Өнөөдөр дэлхийн цусны доноруудын өдөр тохиож байна.
Энэ өдрийг хүний цусны бүлгийг нээсний төлөө 1930 онд Нобелийн шагнал хүртсэн Австрийн эмч, дархлаа судлаач Карл Ландштейнерын дурсгалыг хүндэтгэн төрсөн өдрөөр нь 2004 оноос тэмдэглэж ирсэн. Анх Дэлхийн цусны донорын өдрийг 2004 оны зургаадугаар сарын 14-нд тэмдэглэж, 2005 оноос жил бүр зохион байгуулах тухай тогтоолыг Дэлхийн эрүүл мэндийн ассамблей баталж байв.
Дэлхий дахинд жилд давхардсан тоогоор 118.4 сая цусны хандив цуглардаг байна. Үүний 40 хувь нь дэлхийн нийт хүн амын 16 хувь амьдардаг өндөр орлоготой улс орнуудад ногддог байна.
Өндөр орлоготой улсуудыг бага орлоготой улсуудтай харьцуулахад ес дахин их хэмжээний донорын цус нөөцөлдөг аж. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 70 орчим оронд 100 хувь сайн дурын авлагагүй донороос бэлтгэсэн цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хийж байгаа бол 40 гаруй төрөл төрөгсдийн болон төлбөртэй донороос цус бэлтгэсээр байгаа аж.
Цусаа өгөхдөө,
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх
- Эм, тариа 10-14 хоног хэрэглэхгүй байх
- Хоногт зургаан цагаас дээш хугацаагаар унтаж амрах
- Согтууруулах ундааг сүүлийн гурван хоногийн дотор хэрэглээгүй байх
- Сүү, сүүн бүтээгдэхүүн, өөх тостой хоол хүнс, өнгөтэй ундаа 1-2 хоног хэрэглээгүй байх шаардлага тавьдаг ажээ.
Донорууд цусаа тогтмол хугацаанд өгснөөр хүний биед агуулагдах илүүдэл төмрийн түвшин буурч, хорт хавдар, зүрхний шигдээс, элэг гэмтэхээс сэргийлдэг.