Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Цэдэнбалжир: Эцэг эхчүүд хүүхдээ урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ёстой DNN.mn

Анагаах ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч “Хос-Өлзий” эмнэлгийн захирал, хүн судлалын академич, захирал, олон улсын зурхайч, зурхай судлаач Хөх-Аюуш овгийн М.Цэдэнбалжиртай ярилцлаа.


-Цаг үеийнхээ хувьд томуу, томуу төст өвчин, ханиад томууны ид дэгдэлт болж байгаа үе таарч байна. Энэ жилийн хувьд өвчний дэгдэлт өмнөх жилүүдээс харьцангуй их байгаа. Энэ өвчнөөр өвдөж байгаа иргэдийн 70 хувь нь 10 хүртэлх насны хүүхэд байна гэсэн судалгааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан байна лээ. Томуу, томуу төст өвчин жилээс жилд өөрчлөгдөж, вирус нь мутацид орж хувьсаж өөрчлөгдөж байдаг юм байна. Энэ жилийн онцлогийг Та юу гэж харж байна вэ?

-Энэ жил ханиад томуу урьд жилүүдээс улам их дэлгэрч байна. Ялангуяа бага насны хүүхдэд хамгийн хүнд хэлбэрээр буюу хатгаа авах хэлбэрт хүрлээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өвчтөн нь багтахгүй, шалан дээр унтаж байна гэж байна. Эцэг эхчүүд над дээр ирээд “Хүүхэд маань эмнэлэгт шалан дээр унтаж байна. Тийм учраас хүндрээд байна. Та эмч хүн. Надад зөвлөгөө өгөөч” гэж хэлдэг.

Хамгийн түрүүнд эцэг эхчүүд хүүхдээ урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ёстой. Вакцин хийлгэвэл харьцангуй хөнгөн тусна. БНСУ-аас гурван жилийн хугацаатай оруулж ирсэн вакцин манай улсад үйлчилж байгаа. Энэ бол сайн вакцин. Үүнийг хийлгэх хэрэгтэй. Хүүхэд, том хүний ялгалгүйгээр агаар дуслын замаар ханиад хүрнэ. Тиймээс хүн бүхэн амны хаалтаа үргэлж зүүж байх хэрэгтэй. Ялангуяа олон хүн цугласан газраар явахдаа амны хаалтаа зүүж байх нь чухал. Харин гэртээ байхдаа үргэлж нойтон цэвэрлэгээ хийж, агаар сэлгэж байх хэрэгтэй. Мөн биеэ чийрэгжүүлэхийн тулд өглөө бүр хүйтэн усаар зүрхээ арчиж, гимнастик хийх хэрэгтэй. Үүнээс гадна нэг стакан усанд нэг халбага зөгийн бал хийгээд ууж байх нь чухал. Энэ үед архи ууж, тамхи татаж огт болохгүй. Ялангуяа тамхи татдаг хүнд энэ өвчин илүү хүнд тусна. Яагаад гэвэл хоёр уушгинд нь шохойжилт үүсгэдэг. Ингэснээр улам хүндэрдэг. Тамхи татдаг хүний уушги бараантчихсан байхад, эрүүл хүний уушги зүгээр харагддаг юм.

Хэрэв та тамхи татдаг бол зориулалтын газарт нь татахаас биш, гэр орондоо татаж хэрхэвч болохгүй. Гэр орондоо татсан тамхины утаа гэр бүл, ойр байгаа хүмүүст нь шингэж, баас нь шарладаг гэдэгт бид эмнэлгийн орчинд дүн шинжилгээ хийсэн. Сайн чанарын хоол унд хэрэглэж байх ёстой. Сайн амарч, сайн унтаж байх нь чухал. Ингэж л урьдчилан сэргийлдэг юм.

-Энэ жилийн томуу, томуу төст өвчний хувьд шинэ төрлийн вирус мутацилагдаад, ковидын вирусийн хувирсан шинжтэй давхар тусч байгаа учраас маш хурдан хатгалгаа болж байгаа гэсэн. Энэ тал дээр Та юу хэлэх вэ?

