Categories
гадаад мэдээ

 М.Подоляк: В.Путин дайны гэмт хэргээ далдлахыг оролдож байна DNN.mn

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк Ерөнхийлөгч Зеленскийг В.Путин “Нацизмыг алдаршуулж буй еврей хүн” гэж хэлсэнд тайлбар хийж “Путин өөрийнхөө бий болгосон худал, хуурмаг, ямар ч чадваргүй орчин болох “хөөсөн” дотор амьдардаг нэгэн” гэж мэдэгдэв. “Энэ нь Оросын ерөнхийлөгч өөрийн ертөнцөд, бодит байдлаас тусгаарлагдсан хиймэл хөөсөн дотор амьдарч байгаагийн бас нэг баталгаа юм. Энэ нь бас түүнийг ямар ч чадваргүй, түүнтэй ямар ч хэлэлцээр хийх боломжгүй субъект болохыг нотлож байна” гэж Подоляк X сүлжээнд (хуучнаар Twitter) бичжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч өнгөрсөн мягмар гаригт Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг “нацизмыг алдаршуулж буй явдлаа нуун дарагдуулдаг хүн”, “барууны ивээн тэтгэгчид нь хэргээр энэ албанд байрлуулсан еврей хүн” гэж олон нийтэд мэдэгдсэн юм. Владимир Зеленский үнэхээр еврей гаралтай ч Путины мэдэгдлийн бусад зүйл нь бодит байдалтай огт нийцэхгүй байгаа билээ.

Путин мөн сэтгүүлчдэд Зеленскийн талаар “Интернэтэд еврейчүүдийн бичсэн зүйлийг уншихыг” уриалж “Еврей хүн нацизмыг алдаршуулж, нэгэн цагт Украинд Холокостыг удирдаж байсан хүмүүсийг халхалж, хамгаалж байгаа нь үнэхээр ичгүүртэй явдал” гэж хэлсэн юм. Тэгвэл “Интернэт, компьютер огт ашигладаггүй Оросын ерөнхийлөгч гэх хүн ерөнхийлөгч Зеленскийн талаар еврейчүүд интернэтэд юу бичиж байгааг харахыг уриалан Украинд дайн өдөөсөн гэмт хэргээ далдлахыг оролдож байна” гэж Подоляк хариулжээ. Мөн Украины ерөнхийлөгчийн тамгын газрын даргын зөвлөх “Тусгаар улсад халдан довтлох, пуужингаар дайрах, үй олноор хөнөөх, хүчиндэх, хүүхэд хулгайлах, хот тосгодыг сүйтгэх зэрэг тушаалыг санаатай өгч байгаа хүн өөрийн сэтгэхүйн хэвийн бус, тахир дутуу байдлаа нуун далдлахыг дахин оролдож байна” гэж X микроблогтоо бичжээ.

Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Олег Николенко ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн талаар хийсэн ээлжит мэдэгдлийг “Антисемитизм гэх еврейчүүдийг үзэн ядах явдал Оросын элитүүдэд гүн гүнзгий шингэсэн байдаг. Путин Украины ерөнхийлөгчийн угсаатны гарал үүслийг дурдаж буй нь үүнийг улам архагшуулж буй нэг илрэл” гэж мэдэгдэв. Украины ГХЯ-ны төлөөлөгч мөн өөрийн фэйсбүүк хуудастаа “Орчин үеийн ертөнцөд үндэстэн ястан хооронд үзэн ядалт байх ёсгүй” гээд “Оросын ерөнхийлөгчийн антисемитийн мэдэгдлийг хатуу зэмлэн буруушаахыг дэлхий нийтэд уриалж байна” гэж бичжээ.

Энэ нь Путин Украины Ерөнхийлөгчийн эсрэг ийм мэдэгдэл хийж буй анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн зургаадугаар сард В.Путин бас ийм утгатай, доромжилсон мэдэгдэл хийж үүнийг нь еврейн нийгэмлэгүүд, ялангуяа Украины тэргүүн раввин Моше Реувен Азман болон дайнд үрэгдсэн еврейчүүдийн “Баби Яр” дурсгалын цогцолборын хяналтын зөвлөлийн гишүүн Натан Шаранский нар эрс эсэргүүцэн мэдэгдэл хийж байсан билээ.

Г.АМАРСАНАА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *