Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили болон сөрөг хүчний намууд аравдугаар сарын 26-нд болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулахыг уриалсны дараа энэ сарын 28-ны даваа гаригийн орой олон мянган хүн парламентын байрны гадна цугларав.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Жагсагчид Руставелийн өргөн чөлөөг бүрэн хааж, жагсаалд 15 мянга орчим хүн оролцож байна” гэж мэдээлжээ. Гүрж Улсын төрийн тэргүүн, ерөнхийлөгч Зурабишвили цугларсан хүмүүст хандан “Бид таны үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг хамгаалахын төлөө тэмцэх болно. Одоо гутарч байх цаг биш. Тайван байж, толгойгоо дээр өргөж, өөрсдийн өгсөн саналаа хамгаалах хэрэгтэй байна” гэж хэлжээ. Мөн Гүржийн парламентын гишүүн, “Эв нэгдэл-Үндэсний хөдөлгөөн” сөрөг хүчний эвслийн төлөөлөгч Гиоргий Вашадзе дахин сонгууль явуулахыг шаардаж “Засгийн газартай хийх бидний цорын ганц хэлэлцээр бол олон улсын ажиглагчдын хяналтан дор дахин шинэ сонгууль явуулах явдал” гэж мэдэгдэв.
Өнгөрсөн ням гаригт болж өнгөрсөн Гүрж улсын парламентын сонгуульд олон зөрчил гарсныг олон улсын албан ёсны ажиглагчид онцлон тэмдэглэсэн. Хамгийн гол нь ОХУ-ын шууд нөлөө болох авлигаар тус улсын иргэдийг ядууруулж, тэдэнд элдэв нийгмийн хангамж, хөнгөлөлт амлан Оросын талыг баримтлагч, эрх баригч нам хөдөө орон нутагт илүү олон санал авсан ч сонгуульд ялалт байгуулах боломжгүй байсан гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Ерөөс Кремль христийн шашинтай Гүрж, Армен улсыг Кавказын нурууны улсуудыг Европын ардчиллаас хамгаалах хаалт болгон ашиглаж байсан билээ. Тэгвэл энэ жил Армен улсаас Оросын цэргүүд хөөгдөн гарч, эцэст нь ийнхүү Гүржийн ард түмэн Оросын нөлөөлөл буюу авлигалаас үүддэг ядуурал, ил жорлонгийн эсрэг жагсаж эхлэв. Учир нь барууны улс төр судлаачид ОХУ-ыг “Европ тивд ил жорлонтойгоо үлдсэн цорын ганц улс” гэж бичдэг болоод байгаа юм.
Г.АМАРСАНАА