Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театрын захирал, Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Намнангийн Наранбаатараас Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн талаар болон дараа дараагийн шинэ уран бүтээлийн талаар тодруулж ярилцлаа.
-Юуны өмнө театрынхаа захирлаар томилогдсонд баяр хүргэе.
-За баярлалаа.
-Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжиг тоглогдоод удахгүй сар болох гэж байна. Жүжгийг яагаад шинээр найруулж, шинэ бүрэлдэхүүнтэй тоглох болов?
-Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” яамнаас зарласан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээлийг 2011 онд УДЭТ-ын 80 жилийн ойн хүрээнд хийхээр болж нээсэн. 13 жил тоглогдож, сүүлд 2019 онд тоглогдоод дууссан байдаг юм. Тэр цагаас хойш театр маань залуу уран бүтээлчдээр цэнэглэгдээд ахмад уран бүтээлчид гавьяаныхаа амралтад гарч дахин сэргээгдэх болсон тухай яригдаж ийнхүү өнөөдрийг хүрсэн.
-Яагаад сэргээх болсон юм бэ?
-Бүтээлийн агуулга нь өөрөө үнэ цэнэтэй. Үнэт зүйлсийн тухай, газар, эх оронч үзлийг залууст илүү их ойлгуулах, ямар ухагдахууныг эх оронч гэдэг юм гэдгийг ойлгуулахад зориулсан юм. 2011 онд Хүннү гүрэн үүссэний 2220 жилийн ой болоод Д.Цэвээндорж гуайгаар ахлуулсан Археологийн хүрээлэн ач холбогдол өгч үзэсгэлэнгээ Тэнгис кино театрт гаргаж байлаа. Манайх уран сайхны бүтээл болгож “Тэнгэрийн хүү”жүжиг тавьсан баримт УДЭТ-т бий. Хүннү улс, Хүннү гүрний ойлголтууд илүү их задарч эхэлсэн нөгөө талаар манай түүхийг өөрийн болгох гэсэн улсуудын хандлагууд их гарсан. Казахстанаас авахуулаад наад захын жишээ байна. Хүннүчүүд монголчуудын өвөг дээдэс мөн гэдгийг батлах үнэмшүүлэх гэж, энэ бол бидний түүх юм аа гэдийг хойч үедээ батлах гэж энэ жүжгийг сэргээн тавьж байна. Театр бол гоо зүй, ёс зүйн үнэ цэнийг шингээсэн мэргэжлийн түвшинд уран бүтээл туурвиж ард түмний оюуны хөтөч нь байна гэсэн үүрэг зорилготой байгууллага. Нөгөө тал дээр үндэстний хэлний манаа, хэлний дархлаа, хэлээ театр л авч явах ёстой. Монгол хэлний баялаг сан хэрэглээ100 мянган үгтэй. Бид ярихаа болчихсон, 3000 үгэнд эргэлддэг болсон цаг үед эрхэм үүргээ биелүүлэх хэрэгтэй гэж жүжгийг сэргээж байгаа юм. Миний хувьд Б.Цогнэмэхийг үнэлдэг нь туульсын шинж чанартай бүтээлд ханддаг. Яруу найргийн айзам хэмнэл үгний сонголт, анзаарахаа байсан огт сонсоогүй хэллэг, зүйрлэл, адилтгал, хэтрүүлэл, бэлгэдэл гэсэн таван хэв шинж байж сая туульсын болж байгаа юм. Үүнд нь зохиолчид баярладаг. Цаашид дэлгэрүүлэх ёстой түүний илэрхийлэл бол “Тэнгэрийн хүү” зохиол юм.
