амьдрагчдаа охи­ноо алдаад
одоо сураггүй байна?

-Эрхүүд амиа алдсан иргэ­ний
талаар манайд ямар нэгэн өргөдөл гом­дол ирээ­гүй. Одоогоор ажил­лаа­гүй байна.
Т.Аятун­гаагийн охины хувьд нөгөө Чарльз гэдэг нөхөр олдохоо байсан. Бид Филип­пиний
ХЭҮК-т албан бичиг явуул­сан. Тэгээд тэн­дээс Канадад суугаа ЭСЯ-нд явуулсан
албан бичгийн­хээ хуул­барыг ирүүлсэн байна лээ. “Энэ хүн манайд алга. Танайд
байгаа сураг­тай” гэ­сэн тийм бичиг өгсөн байсан.

ХЭҮК гадаадад бай­гаа иргэ­дийн­хээ
эрхийг хам­гаа­лахад ан­хаар­лаа хандуул­даг. Гэвч гадаад оронд ажил­лаж
амьдарч байгаа иргэ­дийн­хээ араас мянга хашги­раад амжилтад хүрэхгүй. Ма­лайзад
амиа алдсан Ш.Ал­тан­­туяагийн хэрэг гэхэд хэрэг­сэхгүй болчих­лоо. Бид энд
дуугараад байдаг. Бичиг цаас ши­дэл­цэхээс өөр ямар ч ам­жилт олсонгүй. Бус­дын
до­тоод хэрэгт орол­цож болдог­гүйн жишээ энэ. Бид тэнд очоод мөр­дөн байцаалт
явуулж, шүүх боломжгүй. Тийм учраас манай иргэд га­даад оронд явахдаа үүнийг
бодолцох ёстой.

-Танай байгууллага хур­дан
морины унаач хүүхдүү­дийн асуу­­далд анхаарлаа хандуул­даг. Үүнтэй хол­бог­дуулан
УИХ-аас баталсан тог­тоол бий. Тог­тоолын хэ­рэгжилт ямаршуу байна вэ?

-“Монгол Улс дахь Хү­ний эрх, эрх
чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл”-ийн дагуу авсан олон арга хэмжээ
байгаа. Өнгөрсөн жилийн дуулиантай Уул уурхай, шавилин суудаг хүүхдүүд, хөгж­лийн
бэрхшээлтэй хүү­хэд сурдаг сургуу­лиу­дын асуу­дал орсон бай­гаа. Олон улсын
байгуул­лагуудаас Мон­гол Улсын Засгийн газарт өгсөн зөв­лөмжийн биелэл­тийн
явцын асуудал байгаа. Маш олон асуудлаар УИХ-ын Хууль зүйн байн­гын хороо
нэлээд томхон тогтоол гарга­сан. Энэ тогтоолд нэг чухал заалт орсон. ХЭҮК-оос
гар­га­сан зөвлөмж шаардлагыг бие­лүү­лээгүй албан ту­шаал­тан, бай­гуул­лагын
талаарх мэдээллийг ээл­жит илтгэлд оруулахдаа УИХ-д танил­цуулж бай гэж. Энэ
бол тун чухал заалт. Тиймээс бид зөв­лөмжийнхөө биелэлтийг зо­хих хэмжээгээр
бай­гуул­ла­гуу­даас шаар­даж байна. Ма­найд иргэдийн гомдлоос гад­на мэдээлэл
ирдэг. Энэ жи­лийн наад­муудад олон хүү­хэд бэр­тэж гэмтсэн байна. Мөн хоёр
хүүхэд нас барсан. НҮБ-ын хүүхдийн бай­гуул­лагаас хүний эрхийн байгуул­лагуудад
хүргүүл­сэн санамж, зөвлөмжийн дагуу холбогдох байгуул­лагуудад хүр­гүүлж ажил­ла­сан.
Гэтэл маш олон хүүхэд мориноос унасан ту­хай мэдээлэл байгаа. Зарим нь насаа­раа
хөгжлийн бэрх­шээл­­тэй болсон мэдээлэл ч ирсэн. Энэ талаарх нарийн мэдээлэл
цагдаагийн бо­лон эмнэлгийн бай­гуул­лагад ч алга. Бид уг нь Хүүхдийн төлөө
газар энэ ажлыг хийдэг байх гэж бодоод албан бичиг хүргүүлээд байгаа юм. Тог­тоол
маань наад­маас өмнө гарсан. Тэгэхээр холбог­дох албан бай­гууллагууд чиглэ­лийн­хээ
дагуу ажилласан байх. Шаардлагатай бол хүнд бэртэж гэмтсэн хүүхдүү­дийн эцэг
эхтэй уулзъя гэж байгаа. Тийм эцэг эх­чүүд байвал ирээ­­рэй гэж танай со­ниноор
дам­жуулж хэлмээр байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Хөдөө дэх шоронгийн засаглал буюу Монголын эмгэнэл

“Шоронгийн хулгар, нут­гийн овгор”
гэж хоч­логдох хүмүүс эцэстээ ямар уршиг балаг тарьд­гийг Говьсүмбэр аймгийн харьяат
Ж.Ганхуяг ха­руул­лаа. Ж.Ганхуяг шо­ронд байсан, хэний хэн­бу­гай­гаас ч айдаггүй,
хүн­тэй гар зөрүүлж байгаад хүчин мөхөсд­вөл хутгал­даг гэдгээ­рээ бусдыг айл­гасаар
нутаг­таа дураа­раа дургиж, дунд чөмгөө­рөө жиргэдэг болсон нэгэн. 

Даврах тусам нь дар­лаг­даж, далласан
газар нь ил гүйж, далайсан үед нь далд нуугдан, аргыг нь авах гэж аль л өнгөтэй
өөдтэй бүхнээ хөөр­хий Чойрынхон түүнд саймш­ран өгдөг, өргөдөг бай­сан. Түүний
энэ эзэрхий­лэн дарангуйлж, азарга­лан хар­гис­лах  нь эрээгээ алдаж, эцэстээ нийгмийг айдаст автуул­сан
эмгэ­нэлт хэрэг үйлдэгдэх уршиг дагуулж  байж.
“Аав”-ын үүд татаж, нарс­ны нааранд олон жил талхлагдсан хэн байлаа ч цаанаа л нэг
“шорон” санаа­тай болсон байдаг нь чонын үүрэнд өссөн хүний үр түүхий мах зул­гаадагтай
агаар нэгэн ажээ. Тэрээр найман жил шоронд суугаад бусдыг өрөв­дөж хайрлах, энэрэн
нигүүл­сэ­хийг умартсан чулуун зүрх­тэй, хүн дүрс­тэй нэгэн болж хувирсан байгаа
юм. Архи­наас хол байлгах гэсэн эхнэ­рээ төмөр царил, зээтүү, хүр­зээр зэвсэглэн
бүтэн яс үлдээл­гүй хэмхчин нүдэж, гавлыг нь няцалж хөнөө­сөн хэрэг үйлдэхээсээ
өмнө дэл­гүүрт чихэр ава­хаар зогсч байсан хүүх­дийн 300 төгрө­гийг бу­лааж авч
байсан нь жирийн л зүйл байжээ. Тэрч­лэн нутгийнхаа иргэ­дийн хөрөн­гөнд гар дүрж,
хүний юмаар хүүдэгнэж байсан нь түүний хувьд бол хүн ёсных юм байж. Ер нь хаа газарт
ингэж “шорон­гийн хулгар” хэмээн өөрийгөө цоллож хүний нийг­мээс өөрсдий­гөө тусгаарла­сан
нутгийн овгор, жалгын жаанууд хэзээ нэгэн цагт өөр­төө болон өрөөлд гай бол­соор
ирсэн. Овгордож бусдын юмыг өөрийн болгон булааж яваа хүмүүс бүхнийг азарга­лах
гэсэн авираа­саа болж хэн нэгний гарт өртөн бусдыг хэрэгтэн болгож эсвэл мөрөө­рөө,
амьдралын төлөө яваа нэгний цаг хугацааг дуусгавар болгох нь харамсмаар. Ж.Ганхуя­гийн
үйлдсэн хэр­гүүд, сая эхнэрээ балмадаар хөнөөсөн нь Монголын ний­гэмд байгаа зөвхөн
нэг эмгэнэл, нэг жишээ нь. Нутаг нутагт л шо­рон­­­гоор дамжсан Ж.Ганхуягийн ижлүүд
байна. Бүр хулгайн хэргээр хоёрхон жил нааран дээр хэвтсэн этгээдүүд наранд гарахаа­раа
хүний үнэрээ гээж нутаг нугынхаа иргэдийг айлгаж ичээж, эд хө­рөнгөд нь эзэн сууж
явдаг болжээ.

АТАМАН ТӨРӨӨГ АМЬСГАЛ ХУРАА­ХАД
УВСЫН ИРГЭД АЛГА ТАШИЖ БАЙЖЭЭ

Шоронгоос гарсан хули­гаа­нууд хөдөө
нутагт очоод хэрхэн авирлаж нутгийн удирдлагаас ч эрх мэдэл­тэй байдаг бас нэгэн
жишээг дур­дъя. 1990 оны эхэн үе шиг билээ. Увс аймгийг донсолго­сон нэг ата­ман
төрсөн нь Төрсайхан гэгч. Тэрээр хул­гай, хүчин, хүн зодсон хэргээр олон жил шоронд
суугаад нутагтаа очсон нь энэ. Очуу­таа л аймгийнхаа Засаг дар­гын маши­ныг булаан
унаж дэлгүүр хэсэн тооцоо төлбөр­гүйгээр архи, татаас авдаг болсон байгаа юм. Увсын
дэлгүүрүүдийн аль л өнгөтэй өөд­тэйг нь хаман авч айм­гийн­хаа Засаг даргын унааг
дөрөөлсөөр хэсэг хугацааг туулсан гэж байгаа. Энэ хооронд эр хүйстний чанараа гаргаж
нутгийн олон сайхан бүсгүйг доромжилж байсан байдаг. Увс аймагт түүний өөдөөс дуугарах
зоригтон гэж байсангүй. Хэрвээ түүнд сур­гаал айлдах болбол хулгана муурын сүүлээр
оролдоно гэгч болно. Тиймээс өг гэснийг нь өгч, далд ор гэсэн газарт нь зугтдаг
байжээ. Нутгийн буурьтай хөгшчүүл түүнд “хүн шиг бай” гэж хэлснийхээ төлөөсөнд зодуулаад
үлдсэн удаа ч олон тохиолдсон гэж байгаа. Ямар сайндаа айм­гийн дарга нь унаагаа
булаалгачихаад юу ч дууга­рал­гүй хэдэн жил болохов.

