“Намрын улс төр ширүүснэ, нанчилдана” гээд л байсан. Батлах мэт ногоон автобусны дуулиан гарч ирж, МАН-ын хэдэн нөхөр хоорондоо үзэж тарж эхэлсэн. Нам талаасаа гэвэл МАН-ын генсек, Нийслэлийн МАН-ын дарга нар, Засаг талаас нь харвал ЗГХЭГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга хоёр нь нанчилдсан. Тэр нь одоо ч дуусаагүй байна.
Гэхдээ тэр нь киногоор триллер нь байсан аж. Улс төр одоо л, энэ долоо хоногоос л жинхэнэ утгаараа халуурч эхлэх бололтой.
Нэгдүгээр шалтгаан бол нүүрс. Нүүрсний хулгай үндсэндээ нам зогсоон. Баригдаж, шүүхээр орсон ганц хэрэгтэн Төмөр замын С.Батдөлийн ялыг шүүх өнгөрсөн долоо хоногт хоёр жилээр хасчихлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал байсан Б.Ганхуяг хоригдож байна. Тэрбээр “Үгээ хэлье” гэж байнга хэлж байгаа. ХЭҮК-т ч хандсан. Шүүх ч, ХЭҮК ч түүнийг үг хэлэх эрхээр хангах эсэх нь тодорхойгүй. Хэрэв тэр үгээ хэлбэл нүүрсний хэргийн үнэн мөн илэрнэ гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Б.Ганхуягт бололцоо олгох, нүүрсний хэрэгт гарц болох ганц зүйл нь Нүүрсний сонсгол болчихоод байна. УИХ энэ ажлыг зохион байгуулна. Өнгөрсөн долоо хоногт Нүүрсний сонсгол хийх гол хүнээр Хууль зүйн сайд Б.Энхбаярыг сонгожээ. Угаасаа Б.Энхбаяр нүүрсний сонсгол хийх л гэж сайдаар томилогдсон. Ерөнхий сайд нь томилохдоо тийм чиглэл өгсөн гэх яриа гарч байна. Тэр талаас нь харвал Б.Энхбаяр нүүрсний сонсголыг заавал хийнэ гээд гүрийчих магадлал өндөр. Тэгж чадвал алдарт нүүрсний хулгайн мэдээлэл ил тод болно гэсэн үг. Харин нүүрсний сонсгол хийлгэхгүй байх сонирхолтой улс төр, бизнесийн маш том бүлэглэл бий. Нүүрсний сонсгол болох л юм бол тэд баларна. Томчуудынх нь үйлдэл нь эхнээсээ ил гарч байна. Том улстөрчид, том бизнесмэн гээд л. Гэхдээ тэд өнөөдөртөө маш хүчтэй байгаа. Тэд Б.Энхбаяраар нүүрсний сонсгол хийлгэхгүй байх санал ч, шантааж ч тавьж чадна. Тиймэрхүү үйл явдлууд нүднээс далд өрнөж байгаа юм байна. Б.Энхбаяр тэрэнд нь тэсэх үү үгүй юу гэдэг удахгүй харагдана. Хэрвээ нүүрсний сонсгол хийх юм бол нам чинь баларна шүү гэх зэргээр айдсын шанаа өгөөд эхэлжээ. Бас нүүрсний сонсгол хийвэл огцруулна гэж айлгасан гэх ч мэдээлэл байна.
Хоёр дахь шалтгаан нь нийслэлийн асуудал. Намрын чуулгантай зэрэгцээд нийслэлийн нийтийн тээвэртэй холбоотой хэрэг гарч ирсэн. Ногоон автобусны луйвар илэрсэн. Маш бохир луйвар тэнд болсон нь тодорхой болсон. Одоогоор цаад эзэн нь тодорхойгүй байна. Гэхдээ удахгүй илрэх магадлал өндөр ажээ. Бас л улстөрчийн нэр дуулдаад эхэлсэн. Ногоон автобуснаас болоод нийслэлд ч, Засагт ч сэлгээ орсон. Л.Оюун-Эрдэнийн цорын ганц шадар гэгддэг Хууль зүйн сайд Х.Нямбаатар нь Нийслэлийн Засаг дарга болсон. Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыгаа тийш нь томилсон учир тодорхой. Энэ долоо хоногт нийслэлд том хэргүүд дараалан илэрч, томоохон баривчилгаа болоод эхэлнэ. Нийтийн тээврээс гадна газрын наймаа гэж том хэрэг бий. Газрын наймааны дэргэд ногоон автобус бол юу ч биш. Үе үеийн нийслэлийн дарга нар үүнд холбогдоно. Энэ долоо хоногт гэхэд л Нийслэлийн Засаг дарга байсан нэр бүхий том улстөрч хэрэгт татагдахаар болжээ. Барилгын зөвшөөрөл гэж бас том маапаан байдаг. Ерөөсөө нийслэлийн гэх багц хэрэг АТГ, ЭЦА-аар шалгагдаж эхэлнэ л гэсэн үг. Нийслэл дэх авлигын том хэрэг ганц Нийслэлийн Засаг дарга асанаар тогтохгүй. Үе үеийн маш олон хүнийг хамарсан сүлжээ байдаг байна.
Гурав дахь нь Эрдэнэтийн 49-тэй холбоотой. Энэ хэрэг шүүхэд шилжилгүй олон жил болсон. Өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжсэн. Бас л ганцхан Д.Эрдэнэбилэгийн асуудал биш. Зөвхөн шүүхэд шилжсэн нь гэхэд л 20 шахам хүний нэр яригдаж байна. Цаана нь үлдсэн өчнөөн хүний нэр дуулддаг. Энэ хэрэг шүүхээр орох нь Д.Эрдэнэбилэгт бараг ашигтай. Нэр нь тодроогүй хүмүүст хортой.
Энэ гурван шалтгаан намрын улс төрийн нанчилдааныг эхлүүлжээ. Энэ нанчилдаан чуулган эхлэхтэй зэрэгцээд далдуур болоод байжээ. Их олон явдал болсон байна. Одоо ил болох цаг нь болоод тэсэрч байгаа бололтой.
Өнгөрсөн өдрүүдэд нүүрс, нийслэл, 49-ийн асуудлаар хохирч мэдэх хүмүүс нэг талдаа гарсан гэх мэдээлэл яригдаад байна. Энд тэнд уулзалтууд ч зохиох болжээ.
Мөдхөн Монголын улс төрд ямар нэг томоохон үйл явдлууд л өрнөнө гэсэн үг. Нүүрс, нийслэл, 49-өөр олон хүний эрх ашиг хөндөөд байгаа нөхөд хонгоо уруулж мэдэх л юм. Ерөөсөө л нүүрс, нийслэл, 49 ялах уу, тэдний мууг үзээд байгаа Л.Оюун-Эрдэнэ нар нь дийлэх үү гэдэг мөд тодорхой болох нь.
Мөн энэ нанчилдааны хажуугаар энэ өдрүүдэд Францад хийгдэж байга ураны гэрээ ч улс төрийн хэрүүл дагуулж, өнгө чимэг нэмэхээр боллоо. Энэ нь Дубайн гэрээг хийж, Эрдэнэтийн 49-ийг авчрахад яригдаж байсантай ижил. Эдгээр дээр “УИХ-аар хэлэлцээгүй” гэдэг асуудал гарч ирсэн. Түүн лүгээ Францтай хийсэн ураны гэрээг ч УИХ огт мэдээгүй байгаа юм. Нэмж хэлэхэд сүүлийн үед Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд шиг ажиллаад байгаа тухай хаа сайгүй ярьдаг болж. Байгаль орчны сайд шиг мод тарьдаг. Хөдөө аж ахуйн сайд мэт хүнс ярьдаг. Зам тээврийн сайд шиг төмөр зам тавьдаг. Энэ мэтээр яриад л байх болсон билээ.
П.Хуяг