-“Тэнгэрийн хүү” жүжгийг үзлээ. Үзэгчийн хувьд сэтгэгдлээ хэлэхэд, нэг үзэгдлээс нөгөө үзэгдэл рүү шилжихэд тайз харанхуйлдаг. Энэ тухайд түгжрэлтэй бас холбоотой юу. Нэлээн удсаны эцэст хүмүүс суудалд сууж байсан нь ажиглагдсан…
-Энэ бол театрын хэл. Бүхий л цаг үед тайз харанхуйлаад дараагийн орчин харанхуйлснаар гэрэл өгөхөд та найман жилийн дараа ч байж болно.Харанхуйлал нь орон зай цаг хугацааг нөхөж байна. Харанхуйлах мөчид таны орон зайг томнож өгч байна гэсэн үг. Хүү нь том болчихож, ээж нь хөгширчихөж, таны орон зайг нөхөж өгч байна. Найруулагчийн аяллаар аялж байна гэсэн үг. Тэнгэр травелээр Бангкок орж болно танд таалагдаж болно, таалагдахгүй байж ч болно үүнтэй адил.
Үзэгчид театрын соёлд суралцаагүй. Түгжрэлгүй байхад цагаасаа хоцордог хүмүүс түгжрэлтэй үед бүүр хоцордог. Жүжиг бол концерт шоу биш. Театрт жүжиг үзэхийн тулд гурвантаа хонх дуугарахад суудалд байраа эзэлсэн байх ёстой. Театрт сэтгэлээ баясгах гэж үзэгчид ирдэг. Бодит байдал дээр машины зогсоол байхгүй машинаа хаана байрлуулах вэ гээд тойрч тойрч сая нэг юм зогсох газар олж ирдэг нь олон. Өнөөдөр энэ театрт машины зогсоол байхгүй тул хоцорч ирсэн үзэгчийг буруутгах аргагүй.
Үзэгчийн тав тухыг хангасан машины зогсоол алга. Хажууханд нь зогсоол байх ёстой. Та босоод хардаа гээд (албан тасалгааны өрөөний цонхны тэнд) энэ манай гэр гэж бодъё. Тэгвэл та манай том өрөөгөөр дамжаад гэртээ оръё гэж болохгүй биз дээ. Соёл урлагийн байгууллагыг доромжилж байна. Соёмбо тауэр гээд манай байгууллагын энд баригдсан том барилга манай зогсоолыг эзэгнэсэн.Дэлхийн соёлт хүн төрөлхтний том үзүүлэлт бол театр нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй сэтгэлгээний эмчилгээний газартаа яаж хандаж байна. Ийм асуудлаас болоод хоцорч байгаа үзэгчдээ “ойр хавьд зогсоол алга явган ирнэ шүү” гэх юм уу хаашаа юм.Доошоо орсон В1 зогсоол ч байхгүй. Хотын А гийн А бүс ш дээ. Манай барилгыг яваандаа шинэчлэх ёстой.Яагаад гэвэл Европын театрууд чулуун хийцтэй болохоор барилгын хүчитгэл хийж болно. Манайх болохоор шавар модоор 1963 онд театрын барилга баригдсан. 1931 онд мэргэжлийн орчин цагийн ууган байгууллага “Үнэн” жүжгээр хөшгөө нээж үйл ажиллагаа явуулсан. 93 жилийн түүхтэй байгууллага. 2031 онд 100 жил болно. Түүхэн байгууллагын хийцлэл нь шавар шохойн хийцтэй гэж мэргэжлийн хяналт тогтоосон. Дан нуруу нь модон. Цаашдаа гаднах фасад дүр төрхөө хуучнаар нь аваад шинэчлэх хэрэгтэй. Энэ байшинд гурван айл нэг тайзан дээр амьдарч байна шүү дээ. Соёлын өв гэхийн тулд үүний учир шалтгаан чухал юм. Дахин давтагдашгүй хийц урлалтай тухайн барилга байгууламж 100 жил насалсан насжилттай бол түүхэн өв гэнэ.Тэнд ямар түүхэн хүмүүс ажиллаж уран бүтээлээ туурвиж байсныг хэлнэ. Жишээ нь, хуучнаар Байгалийн түүхийн музей нураана гэхэд бөөн юм болсон. “Яагаад ч өв болохгүй, шалны банз нь босоод ирсэн байдаг, нураалаа барилаа” гээд бөөн асуудал болж байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын нүүрийг тахалж байна.Та манай Чингис хаан музейгээр орооч, он цагаар аялаач гэж байна. Сошиалаар ажил хийдэг хүмүүс байна. Үүгээр дүгнэлт ч хийж болохгүй. Мэргэжлийн гэх юм нь устгагдах гээд байна шүү. Аливаа юм бүхэн мэргэжлийн байх ёстой. Ёс зүй гэдэг нь хамгийн түрүүнд тавигдана ш дээ.
-Модун Шаньюйд тоглосон жүжигчин Б.Шинэбаяр бөгтөр харагдаад байх юм. Тэр Модун шаньюй тийм хүн байсан юм болов уу?
-Археологийн олдворууд судалгаан дээр ажиллаж дүрийг бүтээдэг .
“Могжоохон даагатай Жогжоохон хүү” гэдэг хүүхдийн дуунд намхан нуруутай Навтгар хамартай Жогжоохон хүү би гээд дуулдаг. Бүтээлийг хийхэд санааны зоргоор хийчихдэг юм биш. Хүннүгийн язгууртан хүний гавлын ясан дээр нөхөлт хийсэн уран бүтээлч зураач Энхтүвшин Модун Шаньюйгийн төрхийг гаргасан. Язгууртны булшны гавлын ясан дээр нөхөлт хийж гол дүр навтгар хамар, онигор нүдтэй, ийм духтай, шанаа бүхий чихтэй тэр үеийн хүний дүр төрх харагдана. Модун Шаньюйн дүр төрх яг харагдана.Дүр төрх рүү нь аваачиж байна ш дээ. Яг бөгтөр харагдаж байгаа бол жинхэнэ дүрийг гаргасан байна гэсэн үг.
-“Тэнгэрийн хүү” жүжгийн шинэ бүрэлдэхүүний тухайд…
-Өмнөх бүрэлдэхүүнээс бол жүжигчин Ж.Пүрэвдорж гуайгаас бусад нь шинэ бүрэлдэхүүн. Өмнө нь Г.Эрдэнэбилэг, П.Цэрэндагва, Н.Сувд гуай тоглож байсан. 100 хувь бүрэлдэхүүн өөрчлөгдөж солигдсон шинэ залуу цус сэлбэж байна.УДЭТ бол жүжигчин төрүүлдэг газар. Яагаад гэвэл жүжигчинтэй ажилладаг найруулагч байдаг тул бусад найруулагч шиг бэлэн боловсорсон бүтээгдэхүүн аваад шагладаггүй. Жүжигчнийг нээж дүр төрх ур чадварыг өсгөж бадрангуй гэгээн дүр төрхөөр жүжигчнийг хаанд тоглуулсан бол харцад тоглуулж, жүжигчнийг эвдэж сая баримлын шавар шиг болгодог. Боловсорсон жүжигчнийг бий болгодог. Ийм л зорилготой үүргээ гүйцэтгэж явна. Мөн нөгөө талаар манайх арилжааны байгууллага биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Улсдаа ганц Эрдмийн театр утга дор бид хүмүүст урын сангийнхаа бодлогоор зайлшгүй зүйл хийх ёстой. Өнөөдрийн 5 дугаар ангийн хүүхэд таван жилийн дараа 10 дугаар ангийн хүүхэд болно, тэр бүтээл тоглогдож байна. Арилжаанд зориулсан бүтээлийн балансыг тааруулж хийх ёстой. Дийлэнхдээ урын сангийн бодлого барина. Яагаад гэвэл бидний өвөг дээдэс бариад ирсэн. Уламжлалыг алдвал барьж чадахгүй. Хэзээ ч замаас нь хазайлгаж үл болно.
-“Тэнгэрийн хүү” жүжигт жүжигчин О.Майдарравжаа морин хуур хөгжмөөр их чадварлаг тоглосон. Мөн “Түмэн агтны төвөргөөн” их чадварлаг тоглохыг нь би үзээд биширсэн…
-Манай залуус тал бүрийн авьяастай. Дуулж, бүжиглэх, жүжиглэх, хөгжимдөх бүх л талын чадварыг эзэмшсэн. Орчин цаг универсал артистыг чухалчилдаг.
-Жүжгийн хувцасны зардалд хэр их хэмжээний зардал гарсан бэ?
-Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ ш дээ. 278 сая төгрөгний зардал гарсан.
