ӨДРИЙН СОНИНЫ 2015 ОНЫ АРХИВААС… ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
Зах зээлийн эдийн засагт хамгийн супер үйлчилгээтэй бизнес бол яах аргагүй казино. Одоо УИХ-аар Казиногийн тухай хуулийг батлахаар хэлэлцэж байгаа. Хэрэв манай улс казинотой болбол энэ бизнесийг хөгжүүлэх мэргэжлийн баг зайлшгүй шаардлагатай. Тэгвэл төгс утгаар нь ажиллуулах чадвартай Монголын анхны казиногийн ангийнхантай уншигчдаа уулзуулж байна. Одоогоос 19 жилийн өмнөх энэхүү төгсөгчдөөс хойш нэг ч казиногийн анги хичээллээгүй юм. Тиймээс Монголд ганцхан байсан анги хамт олон гэж тэднийг нэрлэж болно.
НЭГ АНГИЙНХНЫГ НЭГТГЭСЭН КАЗИНО
1990-ээд оны сүүлээр “Чингэс” зочид буудалд казино ажиллаж байсан түүхтэй. Тухайн үед тэнд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд сонгон шалгаруулалт явуулж байжээ. Англи улсаас ирсэн казиногийн мэргэжилтэн Кристофер Фокстон 1000 гаруй залуусаас хэлний мэдлэг, харилцааны соёл, зан чанар зэргийг нь харгалзан шигшихэд 200 хүн тэнцэж байжээ. Ингээд 1996 оны арванхоёрдугаар сард Чингэс хаан зочид буудлын хоёр давхрын зааланд казиногийн тоглоомын мэргэжилтэн бэлтгэх анги хичээллэж эхэлсэн байна. Гадаад багш казиногийн бүхий л төрөл болох америк рулет, блэк жек, бакарат, покер, пунтун гэх мэт арав гаруй тоглоомын дүрмийг нэгд, нэггүй зааж сургасан байна. Ингээд зургаан сарын дараа шижигнэсэн 100 залуу орчин үеийн казиногийн бүх тоглоомыг тоглуулж чадах чадвар эзэмшжээ. Улмаар төгсөгчдөд дэлхийн хаана ч, ямар ч казинод ажиллах эрхийн сертификат гардуулж байсан аж. Тухайн үед тэдгээр залуусыг “Оргиналиуд” гэж нэрлэдэг байж л дээ.
Казино асар өндөр соёлтой бизнес. Тэр утгаараа хамгийн их мөнгөтэй, хөрөнгө чинээтэй дээдсүүд л тэнд чөлөөт цагаа өнгөрүүлж жинхэнэ кайфыг мэдэрдэг. Иймд дотор нь ажиллаж байгаа хүмүүс ньхэлний мэдлэг, харилцааны соёл зэрэг нийтлэг үзүүлэлтээс гадна үнэнч шударга байдал, хүний итгэлийг даах чанар, баг хамт олон болж ажиллах эв нэгдэлтэй байхыг чухалчилдаг. Монголын анхны казиногийн ангийнхан энэ бүх шалгуурыг бүрэн хангаж чадаж байснаараа онцлогтой. Тэд бүтэн зургаан сарын турш нэг танхимд номын дуу сонсоцгоожээ. Ихэнх нь 20-21 насныхан байж. Хэдий богино хугацаа мэт боловч залуучуудын дунд хайр сэтгэлийн романс үүсээд амжжээ. Эдний ангиас хэд хэдэн хос төрж, гэр бүл болцгоосон байна. Тухайлбал, “Tescoma”-гийн брэнд дэлгүүрийн эзэн Б.Батзориг, “Tom N Toms” кофе шопын Монгол дахь салбарын захирал Б.Оюунтөгс нар энэ ангиас төрсөн хос аж. Одоо тэд дөрвөн хүүхэдтэй, өнөр бүл болсон байна. Казиногийн анхны нэг ангийнхан төгсөөд бүгдээрээ нэг газарт ажиллаж, нэг хамт олон болж бүрэлджээ. Ингээд 1997 оны тавдугаар сарын сүүлчээр манай улсад Англи болон Чехээс мэргэжилтнүүд ирж, казино ч албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Гэхдээ “Оргиналиуд” маань бүгд диллерээр ажиллаагүй аж. Касс, угтах үйлчилгээ, хамгаалалтын алба болон казиногийн дэргэдэх өндөр зэрэглэлийн ресторануудад ажиллацгаасан байна. Ингээд “Чингэс” зочид буудалд үйл ажиллагаа явуулж байсан казинод залуус ёстой нэг зангидсан гар шиг нэг хамт олон болж ажиллажээ.
CNN-ЭЭР СУРТАЛЧИЛСАН МОНГОЛЫН КАЗИНО ЖУУЛЧДЫН ХӨЛД ДАРАГДАЖ БАЙВ
Тухайн үеийн сонин хачнаас тэд ярихдаа “Казино маш амжилттай ажиллаж, шилдэг татвар төлөгчөөр шалгарч байлаа. Япон, Солонгос, Хятад, Африк, Америк, бүр Арабын орнуудаас чинээлэг хүмүүс ирж тоглодог байсан. Энэ хэрээр Монголд маш их валют орж ирдэг байлаа. Үйлчлүүлэгчид орж ирэнгүүтээ эхлээд казиногийн кассандвалютаа өгч хясаа авна. Тэгээд хожсон бол тэрийгээ буцаагаад мөнгөн дэвсгэрт болгоод авдаг байв. Казиногийн реклам маань CNN-ээр цацагдаж байсан. “Монгол оронд казино нээгдлээ. Оньсого мэт энэ оронд тавтай морилно уу” гэх зэргээр дэлхий дахинд сурталчилж байв. Ингээд жуулчдын хөл ч тасраагүй. Арабын Шех ирж их хэмжээний мөнгөөр тоглож байсныг тод гэгч нь санаж байна. Богино хугацаанд казиногийн үйл ажиллагаа ч өргөжсөн. Өвөл, зунгүй ажиллаж байсан болохоор Чингис зочид буудлын өрөө бүр хүнтэй, пиг дүүрдэг байв. Ресторанд гэхэд Германаас ахлах тогооч авчран ажиллуулж, зочдод төрөл бүрийн гадаад хоолоор дайлдаг байлаа. Монголын тэмдэглэлт баяруудаар гайхалтай шоу тоглолт болдог сон. МУГЖ Т.Ариунаа, Камертон хамтлаг гээд бүх одод ирж үдшийг хөгжөөдөг байлаа” гэж дурсав.
Казинод ажиллаж байсан залуус тухайн үед Монголдоо хамгийн өндөр цалинтай хүмүүсийн нэг байв. Бараг ГОК-ийн ажилчдын цалинтай дүйцэхүйц сардаа 500 ам.доллар авдаг байжээ. Тэд анхныхаа цалингаар өөр, өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийж байсан гэдэг. Мэдээж, залуу хүмүүс цалингаа буунгуут наргиж, цэнгэж л таараа. Юу юу ч үгүй бүгдээр нь дарвичихгүй. Аав, ээждээ хадгалуулж, хуримтлал үүсгэж байсан гэдэг. Батзориг гэхэд Сайншандад байсан хоёр өрөө байраа зараад Улаанбаатар хотод хоёр өрөө орон сууц авч байсан аж. Ингэхдээ ажлаасаа зургаан сарын цалингаа урьдчилан авчамьдралдаа томоохон хөрөнгө оруулж байжээ. Ямар ч хүүгүйгээр цалингаа урьдчилан авсан Батзориг улан идэвхтэй ажиллах урам зориг орсон гэдэг.
Ажлын байран дээр тохиолдсон хөгжилтэй явдлуудаа дурсахдаа тэд тухайн он цагт оччихсон мэт тодорхой гэгч нь ярьж байлаа. Диллерүүд 20-30 минутын зайтай ширээн дээр гардаг байжээ. Ээлж солигдоход ширээний ард байгаа диллерийн нуруунд орных нь хүн хүрэхэд ажлаа өгдөг байна. Тэр үед нь тоглоом үргэлжилж лбайдаг ажээ. Ерөнхийдөө ширээн дээр байгаа хясаабол мөнгө гэсэн үг. Энэ тухай ангийнхаа нөхөр Баасансүрэнд тэд маш сайн ойлгуулж хэлсэн аж. Хамгийн гол нь читагаа амь л мэт сайн хамгаалах ёстой шүү гэжээ. Ингээд тэрбээр ширээний ард сууж байгаа тоглогчдод үйлчлэнгээ хайрцаглачихсан хясаанаасаа бараг нүдээ салгахгүй л байгаад байж. Дүрмийн дагуу дараагийн диллер ирж, түүний нуруунд зөөлөн хүрэхэд босох ёстой байв. Гэтэл Баасансүрэн босохдоо хайрцагтай хясаагаа тэр чигт нь тэврээд босоод явчихжээ. Тэнд тоглож байсан хүмүүс мэл гайхаж хоцорсон хөгжилтэй явдал болж байсныг тэд хөхрөлдөн ярив. Тоглоом үргэлжилж байгаа цагт хясаа ширээн дээр байх ёстой аж. Гэтэл Баасансүрэн хясаагаа амь мэт хамгаалах ёстой гэдэг үгийг толгойдоо кодолж, биенээсээ огтхон ч салгаж болохгүй гэж бодсон бололтой. Мөн ажлын байран дээр нь удирдлагууд нь тэднийг дугаараар нь дууддаг байжээ. Харин диллерүүд үүнд дургүйлхжээ. “Шоронгийн хоригдлууд шиг байна” гэжудирдлагууддаа хэлэхэд тэдний богино нэрээр бичсэн пайз энгэрт нь хадаж өгч байжээ. Гадаадынхан дуудахад ч амар гэж үзээд Баасансүрэнг Бааска гэх жишээний товчилсон байна. Иймд залуус ангийнхныхаа бүтэн нэрийг одоо бүдэг бадаг л санацгааж байсан гээч.
Эдний ангийн мундагчууд тухайн үед урилгаар гадаадад казиногийн арга зүйчээр ажиллаж байжээ. Монгол дахь казиногийн хөрөнгө оруулагчид Бирм буюу одоогийн Мьянмар улсад шинээр казино нээхээр болж Баясгалан, Чулуунцэцэг, Баасансүрэн, Жаргал, Банзрагч нарын залуусыг аваачин ажиллуулж байсан гэнэ. Монгол залуус гадаадад ажиллах чадвартайг харуулсан томоохон боломж энэ байжээ.
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨЖ, ДЭЛХИЙД ТАРХСАН ДИЛЛЕРҮҮД
Монгол дахь казино ганцхан жилийн настай байв. Ид цэцэглэж байсан бизнес гэнэтхэн хаагдсан. Амьдралаа өөдрөгөөр төсөөлж, олон зүйлийг төлөвлөж тэнд ажиллаж байсан 200 гаруй монгол залуусын итгэл найдвар унтарч,гудамжинд гарцгаажээ. Харин тэдний энэ байдал удаан үргэлжлээгүй нь сайн хэрэг. Учир нь монгол диллерүүдийн чадвар олон улсад үнэлэгдэж, дэлхийн өнцөг булан бүрт хүрч ажиллаж чадсан юм. “Чингис” зочид буудлын казинод хөрөнгө оруулж байсан гадаадынхан ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн залууст хамтран ажиллах санал тавьжээ. Хамгийн гол нь монгол залуусын ажлын чадвар, итгэл даах байдал, үнэнч шударга чанарыг нь гадаадынхан мэдэрсэн болохоор ийм боломж олгожээ. Ингээд монгол залуус Герман Чехийн хил дээр байгуулагдсан казинод ажиллахаар мордоцгоожээ. Ажил олгогч тал тэдний замын зардлыг нь даахаас өгсүүлээд тэнд очоод байрлах байр, хоол хүнс, хувцас хунар гээд бүх хэрэгцээг нь хангажээ.Дээрээс нь өндөр цалин амласан байна. Ахуй, хэрэгцээндээ мөнгө зарахгүй, дээрээс нь цалингаа хуримтлуулах алтан боломж байсан нь мэдээж. Анх удаад хилийн дээс давж, тэр дундаа Европын соёл иргэншилтэй танилцаж байгаа монгол залуус маань ёстой нэг соёлын шоконд орох шиг болсноо нуугаагүй шүү. Нас биед хүрсэн тэд цанаар гулгаж, усанд сэлэхдээ тав, зургаан настай хүүхдүүдээс ч долоон дор байсан тухайгаа инээлдэн ярьцгаав.
Ийнхүү арваад жилийн дараа нэг хэсэг нь эх орондоо буцаж ирцгээжээ. Одоо тэнд 20-иод монгол диллер ажиллаж байгаа гэнэ. Зарим нь Чехийн иргэн болж, гэр бүлтэй болцгоосон байна. Харин Монголдоо буцаж ирсэн залуусын хувьд “Хэдийгээр тэнд өртөг багатай, сайхан хангамжтай амьдарч болох ч Монголдоо эх орондоо амьдрахыг хүсээд ирсэн дээ” гэв.
Казиногийн ангийнхнаас одоо Чехээс гадна Америк, Африк, Азидтивийн казинод ажиллаж байгаа ажээ. Тухайлбал, Саруул гэдэг бүсгүй Америк Европын хооронд аялдаг усан онгоцны казинод олон жил ажиллаж байгаа гэнэ. Мөн Ачмаа, Урантуяа нар нь Америкт ажиллаж амьдарч байгаа аж.
Харин Монголд байгаа хүмүүсээс гэвэл систем судлаач Банзрагч, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүүжин, сэтгүүлч Ц.Цасчихэр нар байна. Ер нь эдний ангийнхан нийгэмд нэр хүндтэй алба хашиж байгаа ажээ. Энэ нь казиногийн ангид үзсэн хичээл, хүнтэй хэрхэн харилцах талаар заасан эрдэм тэднийг боломжийн ажил хийхэд нь ихээхэн суурь болсон гэж байлаа. Цаашилбал, Батхүрэл нь Төрийн банкинд, Б.Насанбуян нь Японы “Сожицу” корпорацийн Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер хийж байна. Мөн Однасан “Нью Ком”-д ажиллаж байгаад одоо хувиараа бизнес хийж байна.
“МОНГОЛД КАЗИНОГ БҮРЭН УТГААР НЬ ХӨГЖҮҮЛЖ, УЛСЫНХАА ЭДИЙН ЗАСАГТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ ЧАДНА”
Казиногийн тухай хууль батлахыг тэд ихэд дэмжиж байсан. Казиног дагаж улс орон хэрхэн хөгждөгийг нүдээрээ харж, олон жил халуун тогоонд нь ажилласан туршлагаасаа хуваалцсан юм. Ер нь манайхан казиног хар талаас нь ойлгодог тал бий. Энэ тал дээр тэд тайлбарлахдаа “Өнгөрсөн арав гаруй жил олон улс орны казинод ажиллаж байхад нэг ч удаа хар тамхи, мансууруулах бодис, биеэ үнэлэлт, хууль бус үйл ажиллагаатай таарч байгаагүй. Энэ бол асар өндөр соёлтой, дээдсүүдийн зугаа цэнгээний газар. Казинод эрчүүд таавчиг, углааш байтугай шорт футболкатай орохыг ч хориглодог. Албан ёсны хувцасласан байхыг шаарддаг. Харин хүүхнүүд гоо сайхнаа илэрхийлсэн гоё ганган, дэгжин даашинзтай ордог” гэж байсан юм. Юутай ч эхний ээлжинд Монголд казино байгууллаа гэхэд Улаанбаатар хотод байсан нь дээр гэж тэд хэлэв. Учир нь гадаад орнуудаас жуулчид ихээр ирэх учраас онгоц буудаг хотод байх нь зохимжтой гэлээ. Тэрнээс дэд бүтэц хөгжөөгүй чөлөөт бүсэд казино байгуулаад дэмий гэж байсан. Жуулчид дэлгүүр хэсч, брэнд л сонирхоно. Мөн наргиж, цэнгэж, дээд зэрэглэлийн үйлчилгээг сонгоно. Жуулчдыг казиногийнхоо байнгын үйлчлүүлэгч болгохын тулд хотод байгуулахын ач холбогдол нь ийм учиртай ажээ. Яваандаа хотоос зайдуу бүсэд байгуулж, өргөжүүлж болно гэсэн.
Казиногийн хуулийн төсөлтэй холбогдуулан монголчуудыг орж тоглохыг нь хориглосон заалт яригдаж байгаа. Үүнийг ч мэргэжлийн диллерүүдийн зарим нь зөвтгөж байсан бол нэг хэсэг нь дэмжихгүй байв.Эсрэг саналтай залуус “Казинод хүмүүс эхлээд тоглохоороо их хэмжээний мөнгө хождог. Дараа нь алддаг. Ингээд хүмүүс шунадаг. Манайхан орон байраа зараад казинод донтох аюултай. Тиймээс хориглох нь зүйтэй” гэв. Харин нөгөө хэсэг нь “Чингис зочид буудалд казино ажиллаж байхад хар дэвтэр нээчихсэн байдаг байлаа. Үйлчлүүлэгч казинод донтож байгаа тухай ар гэрээс нь гомдол ирэх юм бол тэр дэвтэрт тэмдэглэнэ. Энэ дэвтэрт нэр нь бичигдсэн хүн хэзээ ч тэр казинод орох эрхгүй болно. Ийм зохицуулалт байж болно. Нэгэнт Монголын хөрөнгөтнүүд казинод тоглох гээд гадагшаа явж, хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм чинь Монголдоо тоглог л дээ” гэж байсан.
Ер нь Монголд казино байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг мэргэжлийн диллерүүд татах бүрэн боломжтой гэдгээ онцолж байлаа. Зуун хувьд гадаадын хөрөнгө оруулалттай байвал Монголд үлдэцгүй гэв. Тиймээс казиногийн 20 хүртэлх хувьд нь дотоодын компаниуд хамтрах ёстойг тэд зөвлөж байсан. Эдгээр залуус “Монголд казиног бүрэн утгаар нь хөгжүүлж, улсынхаа эдийн засагт том хөрөнгө оруулалт хийж чадна. Тиймээсказиног мэргэжлийн түвшинд удирдаад, ажиллуулах бүрэн чадварбий” гэлээ.Монголд казино байгуулбал 1000 ам.доллараас дээш цалинтай ажиллах бололцоотой гээд тэд бүх тооцооллоо хийчихсэн байгаа аж. Мөн “Чингис” зочид буудлын казинод ашиглаж байсан ширээ, сандал, чита зэрэг бүх тоног төхөөрөмжийг тэд одоо хэр нь хадгалж буй гэнэ.Тэр үед хөрөнгө оруулагчид гадаадаас авчирсан эдгээр тоног төхөөрөмжүүдээ казино татан буугдахад тэдэнд үлдээгээд буцсан юм байна. Хэрэв Монголд казино байгуулбал дэлхийд тархан ажиллаж, амьдарч байгаа диллерүүд эх орондоо эргэн ирэхэд бэлэн байгаа юм билээ. Тэд нутгаа маш их санагалздаг ч ирээд ажлын байр, амьдралын баталгаа байхгүй болохоор хууль эрх зүйн таатай орчин бүрдэхийг чих тавин хүлээж байгаа сурагтай.
М.МӨНХЦЭЦЭГ