Монсудар хэвлэлийн газрын “Утга зохиол” хэмээх цувралдаа дэлхийн сонгодог болон орчин үеийн утга зохиолын төлөөлөл бүтээлүүдээс сорчлон хэвлэхийг зорьсон юм гэжээ. Тэгвэл энэ цувралын нэг болох Туркийн зохиолч Сабахаттин Алигийн “Арьсан хүрэмтэй Мадонна” гэдэг номыг сонирхуулъя. Уг ном байсхийгээд л бестселлер номоор шалгардаг гэдгийг та бүхэн мэдэх байх. Ганц Монголд ч биш Туркдээ бас хамгийн олон хэвлэгдсэн ном аж. Номын гол баатар ажилд орсноор зохиол эхэлнэ. Хуучин ажиллаж байсан банкнаасаа халагдан гонзгойрч явтал дунд сургуулийнх нь найз тааралдаж түүнийг ажлаасаа гарсаныг мэдэлгүй оройн хоолонд урина. Гэртээ ирсэн хойноо мэдэж маргааш манай ажил дээр яваад ир, би ажил олъё гэж хэлдэг. Тэгээд ажилд орон нэг хижээл герман хэлний орчуулагчтай хамт ажилладаг. Түүнийг Раиф эфэнди хэмээн авгайлна. Маш томоотой дуу шуугуй нэгэн бөгөөд байгаа үгүй нь үл мэдэгдэнэ. Гол баатар түүнтэй дотносох гээд чадалгүй бараг гурван сар болчихсон байдаг. Ажлаа огт таслахгүй,орой тараад хүнсээ аваад л харьдаг дөч гарсан, буурал сахалтай, түүнээ хайчилж зассан тогтуун нүдэнд дулаахан хүн. Герман хэлэндээ сайн тул ажилд бүрэн дарагдаж байх аж. Раиф эфэнди хааяа ханиад хүрч хэд хоног хэвтэхээс өөрөөр ажлаа үл тасална. Эфэнди гэж манайхаар гуай ч юм уу хүндэлсэн үг гэнэ. Залуу яваандаа дотно танилцаад нэг удаа ээлжит ханиад хүрэх үед нь орчуулах материал хүргэх далимдаа гэрт нь очиж эргэдэг. Истанбулын захдуухан хоёр давхар байшинд амьдрах аж. Зочны өрөө нь ганган дэгжин гэгч нь алмайрмаар ч мань хүний хэвтэж байгаа өрөө заваан болхи нь дэндсэн байх аж. Тэр авгайнхаа дүү нартай уг байшинд амьдарна. Байшингийн бүх зардал хоол унд бүгдийг Райф гуай даах боловч хамгийн шоовдор, нөгөөдүүлийнхээ нүдээр бол энэ нэг ичмээр бүдүүлэг бааз юм гэж шоолуулдаг эр байх аж. Райф гуай нэг ээлжит ханиадаараа нас бардаг бөгөөд залуу ширээг нь цэвэрлэж өгөхдөө нэг тэмдэглэлийн дэвтэр олно. Түүнд нь Берлин хотод танилцсан залуу бүсгүйн тухай бичсэн байдаг бөгөөд хайрлаж дурлаж гэрлэхээр тохиролцсон ч араас нь ирээгүй тухай гарна. Райф бүх насаараа түүнд гомдол тээн “Миний голоосоо хайрласан Мариа намайг гомдоож чадаж байхад энэ хүн надад ингэж харьцах нь арга үгүй” гэж боддог болжээ. Гэтэл Мариа нь өвчнөөр нас бараад түүнээс төрсөн охин нь өнчрөн хамаатныдаа өсч байгааг гэнэт мэдэн түүнээсээ болоод сэтгэлээр унан нас бардаг. Мариа “Арьсан хүрэмтэй Мадонна” гэх зураг зураад үзэсгэлэнд оролцож байхад нь Райф эфэндий уг зурагт нь дурлаж бараг долоо хоног харж суусаар тэр хоёр танилцдаг. Мариа тэр зурагтаа өөрийн хөргийг дүрсэлсэн гэж зургийн танилцуулганд бичсэн байсныг уншаад шууд дурласан тухай гардаг. Ерөнхийдөө ийм үйл явдал гарна. Яг уншаад эхлэхээр салахын аргагүй ном байдаг даа, яг тийм.