-Коронавирусийн дараахь хам шинж гарч ирж байгаа нь энэ. Энэ Африкийн оронд илүү хүнд тусаж байгааг олон улсын радиогоор хэлж байсан. Энэ вирусийн эсрэг вакцин одоо хэрнээ гараагүй. Тэнд манайд мэдэгдэхгүй вирустэй өвчин гарсан гэж байгаа юм. Энэ өвчнөөр өвдсөн хүмүүс голдуу нас барж байна. Энэхүү вирус манай улсад орж ирээгүй. Чухам ямар өвчин гэдгийг нь бид сайн судлаагүй байна.

-Вакцин хийлгэх нь хамгаалах маш чухал арга. Үүнээс гадна та уламжлалтын эмчийн хувьд ханиадыг намжаах ямар арга зам байдаг талаар тодруулбал?

-Нэгдүгээрт сода юм уу саримстай утлага хийж болно. Мөн өглөө, орой бүр хоолойгоо заавал содатай усаар зайлж байх ёстой. Шүдээ байнга сайтар угааж байх хэрэгтэй. Сайн унтаж, сайн хоол идэж байх нь чухал. Хоолоо дөрвөн цагаас өмнө идэх ба орой унтахдаа нэг аяга сүү юм уу тараг уудаг байх хэрэгтэй. Ялангуяа орой унтахынхаа өмнө зурагт үзэж болохгүй. Унтахынхаа өмнө аль болох тайван байх хэрэгтэй. Өлөн элгэн дээрээ тамхи татаж, архи ууж л болохгүй. Би архичин ба тамхичин хүний мансууралтын талаар ном бичээд арваад жил болж байна. Миний ном АНУ-д зарагддаг, харин манай улсад дэлгүүрт тавихаар цөөн тооны хүн аваад байгаа юм.

-Та АНУ-д 5 жил болоод, ирээд хоёр сар болж байна гэлээ. АНУ руу ямар ажлаар очдог вэ. Хувиараа явдаг уу, эсвэл уламжлалт анагаах ухааны чиглэлээр үзлэг, оношилгоо хийхээр явдаг уу?

-Намайг урьсан юм. Тэнд би том институтэд нь том докторуудтай хамт зүрх судасны чиглэлээр ажиллаж байсан. Манай улсад хийж чадахгүй гажигийг засах аргыг тэнд би сурсан. Эх орондоо ирээд Гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны эмч нарт сурсан зүйлээ зааж өгч байна. Энэ ажилбарыг бид эх орондоо хийх бүрэн боломжтой. Аппаратыг бид авчихсан байгаа. Би Германд сургууль төгсөөд, тэнд зүрх судасны чиглэлээр хүний даралт ихсэх үед авах арга хэмжээ эмчилгээгээр докторын зэрэг хамгаалсан. Мөн Ленинградад Хүн эмнэлгийн институт төгссөн. ЗХУ-д Коммунист намын дээд сургуулийг мөн төгссөн. Германы эрдэмтэдтэй хамтарч ажилладаг. 1992 онд олон улсын зурхайч болсон. Миний талийгаачийн аав нь зурхайч байсан юм. Тэгээд намайг оюутан байхад зарим зүйлийг зааж өгсөн. Би үүний үндсэн дээр өөрөө зурхайг судлаад сурсан. Ямар ч хүний зурхайг би хоёр өдөр суухад л гаргана. Энэ хүн төрөхдөө ямар байсан, одоо ямар байна, хойшид ямар байхыг бүгдийг нь гаргадаг.

-Та зурхай зурдаг гэдгээ хэлж байсан. Энэ хүмүүс таныг яаж мэдсэн юм бол?

-Сонгууль болох жил намайг мэддэг олон улсын зурхайч нар над дээр ирсэн. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан бүгд надаар төөрөг гаргуулсан. Тэд бүгдээрээ УИХ-д суусан. Тэгэхэд нь би хийморийн сан тавьж өгөөд, өглөө нь яаж очоод, тэнд яах вэ гэдгийг бүгдийг нь хэлж өгдөг юм. Томчууд гадаад явахдаа надаас хэд дэх өдөр гадаад явах тухайгаа асууж лавладаг. Өөрсдөө ярьдаггүй, нарийн бичгийн дарга нь над дээр ирдэг. Дээд газар надад зохих ёсны шагнал өгдөг. Би “Чингис хаан” одон аваагүй, бусдыг нь бүгдийг авсан.

-Та зүрх судасны чиглэ-лээр мэргэшсэн юм байна. Цусны даралт ихсэх өвчлөлөөр дэлхийд манай улс эхний хоёрт орж байна?

-Энэ өвчнөөс шалтгаалсан нас баралтаар манай улс дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Даралтаа байнга үзүүлж байхгүй бол гэнэт даралт харваад нас бардаг. Өөрөөр хэлбэл, судсанд нь харвалт өгөөд хүн нас бардаг. Хэрэв эмнэлгийн байгууллагад тогтмол үзүүлж, эмчилгээ хийлгэвэл даралт харваж, нас барах нь ховор. Манай улс Европын орнуудын тэр дундаа ОХУ-аас эм авдаг. Гэхдээ БНХАУ-ын Ян гэж эмч бий. Энэ эмч Дүнжингаравын урд эмнэлгээ нээчихсэн байгаа. Түүний эм маш сайн үр дүн үзүүлж байгаа. Надад хандсан хүмүүст тэр эмийг бичиж өгдөг юм. Тэр эмийг уусан хүмүүс “Даралт буулаа, сайхан боллоо. Оросын эм уухгүй” гэдэг зүйлийг хэлдэг. Гэртээ даралтны аппарат тавиад даралтаа байнга үзэж байхгүй бол гэнэт даралт ихсэж, үхэлд хүргэж болно.

-Дээд, доод даралтаас гадна судасны артерын заалтыг 95-аас дээш гаргаж болохгүй гэж хэлдэг. Энэ өндөр байхад бас харвалт өгдөг үү?

-Тийм ээ. Үүнийг эмчлэхгүй бол яваандаа нүдний хараа мууддаг юм. Хараагүй болж ч болно. Тиймээс эмчлүүлэх хэрэгтэй.

-Даралтны эмийг тогтмол цагт уух нь үр дүнтэй гэдэг. Тогтмол хэрэглэдэг хүмүүс эмэндээ дадал болоод тодорхой хугацааны дараа эмээ солих шаардлага гардаг юм билээ?

-Эмчдээ үзүүлж, таны зааснаар төчнөөн хоног эм уулаа гэдгээ хэлэхээр эмч нар нэг бол зогсоо, эсвэл дахиад уу гэдэг зүйлийг хэлдэг. Зүрх судасны өвчтэй хүн эмчийн хяналтад байдаг. Тиймээс эмчээс заавал зөвлөгөө авч байх хэрэгтэй. Сүүлийн үед Ян эмчийн эм уугаад даралттай хүмүүс маш сайжирч байгаа.

-Танай “Хос-Өлзий” эмнэлэг ямар чиглэлээр дагнасан эмнэлэг вэ?

-Нөхөн сэргээх, ардын уламжлалаар дагнасан эмнэлэг. Өөрөөр хэлбэл, эм өгөхгүйгээр эмчилнэ гэсэн үг. Их биеийн массаж хийх, төөнөх, ханах, бумба тавих, нэмэх хасах туйлаар ультра ягаан цацрагаар эмчилдэг. Энэ нь үр дүнтэй байдаг. Эм өгөхгүй учир тухайн хүндээ ямар ч харшил өгдөггүй. Бөөр өвдлөө гэхэд тэхийн шээг авч өдөрт тогтмол уугаарай гэх мэтчилэн зөвлөгөө өгдөг. Мөн манай эмнэлэг эмийн сантай. Эмийн сангаас иргэд эмээ авдаг. Хэрэв бололцоотой бол шүршүүрт ороод, дараа нь саунд ороод, орой нь сайхан унтвал биеийн эсэргүүцэл илт сайжирдаг.

Ярилцсан Н.САРАНЧИМЭГ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *