Нийтийн тээврийн шинэ чиглэлээр 1075 автобус үйлчилгээнд гарч байна. НИТХ-аас шийдвэр гараагүй тул иргэд автобусанд 500 төгрөгөөр зорчиж, 30 минутын дотор дамжин суухад хөнгөлөлт эдлэх нөхцөл хэвээр үргэлжилж байна. Харин автобусаар зорчих үнийг НИТХ-аар энэ сарын 25-нд тогтоохоор болсныг өмнө нь бид мэдээлсэн.
Түүнчлэн нийтийн тээврийн төлбөрийн шинэ системийг гуравдугаар сараас нэвтрүүлэхээр болсныг албаныхан хэллээ. Тодруулбал, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн гаргасан төлбөрийн хэрэгсэл хүртээмж багатай гэх шүүмжлэл бий. Тиймээс төлбөрийн бүх хэрэгслийг ашиглах системийн хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд гуравдугаар сараас ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн шинээр худалдан авч буй автобуснууд найман камертай тул автобусаар үйлчлүүлж буй иргэдийн тоог тус камерын тусламжтай бүртгэнэ. Энэ нь төлбөрийн системд уншигдсан иргэдийн тоог камерын бүртгэлд бүртгэгдсэн иргэдийн тооноос зөрүүлэхгүй байх зорилготой” гэсэн юм.