Categories
мэдээ цаг-үе

П.Мягмардорж: Туркийн иргэнийг хулгайлах гэж оролдсон нь Эрдоганы дэглэмийн хүрээнд хийгдсэн тусгай ажиллагаа юм

Туркийн иргэнийг хулгайлах оролдлого энэ сарын эхээр манай улсад болсон. Энэ хэрэгтэй холбоотойгоор улс төрийн нам, эвсэл, улстөрчид, иргэд янз бүрийн байр суурь илэрхийлсээр буй. Одоогийн байдлаар Турк улсын нөхцөл байдал ямар байгаа, дээрх хэргийн учир шалтгааныг судлаачид юу гэж дүгнэж байгаа талаар ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн ахлах багш, судлаач П.Мягмардоржтой ярилцлаа.


-Туркийн нөхцөл байдал одоогоор ямар байгаа бол. Саяны болсон хэргийг та юу гэж харж байгаа вэ?

-Өнгөрсөн жил Турк улсад төрийн эргэлт гарах шахсан. Үүний гол зорилго бол Реджеп Тайип Эрдоганы дэглэмийг авч үлдэх байсан. Тэрээр өнгөрсөн зун болсон ерөнхийлөгчийн сонгуулиар ерөнхийлөгчийн засаглалыг Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад баталгаажуулчихсан. Ерөнхийдөө Турк улс авторитари дэглэмтэй болчихлоо. Мэдээж Туркт Р.Т.Эрдоганы үйл ажиллагааг дэмждэггүй улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд олон бий. Гэхдээ Курт энд бол ямар ч хамаагүй, тусдаа асуудал. Тэгэхээр манай улс дахь турк сургуулийн захирлыг хулгайлсан үйл явдал бол Р.Т. Эрдоган өөрийнхөө дэглэмийг л авч үлдэх гэсэн бодлогын хүрээнд хийгдсэн тусгай ажиллагаа гэж харж байгаа. Энд нэг зүйл хэлье. Миний ойлгож байгаагаар уг ажиллагааг манай Гадаад хэргийн яам мэдээгүй болов уу. Өөрөөр хэлбэл Монгол, Турк улсын Гадаад харилцааны яам энэ үйл явдлын талаар шууд зөвшилцөл хийгээгүй гэсэн үг. Энэ хэргийн дараа Туркийн Гадаад харилцааны сайдыг манай улсын Гадаад харилцааны сайд хүлээн авч уулзсан. Үүнээс манай Гадаад харилцааны яам дээрх хэрэгтэй холбоотой ямар ч мэдээлэл байгаагүй гэдэг нь харагдсан. Тэгэхээр Турк болоод манай талын тусгай албаныхны зохион байгуулсан ажил. Нөгөөтэйгүүр аливаа нэгэн улсын улс төрийн дэглэмийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа, явуулсан байх магадлалтай гэх үндэслэлээр хүн хулгайлах гэмт хэрэг дэлхийд олон гардаг. Манайхан ч ялгаагүй. Одоогоос 15 жилийн өмнө Монголын тагнуулынхан Францын хөдөөгийн нэг хотод очоод танил хүүхнээр нь Д.Энхбатыг дуудуулж авчран цохиж унагаад хулгайлчихсан. Ингээд түүнийг хэд хэдэн улсын хил гааль дамжуулан Монголд авчраад С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгасан байдаг шүү дээ. Үүнтэй адил улс төрийн зорилгоор хүн хулгайлах үйл явдал дэлхий дээр их гардаг. Тусгай албадууд баримт, нотолгоон дээр үндэслэж гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Тийм байх магадлалтай гэдэг үндэслэлээр гүйцэтгэх ажиллагаа тэр бүр явуулдаггүй. Тэгэхээр энэ хэрэгт Туркийн хүчний байгууллага, тусгай алба оролцсон гэдэг нь ойлгомжтой.

-Монгол, Туркийн хооронд гүйцэтгэх ажиллагаа явуулах нь олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн үйлдэл болох уу. Энэ хэргээс болоод олон улс дахь Монгол Улсын нэр хүнд ямар болсон бол?

-Манай улс ардчилсан орон. Тэр утгаараа олон улсын гэрээ, конвенциар хүний эрхийг баталгаажуулсан байдаг. Иймд манай улсын нутаг дэвсгэрээс гаднын тусгай албаныхан хүн хулгайлсан бол олон улсын гэрээ, конвенцийг зөрчиж байна л гэсэн үг. Гэхдээ тусгай албадуудын хоорондын нууцын зэрэглэлтэй зүйл байж магадгүй. Тэр хүрээндээ л хийгдэж байгаа ажиллагаа юм болов уу гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр дээрх хэргээс болоод Монгол Улсын нэр хүнд олон улсын түвшинд айхавтар унасан, эсвэл сэргэсэн зүйл огт байхгүй.

Тэртээ тэргүй иймэрхүү ажиллагаа дэлхийн бусад улс орнуудад олон хийгддэг. Гэхдээ улс төрийн орогнол хүсчихсэн хүн гэдэг өөр асуудал. Өөрөөр хэлбэл аливаа нэгэн улс улс төрийн орогнол хүссэн хүнийг хамгаална гэдгээ шууд хэлдэг. Ийм нөхцөлд орогносон этгээдийг нөгөө улс гүйцэтгэх ажиллагаа явуулж авахыг оролдвол оршин суулгаж буй улс хамгаалдаг. Энэ утгаараа хулгайлагдсан Турк захирал манай улсад улс төрийн орогнолоор байгаагүй. Хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэн. Тиймээс хулгайлсан үйл явдал бол хүний эрхийг зөрчсөн үзэгдэл гэж олон улс үнэлж байгаа юм. Харин нэр хүндийн тухайд айхавтар унаж, сэргэсэн зүйл ажиглагдаагүй.

-Манай улсад Туркийн нисэх онгоц буусантай зэрэгцээд хүн хулгайлах үйл явдал болсон. Албаныхан онгоц буусныг Турк захирал хулгайлсан үйл явдалтай хамаагүй, түлшээ цэнэглээд буцсан гэж тайлбарлаад буй. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Монголын талын хүчний алба, тусгай албадын зөвшөөрөлгүйгээр Туркийн онгоц буух боломжгүй. Тэгэхээр Монгол, Туркийн тусгай албадын нууц хэлэлцээгээр ч гэх үү, ямар нэгэн зөвшилцлийн хүрээнд л хийгдсэн ажил байх. Бүхэл бүтэн гаднын хоёр ч онгоц буугаад, буцаад хөөрөхөд манай тагнуулынхан мэдэхгүй байна гэж байхгүй. Манай агаарын орон зай сул, хяналтгүй байна гэж байхгүй шүү дээ. Монгол Улсын дээгүүр гаднын тусгай үүргийн онгоц нисээд өнгөрч байвал өөр. Харин тэр онгоц манай улсад газардаж, тодорхой хугацааны дараа хөөрсөн. Зүгээр шатахуун, түлшээ цэнэглээд хөөрсөн гэдэг шалтгаан хангалтгүй санагдаж байна. Тиймээс энэ бүгдээс юу харагдаж байна вэ гэхээр энэ хэргийг хоёр улсын тусгай албадууд гүйцэтгэх ажиллагаа хийсэн нь тодорхой болж байгаа юм. Засгийн газраас энэ асуудлаар дорвитой тайлбар өгөөгүй гэж зарим хүмүүс шүүмжлээд байгаа. Энэ нь манай Засгийн газар Тагнуулын албатай ямар нэгэн байдлаар зөвшилцсөн л гэж харагдахаар байгаа юм.

-Энэ хэргээс болж Турк, Монгол Улсын хоорондын харилцаанд ямар нэгэн сэв суух уу?

-Турк бол том гүрэн. Натогийн хоёр дахь ч том цэргийн баазтай, Бага Ази дотроо нэлээд нөлөө бүхий улс шүү дээ. Манай улсын хувьд эдийн засгийн тодорхой түвшинд Туркаас хамааралтай болчихсон байгаа. Монгол Улсын гурав дахь хөршийн хэмжээнд олон үйл ажиллагаанд хамтарч ажилладаг. Тухайлбал, агаарын болоод бусад тээврийн салбарт бид Турктай идэвхтэй хамтран ажилладаг. Монголчууд Туркаар дамжиж Европ руу гарч байна. Туркийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил манайд олон хийгдэж байгаа. Ийм үед монголчууд Туркийн эсрэг үгүй гэж дуугарах боломжгүй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл Туркийн тусгай албаныхан танай улсад ийм ажиллагаа явуулах гэсэн юм, ийм ийм нотлох баримтууд байна гээд гүйцэтгэх ажиллагаа явуулахад бид эсэргүүцэж чадахгүй. Тиймээс Туркийн тал ажиллаа хийсэн учраас манай улстай харилцах харилцаанд ямар нэгэн сэв тогтоогүй байх. Нөгөөтэйгүүр энэ хэргийг Вейсел Акчайн эхнэр нь мэдэж олон нийтэд мэдээлээгүй бол бид юу ч мэдэхгүй өнгөрөх л байсан. Түүний эхнэр олон нийтэд мэдээлснээр тус сургуулийн удирдлагууд дуугарч, нийгэм даяар хүн хулгайллаа гэх мэдээллийг цацсан. Тийм болохоор холбогдох яам, албаныхан уг хэрэгт оролцохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Саяны үйл явдлаас нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Энэ бол гадаад харилцааны асуудал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл. Дэлхийн улс орнуудын хүчний байгууллага, тусгай алба, дипломат байгууллагууд хоорондоо нягт холбоотой ажилладаг. Манайхан ч гэсэн ийм нягт холбоотой ажиллаж байгаа байх. Тэр утгаараа Р.Т.Эрдоган ардчилсан биш бид ардчилсан гэдэг өнцгөөр асуудалд хандаж болохгүй. Р.Т.Эрдоган бол чанга нөхөр шүү дээ. Тиймээс манай Аюулгүй байдлын зөвлөл, тусгай албадууд нэгдэж цаашид Туркаас ирэх дарамт шахалтыг бодлоготойгоор, дипломатч байдлаар нэгдсэн байр сууринаас хандах нь зөв.

-Яагаад Турк сургуулиудын удирдлагуудыг хулгайлаад байна вэ. Үүний цаад учрыг та судлаач хүний хувьд юу гэж дүгнэж байна?