Түүний дарлал, дарамт­ыг Увсынхан
яс махаараа мэдэрч байсан цагт бас нэгэн атаман болох “хар” Тулгаа шоронгоос суллагджээ.
Төрсай­хан ч “хар” Тулгааг онгоцны буудал дээр тосч “Увсын дош минийх. Хол  бай” гэж хэлсэн аж. Тэгэхэд нь Тулгаа шинэхэн
атаман Төрсайханы амийг тэр дор нь тасалсан нь баярлууштай хэрэг болжээ. Энэ мэдээг
сонссон Увсын иргэд баяр­лах­даа уйлж, алга ташиж байсан байгаа юм. Хүмүүсийг ийм
болтол нь хашрааж бай­сан шоронгийн эрийн түүх төгсөхөд Тулгааг шүүн хэлэл­цэх болж.
Хуулиараа хүн хөнөө­сөн хүнийг цаазаар авах нь дамжиггүй. Ингээд Увсын шүүх нээлттэй
хурал­да­хад нутгийн иргэд нь Тул­гааг “хэрэгтэн биш. Гавьяатай хүн” гэж өмгөөлсөөр
бага ялтай мулталж байсан нь саяхан. 

Түүнчлэн Мөст сумын иргэ­дийг тэр
чигт нь чичрүүл­сэн хэрэг 1990 оны сүүлийн хагаст гарч байсан нь Ховд аймгийн Мөрдөнгийн
архивт хадгалаастай. Тухайн үед Ч.Эр­дэнэ­­сонины гурван хүүх­дийг хө­нөөж, зам
дээр хаясан хэрэг ман­дахад аав нь болох Ч.Эрдэнэсо­нинг сэжиг­лэн барив­чилсан
байдаг. Ер нь гэрчүүдийн мэдүүлэг, цаг хугацаа гээд бүх зүйл Ч.Эрдэнэ­сонин хэргийг
үйлд­сэн болохыг нотолж байж. Ингээд Ховдын шүүхээс цаазаар авах ял сонссон Ч.Эрдэнэсонин
Улаанбаатарт ирсэн ч хэргээ хүлээ­­гээгүй гэдэг. Ийн хэдэн жил болоход Ч.Эрдэнэ­сонин
хэргээ хүлээл­­гүй улмаар цайрсан байгаа юм. Хэргийг цай­руулахдаа эхнэр нь Ч.Эрдэнэсо­нины
дарамт­аас ангиж­рахын тулд гур­ван хүүгээ хөнөөгөөд нөх­рөө гүтгэсэн байж ч болох
гэдэг үндэслэлийг бий болгосон удаатай.

Энэ хугацаанд Ч.Эрдэнэ­сонин нутгийнхаа
захиргаа руу захидал бичиж “Мөст сумын иргэдийг бүг­дийг нь ална.  Би удахгүй” суллаг­да­на гэдэг зурвасыг илгээгээд
байж. Мэдээг сонссон Мөс­тийн иргэд ч тэр чигээрээ үймж, Ч.Эрдэнэ­сонинг ирэхээс
нь өмнө нутаг орноосоо дүрвэх тухай асуудал ч боссон байгаа юм. Учир нь нутгийн
иргэд түүнийг хэрэг­тэн мөн гэж шүүхийн өмнө гэрчилсэн нь түүнээс айхад хүргэжээ.
Харин нутгийн нэг хөгшин санал гаргасан нь дэмжиг­дэж нутгийн олон дага­сан байна.
Ингээд Ч.Эрдэнэ­сонинг суллагдаж ирэ­хэд Мөстийн иргэд хадаг барин угтаж, айл айлаас
өмч тасдан гэр барьж, нутаг чөлөөлөн өгчээ. Мөст сумын цаад биед байх хайрхан түүний
мэдэлд очиж төд удалгүй хэрэгтэн Эрдэнэ­сонин мянгат мал­чин болсон гэгддэг. Тэрээр
ийн мянгат малчин болсон нь мөнөөх шоронгийн атаман гэдэг хоч зүү­сэн­тэй нь холбоотой.
Тод­руулбал, Ч.Эрдэнэсонин өөрийн өмчилж авсан нутаг руу хүний мал орж ирвэл буцааж
өгдөггүй байсан аж. Адуу мал аа эрж, сурж ирсэн нэг­нийг “Хохь чинь. Энэ газар минийх.
Яах гэж малаа нааш нь явуулаад байгаа юм. Миний газрыг талхалс­ных нь төлөөсөнд
авлаа” хэмээ­гээд зодож, занчин буцаасаар мянгат Ч.Эрдэнэсонин гэх титэм зүүх болсон
удаатай.

Ийн шоронгоор дамжсан хүмүүс нутагтаа
хаан шиг амьдар­даг нь жам ёсных мэт болжээ. Өнөөдөр шоронд ордог, хүн алдаг, хуулиас
айдаггүй гэдгээрээ дарам­талдаг хүмүүс нутаг нутагт л байна. Монголын нийгэмд ийм
ил хэрнээ далд дарлал газар авсаар.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Д.Жаргалсайхан: Манайх яаралтай үйлдвэрлэгч болж ам.долларын нөлөөнөөс гарах ёстой

Эдийн засагч Д.Жар­гал­сайхантай
ярилц­лаа.

-Сүүлийн хоёр са­рын хугацаанд
ам.дол­ларын ханш эрс өслөө. Үүн дээр та ямар дүг­нэлттэй байна вэ?

-Ам.долларын ханш хоёр шалтгаанаас
болж өссөн.  Нэгдүгээрт, гадаад худалдааны
алдагдал огцом өссөн буюу импорт нь экспортоосоо үргэлж их байдагт. Монгол  мах, махан бүтээгдэхүүнээс бусад бараг бүх бараагаа
импортолдог. Эхний ха­гас жилд 1.5 тэрбум, жи­лээр нь бодоход гурван тэрбум доллар
буюу эдийн засгийн 20-30 хувь­тай тэнцэх алдагдал. Бид үйлдвэрлэгч биш учраас байдал
ийм болж байна.

Хоёрдугаарт, гадаа­даас орж ирж байгаа
хө­рөнгө оруулалт, мөнгө­ний гуйвуулга эрс багас­сан учир дотоодод бай­гаа ам.долларын
хэмжээ буур­сан явдал. Мон­го­лын дотоодын гүйлгээнд ч ихэнх нь ам.долла­раар (юаниар)
авсан ба­раа эргэлдэх учир ам.дол­лар чухал үүрэг гүйцэт­гэдэг. Мөн Хятадын эдийн
зас­гийн өсөлт буурахаар, экспорт нь саарч, юань сулрах хандлагатай учир Монголд
юанийг чанга дээр нь ам.доллар авах гээд сонирхол яваандаа ихэсч болно. Тэр үед
юань сул­раад, доллар чангарах болно, одоо­гоор энэ хоёр хоёу­лаа Мон­голд чан­гарч
байна.

Манайхан экспортод бүтээгдэхүүн гаргахад л  анхаарах хэрэгтэй. Урьд нь алдагдал бага байсан
нь бид экспортод эрдсийн түүхий эд гаргаад мөнгө олоод байсан. Одоо нүүр­­­­сээ
гаргах нь ашиггүй болохоор валют орж ирэх­гүй байна.

-Сүүлийн үед Мон­голын эдийн засаг
хям­раад байна гэх нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь энэ хямрал биш ээ түр зуурын
хүндрэл гэх юм. Өнөөдөр Монголд эдийн засгийн хямрал нүүр­лээд байна уу, хэсэг зуурын
хүнд­рэл гарчихав уу?

-Сонгомол тодорхой­лолт нь хоёр улирал
да­раалаад эдийн засаг хасах гарвал хямарлаа гэдэг. Манайх хасах биш, бүр хоёр оронтой
тоо­гоор өсч байгаа. Өндөр өсөлттэй хэрнээ өнөө­гийн хүндрэлтэй байдалд ороод байгаа
нь эдийн засгийн өсөлт бүр иргэ­дийн амьдралын түвшинг дээшлүүлдэггүйг хэлээд байгаа
юм.

Эрдсийн экспорт өсөх нь эдийн засгийн
чанар­тай өсөлт гэсэн үг биш. Эдийн засагт үнэ цэнэ (нэмүү өртөг) бий болго­сон
үйл ажиллагаа нь давамгай байх ёстой. Уул уурхайн өсөлт эдийн за­сагт хөөсөн өсөлт
бүр­дүүлснийг бид харж бай­на. Манай ашигт малт­малын гол хэрэглэгч Хята­дын хэрэгцээнээс
бүх зүйл хамаарна. Манай нүүрсний үнэ Австрали, Оростой өрсөлдөх чад­вар­гүй болоод
эхэллээ. Гол учир нь нүүрсээ авто машинаар шороон за­маар зөөж буй учир өртөг их.
Нүүрсийг дэлхий дээр усан болон төмөр замаар л зөөдөг.

Монголын төр засаг энэ асуудлыг шийдэж
ча­дах­гүй байна. Хувийн компани төмөр зам бари­хыг зогсоочихоод одоо заавал төрийн
буюу иргэ­дийн мөнгөөр төмөр зам тавиад эхэллээ. Ер нь бол 10-аас дээш хувиар өсч
буй эдийн засаг үргэлж хөөс дагуулдаг. Их мөнгө ороод ирэ­хээр үндсэн хөрөнгөний
үнэ нэмэг­дэнэ. Цалин нэмэхээр, өргөн хэрэг­лээ­ний бараа бүтээгдэхүү­ний үнэ нэ­мэгддэг.
Даанч бидний бүтээмж нэмэг­дэх­гүй бай­на. Энэ хоёрын зөрүү­нээс хөөс бий бол­сон.
Сүүлийн хэдэн жил үлээ­сэн бөмбөлөг хагарч эхэлж байна.

-Цаашид ам.долла­рын ханш 2000
төгрөгт хүрнэ гээд байгаа. Үүн дээр та ямар бодолтой байна вэ?

-Доллар өснө гээд хэл­чихээр хүмүүсийн
хүлээлт өөр болоод улам өсгөөд байгааг анхаарах хэрэгтэй. Цаашид дол­ларын ханш
улирлын үйл ажиллагаанаас болоод хэлбэлзэнэ. Оны эцэст 1670 дээр зогсох байх, хэдийгээр
одоо 1680 хүр­сэн ч. Сургууль, соёлын ули­рал эхэлж байгаатай холбоотой өсөлт. Одоо­хон
долларын хэрэгцээ багасдаг үе рүүгээ орно.

Эдийн засагт орж буй мөнгө хувийн
хэрэглээн­дээ бус, юм бүтээхэд, бү­тээх чадварыг нэмэгдүү­лэхэд шилжиж байгаа л
бол эдийн засаг зөв яв­даг. Манай улс үүнд тууш­тай анхаарахгүй байна. Бид дэлхийд
хэрэгцээтэй бараа үйлчилгээ бүтээж экспорт гаргаж чадахгүй байна. Үүний нэг шалт­гаан
нь төр засаг нь төр өөрөө хийе, дэмжээд хөн­гөлөлттэй зээл өгье гээд бүх салбарт
ороод бай­гаа­тай холбоотой. Ингэс­нээр төр засаг өрсөл­дөө­нийг устгаж байна. Хямд­хан
зээл авсан компанийг өрсөлдөгч нь яаж дийлэх юм бэ. Өрсөлдөөн байх­гүй газар бүтээмж
нэмэг­дэх­гүй, тэгэх ч шаардла­гагүй, хамгийн сайн бо­ловсон хүчнийг авч ч чаддаггүй.
Зарлигаар цалин нэмээд байхаар боловсон хүч­нүүд нь онц­гой хичээх, шинийг бү­тээж
санаач­лах шаард­ла­га­­гүй бол­дог.

