Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ногоон бүсэд ойн цэвэрлэгээ хийж байна

ойн цэвэрлэгээ хийж байна зурган илэрцүүд

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-111 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 49 дугаар тогтоолоор ойн төлөв байдлыг сайжруулах, байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцөлийг хангах зорилгоор 2017 онд нийслэлийн ногоон бүсийн ойн санд 40 га талбайд ойн цэвэрлэгээ хийж, 1200 шоо метр мод бэлтгүүлэхээр тогтоосон байна. Энэхүү тогтоолын дагуу ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэний улмаас цаашид сэргэн ургах чадваргүй болж хатсан, унасан модод бүхий Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Хуандай, Дээндийн зэрэг газарт ойн цэвэрлэгээний ажлыг мэргэжлийн “Манзушир трейд”, “Үндэсний ойжилт” компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж цэвэрлэгээний ажлыг эхлүүлжээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа болон холбогдох албаны хүмүүс ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа. “Цэвэрлэгээний огтлолт, тайралтыг тухайн бүс нутагт хамгийн их доройтолд орсон, хортонд идэгдсэн, түймэрт автаж дахин ургах боломжгүй болсон ойг хэсэгчлэн авч хийдэг. Ойн судалгаа, хөгжлийн төвөөс цэвэрлэгээ хийх газрын судалгааг гаргуулж авдаг. Мэргэжлийн аж ахуйн нэгжээр энэ ажлын гүйцэтгүүлдэг. Ойн цэвэрлэгээний ажил улс, нийслэлийн төсвөөр бус аж ахуйн нэгжүүд өөсрдөө хөрөнгө мөнгөө гаргаад хийж байгаа” хэмээн НБОГ-ын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа тайлбарлаж байлаа.

Цэвэрлэгээний ажлыг энэ сарын 3-ны өдрөөс эхэлж, нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэх юм. Цэвэрлэгээний ажлын явцад НБОГ болон НМХГ-аас хяналт тавьж, заавар зөвлөгөө өгч ажиллах юм байна.
Ойн цэвэрлэгээг гүйцэтгэсэн аж ахуй нэгж байгууллагууд нь 2017 оны намар нийт 18 га талбайд нөхөн сэргээх ажил хийх юм.

“Нийслэлээс зарласан тендерт манай компани шалгарч, ойн цэвэрлэгээний ажил хийж байгаа. Ар, өвөр Хуандайн хоёр хэсэгт нийт 20 га газарт цэвэрлэгээ хийж байна. Гэрээнд заасны дагуу ойн сэргээлт хийж дөрвөн мянган ширхэг шинэс мод тарина. Цэвэрлэгээ хийж байгаа ойн хэсгийн мод нь хөгшрөлт ихтэй, ахин төлжихгүй болсон. Уг нь 2-3 жилийн өмнө огтлолт хийх ёстой байсан юм” хэмээн “Үндэсний ойжилт” ХХК-ийн захирал Ц.Ганзориг ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *