Өчигдөр буюу наймдугаар сарын 09-ндОХУ-ын нийслэл Москва хотоос хойд зүгт 70 км зайтай оршдог үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 45 хүн шархаджээ.
Тэдгээрээс зургаа нь хүнд шархадсаныг орон нутгийн албаныхан мэдээлсэн байна.
Дэлбэрэлт Загорскийн оптикийн үйлдвэрийн салют хадгалж байсан агуулахад болсныг Москва мужийн захирагч Андрей Воробьев мэдээлжээ.
Тэрбээр эхлээд үйлдвэр агуулахаа ийм төрлийн бүтээгдэхүүн хадгалахад зориулан түрээслүүлж байсан гэж ярьсан бол сүүлд үйлдвэр өөрөө пиротехникийн үйлдвэрлэл явуулж байсан гэж тайлбарласан байна.
“Энэ газар оптикийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ болиод удаж байна” гэж Воробьев сүүлд залруулжээ. Дэлбэрэлтийн улмаас тэнгэр баганадсан өтгөн хар утаа олгойдсон нь сүүлийн үед Украины агаарын халдлагын дор айдастай амьдрах болсон москвачуудыг түгшээсэн юм.
Загорскийн үйлдвэрийн дэлбэрэлтийн улмаас ойр орчмын барилгуудын цонх хагарч, оршин суугчдыг нүүлгэсэн байна. Энэхүү дэлбэрэлтийн өмнөхөн Москваг чиглэсэн Украины хоёр нисгэгчгүй онгоцыг замд нь устгаснаа тус хотын захирагч Сергей Собянин зарласан юм.
ОХУ-ын батлан хамгаалах яам үүнийг “террорист халдлага” гэж нэрлэжээ. Дронуудын нэг нь Москвагийн өмнөд бүсийн Домодедово дүүрэгт, нөгөө нь баруун бүсийн Минскийн хурдны замын ойролцоо унасан гэнэ. Домодедовод Москвагийн хамгийн том нисэх буудлуудын нэг байдаг. Уламжлал ёсоор Украины тал энэхүү халдлагын талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй юм. мөн Крымийн хойгийн Севастополь хотын тэнгэрт их хэмжээний өтгөн хар утаа тархсаныг эх сурвалжууд мэдээлжээ.
Москвагаас томилогдсон тус хотын захирагч Михаил Развозжаев утааг цэргийн сургуулилалттай холбоотой тул айж сандрахгүй байхыг оршин суугчдадаа зөвлөсөн байна. “Тиймээ. Утаа таагүй сэтгэгдэл төрүүлж байгаа. Гэхдээ энэ нь ямар ч аюулгүй. Хотод бүх зүйл хэвийн байна” гэж тэр Телеграм хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: Associated Press