-Сүүлийн үеийн мэ­дэгдлүүдийг хараад
бай­хад монголчууд дол­лараар наймаа хий­дэггүй. Ихэвчлэн урд хөрштэйгээ харьцдаг
тул долларын үнийн савалгаа Монголд ямар ч нөлөөлөх зүйл байх­гүй гээд байна?

-Долларын ханш бид­ний амьдралд нөлөөлөх­гүй
гэж байгаа нь худлаа. Харин ч хамгийн их нө­лөөл­дөг. Манайхан юа­нийг авахын тулд
доллар авдаг. Юань, доллар хоёр Монголд чөлөөтэй эр­гэлд­дэг валют. Бид өөрс­дөө
юм бүтээхгүй гаднаас бараа бүтээгдэхүүн аваад байгаа цагт юань, доллар байсаар л
байна.

Ер нь бид маш яарал­тай үйлдвэрлэгч
болох хэрэгтэй. Импортоор авч байгаа зүйлсээ орлуу­лахыг хичээ. Бодлого­тойгоор,
Монголдоо хий­сэн бүтээгдэхүүнийг хэ­рэг­лэх нь зүйтэй. Солон­госчууд хямралаас
ээмэг, бөгжөө хандивлаж бай­гаад гарсан түүх бий. Ин­гээд импортоо орлуулах, эхний
ээлжинд чацарга­ны шүүс уугаад, нэрс­ний чанамал идээд эхэлье. Гадаадаас авчир­сан
мах, сүү биш Монгол малыхаа буяныг зөвхөн хэрэглэе. Гадаад худал­дааны алдаг­дал
багасна. Хүн бүрийн оролцоо чухал.

Эдийн засгийн хүнд­рэлийн өөр нэг
шалтгаан нь төрийн бүтэц дэндүү томорсонд байгаа юм. Төрийн бүтцийг томруу­лах нь
улс төрийнхөнд ашигтай болсон. Тэдний бизнес нь нэг гараараа төсвийг томруулах,
нөгөө гараараа холбоотой ком­па­ниуддаа төрийн үйл­чил­гээг өндөр үнээр хүр­гүүлэх,
зам барих, төрийн худалдан авалт, түүний санхүүжилтийн сүлжээнд оролцох бол­лоо.
Улс төр, бизнесийн холбоо улам далд, улам нарийн болж байна. Тэгэ­хээр манай төрийн
тогтол­цоо, төрийн бүтцийн далд холбоог сууриар нь өөрч­лөх шаардлагатай.

-Одоо бензинээс бу­сад бараа бүтээгдэ­хүү­ний
үнэ нэмэгдчихлээ. Цаашид бензиний үнийг төр барьж дий­лэх­гүй гээд байгаа. Үүн дээр
байр сууриа илэр­хий­лэх­гүй юу?

-Бензин нийлүүлж буй компаниудад хямд­рал­тай
үнээр, томоохон зээл өгөөд үнэ нэмж бо­лохгүй, нэмбэл торгодог бүтэц тогтов. Энэ
бол үнэ өөрчлөгдөхгүй явсаар зардал нь өссөөр нэг л өдөр бензингүй болчих магадлал
өндөр. Эзэд нь компаниа ашиггүй ч ха­маа­гүй үнээр зарчихдаг.

Өнөөдөр бид төрийн үүргийг буруу ойлгоод
байгаа юм. Төр том байх ёстой гэдэг социалист үзэл бодол. Бүгдээрээ адилхан ядуу
байх Кубын сонголт. Төр нь бага, бүх тогтолцоонд юуг, яаж хийх стандарт, журмыг
тогтоо­гоод түүнийг ний­тээр мөрдүүлэх ажлыг л төр хийх ёстой. Гашуун ч гэсэн үүнийг
эртхэн ойл­гож, төр засаг жижиг болж ажиллахгүй бол бид улам хүчтэй цохилт амсах
болно.

-Энэ сарын 16-ны өдөр ээлжит бус
чуул­ганаар Хөрөнгө оруу­лал­тын тухай хуулийг хэлэлцэнэ. Уг хуулийг хэлэлцсэнээр
ямар үр дүнд хүрэх бол. Бид энэ хуулиас юу хүлээх ёстой вэ?

-Эдийн засгийн хям­рал, хүндрэл бол
алдаа­гаа засах, бодлогоо то­дорхойлох боломж. Хуу­лийг яаж ч өөрчлөөд, маргааш
нь хөрөнгө оруу­лагчид ирэхгүй. Хөрөнгө оруулалтын тухай хуу­лийг өөрчлөхдөө яавал
өмнөх алдаануудаа гар­гах­гүй байхыг бодох хэ­рэг­тэй. Том хөрөнгө оруул­бал урт
хугацаа­гаар тогтвортой байлгах гэрээ байгуулна гээд бай­гаа. Тогтвортой байдлын
гэрээ байгуулна гэдэг нь хууль зүйн олон орчин бий болгож, тэгэх тусам эдийн засагт
тогтворгүй байдал бий болгоно гэсэн үг. Хариу тогтвортой байл­гах зүйл бол гэрээ
биш, харин бодлого нь өөрөө байх ёстой.

Бизнесийн тогтвор­той байдлыг урт
хуга­цаанд хангахын тулд үргэлж хүн нь солигдох ёстой төр өөрөө бизнест бага оролцох
явдал. Мон­голын бүх орд газар, Мон­голын иргэн хүн тус бүр шиг,  стратегийнх байтал ялгасан нэр томъёо өгөөд байгаа
нь өөрөө буруу. Тэртэй тэргүй газрын доорх баялаг зуун хувь ард түмнийх.  Тэнд ажил­лаж байгаа компаниас хувь эзэмшээд,
хөрөнгөө оруулна, оруулахгүй гээд маргалдах ч шаардла­гагүй.

Түүний оронд ашигт малтмал ашигласны
төл­бөр, бусад татвар хураам­жаа нэмж хасаад сууж байсан нь хамаагүй ашиг­тай. Зарим
үед бүсээ чангалж, суллах нь хэн хэндээ хэрэгтэй юм. Авст­рали болон бусад орнуу­дад
ийм зүйл байдаггүй.

Манайх шиг 200 ор­ноос 100-д жагссан
авли­гатай оронд төр нь хувь­цааг нь эзэмшээд, 
ашгийн нь шударга хуваагаад явах бол үлгэр. Норвеги шиг, ядаж эхний тавд
ор­вол өөр хэрэг. Тэр болтол цаг хугацаа хэрэгтэй.

Эдүгээ төр 34 хувийг байтугай,
100 хувь эзэмш­сэнээ ч  хянаж чадахгүй байна.
Төрийн өмчийн гэх улс төрчдийн компаниу­дад авьяас чадвар дээр суурилаагүй арын
хаал­ганы, улс төрийн намынх холбоотой, ах дүү, хамаа­тан садан нь бидний хөрөн­гийг
ээлж ээлжээр завшаад удаж байна.  Улс­төрчид
улс үндэстэн баян байх байхыг уриал­дагч, одоогоор бол зөв­хөн өөрсдөө л баяжсаар
байгаа.

Монголчууд төр засаг дотроо хулгай
луйвраа цэгцэлж чадаагүй цагт Монголын эдийн засаг хөгжихгүй шүү дээ. Хям­рал үргэлж
гарах бөгөөд төлбөрийг нь ард түмэн төлсөөр байна. Иргэд бидний худалдан авч буй
талх болон бусад бараа болгоны үнийн 10 хувийг төр засгийн тансаг зан, төрийн өмчийн
компаниу­дын алдагдлыг төлөхөд зарцуулж байгаа.

-Хөрөнгө оруулагчид нэгэнт дүрвэчихлээ.
Хэдэн жилийн дараа­наас хөрөнгө оруулалт орж ирэх бол?

-2014 онд манай хам­гийн том түнш
болох Хята­дын эдийн засаг саарсан хэвээрээ байна. Хятадын эдийн засгийн нэг хувийн
бууралт бидэнд хүндээр тусч, эдийн засагт нө­лөөлж байна. 2014 онд шууд хөрөнгө
оруулалт эргээд ирэхгүй байх.

Энэ хооронд гэр ор­ноо цэвэрлэж, бүх
зүйлээ байх ёстой газар нь тавьж чадвал эдийн засаг арай гайгүй болох юм. Нөгөө
нэг асуудал нь төмөр замын цариг болчихлоо. Урагшаа гарч байгаа бүх замаа нарийнаар,
хой­шоо өргөнөөр тавьчих хэрэгтэй. Ачаа шилжүүл­дэг бүх үйлчилгээг Мон­гол нутгийн
гүнд хий­вэл бид олон улсын тээв­рийн үйлчилгээний занги­лаа төв яваандаа болж,
том орлоготой болно. Энэ бол том ашиг, газраа ухах шаардлага бага бол­но. Ази, Европын
худал­даанд үйлчилсэн гүний боомтууд Монголд хэд хэдэн хотод байна гээд боддоо.
Гэтэл үүнийг хийх­гүй янз бүрийн шал­таг гаргахаа больчихоо­сой. Аль болох хоёр
хөр­шийн сонирхол хил дээр биш нутгийн гүнд уулзах нь стратегийн ашигтай.

-Монгол банк дол­ларын ханшийн
өсөл­төд анхаарал хандуу­лан ажиллаж байгаа гэ­сэн. Гэтэл УИХ-ын дарга интервенцийг
сул орхих хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж бай­на. Зүгээр л зөнд нь ор­хи­чих
хэрэгтэй юм уу?

-Монгол банк төгрө­гийн уналтыг огцом
биш байлгах талаас нь ажил­лаж чадахаас бүрэн зог­соож чадахгүй. Тэгж ч болохгүй.
Ханшийн өөрч­лөл­тийг байгаа нөөцийн­хөө хэмжээнд тааруулан түр зуур барина.

-Баруун цанхийн ол­борлолт эхэлсэн.
Энэ нь Монголын эдийн за­сагт дэм болж чадах уу?

-Уг нь Зүүн Цанхийн мөнгө өдийд эдийн
зас­гийн эргэлтэд орчих бай­лаа. Борлуулалтын төл­бө­рөө түрүүлж зээлээр аваад хуваагаад
идчих­сэн учир Зүүн Цанхиас өрөө дарж байгаа. Өл­сөөд байгаа учир Баруун Цанхиасаа
нүүрс гаргаж буй хэрэг. Харин аль хэр мөнгө олох нь төмөр зам хэзээ барих, нүүрсээ
угааж чадах эсэхээс л хамаарна.