-Театрын дарга боллоо. Та сайн, муу даргын аль нь вэ?
-Театрын аав нь гэсэн үг. Нэг талаас тэгж ойлгогдоно.Би өөрийгөө дүгнэхгүй. Урьд нь УДЭТ- ын ерөнхий найруулагч гээд үүрдэг ачаатай байсан. Захиргааны ажлаас бусдыг хийдэг. Би ямар өөр салбарт очоод ажиллах гэж байгаа биш дээ. Одоо бол жаахан ачаа нэмэгдсэн. Дотор нь ажиллаж байсан хүний хувьд асуудалгүй дээ.
Манай театр 129 хүний орон тоотой ажиллаж байна. Уран бүтээлийн, үйлдвэр техникийн, захиргааны гэсэн гурван хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.Байгууллагын даргыг юу гэж ойлгодог вэ гэвэл сайн менежер байх ёстой. Нөгөө талаасаа уран бүтээлээсээ нэршвэл продюсер юм. Өөрийнхөө мэргэжилтэй хавсарч хийхээр арт-директор нэршлийг хольж балансыг тааруулж алхаж явна даа. Даргын ажил аваад сар болоогүй байна. Гадаад харилцаан дээр анхаарч урагшлуулж л явна.Залуу хүн хурдтай байх ёстой. Би хурдан ч алхдаг.
-Таны өрөөнд гитар байна, та тоглодог уу?
-Тоглоно оо.
-Өөр ямар авьяастай вэ?
-Дуулна, шүлэг уншина…
-Таны сонирхол хобби юу вэ?
-Пянз цуглуулж сонсдог. Надад ховор пянз бий. Тийм ч их биш, тийм ч бага биш. Хайртай дуучин маань Майкл Жексон. Юм л бол бүтээлдээ түүний дуунуудаас оруулах дуртай байсан. Одоо бол пянзаа сонсож түүнээсээ тайвширч амралт юм шиг болдог. Л.Ванган гуай театрт найруулагч, соёлын дэд сайд байсан.Театр чуулгуудыг байгуулсан, өв соёлоо төвлөрүүлж чадсан соён гэгээрүүлэгч агуу хүн байсан.Дахин Л.Ванган гуай шиг авьяастай хүн төрдөг ч болоосой. Л.Ванган гуайн дөрвөн боть ном бий. Миний ширээний ном л доо. (Ойрхон байсныг гаргаж харуулав)
-Амьдралдаа мөрдлөг болгодог эрхэмлэдэг зүйл чинь юу вэ?
-Миний өвөө лам хүн байсан. Надад гурван зүйл захисан. Одоо хүртэл баримталдаг. Нэг юм баттай хэлж чадна. Зоригтой эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл үзэл баримтлалдаа үнэнч хүнийг хэлдэг. Би үзэл баримтлалдаа үнэнч байхыг хичээдэг. Өвөө маань “хэзээ ч мөрийтэй тоглоом битгий тоглоорой. түүнд хүн анхаарлаа маш хүчтэй төвлөрүүлдэг. амьдралынхаа хамаг азыг тавиад явуулчихдаг” гэсэн.
“Ан ав битгий хийгээрэй тусдаа хийдэг нүгэлт хар гөрөөчин гэж хүн байдаг.Амьтны амь тасалж болохгүй. Үйлийн үр тойроод ирдэг. Алт битгий ухаарай гэсэн. Алт гэдэг нь газрын гагнаас байгалийн баялгийг тогтоогч тул аминд чинь халтай. Алаг үрсэд чинь цөвтэй” гэж сургасан байдаг юм.
-Унгар улсын Будапешт хотын Үндэсний урлагийн театрт “Тэнгэрийн хүү” жүжгээрээ оролцох болж буй талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Унгар улсын Будапешт хотын Үндэсний урлагийн театрын захирал Атилла Видняскитай би өөрөө хавар очиж уулзсан. 30 гаруй орон оролцдог том фестиваль болно. Унгар улсад жил бүр зохион байгууллагддаг МИТЕМ Мадач олон улсын театрын 11 дэх уулзалт болно. Манай “Тэнгэрийн хүү” жүжгээр нээлтээ хийнэ. Энэ нь ирэх оны нэгдүгээр сард тодорхой зарлагдана. Ачаа тээш гээд бүрэн бүрэлдхүүнтэй явах бэлтгэлээ эхнээсээ базааж байна. Ийнхүү бид чинь энэ олон улсын фестивальд мэргэжлийн түвшинд хаана явна вэ гэдгээ мэдэх гэж оролцох гэж байна.