-Турк сургуулиудын санхүүжилт Фетулла Гулленээс орж ирдэг нь тодорхой болсон. Баруунд Ф.Гулленийн сургуулийг санхүүгийн пирамед гэж хардаг. Эдгээр сургуулиудаасаа мөнгө босгож, сан бүрдүүлж, түүгээрээ одоогийн эрх барьж буй Р.Т.Эрдоганы Засгийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгодог. Туркийн Засгийн газрын албан ёсны байр суурь бол улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй Ф.Гулленийн санхүүжилттэй Турк сургуулиудыг хаах л байгаа. Манай улсын хувьд ч байр суурь тодорхой болгосон. Турк сургуулиудыг манай улсын Боловсролын яам мэдэлдээ авах асуудлыг ярьж байгаа. Зарим нэг сургуулийг авчихсан. Энэ асуудлыг нөгөө талаас нь харвал Турк удирдлагатай сургуулиудыг Монгол Улсад байлгахгүй гэдэг санаа гарч ирж байгаа юм. Манай улсад л Турк сургууль байдаг юм биш. Бусад оронд олон бий. Турк сургуулиудын шийдвэр, үйл ажиллагааг бид анхааралтай ажиглаж байх хэрэгтэй юм. Эдгээр Турк сургуулиудыг Р.Т.Эрдоганы Засгийн газар Ф.Гуллентэй холбоотой гэж хардаг. Түүний Засгийн газрыг Ф.Гулленийн санхүүжилттэй гэх Турк сургуулиуд эсэргүүцдэг болохоор л саяных шиг хүн хулгайлах хэрэг олон гараад байгаа юм. Ф.Гулленийн санхүүжилтийг таслахгүй бол Р.Т. Эрдоганы Засгийн эсрэг Турк сургуулиуд идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар л байна. Тиймээс л Р.Т.Эрдоган дэглэмээ авч үлдэхийн тулд иймэрхүү гүйцэтгэх ажиллагаануудыг олон явуулж байгаа юм. Аливаа улс төрийн тэмцэл соён гэгээрүүлэх, парламентын, зэвсэгт гэх мэт янз бүрийн замаар явдаг. Тэрний адил Ф.Гуллен Р.Т.Эрдоганы дэглэмийн эсрэг Турк сургуулиудаар дамжуулж, соён гэгээрүүлэх шугамаар улс төрийн тэмцлийг идэвхтэй явуулж байгаа юм. Ф.Гуллен нь одоо Америкт байгаа. Туркийн одоогийн Засгийн газраас Ф.Гулленийг өгчих гэдэг хүсэлтийг Америкийн талд тавьдаг. Гэвч Америк хүний эрх, ардчилал гэж яриад өгөхгүй байгаагаас болж сүүлийн үед Турк, Америкийн харилцаа хөндий хүйтэн болсон. Ийм цаг үед манай улс ч гадаад бодлогынхоо хувьд нэгдмэл нэг байр суурьтайгаар асуудалд хандах ёстой.

-Туркийн иргэнийг хулгайлсан асуудалд манай улсын улс төрийн нам эвсэл, улстөрчид өөр өөрийн байр суурьтай хандаж байна. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл чанарыг алдагдуулах аюултай юу?

-Өнөө цагт олон улсын харилцаа буюу гадаад ертөнц хурдацтай өөрчлөгдөж байна. Бид дотроо дээр дооргүй хэрэлдчихээд гадааддаа өөр өөр байр суурь илэрхийлээд яваад байж болохгүй. Аюулгүй байдал, гадаад бодлогын хувьд монголчууд нэг л байр сууртай байх ёстой. Хэрэв нэгдмэл гадаад бодлоготой байхгүй бол Монгол Улсын аюулгүй байдал хэврэгшиж, цаашлаад тусгаар тогтнолын асуудал яригдаж эхлэх эрсдэлтэй. Манай улсын аюулгүй байдлын 20 дугаар зууны тусгаар тогтнолын баталгаа болж байсан хойд хөрш суларч байна. Хүчний тэнцвэр өмнө тал руу эргэж байна. Гадаад нөхцөл байдал ийм хурдацтай өөрчлөгдөж байхад бид нэгдмэл бодлоготой байхгүй бол аюултай. Саяны Турк иргэнийг хулгайлсан асуудлаас л бид үүнийг ойлгож, жижиг гэлтгүй асуудалд нэгдмэл байр суурьтай байдгаа гаднын улс орнуудад харуулах учиртай юм. Тэгж байж улс, үндэстнийхээ аюулгүй байдлыг бэхжүүлнэ. Цаашид манай улсад гаднаас нөлөөлөх дарамт шахалт, бодлого, үйл ажиллагаа олон хийгдэнэ. Тэр болгонд дотроо хэрүүл хийж, худлаа улстөржүүлээд байвал Монгол Улсын нэр хүнд олон улсын түвшинд жинхэнэ утгаараа унаж эхэлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *