Mөнгөний нийлүүлэлт (M2) 2023 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болжээ.
Ийнхүү өмнөх оныхоос 7.9 (26.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд төгрөгийн харилцах 2.6 (40.5 хувь) их наяд, төгрөгийн хадгаламж 4.5 (35.7 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Бага мөнгө (M1) өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 9.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.8 (22.3 хувь) их наяд, өмнөх оныхоос 2.7 (36.8 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 8.9 (90.8 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 905.5 (9.2 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө аж.
Бараг мөнгө дээрх хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 408.3 (1.5 хувь) тэрбум, өмнөх оныхоос 5.3 (23.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Бараг мөнгөний 17.1 (61.6 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 5 (18 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 5.6 (20.3 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 73.1 (6.8 хувь) тэрбум, өмнөх оныхоос 62.5 (5.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.