-Бондын ашиглал­тын талаар та ямар
бо­долтой байна. “Чингэс” бондын мөнгийг үр дүн­тэй зарцуулж чадав уу?

-Бид энэ бондыг яа­рал­тай авсан шалтгаан
бол өмнө нь тэр хэмжээ­ний шахуу хөрөнгийг 3-4 төрийн аж ахуйн нэгжээс зээлж аваад
хэрэглэ­чих­сэн явдал. Хэрэв тэгээ­гүйсэн бол бонд авахгүй­гээр, дэд бүтэц рүүгээ
уул уурхайгаас олсон мөнгөө хийх байсан. Үүний ха­риуц­лагыг хэн хүлээх юм. Хоёр
нам л хүлээнэ. Энэ хоёр эвсэж байхдаа би­дэнд хайртайдаа ч биш, сонгуулийн үеэр
хоосон амласандаа болоод тэр их мөнгийг хамтраад та­раа­гаад өгчихсөн. Тэгээд хэн
ч хариуцлага хүлээх­гүй яваад л байгаа.

Үндсэндээ тэр мөнгөө зээлээр буюу
бондоороо төлж байгаа хэрэг. Баруун Цанхийн нүүрсээ өнөө­гийн ханшаараа өгөх нь
ашиггүй. Мөн автомаши­наар зөөж байгаа нь эко­ло­гийн хувьд нэн хортой. Орон нутгийнхан
дургүй байгаа.

Монгол Улсын хөг­жилд дэд бүтэц хэрэгтэй.
Дэд бүтцэд мөнгө хэрэг­тэй. Түүнийгээ зээлээд л аваад байна. Яваандаа зээлээр биш
өөрсдийн орлогоосоо авах хатуу сахилга бат тогтоомоор санагддаг. Хувийн сек­торын
хийчих зүйлийг хийлгэх нь зүйтэй. Төрд байгаа авлига, олон тэр­бум төгрөгийн ашиггүй
ажлыг цэгцлээд бондын­хоо өрийг дарах хэрэгтэй. Ахиад бид бонд авах бо­лоо ч үгүй.
Яагаад гэвэл бид эдийн засагтайгаа тэнцүү шахуу өртэй бол­чихсон. Одоо бүсээ чан­галах
хэрэгтэй.

-Ахиж зээл авбал бон­дын хүү нэмэгдэнэ.
Иргэ­дийн нуруунд ачаа улам л нэмэгдэнэ биз?

-Бонд шинээр гарга­вал нэмэгдэнэ.
Манай эдийн засгийн төлж чадах хэмжээний бондыг бид авчихсан. Үүнээс цааш авч чадахгүй.
Хэрэв авбал улам өндөр хүү­тэй байх болно. Монгол Улс мөнгийг олох чадва­раа­саа
илүү зараад бай­на. Энэ нь ирээдүйг маш эрс­дэлтэй болж байгаа юм.

-Уул уурхайн гадаа­дын хөрөнгө
оруулалт зогссон болохоос бу­сад салбарын хөрөнгө оруулалт хэвийн хэм­жээн­дээ байна.
Тийм болохоор уул уурхайг дагаж хямрах шаардла­гагүй гэх юм?

-Манай экспортын 80 хувь нь уул уурхай.
Бусад салбарын хувьд эдийн засагт том нөлөө байхгүй. Бид мөнгөтэй болохоо­роо найр
наадам хийж гадаадын хөрөнгө оруу­лагчдаа нүд үзүүрлэн хөө­гөөд, мөнгөгүй болчих­сон
хойноо буцаад ирээ­ч гэх боллоо. Зөвхөн улс төрчдийн араншин. Үүний­хээ оронд соёл
ир­гэн­­шилтэй бусад орны адилаар хамтарсан, хө­рөн­гийг нь оруулсан хэл­бэрээр
гадаад ертөнц­тэй үргэлж цуг явах нь зөв. Харин хууль, дүрэм зөрч­сөн бол гадна,
дотны гэлт­гүй хэнбугайг ч ха­риуц­лага хүлээлгэх ёстой.

-“Дисковериа Мон­голиа” чуулга
уулзал­тад өмнөх жилүү­дийн­хийг бодоход цөөн тө­лөөлөгчид оролцож байна. Энэ юунаас
болж байна вэ?

-Уул уурхайн бизнес хумигдаад эхэллээ.
Одоо бол Монголд нэгэнт хө­рөн­гөө оруулчихсан нь үлдсэн. Тэд олон жи­лээр тооцоод
их хөрөнгө аваад ирчихсэн тул санд­раад л байж байна. Сан­хүүгийн хөрөнгө босгодог
компа­ниуд нь гарч яваад хө­рөнгөө оруулсан компа­ниуд нь бидэнтэй цуг эрс­дэлээ
хүлээж байгаа юм. Жишээ нь уул уурхайн өрөмдлөг хийдэг ч юм уу, лабо­раторийнхон
үлд­сэн. Ер нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байх­гүй бид хөрөнгийг бий болгох чад­­ва­раасаа
илүү зар­цуу­лаад байна.

-Гаднын хөрөнгө оруу­лагчдыг эргүүлэн
татах шилдэг арга гэвэл та юуг нэрлэхээр байна?

-Эдийн засаг дахь төрийн оролцоог
багас­гах, урьдчилан харж боло­хуйц, гэнэт огцом хөдөл­дөггүй бизнесийн орчин байлгах,
гадаадын хө­рөн­гө оруулагчидтай ха­рилцах уур амьсгал эн­гийн, гадаадын хүмүүсийг
ирээд амьдрахад найр­саг байх хэрэгтэй. Мон­голчууд гадаадын хүмүү­сийг хараад дургүйцэж
байгаа нь тэднийг бүүр ирэхгүй болгож байна. Гуравдагч хөршийнхөн явж байна. Гэтэл
хоёр хөрш өөрсдөө гадаадын хөрөнгө оруулалт татах гэж байгаа болохоор юун Монголтой
манатай. Ер нь бодох зүйл их байна даа.

-“Их 20” буюу “Жи 20”-ийн
уулзалт Санкт-Петрбург хотноо бол­сон. Энэ уулзалтын талаар ямар бодолтой байгаа
вэ?

-Үндэстэн дамжсан компаниудаас татвараа
авах талаар анх удаа хэлэлцэж байна. Давхар татварын асуудлыг хөн­дөж байна. Ер
нь үнэ цэнэ бий болгож буй улсдаа  татвараа
төлөх нь шударга зарчим. “Жи 20”-ийн уулзалтын шинэлэг зүйл нь энэ.

-“Жи 20”-ын уулзал­таас гаргасан
шийдвэр Монголд нөлөөлөх хэм­жээгээрээ хэр байх бол?

-Үргэлж нөлөөлдөг. Нөлөөлөхгүй гээд
байгаа хүмүүсээс, Монголд хий­сэн юуг хэрэглэж байгааг асуу. Гар утас, өмссөн хувцас,
унаж буй машин, бензинээ хар. Бүгдээрээ Монголд хийг­дээ­гүй.  Эд­гээр барааны үнэ өөрч­лөг­дөхөд би­дэнд нөлөөл­дөг.
Бидний сонголт бас гажигтай бол­чихсон. Бид шинэ, үнэтэй машин л аваад байдаг, зам
чинь хуучин, муу хэвээ­рээ л байгаа. Хот чинь маши­наа даахгүй болчихсон. Орчноо
засах нь хэнд ашигтайг ч ойлго­доггүй.  Сайхан
зам, сайн эмнэ­лэг, гар утастай болъё гэдэг. Гэр дотроо сайхан, гадаа гараад муу
хэвээ­рээ. Ухаалаг, даруухан байцгаая.  Бас  “адууны­хаа хирээр исгэр” гэдэг байх аа.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдрах боломж Монголын хөдөөд байна

Н.Цэрэндоржийнх хоёр мянга хол давсан малтай. Хоёр мянга гаруй
хонь, ямаа, 400 гаруй адуу, 200 гаруй үхэр, сарлагтай аж төрж байна. Тус айлын гол
амьжиргаа нь мал. Тэднийх Төв айм­гийн Сэр­гэ­лэн сумын ну­таг Ав­дарын уул гэх
дүн­хийсэн хөх уулын хойхно Дөл­гөө­ний энгэр гэдэг газарт намаржиж байна лээ. Нутгийнхан
нь түү­нийг Бандгай хэмээн ав­гайлан дууддаг юм байна. Жаран насны босго алх­сан
тэр­бээр “Буянт ма­лын үр шим барагдахгүй. Хөдөө ну­тагт мал ха­риулж, өөрийн­хөөрөө
явсны үр шимээ ах нь үзэж байна. Хэдэн хүүх­дүүдээ хотод байр, орон сууцаар хангаж,
эрдэм номын мөр хөөл­гөлөө.

Бусдын хүүхдүүдийн уна­даг үнэтэй
машин хүртэл авч өглөө. Үүнээс илүү жаргал хаана байх вэ. Мал дагавал ам тосдоно
гэж үнэн үг шүү.  Хөдөлмөрлөж чадвал Мон­голын
хөдөөд сайхан амьд­рал байна шүү залуусаа. Ямар ч зарлага байхгүй, орлого ороод
байх тийм л амьдрал энд байна” хэмээн ярьж байсан юм.

Өвсний шим толгой руугаа орсон энэ
л цагт хөдөө нутаг үнэхээр сайхан байдаг. Бүх зүйлс тогоо дүүрэн сүү шиг л мэлтэлзээд
байх. Малын тарга тэвээрэг нэмэгдчихсэн. Сүү гэж будаг шиг л өтгөн. Хөхүүртэй айраг
чимчигнээд л, хөдөө нутгийн тэнүүн жар­гал гэдэг энэ. Шаргал намрын хайлган цагаар
хүн бүр зав­гүй хөдөлмөрлөж байна, Мон­голын хөдөөд. Тариа, ногооны хураалт эхэлчихсэн.
Малчид өвс, хадлангаа зэхээд өвөлжөө бууцаа янз­лах, малаа “язартал” тарга­луулж
өвлийг өнтэй давах гээд борви бохис хийх завгүй. Ийм л цагаар сайн сайхныг цогцлоон
буй  Цэрэн­дорж гэх санасан бод­сон зүйлээ
шууд хэлчихдэг зантай хөдөөний малчинтай нэг өдрийг хамт өнгөрөөж сурвалжлага хийсэн
юм. Тэд­нийх хөдөөний зочломтгой халуун дулаан зангаар сур­валжлага хийхээр ирсэн
биднийг угтсан юм.  

Бидний очсон айл маань өөдөө дэвшин
дээшилж буй нь илт. Гэрийнх нь гадаа очиход л амьжир­гааны түв­шин сайтай нь ха­раг­дах
аж. Хонины хашааны наана улаан “жийп”-ээ тавь­чихсан. “Аавын цээж” гэх ногоон УАЗ
машинаа баруун хамар дээ­рээ мануухайн оронд зогсоо­жээ. Ачааны “Бонго”-гоо гэрийнхээ
үүдэнд сойчихсон байх юм. Мөн бага хүүгийнх нь жийп байна. Таван хана­тай их гэр,
сүү цагаан идээний дөрвөн хана­тай гэр барьчих­сан байна. Үх­рийн зэлэн дээр нь
гуч гаруй тугал эгнүүлээд уячихсан. Гүүн зэлэн дээр нь багширсан олон адуу байх.
Н.Цэрэндорж гуайтай хууч хөөрөхөөс сур­валжлага маань эхэлсэн. Тэрбээр “Ах нь энэ
нутагт төрж өссөн хүн. Багаасаа л мал хариулж явсаар өдий хүрч байна. 1971 онд Төв
аймгийн дунд сургуулийг төгсөөд шууд цэрэгт явсан. Тэгээд нэгдэл дундын үйлдвэрийн
туслах аж ахуйчаар буюу малчин бол­сон юм. Тууврын мал туудаг байлаа. 1979-1982
он хүртэл туувар туусан. Тэгээд нэгд­лийн мал хариулж байгаад л 1992 онд хувьцаандаа
цөөн хэдэн мал авч өөрийн гэсэн хөрөнгөтэй болоод гарсан. Тухайн үед 200 гаруй мал
хувьцаандаа авч байлаа. Цаг ч сайхан байсныг хэлэх үү, манай мал хурдан өссөн шүү”
хэмээн тамхиа нэрэн суух ажээ. Гэрийн эзэгтэйг Пунсалдулам гэдэг юм байна. Сэргэлэн
сумын уугуул. Мэнд устай, цай цүй болсон хөгшин юм. Бидэнтэй “Манайх зур­гаан хүүхэдтэй
айл. Одоо том хүү манайхтай хамт намар­жиж байна. Дунд хүү, том охин хотод. Бага
охин Японд сура­хаар явсан. Отгон хүү маань энд ирчихсэн байгаа. Гүүн зэл хавиар
байгаа байх. Манайх гэдэг айл иймэрхүү байдалтай аж төрж байна даа” хэмээн гэр бүлээ
танил­цуулсан.

СЭРГЭЛЭН СУМЫН АНХНЫ МЯНГАТ МАЛЧНЫХ

Сэргэлэн сум олон мянгат малчинтай.
Тод манлай уяач Ц.Хэнмэдэх гуайгаас эхлээд Монголд олон адуутайгаараа алдартай
“Ханан” хочит Төмөр­­баатар ч бий. “Ханан” Төмөрбаатар өнөө жил 1500 гаруй адуу
тоолуулжээ. Тэгвэл бидний сурвалжлага хийхээр очсон айл маань Сэргэлэн сумын анхны
мянгат малчин болж байсан бахдам түүх сөхлөө. Үүнийгээ “Хэдэн малын буян биднийг
өдий зэрэгтэй сайн сайхан амьд­ралд хүргэсэн” гэж тайлбар­ласан юм. Цэрэндорж гуай
гурван жилийн өмнө “Айм­гийн сайн малчин” хэмээх цол тэмд­гээр шагнуулжээ. Том хүү
Батзаяа гаднаас орж ирлээ. Адуугаа хурааж ирээд, гүүгээ барьчихаад орж ирж байгаа
нь энэ. “Хүрэн азаргатай адуу алга. Долоо­ны тэр хавь руу өнгийхөөс. Өдөр хэрд тэнд
усанд орох байх даа” хэмээн аавтайгаа ярилцана. Дээрх ярианаас хурдан мори­ны яриа
руу орлоо. Тэднийх сүүлийн үед адууныхаа цусыг холдуулах, хурдан удмын адууны үр
удам тавих зэргээр цус сэлбэ­хэд их анхаарч бай­гаа аж. Сүхбаатар, Дорнод, Хэнтий
аймгаас адуу худал­дан авч адуундаа тавь­жээ. Бүр улсын баяр наадамд аман хүзүүдсэн
“Босоо дэлт” хүрэн азарганы төл, “Их хурд-4” уралдааны түрүү  магнай, халтар азарганы үр удам тэдний адуунд
байна. Дор­нодын бүсийн уралдаанд түрүүлж Заамарт болсон төвийн бүсийн уралдаанд
айрагдаж байсан буурал азарга хүртэл адуун дунд нь зогсож байх жишээтэй. Мөн Өмнөд
Монголын барга адуу­наас хүртэл худалдаж аваад азарга тавьсан болохоор адууныхаа
удам угсааг сайж­руулж чаджээ. Ирэх жилээс морь уях ажилдаа орох юм гэнэ.
1980-1990 оны үед аймгийнхаа наадамд олон морь айрагдуулж байсан юм билээ. Сүүлийн
хэдэн жил морь уях ажлаас жаахан хөндийрсөн гэв.

“АЖИЛГҮЙ ХҮМҮҮСИЙГ МАНАЙД ИРЭЭД
ЦАГААН ИДЭЭ ХУРААГААД АВ ГЭХЭЭР ИРДЭГГҮЙ”

Намрын шаргал нар ээсэн тогтуухан
өдөр болохоор гэрийнхээ хаалгыг дэлгэжээ. Урагш харахад цэлийсэн хөндий тал шаргалтан
үзэг­дэх ажээ. Гэрийн эзэгтэй хөхүүртэй айраг хэд бүлж байснаа ваарандаа дүүргэж
өмнө тавих. Бас болоогүй бага гэрт тогоо нэрэх, сүү хөөрүүлэх, тараг бүрэх гээд
ажил мундахгүй харагдлаа. Пунсалдулам эгчээс “Цагаан идээгээ худалдаж байгаа юу”
гэтэл “Юун худалдах. Цагаан идээгээ ах, дүүстээ тарааж өгөөд л таардаг. Ганцаараа
болохоор бүх үнээгээ сааж чадахгүй хэцүүдэх юм. Айм­гийн төвд ажилгүй байгаа айлыг
ирж үхэр, мал саагаад цагаан идээ хурааж аваад яв гэхээр ирэх хүн олдохгүй юм. Уг
нь аймгийн төвийн ажилгүй айл, өрхүүд зундаа манайх­тай хамт зусаад цагаан идээ
бэлдэж аваад буувал болох­гүй гэх газаргүй. Даанч залхуу нь дэндсэн хүмүүс юм. Хэрэв
манай хэдэн үнээ, ямааг саа­вал “Дэлэнт мал дээшээ” гэж бараг жилийнхээ хэрэгцээний
мөнгийг олчих боломжтой юм шүү. Гэвч тэгдэг хүн алга байна” гэв.

Цэрэндорж гуайнх гурван зуднаар өнчин
ишигний гарз­гүй давсан байна. Намар гэрийн эзэн цаг агаар ямар байхыг урьдчилан
таамаг­лаад отор, нүүдэл хийгээд явчихдаг байна. 1999, 2000 оны зуднаар гэхэд Сэлэнгэ
аймгийн Орхонтуул, Төв айм­гийн Заамар суманд отор хийж зудтай жилүүдийг малын гарзгүй
давжээ. Энэ жил ч гэсэн Баянцагаан сум руу нүүх юм байна. Сэргэлэн сум өнөө жил
өвс, ногоо сай­хан гарчээ. Сүүлийн 30 гаруй жил огт үзэгдээгүй байсан мангир энд
тэндгүй гарсан тухай хуучлав. Мангир идсэн бог мал тарга тэвээрэг сайн авч, өвлийг
өнтэй сайхан давдаг тухай өвгөдийн яриаг ч дуулгав. 

ХҮҮХДҮҮДДЭЭ ХОТОД ОРОН СУУЦ ХУДАЛДАН
АВЧ ӨГСӨН ГЭНЭ

 Цэрэндорж гуайнх намар малаа худалдаалдаг гэнэ.
Хонь, ямаа, үхэр, адуунаасаа харж байгаад өвөл онд ороход тааруу гэсэн хэдийгээ
зарж мөнгө болгодог аж. Баг­цаагаар 30 гаруй сая төгрө­гийн мал зарчихдаг гэсэн.
Том хүүдээ мал таслаад өгчихсөн. Энэ өвөл мянгат малчин бо­лох гэнэ. Харин хотод
байгаа хүүхдүүдээ орон сууцтай бол­гожээ. Бага хүү Баттөрдөө Төв цэнгэлдэхийн тэнд
зуу гаруй сая төгрөгөөр байр авч өгсөн байна. Мөн саяхан 40 гаруй сая төгрөгөөр
машин авч өгчээ. Удахгүй том хүү­гийнхээ машиныг томруула­хаар зэ­хэж байгаа гэсэн.
Мөн өөрс­дөө аймгийн төв дээр хашаа байшинтай юм байна. Түү­нийгээ ирэх хавраас
орчин үеийн хаус болгох төлөв­лөгөө гаргажээ. Хоёр хөгшин том хүү болон охины­хоо
хүүг малчин болгосон байна. Бусад хүүхдүүд нь хотод ажиллаж амьдардаг. Намар малаа
зарах, хавар ямааны­хаа ноолуур, хонины ноосоо тушаагаад л амьдра­лынхаа бүх хэрэгцээг
ханга­чихдаг байна. Нэг хонийг 120 мянган төгрөгөөр өгчихдөг гэж бай­гаа. Гэртээ
олон суваг гардаг антеннтай. Тэрүүгээ­рээ дур­тай сувгаа телевизээр үзээд гэрээсээ
“Жи мобайл”-ын утсаар ярих юм. Бүр интер­нэтэд хүртэл холбогдох бо­ломжтой ажээ.
Том хүү Бат­заяа аавынхаа улаан “жийп”-ийг унаад хойд уул руу гарч байгаа харагдана.
Машин­тай уулан дээр гараад хонио дурандаж байгаа нь энэ гэнэ. Төд удалгүй мото­цик­лио
асаа­гаад гүүгээ ху­раах. Ер нь машин, мотоцик­лиор ажлаа амжуулаад байх юм. Зэлэн
дээр багшралдах адуу нам­рын хонгор салхинд илбүү­лэн зүүрмэглэх ажээ. Гүүн зэлнээс
гурийлах дуу тодхон сонсогдоно.

Үргэлжлэл
бий

Э.ХҮРЭЛБААТАР

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Увсын хоёр дэн дун болж эхэллээ

Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар
Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаа­тар нар ялалт байгуулж,
пар­ламентын гишүүн болчихсон. Гэхдээ өнөөдрийг хүртэл араасаа нэхэлтэй явна. Нэхэлтэйгээр
барахгүй яалт ч үгүй УИХ-ын гишүүнээсээ эргүүлэн татагдахаар болж байх шиг байна.
Яагаад гэвэл тэд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь тодорхой болох шиг боллоо.
Нарийн хэлбэл, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжил­сүрэн хоёр сонгуу­лийн үеэр увсынханд мөнгө
тараасан нь үнэн байсан. Үүний баталгаа нь энэ хоёрын өгсөн мөнгийг авснаа нотолсон
13 хүн урамшуул­лын сая төгрөгөө халаасал­сан 
явдал байлаа. Өнгөрсөн УИХ-ын сонгууль шинэчлэн найруулсан хуулийн дагуу
явсан. Энэ хууль сонгууль луйвардагчдад хатуу заалт­тай болсон юм. Сонгогчдод мөнгө
тарааж, саналыг нь худалдан авахыг хатуу хориг­­лосон хууль. Сонгуу­лийн үеэр нэр
дэвшигчдийн тараа­сан мөнгийг тоо ёсоор нь бариад ирвэл хэд нугалж урамшуулах тухай
хуульд заасан байгаа. Увсын тойр­гийн хувьд асуудал энэ дагуу явсан.  Шударга бус өрсөл­дөө­нийг илчилснийхээ төлөө
зохих ёсныхоо шан харам­жийг Увсын 13 иргэн авсан гэхэд болно.  Цаана нь 
өргөд­лөө өгчихсөн 38 хүн бий. Тэд Увсаас УИХ-д сонгогдсон хоёроос мөнгө
авснаа хэлж, нотолж байгаа.

Ер нь 2012 оны сонгуу­лийн үеэр Ч.Хүрэлбаатар,
Б.Чойжилсүрэн нар нийтдээ 1000 гаруй хүнд мөнгө өгсөн гэдэг. Үүнийг нь тагнуул,
цаг­даа­гийнхан тогтоочихсон. Тэр ч бүү хэл, эрүүгийн гурван шатны шүүхээр асуудал
нь яригдаад эрхэм гишүүдийн сонгуулийн штабт ажилласан зургаа, долоон хүн ял сонс­чих­сон
байгаа юм билээ.  Хэрэв 1000 гаруй хүн өргөдөл
өгвөл тэдэнд тэрбум гаруй төгрөгийн шагнал олгох хэрэг гарна. Цагаа тулахаар тэр
мөнгийг Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр төлж 
чадах болов уу. Ямартай ч тэр хоёрын мөнгө тарааж, төрийн сонгуулийг луйвард­сан
хэрэг ийм олон гэрчтэй, хөдөлшгүй баримттай байгаа юм байна.

Дээрээс нь Увсын жирийн айл өрхөөр
орж, гэрийг нь сонгуулийн сурталчилгааны байр болгох нэрийдлээр иргэд рүү бэлэн
мөнгө сар­вайж, үймүүлээд явсан гэдэг. Ингэж яваад өрсөлдөгчдөдөө баригдахаараа
балмагдаж, элдэв үлгэр зохиож ярьж буй бичлэгүүд нь зурагтаар ил тод цацагдаад авсан
удаа­тай.

Гэвч хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг
хүчээр булааж авсан дээрх хоёр эрхэм өнөөд­рийг хүртэл УИХ-ын гишүүний сэнтийд юу
ч болоо­гүй юм шиг инээгээд сууж байгаа билээ. Гэхдээ чуулганы танхимд байнга үзэгдэх
нь ховор. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр тэр бүр олны өмнө ил гарч, сэтгүүлч­дийн нүдэнд
өртөөд байхгүй, аль болох үзэгдэхгүйг хичээ­дэг болов уу. Хааяа нэг өөрий­гөө өмөөрч
дуугардаг хүн нь Ч.Хүрэлбаатар гишүүн. Гэвч тэрээр сүүлийн үед бүр бараа сураггүй.
Ихэвч­лэн гадаад орноор аялж яваа бололтой. Харин Б.Чойжилсүрэн гишүүний хувьд хөдөө
орон нутгаар л явдаг ажилтай нэгэн гэнэ. 
Үнэндээ тэдний хэн нь ч байн­гын хороо, чуулганы хуралд байнга суух нүүргүй
болчихсон нь ойлгомжтой. Тийм ч учраас 2012 оны парламент бүрдсэнээс хойш  өнөөдрийг хүртэл тэдний санаачилсан хуулийн төсөл
гэж сонсогдсон юм алга. Дунд нь Увсын ард түмний эрх ашиг  хөсөр хаягдаж байна. Мөнгө тараасандаа бантаж,
ажлаа ч хийж чаддаггүй Төрийн ордныг “тойрч” 
хал­гаж яваа тэднийг удаан тарч­лаах хэрэг байна уу. Нэгэнт хууль зөрч­сөн
нь баттай бол­сон юм бол эргүүлэн татчих. 
Сонгогчдод тараасан мөнгөө  арав нугалж
төлчихөөд, гудамжинд цээж тэнэгэр айх зүйлгүй санаа амар алхаж явмаар юм.  Увсын ард түмэн ч нүүр улайхгүй ажлаа хийх төлөө­лөгчдөө
парламентад суул­гаж, гарч байгаа хуулиу­дад санаа бодлоо тусгуулах эрх­тэй болог.

 Уг нь Увсын тойргийн энэ маргааныг сонгуулиас хойш
шийдэхээр үзсэн ч шүүхээр явж ирсэн процесс нь урт удаан настай  байсан юм.  
Хамгийн анх УИХ-ын сонгуу­лийн 15 дугаар тойргийн дүн гарч, МАН-аас нэр дэвшигчид
ялалт байгуулсны дараа АН-ынхан гомдлоо СЕХ-нд гарга­сан.  Тэгтэл СЕХ нь “Ч.Хүрэл­баа­тар, Б.Чойжилсүрэн
хоёрын мөнгө тараасныг шүүхээр тогтоолгоод ирвэл тэднийг эргүүлэн татъя” гэдэг хариу
өгчээ.

Үүнээс хойш эцэс төгсгөл­гүй шүүх
хуралдаанууд үргэл­жилж байлаа. Өмгөөлөгч нь ийшээ, тийшээ явчихлаа гэдэг элдэв
шалтаг шалт­гаа­наар  шүүх хурлыг аргал­саар
Ч.Хүрэлбаатар, Б.Чой­жил­­сүрэн нар УИХ-ын гишүү­нээр нэг жил суугаад амжлаа.  АН-ын гомдол гар­гагс­дын хэлж байгаагаар Б.Чойжилсү­рэн,
Ч.Хүрэл­баа­тар нар зарим шүүх хуралд “мөнгөөр” нөлөөлж, өөрс­дийн­хөө талд шийдвэр
гар­гуул­даг байсан ч гэх  яриа бий. Үүний
худал, үнэнийг хэн мэдлээ.  Ямар ч байсан  Увсаас УИХ-д сууж байгаа хоёр гишүүн хууль зөрчсөнийг
бүх шатны шүүх тогтоосон юм байна. Тиймээс Ерөнхийлөг­чийн сонгуулийн өмнө СЕХ-нд
шүүхийн шийд­вэ­рийг хүр­гүүл­чихсэн  аж.
Ерөн­хий­лөгчийн сонгууль, залгаад наадам найр үргэл­жил­сэн учраас СЕХ энэ асууд­лыг
одоохондоо нэг тийш нь бол­гож амжаагүй биз. Ирэх арав­ду­гаар сард эхлэх  намрын чуулганаар СЕХ Ч.Хүрэлбаа­тар, Б.Чойжил­сүрэн
нарыг эргүүлэн татах саналыг УИХ-д өргөн барих нь дамжиггүй болчихлоо. 

Төрийг луйвардаж, эрх мэдлийг хууль
бусаар авах нь хориотой юм байна гэдгийг Ардын намынхан үүгээр яс махандаа шингэтэл
ойлгох хэрэгтэй.  Үнэндээ МАН-ын­хан дээрмийн
аргаар өөрс­дий­гөө төрд ороод суучихлаа гэж үеийн үед “бахархдаг” байсан байх.  Гэвч луйврын аргаар хэзээ ч  төрд суудаггүй, харин шоронд суудаг  гэдгийг ойлгодоггүй байж. Мэдсэн ч мэдээгүй юм
шиг явдаг биз.  Эрх ямба, албан тушаалын төлөө
бол юу ч байсан хөл дороо   дэвслээд гарахаар  улай­ран зүтгэдэг хүмүүс хойно доо.

Өвөрхангайн хоёр байна. Улайм цайм
хууль зөрчиж, сонгогчдод баруун солгойгүй мөнгө цацчихаад “Тэр ямар хамаатай юм.
Бид хоёр хам­гийн олон санал авсан хүмүүс. Юун Г.Батхүү, Д.Зоригт. Авсан саналынхаа
тоо­гоор бид тэднийг хол хая­на шүү” хэмээн одоо хүртэл гоншиго­но­дог. Сонгууль
бол сонгууль. Сонгуулийн хууль зөрчсөн л бол ялаа үүрээд, хариуцлагаа хүлээдэг юм.
Тэрнээс хэн нь хэдэн хүний санал авч, аль нь олон­хийн дэмжлэг авсан нь хэнд ч  пад­лий­гүй. Ганцаараа 100 хувийн санал авч ялсан
бай­лаа ч хууль зөрчсөн бол цааш алхах эрхгүй. Яагаад гэвэл Монгол хууль цаазтай
улс шүү дээ.

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авна
гэдэг бол эмзэг сэдэв. Ардчиллын амин сүнс нь сонгууль. Энэ сонгуулийг луйвардаж,
иргэдийн сана­лыг хууль бусаар худалдан авч төрд гарахыг оролдоно гэдэг нь өөрөө
ардчиллын амин сүнсийг устгаж байна гэсэн үг. Тэгэхээр Ардын намынх­ны сонгуулиар
хийж байгаа энэ мэт луйврууд цаашид сонгууль явуулах хэрэггүй гэдэг санаагаар яваг­даж
байна. Ийм учраас сон­гууль луйвардсан хэн бүхэнд хууль үйлчилж, хариуцлагыг нь
үүрүүлдэг байх ёстой.  Увсынханд л хууль үйлчил­дэг­гүй
гэдэггүй юм бол шүү дээ.

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Хөдөө дэх шоронгийн засаглал буюу Монголын эмгэнэл

Говьсүмбэр аймагт нэгэн өрх эзгүйрлээ.
Шорон дамжиж олон жил амьдарсан Ж.Ганхуяг гэгч эхнэ­рээ зэрлэгээр хө­нөөж, голомтоо
самарсан байна. Энэ эрийн бал­гаар хоёр ээж хүргэн, бэрийнхээ мууг үзэж, үр хүүхэд
нь бурхны оронд очсон ээжийгээ балмад эцгийнхээ савраас хам­гаалж чадаагүйдээ ха­рам­саж
сууна. Нутаг усныхан нь ч энэ л хэргийг шүүн хэлцэж талийгаач бүсгүйн хойтын буянд
маани нэмэрлэж, хэрцгий  эрийн зүгт хамаг
муу үгээ урсгаж байна. Говьсүм­бэр аймагт очиход талий­гаач бүсгүйн ар гэрийнхэн
Улаанбаатар хот руу буян ном үйлдэхээр явсан байв. Хэрэг гарсан газрыг битүүмжилж
дотор нь өргөлийн ширээ засч, арц хүж уугиулс­наас өөр энд айхтар хэрэг гарсан байна
гэж анзаа­рагдах зүйл үгүй. Шинэ­хэн барь­сан байшин түгжээтэй  байх. 

Хэрэг Чойр хот, Сүмбэр суманд гарсан
байна. Ж.Ган­хуяг нь хоёр ч удаа шоронд орж арав орчим жил хоригд­сон нэгэн гэж
байгаа. Энэ хугацаанд эхнэр нь түүнийг хүлээж, хоёр хүүг нь бусдын гар харуулалгүй
өсгөж тусад оруулжээ. Ж.Ганхуяг дөрвөн сарын өмнө шоронгоос гарч эхнэр дээрээ ирэн
хамт амьд­рах болсон байна. Талийгаач бүсгүй Б ч, Ж.Ганхуягийг хүлээ­сэн шигээ хүлээн
авч, “Үлдсэн амьдралаа зөв зөө­лөн туулъя. Хоёр хүү тусад гарсан болохоор нас ахисан
чи бид хоёр нэг нэгэндээ хэрэгтэй. Ухаантай байгаа­рай” хэмээн ах дүү нарынхаа хажууд
хэлж байсан гэдэг. Ж.Ганхуяг ч “Ухаарал сэнх­рэлийн дээдийг оллоо. Өн­гөр­сөн
25 жилийн хугацаанд чамайгаа бишгүй их зовоож. Одоо ажил хийнэ. Амьдрал ахуйгаа
дээш татна” гэж байж. Ингээд эхнэр Б нь цалин­гийн зээл авч хуучны вагон депогийн
шавар бай­шин­гаа өргөтгөж  урд талд нь
10х10 харьцаатай нэг давхар тоосгон байшин барьж  эхэл­сэн гэнэ. Өнгөрсөн зуны турш Ж.Ганхуяг байшингаа
барих ажлыг гардан хийж наймду­гаар сарын сүүл гэхэд дотор заслыг нь эхлүүлээд байжээ.

 Ж.ГАНХУЯГ ЭХНЭРЭЭ БАЙНГА ЗОДДОГ
БАЙЖЭЭ

 Гэтэл “Ухаарал ухаара­хуйн дээдийг
оллоо. Орон шоронгийн амьдралаас залх­­лаа. Одоо л чамайгаа жаргаая” гэж амлаад
байсан Ж.Ганхуяг наймдугаар сарын 30-ны өглөөний 08 цагийн орчимд 25 жил ханилсан
хань, хоёр хүүгийнхээ ээж Б-г хөнөөжээ. Тэрээр сүүлийн хэдэн сар овоо дориун ажил­лаж
байсан ч наймдугаар сарын сүүлийн хэдэн өдөр архи ууж эхэлсэн байна. Төр­сөн өдөр
нь дөхөж байна хэмээн шоронгийн хамууд нь архи авчран ууж хэд хоног согтуу байсан
юм байх. Ингэж явахдаа арав гаруй хүнд гар хүрч, халаасан дахь мөнгийг нь бараг
л дээрэмдэж аван архины мөнгөө залгуулж бай­сан сурагтай. Ийн наймду­гаар сарын
30-ны өдөр та­сарч унатлаа архидаж Говь­сүмбэр аймгийн II сургууль буюу эхнэрийнхээ
ажлын үүдээр согтуу эргэлдэж бай­сан гэнэ. Энэ үед талийгаач бүсгүй нөхрөөсөө зугтаад
найзынх руугаа явжээ. Ер нь Ж.Ганхуяг согтсон үедээ эхнэр­тээ байнга гар хүрдэг
нэгэн байсан гэдгийг нутгийн хүн бүр ярьж байна. Ямар сайндаа л эхнэр нь түүнтэй
ханилснаасаа хойш өөрийн гэсэн ганцхан шүдтэй үлдэж хиймэл шүд хийлгэсэн бай­хав.

Иргэдийн ярьж буйгаар Ж.Ганхуяг эхнэрээ
хүний ёсонд байж болохооргүй хамгийн муу муухайгаар хө­нөө­сөн байна. Талийгаа­чийн
хоёр нүднээс бусад бие мах­бодь нь гэмтэж, хугарч, хөхөрч няцарсан байсан гэнэ.  Шууд хэлбэл барилга барьж бай­сан хүрз, лоом,
жоотуугаар ээлжлэн зодож амь насыг нь хохироосон бололтой юм. Бүх хавирга, хоёр
гар, хөл гээд хүний биед байдаг хамаг яс нь хугарч гавал нь няцарс­наас гадна лоом,
жоотуугаар нэвт сүлбэсэн, хүрзээр биеийг нь сийчсэн байдалтайгаар хөнөөсөн байсныг
Говьсүм­бэрийнхэн халаглан ярьж байна. Хиймэл шүд нь хэдэн хэсэг бутарч өөрт үлдсэн
нэг соёо нь хүртэл хугарсан бай­жээ. Цагдаагийнхан хэргийн газарт ороход байдал
ийм байхын дээр өрөөгөөр нэг цус тунарч хугарсан яснууд нь сэрийж, дөрвөн мөч нь
хэд хэдэн газарт нугаларсан бай­сан аж. Хүмүүсийн ярианаас анзаарахад Ж.Ганхуяг
эхнэ­рээ амь тасарснаас нь хойш хичнээн удаан нүдсэн ч байж мэдэхээр байгаа юм байна.

ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД ӨӨР ОЛОН ХҮНИЙГ
АЛНА ГЭЖ ДАЙРЧЭЭ

Тэр эр өөрийн эхнэр Б-г хөнөөсөн даруйдаа
байшин­гаа гаднаас нь түгжиж орхиод Замын-Үүдэд байдаг дүү рүү нь утсаар ярьж бид
хоёрт мөнгө хэрэгтэй болоод байна хэмээн 20 мянган төгрөг дан­саар шилжүүлэн авч
өөрийн хамаатныдаа очсон гэж бай­гаа. Тэндээ хоол унд идээд урдхан талд нь байх
шорон­гийн найзындаа очиж архи уусан байна. Ингэж явахдаа “Би одоо үхэх гэж байна.
Та нартайгаа хамгийн сүүлчийн удаа уулзаж байна шүү” гэж ярьж байсан гэнэ.  Архи ууж согтсон эр Шивээговь суманд очиж найз
нартайгаа өдөр­жин уужээ. Мөн л “Би үхэх гэж байгаа” хэмээн бусдыг дарам­талж ойр
өнгөрсөн хүн бүхэн рүү агсамнаж байжээ. Хэн нэгэн өөдөөс нь ширүү­хэн харахад л
ална хэмээн заналхийлж байсан байна. Наймдугаар сарын 30-ны үдээс хойш цагдаагийнхан
хэргийн талаар мэдээлэл авч Шивээговь сумаас түүнийг баривчлан эрүүлжүүлжээ. Ингээд
маргааш нь эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах газарт шилжүүлсэн байна.

Ж.Ганхуяг эхнэрээ хөнөөх болсон шалтгаан
нь архи уулгаагүй гэх.  Тодруулбал, талийгаач
Б 30-ны өглөө буюу амь үрэгдэхийнхээ өмнө­­хөн нөхрийгөө эрүүл болсон гэж бодоод
гэртээ харьж ирсэн бололтой. Тэгэхэд Ж.Ганхуяг архи нь гараагүй байсан бөгөөд шар
тайлах мөнгө нэхэж эхнэрээ дарамталж эхэлснээс хэрэг явдал гарчээ. Талийгаач бүсгүй
эр нөхрөө архинаас хол байлгах гэсэндээ “Архи битгий уу” хэмээн учирлан гуйж байсныг
ойр өнгөрсөн нэгэн хэрэг гарахын өмнөхөн сонссон байна. Харин нөхөр нь “Хаана хоноод
ирсэн п… вэ. Архины мөнгө өг” гээд гарт таарсан бүхнээрээ балбаж эхэлсэн гэдгээ
хүлээжээ.  Тэрээр “Тэр намайг насаараа дарамталсан.
Архины мөнгө өгдөггүй байсан юм. Алъя гэж бодоод л зодож алсан” гэж мэдүүлсэн байна.

Үргэлжлэл бий

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Австралид сонгуулийн өдөр сурталчилгаа илүү хүчтэй явагддаг

Шинэ Ерөнхий сайд гэр бүлийн хамт

Австралиас манай тус­гай сурвалжлагч
Э.Энэрэл бичиж байна.

Сүүлийн хэдэн өдөр сон­гуулиар нэвт
амьсгал­сан но­гоон тив-Авст­ра­лид бүх ний­тийн сонгуу­лийн санал ху­раалт бямба
гаригт буюу энэ сарын 7-ны өдөр болж дуус­лаа. Сонгуулиар сүүлийн зургаан жилийн
турш эрх барьж байсан Хөдөлмөрийн нам бай­раа тавьж, хүчтэй сөрөг хүчин байж ирсэн
либе­ральчуудын эвсэл ялалт бай­гуулаад байна. Ерөн­хий сайд Кевин Раддын тэргүүлсэн
хөдөлмөрийн намын хувьд сүүлийн 100 жилийн түүхэнд байгаа­гүй­гээрээ ялагдал хү­лээ­сэн
нь энэ. Ерөнхийдөө Хөдөлмөрийн намынх­ныг иймэрхүү ялагдал хүлээх ма­гад­лалтай
та­лаар Кевин Рад­дын өм­нөх Ерөнхий сайд хатаг­тай Жулия Гиллардын үед ч яригдаж
байсан. Авст­ралийн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болох түүнээс албыг нь
авахаар Кевин Радд тэргүүтэй хүмүүс нэлээд эртнээс хөөцөлдсөн билээ.

Хатагтай Жулиягийн өмнө Ерөнхий сайдын
албыг хашиж байсан Кевин өнгөр­сөн зургадугаар сард нам дотроо чухам хэнд нь илүү
итгэл үзүүлэх талаар санал асуулга явуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд
томоохон сонгуулийн өмнө энэ нь ихээхэн эрсдэлтэй хэрэг байсан юм. Гэвч нам доторх
энэ мэт тэмцэл ялан­гуяа эрх баригч намынханд гардгийг манайхан юу эс андах билээ.
Гэхдээ тэр нь дандаа ашиггүй байдгийг бид бас л гадарлахтайгаа улсууд хойно.
2010 оноос эхлэн Ерөнхий сайдаар ажиллаж ирсэн Жулия хэн ялагдсан нь улс төрөөс
явъя гэсэн шаз­руун мэдэгдэл хийж, үр дүн түүний эсрэг гарснаар Кевин Радд дахин
Ерөнхий сайд болсон байдаг. Гэвч  тун удсангүйгээр
албаа өгөх болж байна. Тэрбээр ялагд­лаа хүлээж, Австралийн 28 дахь  Ерөнхий сайдаар Тони Аббот болох нь тодорхой болмогц
сонгуулийн орой буюу өнгөрсөн бямба гаригт ялагдлаа хүлээж мэдэгдэл хийсэн. Эрх
баригч нам болж, Ерөнхий сайдын суудлыг авахад 76 суудал хангалттай бөгөөд Либерал
намын дарга Тони Абботын удирдсан эв­сэл Төлөөлөгчдийн танхимын 150 суудлын 89-ийг
аваад байна. Ялагдал хүлээсэн Хөдөлмөрийн нам 56 суудал­тай үлджээ.

Австралийн сонгуулийн дүн цаг хугацааны
хувьд тун амархан гарч байгаа нь анзаа­рагдаж байна. Ердөө санал хураалт дуусаад
цагийн дараагаас Тони Аббо­тын нам ялсан талаар улс төрийн тоймчид телевизээр яриад
эхэлсэн билээ. Санал авах хугацаа 8-18 цагийн хооронд бөгөөд заавал сана­лаа өгөх
ёстой сонгогчдын хувьд амралтын өдөр гэлтгүй эртлэн босоод саналаа өг­чих­дөг бололтой
юм. Сүүлийн хэдэн өдрүүдэд зэврүүхэн байсан Австралид сонгуу­лийн өглөө тэнгэр цэлмэж,
дулаарч эхэлсэн. Манай сон­гуулийн үйл явцтай харьцуу­лан харахад энд ялгаатай зүйл
цөөнгүй. Манайд сонгуу­лийн өдрөөс нэг өдрийн өмнө хэвлэл мэдээллийн суртал­чилгаа,
гудамжны зурагт сам­бар, тараах материалыг хорь­чихдог бол энд үгүй. Гудам­жинд
нэр дэвшигчдийн хам­гийн сайхнаараа инээж ава­хуулсан зурагнууд өлгөөтэй хэвээр
байх. Заримыг нь манайд ч санаатай санамсар­гүй нь мэдэгдэхгүй үйлддэ­гийн адил
шүдийг нь харлуу­лан будаж, Гитлер сахал тавьсан шиг шоглосон нь санал хураалт дууссаны
дараа ч харагдаж байна лээ. Тэр ч байтугай зурагт хуудсыг  энэ өдөр л жинхэнэ тараах юм. Сонгуулийн байрны
үүдэн дээр нэр дэвшигчдийн кампанит ажилд оролцож буй оюутан голдуу нөхөд нэг нэг­нээ­сээ
өрсөн тараах мате­риа­лаа хүмүүст өгч уралдана. Австралийн сонгуулийн үйл явцыг
дунд нь орж ажиглах гэсэн хүсэл маань сайн дурын ажилтнаар нэг өдөр ажил­лахад хүргэсэн
нь энэ. Ингэс­ний хүчинд ч уншигчдадаа өөрийн ажиглаж харснаа хүргэх боломжийг эдэлж
бай­на. Гэхдээ том намаас нэр дэвшиж байгаа биш харин бие даагчдын кампанит ажилд
тусалсан. Нэг багш маань найздаа тусалж, кам­панит ажилд нь оролцож байгаа учраас
Австралийн сонгогчдод тараах материал түгээх ажил олдсон гэх үү дээ. 

Манайд санал болох өдөр тараах материал
ба­риад зогсч байвал өөрөө төдийгүй нэр дэвшигчээ бал­лаад хаячихна. Харин авст­раличууд
хэнд саналаа өгө­хөө шийдэхэд нь дөхөм болно гэж үздэг бололтой юм. Манайд санал
өгөх өгөхгүй нь мэдэгдэхгүй айл бүрт тараах материалаа оруулж өгдөг бол энд ирж
байгаа хүмүүст атгуу­лах гээд шамдчих юм билээ. Ер нь сонгуулийн сүүлийн өдөр л  сурталчилгаагаа илүү хүчтэй хийдэг гэмээр юм уу
даа.

Хаа газрын сонгогчид ялгаа­гүй л юм
даа. Ерөнхий­дөө манай АН, МАН шиг энд­хийн Хөдөлмөрийн хийгээд Либерал гэсэн хоёр
том намын дэмжигчид бол андаш­­гүй. Ногоон нам, бие даагч энэ тэрийн материалыг
тоож авахгүй. “Манай Хөдөл­мөрийн намынх хаана байна” гэвэл энэ үед тухайн намын
материалыг тарааж байгаа нөхрийн нүүрэнд мишээл тодрон бахархалтайгаар өгөх бол
бусад нь жаахан атаар­хангуй хоцрох жишээтэй. Австрали ч түмэн газрын холимог улс
болохоороо ёстой зүсэн бүрийн хүмүүс санал өгөх байрны гадаа ирээд дугаарлан зогсоно.
Дугаарлаж байгаад л ороод явчих юм билээ. Цагаанууд ч тараах материал авахгүй, эвсэл
сонголтоо хийчихсэн гээд тун сүрхий. Азиуд хаа очиж даруухан улсууд юм. Хэн тараах
цаас өгнө бүгдийг нь аваад л харж эргүүлж той­руулна. Залуучуудын хувьд бараг хэн
дэвшиж байгаа, хэнд саналаа өгөх вэ гэдгийг тэнд дугаарлан зогсч байхдаа шийдэж
байх шиг. Тэгэхээр тэрхүү манайд хууль бус гэж тооцогдох тараах материа­лаа сонгуулийн
өдөр ч өгч байдаг арга зүгээр мэт санагдсан шүү. Сайн дурын ажилтан хийж байхдаа
ан­заар­сан нэг зүйл бол харууд их үндсэрхэг юм. Угаасаа ч арьс өнгөний зөрүүнд
хавчиг­даж ирсээр цусанд нь ч байдаг юм уу. Сонгуульд заавал оролцож саналаа өгөх
үүргийнхээ дагуу ирж буй хип поп хар залуучууд хар нэр дэвшигч байвал заавал түүнд
өгье гээд л асуудлаа шийд­чихэж байх жишээтэй. Би Рибнга Грин, Зита Адут Нгор гэсэн
эрэгтэй, эмэгтэй хоёр нэр дэвшигчийн материалыг тарааж байлаа л даа. Тэдний гарал
үүсэл тавьсан зургаас нь илт. Харин хар залуучууд тэдний материалыг авангуу­таа
дараагийн нөхдийнхийг тоож авахаа болих бөгөөд энэ байдал нэлээд хэд хэдэн удаа
давтагдсан билээ. Зарим сонгогчид Хөдөлмө­рийн болоод Либерал болон Үндэсний намын
эвслийн тараах материалыг аваад хэрхэн саналаа бөглөх та­лаар анхааралтай ажигласан
шиг зогсоно. Тараах мате­риал ерөнхийдөө энгийн. Нэр дэвшигчийн зураг, саналын хуудсыг
хэрхэн бөглөх талаар гарын авлага, мэдээж өөрс­дий­гөө сонгохыг сануулна. Бас тухайн
намын гол уриа, амлалт байна. Энэ үеэр биз­несийн байгуулагууд ч зүгээр суухгүй.
“Өлсгөлөнг бүү сон­гоорой” гэсэн бичээс бүхий цамц өмссөн охид сагстай шоколадыг
тэнд зогссон хүмүүст тарааж амталгаа хийлгэж яваа харагдсан. Ийн­хүү “Сникерс” брэнд
сонгуу­лийн үеэр сэргэлэнтэж байх жишээтэй.

Хэвлэл мэдээллийн хувьд өмнөх өдрөөс
нь сурталчил­гаа таг болох ч сонгуулийн өдрөө мэдээллийг харамгүй цацаж байх юм
билээ. Хэний кампанит ажил ямар болсон хэн юу гэж амласан гээд сануулсан тойм бичлэгүүд
их гарч байсан. Мөн саналын эхний дүн гараад эхлэхээр жагсаалтын эхэнд бичигдсэн
Кевин Радд эсвэл Тони Аббот сенатад үлдэх нь тодорхой болж байна гээд явж өгнө.
Манайхан шиг ялагдсаны талд нь өгч, тэнцвэржүүлэх гээд байдаг сэтгэлгээгээр бол
сонгуулийн үр дүн эхнээсээ тодорхой болоод явах нь буруу ч юм шиг. Сонгуулийн үйл
явцыг гаднаас нь ажиг­лахад иймэрхүү зүйлс бодогдож байснаа хуваалц­лаа. Энэ удаагийн
сонгуулийн хувьд аль, аль нам нь сошиал буюу интернэт дэх нийгмийн сүлжээнд ихээхэн
анхаарсан гэх юм билээ. Албан мэдээ­лэл хийж байхад нь нүүр амаа хачин болгон, нүдээ
томруулж ирээд зэрэгцэн зургаа авахуулах залуу сонгогчдод дарга нар туйлын эелдэг
байгаад байсан нь үүнтэй холбоотой л байх. 
Харахад энгийн бага залуу ч твиттерт хэчнээн дагагчтай ч юм, фэйсбүүкийн
хэдэн ч найзтай юм хэн мэдлээ дээ гэж боддог биз. Хормогч зүүж хоол хийж байгаа,
бөмбөг өшиглөж байгаа хоёр том намын дарга нарын дүр зураг голлон үргэлжилсэн сонгуу­лийн
кампанит ажил ийн сөрөг хүчин нь ялагч болс­ноор дууслаа. Сонгуулийн үеэр охидоороо
гоёж, албан ёсны мэдэгдэл уулзалт бүр дээр нэг нэгээр нь дагуулан явж байсан Тони
Абботт ийн­хүү Ерөнхий сайд болж бай­на. Тэрбээр ялалтаа зарлаж хэлсэн үгэндээ
“Өнөөдрөөс эхлэн Австрали улс шинэ менежментээр явах болсныг зарлаж байна” гэсэн
билээ. “Илүү хүчирхэг Засгийн газар, илүү хүчирхэг Австрали улс” гэсэн уриатай оролцсон
эвс­лийнхэн хоёр сая ажлын байр бий болгож, шинэ замууд барьж, агаарын бохирдлын
эсрэг бодлогыг татвараар зохицуулж, үргүй зардлыг багасган, хөлөг онго­цоор олноороо
бууж байгаа цагаачдын асуудлыг зохи­цуулна хэмээсэн. Ийм зорил­го бодолтой эвслийнхэн
сон­гуульд яллаа. Бизнесийг нээлттэй болгоно гэж тэд онцолж буй. Сонгуулийн шөнө
баяраа тэмдэглэсэн ч ням гаригийн өглөө 6.30 цагт дугуйгаа унангаа ажлаа хийж, уулзалтуудаа
хийсэн талаар Австралийн шинэ Ерөнхий сайдын талаар ням гаригийн өглөөний сонингууд
мэдээлээд эхэлжээ. Тэгэхээр түүнийг хэр ажил хэрэгч бай­хыг цаг хугацаа л харуулах
нь бололтой.