Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ:  “Сэмэрч үл барагдана” DNN.mn

Энэ удаагийн “Ном ярьж өгье” буланд МЗЭ-ийн шагналт, зохиолч Т.Бум-Эрдэнийн зохиолоос хүргэж байна. “Сэмэрч үл барагдана”. Тэрбээр энэхүү өгүүллэгийн түүврээ 2018 оны тавдугаар сард хэвлүүлж байжээ.

“Аавтай минь бүжиглээч”, “Ангарай”, “Би чам дээр эрхэмсэг очно”, “Сэмэрч үл барагдана”, “Хундага нулимс” зэрэг 10-аад өгүүллэг багтана. Эндээс “Сэмэрч үл барагдана” түүврийг өгүүлье. Эх хүний сэтгэл гэдэг сэмэрч үл барагдах агуу зүйл гэдгийг энд өгүүлэх аж.

“Билгээг ажлаасаа орж ирэхэд бага хүү нь тосон гүйж ирснээ гарт нь элдэв юм байхгүйг мэдэж, нүдэнд нь үл ялиг гуниг үелзээд эргэж чавхадлаа. Багыгаа горьдоочихлоо доо гэж мэдэрсэн хэдий ч нэгэнт юмгүй тул одоо яахав. Гадуур хувцсаа тайлан эхнэрийнхээ хийж байгаа зүйлийг харснаа, “Өнөөдөр бууз идэх нь ээ” гэж бодох зуур эхнэр нь нэг л хөнгөн сэргэлэн, сэтгэл өндөр байхыг ажив.

– За миний хань! Өнөөдөр буузны өдөр үү?

– Үгүй ээ! хөгшөөн. Маргааш хүү ирнэ” хэмээнэ.

Удаан уулзаагүй хүүгээ ирэхийг хүлээн хоол бэлдэж буй нь энэ юм. Эднийх дөрвөн хүүхэдтэй. Том хүү нь өөр хотод сурдаг. Ахлах болон дунд сургуулийн хоёр охинтой. Билгээг орж ирэхэд нь гүйсэн хүүхэд хамгийн бага нь юм.

Хүүгийнхээ ирэх сургаар ээж нь хэрхэн тэнтэр тунтар алхаж байсан, тэр үедээ ямар баривч, ямар бойтогтой байсан тухай, хүзүү хоолойноос нь нялхамсаг хөөрхөн үнэр үнэртдэг байсан тухай ярина. Харин Билгээ “Хөөрхий дөө, хүүгээ их л санаж дээ” хэмээн бодно.

Хүсэн хүлээсэн өдөр ирж, хүү ирлээ. Том залуу болжээ. Ганц жилийн дотор бие нь байргашиж, дуу хоолой нь бүдүүрсэн байв. Аав, ээждээ үнсүүлчихээд, дүү нараа үнсэх гэхээр эвлэж өгөхгүй байгаа нь харагдана. Хүү нь ноднин ирэхдээ гэрээ нэлээн санасан янзтай, элдвийг ярьж, асууж, дүү нартайгаа тоглож, гэртээ ирсэндээ жаргалтай харагдсан. Энэ жил нэг л өөр болжээ. Ерөнхийдөө дуу цөөтэй. Тэгсэн хэрнээ өөрийгөө нэлээн хүчлэн байгаа нь анзаарагдах аж.

Ээж нь хүүгээ үнсэх санаатай энэ тэрүүгээр явна. Эхлээд зүгээр байснаа төд удалгүй ээж рүүгээ харснаа зулрах аястай. Өчигдөрхөн л хүүгээ нялхаараа шахам байгаа мэт төсөөлөн хөнгөмсөж байсан ээжийнх нь сэтгэл тэр тоолонд сэмрэн урагдах нь Билгээд бараг л сонсогдоно. Хэсэг хугацааны дараа хүү нь хийх зүйл олдохгүй мэт босож, суух аж. Ээж нь хий дэмий миний хүү яамаар байна хэмээн шалгаана. Энэ хэсгийг унших явцад бидний түгээмэл хэлдэг “Эхийн санаа үрд, Үрийн санаа ууланд” үг бодогдов. Бид өсөж томрохын хэрээр аав, ээжтэйгээ бага балчир байсан шигээ байдаггүй шүү дээ. Бодол, санаа төлөвшиж, сэтгэл хөдлөл багасч илүү их зүйлийг эргэцүүлдэг.

Билгээ энэ бүгдийг ажиж суухдаа “Хүүхдүүд маань өсөж байгаа юм байна. Тус бүр өөрсдийн гэсэн өнгө хослуулсан, өөр өөрийн ертөнцтэй болжээ” хэмээн бодно.

Өдөр хоног өнгөрч хүүгийн буцах цаг боллоо. Эхнэр нь хүүгийнхээ явсан тэр л замыг ширтэн амьдралын харгуйд хүүгээ мордуулчихаад баясах, харуусах сүлэлдүүлэн өмөлзөн зогсоно. Билгээ “Аавын хүү ээж, аавтайгаа хорин жил амьдарсан. Харин одоо жар далан жил хайрлаж энхрийлэх, хацрыг чинь илж, гарыг чинь атгах тэр хүн рүүгээ, хувь тавилан руугаа явах нь, яарах нь зөв өө. Энэ хүүгийн нисэх цаг нь болжээ. Түүнээс биш хэзээ ч гэсэн бидний хүү хэвээрээ л байх болно” хэмээнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *