Хичээлийн жил эхэлж, сурагчид сургуульдаа явж эхэлсэн ч жил бүрийн намар сургуулийн автобусны засвар дуусаагүй, эвдрэлтэй байгаа шалтгаанаар тал нь л үйлчилгээнд гардаг. Тэгвэл энэ жил ийм асуудал үүсэхгүй гэлээ. Тодруулбал, ирэх Даваа гаригаас сургуулийн бүх автобус бүгд үйлчилгээнд гарна гэв.
2024-2025 оны хичээлийн шинэ жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилнэ.
Ирэх жилээс сургуулийн автобусны тоог нэмэх төлөвлөгөөтэй байгаа ч одоогоор шийдвэр албажаагүй байна. Энэ хичээлийн жилд улсын ерөнхий боловсролын 70 сургуулийн 67 чиглэлд 72 автобус, хувийн сургуулийн 145 автобус сурагчдыг тээвэрлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Сургуулийн автобусны чиглэл болоод дэлгэрэнгүй мэдээллийг Нийтийн тээврийн газар болон харьяа сургуулиасаа авах боломжтой.