Театрын олимпод том том уран бүтээлчид оролцдог монгол өв соёл түүхээ харуулаад ирнэ. Тэндээсээ цаашлаад ганц хоёр улс руу контакт үүсгээд гадаад аяллаа нэгмөсөн үргэлжлүүлнэ. Өөрсдөө хаахна явж байгаагаа мэдэх нь чухал. Дараа нь юу хийх вэ гэдэг нь учиртай. Түүний дараа юу хийхээ мэдэх нь чухал.
-Монгол хэл дээрээ тоглох уу…
-Бид монгол хэлээрээ тоглоно. Хадмал орчуулгатай. Жишээ нь, Д.Намдаг гуайн “Ээдрээ” жүжигт гадны хүмүүсийг тоглуулъя гэж бодоход өндөр шонхор хамартай урт гартай европ хүмүүс ноёны хувцас өмсчихөөд дүр төрх нь монгол гэж харагдахгүй, алхаа гишгээ нь яаж ч ёслоод ноён болохгүй. яаж ч завилж суугаад эр хүн шиг харагдахгүй дээ. монгол хэлээр ярьж байгааг сонсьё. Аялга нь өөр.Нэг л сэтгэлд буухгүй дээ. Кино хүртэл хадмал орчуулгатай ( Subtitles) байдаг. Манай театрууд эх хэлний манаанд хатуу зогсоно.
-Цаашид хийх уран бүтээл,үйл ажиллагааны хувьд?
-Удахгүй 11 дүгээр сарын эхээр Солонгос улсаас уран бүтээлчид ирж бид хамтарсан мюзикль хийхээр төлөвлөж харилцан ур чадвар туршлага солилцох уулзалт болно. Г.Ган-Очир найруулагчийн Английн жүжгийн зохиолч, найруулагч Харолд Пинтер “Хэн хайргүй амьдрах вэ” жүжиг 11 дүгээр сарын сүүлчээр тоглогдоно. Он гараад Америкийн жүжгийн зохиолч Артур Ашер Миллерын “Худалдагчийн үхэл” жүжгийг би найруулахаар төлөвлөж байна. 2025 онд зохиолчийн 110 жилийн ой тохионо. Энэ бүтээлийг тавихаар бэлтгэж байна. Соёлын сэргэлт-2024 гээд төслийн хүрээнд Д.Данзанравжаа “Саран Хөхөө” жүжгийг бүх орон даяар тавих юм. Тэгэхээр төв нь бид байна. Гэхдээ нэг форматаар нэг цаг дор нээж ард түмний оюун ухааныг саруул болгоно.
-Яагаад энэ жүжгийг сонгох болсон бэ?
Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа нь 1832 онд Саран хөхөөний намтар жүжгийн зохиол бичиж найруулан тавьж байсан түүхтэй. Эрдэмтэн судлаачид “Саран Хөхөө” жүжгийг Монголын театрын урлагийн үндсийг тавьсан гэж үздэг. Энэ бүтээл ард түмний оюун ухааныг саруул болгодог жүжиг, авшиг нь энэ. Бид юуг сайн юуг мууг гэх юм. Сайныг ч муу болгож, мууг ч сайн болгож харагдуулдаг цаг үед амьдарч байна даа.
-Та гэр бүлээ танилцуулах уу?
-Гэр бүлийн хүн СЭЗИС-д багшилдаг. Бид зургаан хүүхэдтэй. Охин СУИС-ийн жүжигчний ангид сурдаг. Дараагийн хүү маань анимэйшн хүүхэлдэйн киногоор сурдаг. Том хүү СЭЗИС-д сурч байна. Гурван бага арван жилд сурч байна даа.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Ц.Отгонсүрэн